• Өнөөдөр 2024-05-09

С.ЦОГТСАЙХАН: Сүргийн дархлаа үүсгэхэд тодорхой хэмжээний золиос гарч, хүний амь эрсдэнэ

2021-01-16,   10279

             Коронавируст халдварын тархалтыг саармагжуулах, тэр дундаа сүргийн дархлаа үүсгэх замаар халдварын тархалтыг хэрхэн зогсоох, түүний золиос нь юу байх талаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхантай ярилцлаа.

        -Сүргийн дархлаа гэж юуг хэлээд байна вэ. Ямар онцлогтой вэ?

       -Сүргийн дархлааны талаар ярихын тулд эхлээд “Дархлаа гэж юу вэ” гэдгийг ярья. Вирус нэг хүнээс нөгөө хүнд амьсгалын замаар ч юм уу, бохир гараар дамжаад халдварлалаа гэж бодъё. Вирус нь хүнд ямар нэг байдлаар өвчин үүсгэнэ. Өвчин бол өөрөө байгалийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, хүн, вирус гэдэг хоёр байгалийн субъект харилцан үйлчилж байна гэсэн үг. Өвчний явц хөнгөн ч бай, хүнд ч бай, төгсгөл ямар ч бай хамаагүй, энэ нь өөрөө байгалийн үзэгдэл, амьд байгалийн хуульд захирагдана. Байгалийн хууль гэдэг нь хүн энэ өвчнөөр өвдөөд өнгөрсний дараа өвчний мэдээлэл буюу дархлаа биед нь хадгалагдаж үлдэнэ. Энэ хүний биед дахиад өвчин үүсгэгч нэвтрэхэд энэ нь өвчин болж илрэхгүй. Нэг удаа өвдөөд эдгэсэн хүн дараагийн удаа халдвар авахад маш богино хугаанд вирусийг саармагжуулаад биенээсээ гаргачихдаг. Дархлаатай хүний биед вирус нэвтрэх боловч үржиж олширч чадахгүй, богино хугацаанд устгагдаж зайлуулагдана.

Халдвар авсан нэг хүн хэдэн хүнд халдвар тараах вэ гэдэг индекс байдаг. Монгол Улсад энэ индекс их өндөр байна.

      Тиймээс өөрөө өвдөхгүй, халдварыг бусдад тараахгүй.  Энийг дархлаа гэж нэрлээд байгаа юм. Халдвар хүнээс хүнд дамждаг, халдар авсан хүний бие дэх вирус үржиж, тоо нь олон болох үедээ бусад хүнд халдвар тараагаад байгаа юм. Тэгэхээр дархлаатай хүн дээр ирээд энэ гинжин тархалт зогсдог. Гэхдээ дархлаа тогтох нь хоёр янз байна. Саяны ярьсан нь байгалийн дархлаа юм. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар тогтсон, өвчлөөд эдгээд тогтсон дархлаа. Нөгөө нэг дархлаа нь хүмүүс бид өөрсдийн технологиор буюу зохиомол аргаар дархлаа үүсгэж болно. Энэ нь вирусийг сулруулж, хоруу чанаргүй болгох, эс дотор үрждэггүй болгох, вирусийн янз бүрийн бүтцийн хэсгийг нь салгаж авах, эсвэл тэр бүтцийг үүсгэдэг мэдээллийг хадгалдаг хэсгийг нь ашиглах зэрэг вакцины технологиор вакцин үйлдвэрлэж хэрэглэх арга юм.

     Вакцин тарихаар зохиомол халдвар үүсэж байгаа юм. Энэ бол байгалийн дархлаатай төстэй. Гэхдээ вакцин хэрэглэх үед хүний биед вирус үржиж олшрохгүй, өвчин үүсгэхгүй. Харин өвчин үүсгэгчийн тухай мэдээлэл хадгалагдаж үлдэнэ. Үүнийг зохиомол аргаар үүсгэсэн дархлаа гэж нэрлээд байгаа юм. Энэ хоёр янзын дархлаа тогтсон, вирусийн халдвар авахад өвдөхгүй тийм хүмүүс хүн амын дунд олон байвал халдварын тархалт, нийт хүн амд үзүүлэх хөнөөл нь бага байх юм.  Халдвар авсан нэг хүн хэдэн хүнд халдвар тараах вэ гэдэг индекс байдаг. Монгол Улсад энэ индекс их өндөр байна. Нэг хүн гэр бүлийн хүрээнд арав хүртэл хүнд халдвар тарааж байна гэж ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээгээр мэдээлж байгаа. Хэрвээ дархлаа тогтсон хүмүүс хүн амын дунд олон байх юм бол яригдаад байгаа нэг хүн арван хүнд халдвар тараах гинж таслагдаж байгаа юм. Ийм байдлаар нийт хүн ам дунд үзэхэд өвчин тарах нь саарвал сүргийн дархлаатай болж байна гэсэн үг юм. Гэхдээ сүргийн дархлаа гэдэг нь байгалийн жамаар тогтсон буюу өвчилсний дараа тогтсон дархлааны хувьд л байдаг ойлголт.

