• Өнөөдөр 2024-05-09

Ж.БАЙГАЛМАА: Монгол Улсад дельта хувилбарын давлагаа эхэлбэл удаан хугацаанд үргэлжилнэ

2021-07-23,   1219

-Хүн ам дунд дельта хувилбар байгаа-

          Энэтхэг Улсад анх илэрсэн коронавирусийн дельта хувилбар өчигдрийн байдлаар дэлхийн 124 оронд тархсан. Мөн Монгол Улсад уг хувилбарын тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн дэд захирал Ж:Байгалмаатай цар тахлын нөхцөл байдал болон коронавирусийн мутацийн талаар ярилцлаа.

-Коронавирусийн дельта хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Халдварлах зам нь мутацид ороогүй коронавирустэй ижил үү?

       -Мутацид орсон, ороогүй коронавирусийн халдварлах зам адилхан агаар дуслын замаар халдварлана. Харин мутацид орсон хувилбарын халдварлах чадвар нь ихэсдэг. Дельта хувилбар гэхэд альфа мутациас 60 хувиар илүү халдварлах чадвартай. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ барьж, амны хаалтаа зүүсэн ч тодорхой хэмжээгээр коронавиурсийн хувилбарын халдвар авах эрсдэлтэй. Мөн вакцины хамгаалалт суларч байгаа юм. Файзер вакцин коронавирусээс 95 хувь хамгаалж байсан бол альфа вирусээс 86 хувь хамгаална. Бас коронавирусийн хувилбараар өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг хурдан илэрнэ.

-Монгол дахь коронавирусийн дельта мутаци ямар түвшинд байгаа вэ?

       - Дельта хувилбар хүн ам дунд байгаа.  Хүмүүс тархсан гэж ойлгож байна. Тархана гэдэг бол өөр ойлголт. Тархалтыг хувиар тодорхойлоход ашиглана. Харин одоогийн нөхцөл байдалд нийгмийн хэдэн хувь нь мутацилагдсан халдвартай байх, хэдэн хувь нь хувилбар бус халдвар вэ гэдгийг тогтоох боломжгүй байна. Монголд дельтагаас гадна альфа, бета болон бусад хувилбар байгаа гэж ойлгож болно.

-Мутацилагдсан коронавирусийг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой юу?

       -Үгүй. Монгол Улсад коронавирусийн хувилбарыг илрүүлэхээр комершиал китийг ашиглаж байгаа. Хувилбаруудыг илрүүлдэг судалгааны зорилгоор ашигладаг китүүд байдаг. Улсын хэмжээнд илэрсэн гэсэн хувилбаруудыг тухайн китээр илрүүлсэн.

-Коронавирусийн хувилбар илрүүлэх кит улсын хэмжээнд хэр их хүрэлцээтэй байгаа вэ?

       -Хувилбар илрүүлдэг китийн хувийн хэвшил нийлүүлж байгаа. Харин сүүлчийн үед хувилбарууд илүү давамгай орж, ирж байгаа болохоор хэрэгцээ шаардлага ихсэж, бизнесийн байгууллагууд оруулж ирж байгаа. Өчигдөр дельта хувилбарыг илрүүлэх китүүд орж, ирсэн тухай мэдээлэл байна.

-Коронавирусийн хувилбар үхэлд хүргэх хугацааг түргэсгэдэг үү?

       -Үхэлд хүргэх хугацааг түргэсгэдэг. Бас халдвартай хүнээс хүнд халдварлах хугацаа гэж бий. Тэр хугацаа нь мөн хурдан болсон. Хэрэв коронавирусийн хувилбар давлагаалбал маш хурдан хугацаанд аюултай давлагаалах мэдээлэл байна. Мөн дархлаажуулалтад хамрагдсан хувиасаа шалтгаална. Хэрэв дархлаажуулалтад хамрагдсан хувь нь бага байвал илүү богино хугацаанд хүчтэй давлагаална. Харин улсын хэмжээнд нийт иргэдийн 55 хувь нь дархлаажуулалтдаа хамрагдсан байна. Монгол Улсад коронавирусийн хувилбарын давлагаа эхэлбэл хурдан буурахгүй удаан хугацаанд үргэлжлэх байх гэсэн тооцоо бий.

