Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Түүхт 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар, “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар, Үндэсний урлагийн их театрын найруулагч Г.Цоггэрэл нар найруулахаар болсон. Түүхэн тэгш ойн баяр наадмыг гурван найруулагч найруулах учир урьд жилүүдийнхээс илүү өөр, өвөрмөц байна гэсэн хүлээлт хэдийнэ үүсчихээд байгаа. Нөгөөтэйгүүр иргэд өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмыг цар тахлаас болж цахимаар үзсэн, харин энэ жил иргэд вакцинд хамрагдсан учраас наадмыг биечлэн үзэх боломж олдоно гэж хүлээж буй. Хаа хаанаа олон талын хүлээлт үүсгээд буй Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгааг ерөнхий найруулагчдаас нь тодрууллаа.
-Н.НАРАНБААТАР: ЖИЛИЙН ӨМНӨӨС БЭЛДСЭН БОЛ ШАЛ ӨӨР БАЙХ БАЙЛАА-

УДЕТ найруулагч Н.Наранбаатар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг найруулж буйдаа их баярлаж байгаа. Одоогоор нөгөө хоёр найруулагчтайгаа хамт бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ цаг бага үлдсэн, цар тахалтай, төсөв хөрөнгө бага гэхчилэн асуудал их байна.
Наадмыг хүний хүчээр найруулдаг. Гэтэл энэ жил цуглах хүүхэд, цэргийнхэн алга. Шударга үнэнийг хэлэхэд би одоо сценараа гаргаад “Надад тэдэн хүүхэд, тэдэн цэрэг, хүчний хүн хэрэгтэй байна” гээд Улсын наадмын төв комиссоор орно. Хэрхэн шийдэгдэх нь ч тодорхойгүй байна, яаж шийдэх юм бүү мэд.
Мөн бусад орон түүхэн ойгоо асар өндөр төсөвтэйгөөр, жилийн өмнөөс бэлдэж эхэлдэг. Гэтэл бидний хувьд нэг сарын өмнө хэн найруулах нь тодорхой болох жишээний. Мөн төсөв нь маш бага. 650 сая төгрөг. Өмнө ч ийм төсөвтэй байсан. Би зүгээр жишээ болгож нэг зүйл хэлье. Материал авах гэхээр хил, гааль онгойгоогүй, материалын хомстолтой. Үнэ нь хаданд гарсан. Даавуу, төмөр, мод гээд бүгд үнэ нь нэг дахин нэмэгдсэн байна шүү дээ. Мэдэх зүйл алга даа.
Яг үнэндээ би өөрөө ч сайн ойлгохгүй л байна шүү. Бодит байдал л энэ байна. Хэрвээ жилийн өмнөөс үүрэг өгөөд, бэлдэж эхэлсэн бол бүх зүйл шал өөр байх байлаа. Хүн бүхэн 100 жилийн ойн баяр наадам гээд ач холбогдол өгөөд байдаг. Уг нь түүх бичилцэнэ, ард түмнийг цэнгүүлнэ гэхээр аятайхан, сайхан наадам найруулмаар байна. Энэ бүхний ард найруулагчдын нэр хүнд л яригдана шүү дээ” гэлээ.
-Б.БААТАР: НААДМЫН ТАЙЗ, ЧИМЭГЛЭЛ НЬ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ БАЙДАГ-

Харин энэ талаар "Херо" энтертайментийн найруулагч Б.Баатараас тодруулахад “100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг найруулах гурван найруулагч байгаа. Манай Н.Наранбаатар найруулагч ерөнхий найруулагчаар ажиллана. Г.Цоггэрэл найруулагч продюсероор, би зөвлөх найруулагчаар ажиллаж байна. Түүхт 100 жилийн ойг тусгаар тогтнолыг сануулсан, өнгөрсөн 100 жилийн хугацаанд юу хийж өнөөдрийн нийгмийг бүтээсэн, мөн цаашид юу хийж бүтээх ёстой вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Өнгөрсөн жилийн баяр наадам цахимаар болсон. Энэ жилийн хувьд хотол олноороо наадахаар зэхэж буй болов уу. Тиймээс ийм боломж олгосон төр засагтаа талархаж байна.
Зохион байгуулалтын хувьд коронавирусээс болж, нэг дор 30-аас дээш хүн цуглаж болохгүй гэх зэрэг асуудал үүсэж байна. Гэхдээ олон мянган жил тэмдэглэж ирсэн үндэсний их баяр наадам энэ жил сайхан болно.
Наадмын тайз, чимэглэл ард түмэн өөрсдөө байдаг. Ард түмэн сайхан морио эмээллээд, дээлээ өмсөхөд монгол наадам өнгө засаж, эхэлдэг. Тиймээс энэ жил бид түүхт 100 жилээ сайхан тэмдэглэх болов уу” гэлээ.
Н.НАРАНБААТАР: 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг сайхан найруулмаар байвч хүн цөөн, төсөв бага байна |
|