       -Сүргийн дархлааг хэрхэн бий болгох вэ?

     -Өвдөж байж бий болгоно. Энэ цар тахал дэгдсэнээс хойш жил гаруй л болж байна. Монгол Улс дотооддоо халдвар алдаад хоёр сарын хугацаа ч өнгөрөөгүй. Тэгэхээр энэ нөхцөлд сүргийн дархлааны тухай ярих болоогүй гэсэн үг. Жишээ нь, анхны давлагаанд нь нэрвэгдсэн Европын улсууд, АНУ-д тодорхой хэмжээний сүргийн дархлаа үүсэх хэмжээнд дөхөж очиж байгаа болов уу л гэж яригдаж байна. Хүн амын багахан хэсэгт дархлаа тогтсон хувь нь 1-20 хувь байна гэсэн судалгааний дүнгүүд байна. Гэхдээ энэ нь нийт хүн амыг дүгнэсэн үнэлгээ биш. ДЭМБ-аас “Эв санааны нэгдэл” буюу "Solidarity" нэртэй санаачилга гаргасан юм. Түүний “Solidarity-2” гэдэг санаачилга нь хүн амын дунд дархлаа тогтсон байдлын тандалт судалгаа, түүний үр дүнгээр нэгдсэн сан үүсгэх санаачилга юм. Мэдээлэл цуглуулах, цугларсан мэдээлэл дээрээ шинжилгээ хийж, нийгмийн эрүүл мэндийн ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөмж гаргах зорилготой. Үүний цаана эдийн засгийн, нийгмийн, хүмүүсийн амьжиргааны асуудал байгаа учир ДЭМБ-аас оновчтой, зөв шийдэл гаргаж, зөвлөх шаардлага тулгараад байгаа.

     Харин манай улсын хувьд энэ санаачилгад нэгдэж, судалгаа хийж байгаа. Дотоодод халдвар тархахаас өмнөх үеийн үнэлгээ хийх боломжтой. Харин одоо дархлаа тогтсон байдлыг судлах эгзэгтэй үеийг олж дахин үнэлэх байх. Энэ үед таны сонирхож байгаа сүргийн дархлаа байна уу, үгүй юү гэдэг асуултын хариу гарч ирэх болов уу. Нөгөө талаас хүн амаа вакцинжуулах арга хэмжээг яаралтай эхлэх байх. Тэгэхээр вирусийн эсрэг байгалийн болон зохиомол гэх хоёр аргаар дархлаа тогтох боломж байна. Хөл хорио бол вирусээс сэргийлэх хамгийн сайн арга биш. Гэхдээ өнөөдөртөө үүнээс илүү арга байхгүй учраас л авч хэрэглэж байгаа юм. Өнөөдөр бидэнд вакцин байхгүй, сүргийн дархлаа тогтоогүй учраас хөл хорихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

-Сүргийн дархлаа суулгаж, тогтоохын золиос нь юу байх вэ. Золиос гарах уу?

