• Өнөөдөр 2024-05-09

Монгол Улсад коронавирус мутацид орсон байж болзошгүй

2021-01-30,   1850

-Мутаци нь энгийн коронавирусээс 80 хувиар илүү халдварлах чадвартай, илүү аюултай-

     Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 саяыг даваад буй. Үүгээр барахгүй хоёр сая гаруй хүн нас барж, коронавирус улам бүр аюултай болж, мутацид орж байгаа. Хамгийн анх Их Британид бүртгэгдсэн VUI202012/01 коронавирусийн шинэ төрлийн хувилбар Америк, Ази, Европын олон оронд тархсан. Мөн үүнтэй зэрэгцэн Өмнөд Африкт 501Y.V2 гэх мутаци үүсэв. Уг мутаци нь  Африкийн орнууд төдийгүй Канад, Австрали, Израил зэрэг оронд илэрч, хилийн чанадыг давсан нь олон хүний санааг зовоож байна.

       Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдээлснээр коронавирусийн мутаци нь энгийн “Ковид-19”-өөс 80 хувиар илүү халдварлах чадвартай. Тэрбээр сүүлийн мэдэгдэлдээ “Үхэлд хүргэх хурдыг нь ч нэмэгдүүлдэг байж магадгүй юм” хэмээв. Коронавирусийн мутацид орсон хувилбар нь хүний биед нэвтэрмэгцээ эсэд халдах хурд нь нэмэгддэг аж. Мутаци доторх N501Y бүрхүүл нь эсэд халдсаныхаа дараа өөрийн бүрхүүлийг хувиргаж, вакцинаас зугтаах, нуугдах боломжтой талаар Их Британийн Геномикс консорциумын профессор Ник Ломан хэлж байлаа. Гэвч коронавирусийн эсрэг бүх вакциныг дахин сэргээх, шинэчлэн засахад хялбар байдаг тул коронавирусийн мутацийн эсрэг ашиглах боломжтой талаар албаныхан мэдээлж байв.

Коронавирусийн мутаци дэлхий даяар тархсан байх магадлалтай

       Өнгөрсөн долоо хоногт Бразил Улсад Их Британийн коронавирусийн мутацитай төстэй шинэ тохиолдлууд бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын халдварыг лабораторийн шинжилгээнд оруулахад нэг нь Их Британийн мутаци байсан бол нөгөөх нь өөр нэгэн шинэ төрлийн мутаци болох нь тогтоогджээ. Бразил Улсад илэрсэн шинэ мутацийг P.1 хэмээн нэрлэсэн бөгөөд Их Британи, Өмнөд Африкт илэрсэнтэй адил халдварлах чадвар нь энгийн коронавирусээс илүү байж. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард Дани Улсад коронавирусийн мутаци илэрч байсныг албаныхан мэдээллээ. L452R хэмээн нэрлэсэн уг мутаци нь зөвхөн Дани Улс төдийгүй АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсгийн хотуудад тархсан байна. Энэ зэргээр коронавирус нь голомтолсон улс бүрдээ өөр өөрийн онцлогтойгоор хувьсан өөрчлөгдөж, мутацид орж байна.

Г.БАТБААТАР: Монгол Улсад коронавирус мутацид орсон байсан ч бид мэдэж чадахгүй

       Дээр дурдсанчлан коронавирус дэлхийн өнцөг булан бүрд мутацид орж байгаа. Монгол Улсад өнгөрсөн оны гуравдугаар сард коронавирусийн тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш арван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ хугацаанд гаднын орноос зөөвөрлөгдөж ирсэн, улс дотроо алдсан вирус мутацид орсон байх боломжтой эсэх талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор, академич  Г.Батбаатараас тодрууллаа.

-Гаднын орнуудад коронавирус мутацид орох тохиолдол ихэслээ. Монгол Улсад коронавирус мутацид орсон байх боломжтой юу?