-Монгол Улсад дельта хувилбарын тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн тохиолдол илрүүлж, тандалт, судалгааны ажил хийж байгаа вэ. Тухайн иргэд биеийн байдал ямар байгаа вэ?

       -Одоогийн байдлаар таван хүний коронавирусийн дельта мутаци батлагдсан. Тухайн хүмүүсийн ойрын хавьтлуудаас PCR шинжилгээ авах, тусгаарлах зэрэг тандалт, судалгааны ажлыг хийж байгаа. Үүнд зөвхөн дельта хувилбар гэлтгүй бусад мутацийн судалгааг ч мөн хийж байна. Дельта хувилбарын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудаас нэг альфа хувилбар илэрсэн. Дельта хувилбар нь батлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

-Коронавирусийн хувилбарууд илэрч эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

       -Гаднын орнуудаас зөөвөрлөгдөж ирэх халдвараас сэргийлэхийн тулд хилийн хяналтыг чангатгах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамд өгч ажиллаж байгаа. Мөн гаднын орноос ирж байгаа хүмүүсээс PCR шинжилгээ авч, хариу нь эерэг гарвал хувилбар илрүүлэх шинжилгээ авч байна.

ДЕЛЬТА МУТАЦИ ГЭЖ ЮУ ВЭ

       Дельта хувилбар одоогоор дэлхийн хамгийн аюултай мутацийн омог болж байна. Харин энэ мутаци зөвхөн халдварлах чадвар их байгаад зогсохгүй вакцинжуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүмүүст ялгаагүй халдварлаж, биеийн байдлыг хүндрүүлэх, хор хөнөөл их байгаа гэнэ. Их Британид дельта хувилбарын 38805 тохиолдол дараалан бүртгэгдсэн дээр туршилт, шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд дельта хувилбар 14 хоногийн дотор өвчтөний биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэл 2.61 дахин их байгааг тогтоожээ.

       Зарим судалгааны байгууллагаас бүх нийтийн вакцинжуулалт зогсож, вакцины үйлдвэрлэл удааширч байгаатай холбоотойгоор дэлхий нийтийг бүрэн вакцинжуулж дуусахад дахин 3-4 жилийн хугацаа шаардлагатай байгааг онцолж байна. Энэ хугацаанд дельта хувилбараас илүү аюултай мутаци үүсэх боломжтой гэнэ.

       Дельта хувилбарын талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэж захирал Майк Райан “Дельта мутаци нь бусад хувилбаруудаасаа илүү хурдан халдварладаг. Бусдаасаа илүү уян хатан. Энэ мутаци хүний биед халдварлахдаа биеийн хамгийн сул дорой буюу вирусийн хувьд хамгийн үр дүнтэй хэсгийг нь онилдог” гэжээ. Халдварлах чадварыг нь зарим орны эмнэлгийн байгууллагынхан экспоненциал гэж дүгнэсэн байна. Экспоненциал нь матетикиийн нэршил бөгөөд ямарваа нэгэн зүйлийг 10 дахин ихэсгэх, нэмэхийг уг нэршлээр хэлдэг аж. Энэ талаар АНУ-ын “Intelligencer” сэтгүүл “Хүн төрөлхтөнд нь цар тахлын экспоненциал аюул тулгарч байна. Энгийн жишээгээр бодож үзэхэд гурван хүн өвчлөх байсан вирусээр дөрвөн хүн өвчилж байгаа. Энэ байдал цаашид үргэлжилж экспоненциал болбол дэлхийд нэг өдрийн дотор 40 мянга орчим халдвар тохиолдол бүртгэгдэх байсан бол 524 мянга болж өөрчлөгдөнө. Халдвар чадвар нь энгийн вирусээс 13 дахин зөрүүтэй гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.

 


Ж.БАЙГАЛМАА: Монгол Улсад дельта хувилбарын давлагаа эхэлбэл удаан хугацаанд үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188