      -Золиос гарна. Байгаль өөрөө тэгж зохицуулдаг. Дэлхий нийтээрээ хамгаалалтгүй буюу дархлаагүй байгаа учир цар тахлын түвшинд хүрээд байгаа юм. Жишээ нь, түүхэнд 1919-1920 онд  Испани томуу, 2009-2010 онд H1N1-ээр үүсгэгдсэн томуу зэрэг цар тахал гарсан. Улирлын томуу нь цар тахлаас өөр. Хүн амын тодорхой хувь нь түүний эсрэг дархлаатай байдаг. Тийм учраас хүн амын нэлээд хэсэг нь улирлын томуугаар өвдөхгүй, өвдсөн ч хөнгөн өвдөнө. Энэ нь хүн гэдэг амьтны дасан зохицлын нэг хэлбэр. Бид энэ ертөнц дээр цор ганцаараа амьдардаггүй. Маш олон төрөл зүйлийн тоо томшгүй олон бичил биетэнтэй хамтаар амьдарч, тэдэнтэйгээ дасан зохицож байгаа нь л энэ. Бид тэднээс өөрийгөө хамгаалахын тулд дархлаа үүсгэдэг, бүр вакцин гаргаж авч байгаатай адил тэд ч мөн амьд байгалийн хуулиараа амьдрахын тулд өөрийгөө өөрчилж, мутацид орж байна. Улмаар цар тахлын хэмжээнд хүрч байна. Ийм зүйлс цаашид ч болсоор байх болно.

 

Хэдий коронавирусийн эсрэг дархлаатай болсон ч энэ вирус нь устаж алга болохгүй

     Харин “Ковид-19”-өөс маш сайн туршлага хуримтлуулах хэрэгтэй. Өнөөдрийн түвшинд өвдсөн хүнд хэр зэрэг сайн, урт хугацаатай дархлаа тогтож байгаа тухай ярихад хэтэрхий эрт байна. 2003-2004 онд дэгдсэн SARS-ын үүсгэгч вирус өнөөдрийн цар тахлын үүсгэгч хоёр бүтцээрээ их төстөй. SARS-аар өвдсөн 22 хүний 20-д нь зургаан жилийн дараа хамгаалах эсрэг бие байхгүй ч 10-т нь дархлааны санамжийн эсүүд байна гэсэн судалгааны дүн байсан.  Халдварын дараа дархлаа тогтох нь өөр өөр байна.  Жишээ нь, Улаан бурхны дараа насан туршийн дархлаа тогтдог, дахиж өвддөггүй гэж үздэг. Харин “Ковид-19”-ийн эсрэг хүчтэй дархлаа тогтоно, эсвэл дархлаа тогтохгүй гэсэн таамгууд бий. Миний хувьд бид энэ коронавирустэй нүүр тулснаас хойш ердөө жилийн гаруй хугацаан өнгөрч буй энэ үед түүний дараа тогтох дархлааны тухай ярихад эрт байна.

     “Ковид-19”-ийн тухай таамаг, худал мэдээлэл маш их байна. ДЭМБ-аас хамгийн сүүлд мэдээллийн эх сурвалжаа нягталж байх зөвлөмжийг иргэдэд өгсөн. Худал мэдээлэл түгээгчдийн дотор бүр зохион байгуулалттай бүлэг ч байж болохоор, бүр “Коронабизнес” гэсэн бизнес байна ч гэсэн таамаг яриа байгаа. Энэ нь эрүүл мэндийн салбар, иргэдийн коронавирусийн айдсаар бизнес хийж, ашиг олох гэсэн бүлэг. Харин коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээний зөв, бурууг шийдэх нь тусдаа асуудал. Өнөөдрийн хувьд хөл хорих, тусгаарлах арга хэмжээг муулах, шүүмжлэхэд хэцүү. Харин энэ хариу арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарч байгаа алдаа завхрал нь тусдаа асуудал. Энэ нөхцөлд эрх баригчид хоёр зүйлд маш хүчтэй шахагдаж байна. Нэг талаас нь хүний амь нас, эрүүл мэнд, нөгөө талаас нь улсын эдийн засаг. Урьд нь бүгд ийм нөхцөлд орж байгаагүй, шүүмжлүүлээд байгаа УОК, ЭМЯ ч ийм нөхцөл байдалд ажиллаж байгаагүй. Бид энэ зүйлийг мэдэхгүй. Тийм болохоор л бид хүнд, хэцүү нөхцөл байдалд байгаа юм.

      -Коронавируст халдварт дасан зохицохоос өөр арга байхгүй гэнэ. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

      -Тийм. Энэ вируст дасан зохицохоос өөр аргагүй. Хүн төрөлхтөн байгалийн бусад хэсэгтэйгээ дасан зохицохоос өөр аргагүй. Хүний түүх ч  дасан зохицсон түүх. Өдий хүртэл хөгжиж ирж чадсан учраас хүмүүн бидний дасан зохицох чадварыг сайн гэж хэлж болно. Гэвч дасан зохицож, дархлаа суухын тулд ямар нэгэн байдлаар золиос гарах л байх.