-Манай оронд энэ төрлийн судалга хийхгүй байгаа. Дэлхийн бусад улс жилийн өмнөөс илрүүлэх шинжилгээгээ хийж, вирусийн гарал үүсэл, мэдээллийн талаар судалж, мутацид орсон эсэхийг нь судлах болсон. Коронавирус нь хаанаас зөөвөрлөгдөж орж ирсэн талаар мэдээллийн судалгааг сайтар хийж байна. Харин манай оронд өнөөг хүртэл тийм судалгаа байхгүй. Манай оронд дэлгэрсэн вирус нь хаанаас ирж, яаж зөөвөрлөгдөөд байгааг нь мэдэхгүй байна шүү дээ. Эсийн ACE2-той холбогддог генийн бүтээгдэхүүн буюу спаяк ген дээр мутаци үүсэж байна. Вирус нь дотроо дахин мутацилагдахаар хүний биеийн эстэй холбогдох чадвар нь илүү сайжирна.

-“Ковид-19” болон түүний шинэ хувилбарыг вакцинаар эсэргүүцэх боломжтой талаар олон улсын эрдэмтэд хэлж байна. Мэргэжлийн хүний хувьд үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Вакцины эхний тунг тариулсны дараа ойролцоогоор 2-3 долоо хоногийн дараа вирусийн удмын мэдээлэл нь санамжийн эсүүдэд ой тогтоол болж сууж үлддэг. Тэгэхээр дараагийн тунг тарихаас өмнө тухайн хүн дахин коронавирусийн халдвар авах нь хэвийн үзэгдэл. Вирусийн удмын мэдээллийг хадгалсан санамжийн эсүүд бэлэн болохоор вакцины хоёр дахь тунг тарьж, санамжийн эсүүдийг идэвхжүүлж, вирусээс хамгаалах үндсэн уургаа ялгаруулдаг. Тийм учраас вакциныг хоёр, шаардлагатай нөхцөлд гурван тунгаар тарих нь зүйтэй. Коронавирусийн өвөрмөц чанар, эсрэг төрүүлэх чанар, дахин төрүүлэх чанар гэсэн гурван өвөрмөц чанарт үндэслэж, вакцины тун тарилтын хоорондын хугацааг шийдвэрлэдэг.

-Вакцин тариулсны дараа сөрөг нөлөө гарч, үүний улмаас Норвегд 30 гаруй хүн амиа алдсан мэдээлэл бий. Коронавирусийн эсрэг вакцин нь үнэхээр аюулгүй гэж үү?

-Вакцины эхний тунг тариулсны дараа шууд л дархлаа тогтоно гэж олон нийт ярьж байна. Эхний тунг тариулсны дараа ч вирусийн халдвар авах боломжтой. Эхний тун тарилтын үндсэн зорилго нь дархлааны эсүүдэд вирусийн мэдээллийг таниулах. Дараагийн тун нь вирусийн удмын мэдээллийг хадгалж буй санамжийн эсүүдийг идэвхжүүлнэ. Үүнийг судлаачид, нарийн мэргэжилтнүүд мэднэ.

Вакцин бол шинжлэх ухааны гайхамшиг. Вакциныг гаргахын тулд дэлхий даяар оюун ухааны уралдаан болж байна. Маш өндөр мэдлэг, чадварыг шаардах уг оюун ухааны уралдаанд дэлхийн 140 гаруй баг оролцож байгаа. Хамгийн азтай, аль эсвэл хамгийн их санхүүжилт, нөхцөл сайтай багууд нь л бусдаасаа түрүүлж, олон нийтэд вакцинаа танилцуулж байна. Вакцин үйлдвэрлэх гол нөхцөл нь санхүүгийн асуудал байдаг юм шүү дээ. “BioNTech” компанийн Германд амьдардаг Турк залуу вакцинаа гаргаж, дэлхийд танилцуулсан өглөөгөө 27 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон. Үүний цаана үргэлж бизнес, маш том хэмжээний техник, технологи байгаа.

Маш богино хугацаанд вакциныг гаргаж авсан учир вакцины нөлөөгөөр хүний биед үүсэж байгаа дархлаа нь ямар хугацаатай тогтдог талаар өнөөдөр ярихад эрт байна. “Science”, “Nature” зэрэг сэтгүүл дээр гарсан судлаачдын өгүүллүүдийг харж байхад найман сар орчим хугацаанд дархлаа тогтоно гэж байна. Гэхдээ бид үүнд үнэлгээ, дүгнэлт өгдөг хүмүүс биш. Вакцины ажиллагаанд эргэлзэх шаардлагагүй.

