• Өнөөдөр 2024-05-10

БНСУ-д байгаа иргэн Р.УДАМБОР:Бидний асуудлыг шийдэж өгөхгүй бол Элчин сайдын яамны гадаа хонож, өлсгөлөн зарлана

2021-01-06,   1200

 

            БНСУ-д байгаа Монгол Улсын иргэн Р.Удамбортой ярилцлаа. Тэрбээр жил гаруйн хугацаанд тус улсад тусгай үүргийн нислэг хүлээж байгаа аж.

-БНСУ-д байгаа иргэд Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулж гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид Элчин сайд яам, Консулын газрын гадаа  жагсаал зохион байгуулж байгаа. Жагсаалд оролцож байгаа хүмүүс нь өнгөрсөн арваннэгдүгээр сард нисэх байсан тусгай үүргийн дөрөв, арванхоёрдугаар сарын 1-ний нэг, нийт таван нислэгийн 1000 гаруй хүний төлөөлөл.

Энэ хүмүүсийн дунд 34 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй, хоёр сартай нярайгаа тэвэрсэн ээж, хорт хавдартай, үйлдвэрийн осолд орсон гээд хүндэтгэн үзэх шалтгаантай олон хүн бий.

Өчигдөр (уржигдар)-ийн жагсаалд 50 гаруй хүн оролцсон бол өнөөдөр (өчигдөр) энэ тоо нэмэгдэж, 100 гаруй хүн болсон. Очих газаргүй, танил, ах, дүү, найз нөхдийнхөөрөө хоёр сар гаруйн хугацаанд хоног төөрүүлсэн хүмүүс шүү дээ. Үнэхээр туйлдаж, аргаа барж байна. Зарим нь метроны буудалд хүртэл хоног төөрүүлж байна. Би гэхэд л нислэг цуцлагдсан өдөр метроны буудалд хоносон. Хоёр өдөр жагсахдаа “Өнөөдөр ямар нэг шийд гарах болов уу” гээд горьдоод, цүнхтэй хувцсаа хүртэл аваад ирж байгаа юм. Хол байдаг ах, дүүгийнхээсээ өглөө нь гардаг болохоор орой буцах боломжгүй тул буудлаар хоног төрүүлж байгаа, олонх нь. Энэ хүмүүс санхүүгийн асуудалд орж эхэлсэн.

Хэрэв энэ долоо хоногтоо бидний асуудлыг шийдэж өгөхгүй бол Элчин сайдын яамны гадаа хонохоос өөр аргагүйд хүрнэ. Бид тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлээд ч болтугай шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэх болно. Гэхдээ ийм байдалд хүрэхээс өмнө бидний асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Хэрэв үгүй бол ирэх долоо хоногоос өлсгөлөн зарлана.

-Холбогдох албаныхнаас та нарт ямар нэгэн хариу тайлбар өгсөн үү?

-Өнөөдөр (өчигдөр) Элчин сайдын яамны зөвлөх Хүрэлбаатар, Монгол Улсын Батлан хамгаалах яамыг төлөөлөн суугаа Түшигтэй манай жагсаалыг төлөөлж, гурван хүн уулзсан. Тухайн уулзалтаар Элчин сайдын яам ямар нэгэн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш учраас Монгол Улс руу холбогдох албаныханд дамжуулж өгч, биднийг холбох гүүр болно гэдгээ хэлсэн. Тэрнээс биш, тодорхой байдлаар нислэг үйлдэх, дэмжлэг үзүүлэх албан ёсны хариу тайлбар өгөөгүй. Хоёрдугаарт, бид хоёр өдөр жагсахдаа бидэнтэй нэгдсэн хүмүүсийн гарын үсгийг өргөдлийн хамт өгсөн. Тухайн өргөдлийг Элчин сайдын яамнаас УОК, Гадаад харилцааны яам руу хүргүүлсэн гэж хэлсэн. Гэвч одоогийн байдлаар тухайн байгууллагуудаас бидэнд мэдээлэл өгөөгүй байна.