      -Золиос гэж хүний амь нас эрсдэх талаар ярьж байна уу?

     -Тийм ээ. Тодорхой хэмжээнд золиос гарч, хүний амь нас эрсэднэ. Харин тэрхүү золиосыг байж болох хамгийн бага байлгахын тулд авч байгаа арга хэмжээ нь энэ юм шүү дээ. Энэ дасан зохицох шалгуурыг дайн тулаантай харьцуулбал ялагч байхгүй, ялагчгүй дайн гэсэн үг. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа хойш шинжлэх ухаан, техник, технологитой болж хөгжсөн ч байгаль биднээс илүү хүчирхэг хэвээрээ. Байгалийн хүч бол давагдашгүй хүчин зүйл. Түүнийг танин мэдэж, зохицож л амьдрахгүй бол түүнийг сөрж, давж амьдрах хэмжээнд бид хүрээгүй байна. Тийм болохоор үүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй.

        -Сүргийн дархлаа байгалийн жамаараа тогтож, мөн зохиомлоор вакцин гаргаж коронавирустэй тэмцэх юм байна. Харин энэ хоёр байгалийн, зохиомол зүйлсийн хоорон дахь ялгаа юу вэ?

        -Вакциныг зохиомлоор сүргийн дархлаа үүсгэж байна гэж хэлж болно.

        -Байгалиасаа үүсэхийг нь хүлээх эрсдэлтэй. Гэхдээ зохиомлоор сүргийн дархлаа тогтооно гэдэг ч мөн эрсдэлтэй байна. Энэ нөхцөлд хоёр аргын аль нь зөв юм бэ?

        -Дархлаажуулалтын эсрэг үзэл байдаг. 1900-гаад оны үед дэлхийн хүн ам 1.8 тэрбум орчим байсан. Харин 2000 онд зургаан тэрбум хүрсэн. Дэлхийн нийт хүн амын тоо гурав дахин өссөн өнгөрсөн 100 жилд дэлхийн хоёр дайн болсон. Тэр дайнд шууд утгаараа нөхөн үржихүйн насны маш олон сая залуус амиа алдаж, дайны хөлд нэрвэгдэн энгийн иргэд ч олон саяараа үхсэн. Гэсэн ч хүн амын тоо ихээр нэмэгдсэн. Үүнд хүргэсэн нэг гол шалтгаан нь дархлаажуулалт. Европ тивийн зарим газар, зарим хот дундад зуунд халдварт өвчний дэгдэлтийн улмаас нийт хүн амынхаа талыг алдаж, европын олон улс, орнууд хоосорч байсан.

       Харин одоо бол үгүй. Бид хамгаалж сурсан байна. Энэ цаг хугацаанд эрүүл мэндийн технологийг хөгжүүлж сайжруулж чадсан болохоор ингэж чадсан. Хэдий коронавирусийн эсрэг дархлаатай болсон ч энэ вирус нь устаж алга болохгүй. Эхний вакцин гарч ирснээс хойш багахан хугацаа өнгөрлөө. Эдгээр вакцины дархлаа тогтоож байгаа үр дүнг судалж, гаргасан. Гэхдээ вакцин хэр зэрэг удаан хугацааны хамгаалалт тогтоох вэ, өнөөдрийн 95 хувь зургаан сар, зургаан жилийн дараа хэдэн хувь болохыг хэлэхэд хэцүү. Хүн ам ерөнхийдөө хамгаалагдах ч сул хэсгүүдтэйгээ байна гэсэн үг. Үүнийг л дасан зохицож амьдрах гээд байгаа юм. Гэхдээ дархлаатай хүн халдвар авахгүй гэсэн ойлголт байхгүй. Халдвар авна. Харин тэр халдвар нь дархлаатай хүний биеийг хүндрүүлэхгүй, хоёрдогч этгээдэд халдахгүй гэсэн үг.

      -Сүргийн дархлаа тогтож, вирусээс хамгаалагдвал энгийн амьдралдаа эргэж очно гэж ойлгож болох уу?