Вакцин нь өөрөө харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл. Уг өндөр молекултай вакцины хүний биед тарихаар дархлааны эсүүд нь хариу урвал үзүүлдэг. Хариу урвал нь хүний биед хэрхэн нөлөөлж байгааг гаж нөлөө гэж нэрлэдэг. Цөөн тохиолдолд харшлын урвал үүсэж байгаа талаар судлаачид дурдаж байна. Вакцин тариулсны дараа нас барсан өндөр настнуудын талаар мэдээлэл бий. Би мэргэжлийн хүнийхээ хувьд нас баралтын шалтгаан нь вакцины нөлөө биш байх гэж бодож байна. Гэхдээ би үүн дээрээ нотолгоотой зүйл хэлж чадахгүй байна. Тухайн хүмүүсийн нас нь гүйцсэн ч байж магадгүй. Аль эсвэл нас барсан хүний үхлийн шалтгаан нь коронавирусийн эсрэг вакцинтай давхацсан ч байж болно. Вакцин тариулсан нийт хүмүүсийн тав орчим хувьд нь вакцины урвал буюу гаж нөлөө илэрдэг. Харин коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар 20 сая орчим хүн тариулсан. Тухайн 20 сая хүнд вакцин тарихад 0.1 хувьд нь гаж нөлөө илэрсэн нь маш бага хувийн үзүүлэлт. Монгол Улс вакцинд хяналт тавих боломжгүй. Техник болон мэдлэгийн боломжгүй нөхцөлд байна. Харин манай орон хүйтэн хэлхээний горимыг сайтар баримтлах хэрэгтэй. Энэ нь үйлдвэрлэлтээс гарсан вакциныг эцсийн хэмжээнд хэрэглэгчид хүрэх хүртэл нь барих горим. Хэдэн хэмд зөөвөрлөх, ямар нөхцөлд хадгалах, хийхдээ яаж хийх, ямар доз, тунгаар хийх зэрэг асуудал нь бидний хувьд хамгийн чухал. Жишээ нь, бидэнд вакциныг тээвэрлэх дэд бүтэц нь байгаа эсэхийг харах хэрэгтэй. -70 хэмд зөөвөрлөдөг вакцин нэг хоног гааль дээр өнжихөд л вакцины үндсэн чанар нь муудах зэргээр бидний бодох, шийдэх асуудлууд олон байна. Хувь хүнийхээ хувьд би вакцины чанарт эргэлзэхгүй байна.

-Коронавирусийн мутацийн талаар юу гэж бодож байна. Манай улсад коронавирусийн шинэ мутацийг илрүүлэх боломж, нөхцөл бий юү?

-Түргэвчилсэн оношлуураар коронавирусийн мутацийг илрүүлэх боломжгүй. Одоо манай оронд зөвхөн илрүүлэх шинжилгээг хийж байгаа. Мутацийг илрүүлэхийн тулд тухайн генийн бүтээгдэхүүнийг нь цэврээр ялгаж, секвенс буюу дарааллыг нь тогтоох нь тэс өөр технологи. Секвенс буюу дарааллыг тогтоохын тулд маш том лабораторид хийхээс биш, ердийн эмнэлгийн илрүүлэх шинжилгээгээр тогтоож чадахгүй. Манай сургуульд “NGS” гэх машин бий. Бид коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлж чадна. Гэвч оношлуурын китүүд нь өндөр үнэтэй учир түүнийг нь нийлүүлж, машинаа ашиглаж чадахгүй байна. Хэдий S генд нь мутаци илэрсэн ч N генийг нь тодорхойлж байгаа учраас оношилгоонд алдаа гарах нь бага болов уу гэж найдаж байна.

-Тэгэхээр Монгол Улсад коронавирус мутацид орсон байж магадгүй гэсэн үү?

-Бид мэдэхгүй. Монголд коронавирус мутацид орсон эсэхийг хэлж чадахгүй. Бид зөвхөн коронавирусийн халдвар, түүний хуулбар буюу копи гэж нэрлэж буй халдвар нь байгаа эсэхийг илрүүлж байна. Түүнээс яг ямар коронавирусийн дараалалтай, ямар мутацид орсон вирус вэ гэдгийг нь бид илрүүлэхгүй байгаа. Коронавирусийн мутацийг илрүүлэхэд өөр шинжилгээ, судалгаа хэрэгтэй.


Монгол Улсад коронавирус мутацид орсон байж болзошгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188