-Таны хувьд хэзээний нислэгээр ирэх байсан бэ. Шаардлагатай мөнгөө төлчихсөн байсан гэсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гурван сарын хугацаатай БНСУ-д ирсэн. Ирсэн цагаас хойш хөл хорио тогтоож, бүтэн жилийн хугацаанд хөл хорионд байлаа. Нутаг буцах хүсэлт удаа дараа өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, залуу хүн гэдгээрээ хасагдаж, арай гэж арваннэгдүгээр сарын 13-ны онгоцонд багтсан.

Тусгай үүргийн нислэгт багтсан учраас би онгоцны тасалбар, тусгаарлах байрны төлбөр гээд ойролцоогоор 2.5 сая төгрөг холбогдох данс руу шилжүүлсэн. Мөн цуцлагдсан таван нислэгийн 1000 гаруй хүн 2.5 сая төгрөгөө тушаачихсан байгаа.

Тухайн үед биднийг төлбөрөө төлөх үеэр тусгаарлалтын хоног 21 байсан учраас 1.05 сая төгрөгийг тушаасан. Одоо тусгаарлалтын хоног 14 болсон тул 1000 гаруй хүн зөрүү мөнгөө авах хүсэлтэй байна. Одоогоор нэг ч хүнд зөрүү мөнгийг нь буцааж олгоогүй байна.

Буудлын мөнгө ч үгүй болж, гудамжинд гарахдаа тулаад байна

-Цуцлагдсан нислэгийн иргэд одоогоор ажил хийж байгаа юу. Тийм боломж байна уу?

-Тодорхой тооны хүн амьдрахын эрхэнд цагийн ажил хийж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай, Монголоос эмчилгээнд ирсэн, өндөр настай, нялх хүүхэдтэй хүмүүс огтоос ажил хийх боломжгүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хүртэл эмнэлгийн төлбөрөө төлөх боломжгүй учраас гадуур өөрсдөө эм, тариа хэрэглэж байгаа. Тэд буудлын мөнгө ч үгүй болж, гудамжинд гарахдаа тулаад байна. Харин жагсаалд оролцож байгаа хүмүүс ажил хийх боломжгүй. Гадаа хүйтэнд өдөржин зогсож байна шүү дээ. Үүнээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгэхэд Шадар сайд Я.Содбаатар “БНСУ-аас авах ёстой хүмүүсээ хангалттай авчихсан. Буцах хүн байхгүй” гээд байгаа. Бид иргэдээ татан авсантай маргахгүй. “Та нар шиг залуу хүмүүс тэвч, хүлээ. Үүнээс өөр арга байхгүй” гэхээр нь хангалттай хүлээж тэвчсэн. Эндээс нутаг буцах шаардлагатай маш олон хүн байна шүү.

-Монголд гэрийнхэн нь ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Би өнөөдрийг хүртэл тэвчихдээ хэнээр ч шахуулж, яриулахгүйгээр шударгаар эх орондоо очно гэж зорьсон. Ямар ч гэсэн үнэнээр явбал нутаг буцах байх гэж бодож, тэвчсэн. Би орон нутагт нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хэдийгээр миний гурван хүү ээжийгээ санаж, бэтгэрч байгаа ч аавтайгаа байгаа болохоор харьцангуй гайгүй. Мөн манай дүү БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад өнгөрсөн гуравдугаар сард гэрээний хугацаа нь дуусаж, хүлээгдсээр байгаад аравдугаар сарын 19-ний нислэгээр Монголд очсон. Ингэхдээ “Энхсаран” сувилалд байрлаж, 50 гаруй хоног тусгаарлагдах байранд тусгаарлагдсан. Одоо би дүүгийнхээ эхнэртэй цуг нутаг буцах гээд тэмцэж байна.

 

 


БНСУ-д байгаа иргэн Р.УДАМБОР:Бидний асуудлыг шийдэж өгөхгүй бол Элчин сайдын яамны гадаа хонож, өлсгөлөн зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188