• Өнөөдөр 2024-04-18

А.Нямлхагва: ДХИС-ийн харьяа ахлах сургуулийн бүртгэл тавдугаар сарын 15-наас эхэлнэ

2021-05-04,   828

Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол Улсын төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ирээдүйн боловсон хүчнийг ахлах сургуулиас нь үе шаттай бэлтгэх бодлогын хүрээнд 2018 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн сурагчдын тодорхой хувьд нь цагдаа, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүүхдүүдийг элсүүлэн сургадгаараа онцлогтой юм.   Ахлах сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бүртгэл,  үйл ажиллагааны талаар тус сургуулийн нийгмийн ажилтан А.Нямлхагваас тодрууллаа.
 
-Ахлах сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
 
-Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд зөвхөн 10 дугаар ангид элсэх сурагчдыг бүртгэдэг. 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэлийг  2021 оны тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 20-ны хооронд цахимаар  зохион байгуулахаар төлөвлөж байна.  
 
Цахимаар бүртгүүлсэн сурагчид элсэлтийн журмын дагуу материалаа бүрдүүлэн 2021 оны наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургуулийн байранд өөрийн биеэр ирж бүртгэлээ баталгаажуулна. Цахим бүртгэлийн талаарх мэдээллийг элсэлтийн журамд заасан хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль Facebook page хуудсанд линкийг  байршуулна.
 
-Цахим сургалтыг хэрхэн зохион байгуулж байна вэ. Ямар ямар хичээлийг судлан суралцдаг вэ?
 
-Цахим хичээлийг хуваарийн дагуу zoom, google meet, google classroom, багшийн туслах апп ашиглан судлагдахуун тус бүрээр зааж байна. Манай багш нар  12 дугаар ангийн сурагчдадаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөх чиглэлээр нь нэмэлт давтлага хичээл хуваарийн дагуу цахим платформ ашиглан заадаг. 2019 оноос эхлэн манай сургууль математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр гүнзгийрүүлсэн сургалтыг 10, 11 дүгээр ангид зохион байгуулж байна.
 
-Ахлах сургуулийг төгссөн сурагчид Дотоод хэргийн их сургуульд элсэн  суралцахад бусад ерөнхий боловсролын сургууль төгссөн сурагчдаас ямар нэг давуу тал байдаг уу?
 
-Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн журмын 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар ахлах сургуулийг төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, нэмэлт шалгалтын шалгуурыг хангасан элсэгчийг нийт онооны жагсаалтын эхэнд нь эрэмбэлдэг. Харин нэмэлт шалгалтын шалгуур, шаардлага бусад элсэгч нартай адил байдаг юм.  Манай сурагчид ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн хэргийн үндэс, галын бэлтгэл, цэрэгжилтийн биеийн тамир зэрэг хичээлийг нэмэлтээр судлан суралцдагаараа онцлогтой.  
Бид 2020 онд анхны төгсөлтөө хийж төгсөгчдийн 48 хувь буюу 40 сурагч Дотоод хэргийн их сургуульд, 45 хувь буюу 38 сурагч МУИС, ШУТИС, ХУИС, Их засаг зэрэг дотоодын их дээд сургуульд, 7% буюу 6 сурагч гадаадын их дээд сургуульд амжилттай суралцаж байна.
 
Ахлах сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш  гадаад, дотоодын бусад сургуулиудтай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн ажиллаж байна вэ?
 
-Манай сургууль  ижил төстэй сургууль болох ОХУ-ын Иркутск мужийн Ангарск хотын 6 дугаар сургууль, ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургууль, СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургууль, БНХАУ-ын Эрээн хотын 4 дүгээр сургууль, Хөх хот дахь Хүмүүнлэгийн сургууль, Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, гадаад багштай гадаад хэлний дугуйлан, урлаг спортын олон үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
 
Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 

 


А.Нямлхагва: ДХИС-ийн харьяа ахлах сургуулийн бүртгэл тавдугаар сарын 15-наас эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188