• Өнөөдөр 2024-04-26

Б.БАТБАЯР: Олимпод оролцох тамирчдыг ивээн тэтгэгч байгууллагын гишүүн сонгодог байсан

2021-06-02,   766

     Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын зөвлөлөөс тамирчдын дунд сорилт тэмцээн явуулж, Токио-2020 олимпод оролцуулахаар болсон. Гэтэл хэдхэн долоо хоногийн өмнө “Сорилт тэмцээн явуулахгүй, олимпод оролцох эрх авсан тамирчид шууд явна” гэсэн шийдвэр гаргасан нь чөлөөт бөхийн тамирчдын дунд үл ойлголцол үүсгээд байна. Энэ талаар чөлөөт бөхийн холбооны нарын бичгийн дарга Б.Батбаяраас тодрууллаа.

-Сайн байна уу. Чөлөөт бөхийн тамирчдын дунд Токио-2020 зуны олимпод оролцохтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулж болох уу. Юунаас үүдэн сорилт тэмцээн явуулна гэснээ больсон бэ?

   -Сайн байна уу. Олимпод оролцох тамирчдыг дасгалжуулагчдын зөвлөл сонгосон шүү дээ. Баг, бүрэлдэхүүний асуудлыг дасгалжуулагчдын зөвлөл шийдэх нь хууль, дүрэмдээ байдаг юм. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрт хэн ч нөлөөлж чаддаггүй юм аа. Өмнө нь тэмцээнд явах баг тамирчдыг  удирдлагын зөвлөлийн шийдвэрээр сонгодог байсан. Үүнд мэргэжлийн хүмүүс ч бий, мэргэжлийн бус хүн ч бий. Тэдгээр хүмүүс тамирчдын өдөр тутмын бэлтгэлийг мэдэхгүй шүү дээ. Одоо бол өдөр тутам хамт бэлтгэл хийдэг, тамирчдаа мэддэг дасгалжуулагчдын зөвлөлөөр сонгодог болсон. 

-О.Насанбурмаа тамирчин чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагч нартай холбоотой хэд хэдэн баримт дэлгэсэн шүү дээ. Тухайн баримтууд хэр үнэн бэ?

   -Тухайн шийдвэр гарсны дараа О.Насанбурмаа тамирчин хоёр удаа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүний дараа ойлголцоод энэ асуудал намжсан. Би багш нартай нь уулзсан. Арга хэмжээ аваад явж байна. Энэ асуудлын дараа чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагчид гээд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна.

-Түүнчлэн чөлөөт бөхийн шигшээ эмэгтэй багтай дасгалжуулагч уялдаатай ажилладаггүй. Тамирчдынхаа барилдааныг мэддэггүй гэх зүйл яригдсан.

   -Манай чөлөөт бөхийн шигшээ багт таван дасгалжуулагч ажилладаг. Үүнээс ахлах дасгалжуулагчтайгаа нийлээд гурван багш ажиллаж байна. Эдгээр гурван багшийг тамирчдынхаа барилдааныг мэддэггүй гэж хэлэхгүй. Огт тийм зүйл байхгүй. Яаж тамирчныхаа барилдааныг мэддэггүй хүн дасгалжуулагч хийх юм бэ. Эрүүл ухаанаар бодсон ч боломжгүй зүйл шүү дээ.

-2018 оны дэлхийн аваргын зооны аварга дээр Хятад Улсын тамирчинтай барилдах үед дасгалжуулагч нь утсаа оролдоод, үл тоосон байдалтай байсан гэсэн шүү дээ. Энэ мэтчилэн баримттай зүйл дэлгэсэн?

   -Тийм зүйл байхгүй. О.Насанбурмаа сэтгэлийн хямралтай үедээ тийм зүйл ярьсан болов уу. Зооны аваргын барилдааны үед би өөрөө хажууд нь байсан. Тухайн үед би бие халаалтыг нь хийлгээд, хажууд нь байсан.

-Хэчнээн тамирчин сорилт тэмцээнд оролцохоор бэлдээд байсан бэ?

   -Хүмүүс олимпын эрхийг цаанаас нь өгөөд, эндээ сорилт тэмцээн зохиож, түрүүлсэн нь олимпод оролцдог юм шиг ойлгоод байна. Мэдээж сорил тэмцээнд тамирчид бэлдэж байсан. Ер нь тамирчин хүн сорилт тэмцээнтэй, тэмцээнгүй бэлтгэлээ базаагаад өөрийгөө бэлдэх үүрэгтэй. Тиймээс олимпын эрх аваад ирсэн тамирчдыг зүгээр сууж байгаад аваад ирсэн юм шиг ойлгож болохгүй. Улсын шигшээ багийн тамирчин бол гэрээний дагуу өдөр тутмын бэлтгэлээ хийж байх үүрэгтэй.

-Олимпын эрх авсан тамирчны эрх дээр өөр тамирчин явах нь шударга, ёс зүйтэй үйлдэл үү?

  -Энэ чинь хоёр талтай шүү дээ. Олимпын эрхийг Монгол Улсад өгдөг болохоос биш тухайн тамирчинд өгдөггүй юм. Тэгэхээр миний авсан эрх дээр өөр тамирчин явсан гэх нэг яриа яваад байна. Хэрвээ түүгээр ярих юм бол С.Батцэцэг тамирчин  энэ жинд барилдаад, Токио-2020 олимпын эрх авсан байхад, түүний жин дээр өөр нэг тамирчин явах гээд байна шүү дээ. Онцлог нь олимпын эрхийг тухайн улсад нь олгодог юм. Харин тухайн жиндээ аль тамирчнаа олимпод оролцуулах эсэхээ дасгалжуулагчдын зөвлөл шийддэг.

Чиний яриад байгаа 2012 оны  үед удирдах зөвлөл нь шийддэг байсан юм аа. Миний тайлбарласан шиг зөвхөн санхүү хариуцсан ивээн тэтгэгч байгууллагын гишүүн бэлтгэлийн зааланд цөөхөн орж ирж, тухайн тамирчны онцлогийг мэдэхгүй хэр нь санал өгч байгаа юм.

Би өөрөө энэ зовлонг биеэрээ амссан хүн шүү дээ. Олон тамирчнаа ингэж хасуулж байлаа. Тиймээс чөлөөт бөхийн холбооны нарын бичгийн дарга болоод “дасгалжуулагчдын эрхийг өг өө. Энэ хүмүүс чинь өдөр бүр дасгалжуулж, нэг гэр бүл шиг болсон байдаг” гэж хэлж байлаа. Ер нь бол тийм биз дээ. Удирдах зөвлөл гэж спортыг дэмждэг мэргэжлийн, мэргэжлийн бус олон хүн бий. Энэ хүмүүс тэмцээнд оролцох тамирчдыг сонгоно гэхээр хэр боломжтой вэ.

-Сорил тэмцээн зохион байгуулахаа яагаад больсон юм бэ?

   -Токио-2020 олимп болоход 50 гаруй хоног үлдсэн байна. "Ийм богино хугацаанд сорил тэмцээн хийх хэрэг байна уу. Дэмий олимпын эрх авсан тамирчдаа бэртэл, гэмтэл авхуулчихна" шийдэлд хүрээд, сорил тэмцээнийг цуцалсан. Мөн цар тахлаас үүдэн олныг хамарсан үйл ажиллагааг хорьсон байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

   -Баярлалаа.

 


Б.БАТБАЯР: Олимпод оролцох тамирчдыг ивээн тэтгэгч байгууллагын гишүүн сонгодог байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188