      -Энгийн амьдрал руугаа буцна. Халдварт өвчин өөрийн зүй тогтолтой. Энэ зүйл тэгж мөнх үргэлжилнэ гэж байхгүй. Вируст халдварт ихсэлтийн, оргил үе гэж байдаг, бидний хувьд одоо оргил үе дээрээ явж байх шиг байна. Цаашид ямар зүйл болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ вакцин нь хүн амын тодорхой хувийг хамгаалах болов уу гэж найдаж, итгэж байна даа.

Хүн төрөлхтөн байгалийн бусад хэсэгтэйгээ дасан зохицохоос өөр аргагүй. Хүний түүх ч  дасан зохицсон түүх


С.ЦОГТСАЙХАН: Сүргийн дархлаа үүсгэхэд тодорхой хэмжээний золиос гарч, хүний амь эрсдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-19 15:40:22
    Bagsn : Hutsalgui hurdan vaktsinia oruulj ireed ter humuusee tariacheee ediin zasagaa nee balai yum yaritsgaaj baihad chini uls oron suhurluu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-18 10:23:05
    шавь: Багш нүдэнд харагдтал тайлбарлалаа . Хүмүүс сайтар уншиж ойлголттой болж аваасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-17 09:21:32
    Zochin: Kazakhstand 8 sar orchin bolson Mongol ruu butsaj chadahgui hil haasan bolohoor. Tegehed barag ger buleeree Covidoor ovdson shdee. Tend olon hun nasbarsan buyanui baiguullaguud ni achaalla diilehgui, emiin san ni emgui, emneleg ni duursen shinjilgee avah gazar bhgui. Ih hetsuu bsan. Er ni olon hun barag zereg ovdson bh. Harin tend odoo gaigui l bh shig bna shder barag jiriin amidralaar humuus ni amidarch bna. Ter surgiin darhlaa ni togtson yum bolov u?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-16 13:51:01
    Бямбаа: Та мэргэжилтэний үгээр бичжээ. Олон түмэнд ойлгомжтой болж. Энэ ярилцлагыг сонинд нийтлүүлж олон хүн уншиж ойлгоход тустай юм байна. Талархая.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-16 13:08:09
    Зочин: Маш сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсьe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-13 21:47:13
    Баатар Думаажав: Эрсдэлийн хэмжээг хэд гэж тооцож байгаа вэ ? Манайд одоогоор нас барсан хуний тоо 2 гэж байгаа . АНУ-д 350 мянга гараад байгаа ба одоо ч ургэлжилсээр байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-13 16:13:54
    Ц.Б: Их сайхан ойлгомжтой, энгийн үгээр, ойлгогдохоор хэлж өгсөн байна. Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-13 16:13:00
    Ц.Б: Их сайхан ойлгомжтой, эн г ий н үгэ нар, ойлгогдохоор хэлж өгсөн байна. Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-13 13:31:09
    Зочин: Цогтсайхан профессор голоор хэлсэн байна даа. Мэргэжлийн хүн, эрдэмтэн хүн. Их мэдэгч , галзуу юмуу гэмээр хачин юм ярьдаг,бичдэг хүмүүс байгаад байх шиг. Тэднээс шал өөр шинжлэх ухааны үндэстэй юм ярьжээ та.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-12 02:02:37
    Zochin: Дархлаа судлаач, багш хүн гэхэд их өнгөцхөн бодолтой хүн байсан байж дээ, хөөрхий...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-12 01:19:33
    Zochin: Mash engiin oulgomjtoi saihan yriltslaga ugje. Undur medlegtei mergejlee sain ezemshsen mundag erdemten uma. Iim humuuseeree nuhtsul baidliig sain oilguulah, olon niitiin medleg medeelliig deeshluuleh ajluudiig shuurhai hiimer bnda.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-11 22:22:32
    Шавь: Багш минь мундаг шүү. КОВИД~19 ВИРУСЫН дархлааны талаар тодорхой ойлголтыг маш энгийнээр, хамгийн ойлгомжтойгоор, оюунлагаар тайлбарлажээ...маш их баярлалаа. Таны амьдралд сайн сайхан бүхнийг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-11 11:13:00
    Шавь нь: Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Их сайхан хүн шүү ухаалаг худал хуурмаг заль байхгүй. сайхан ярилцлага болж баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188