• Өнөөдөр 2024-04-26

Д.ЭРДЭНЭБААТАР: Нэг жилд физикийн ангид таван хүүхэд элсэж буй нь бодит үнэн

2021-04-30,   971

             Шинжлэх ухааны хаан нь математик бол хатан нь физик гэсэн үг байдаг. Гэтэл Монгол Улсын хэмжээнд физикийн шинжлэх ухаан устах аюул нүүрлэжээ. Аливаа шинжлэх ухааны суурь болсон физикийн шинжлэх ухааныг сонгон суралцах хүүхдийн тоо эрс буурчээ. 2020-2021 оны хичээлийн жилд физикийн ангийг таван хүүхэд сонгон, суралцаж буйд эмзэглэн нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулсан МУИС-ийн физикийн тэнхимийн багш, дэд профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. “Инноваци буюу мэдлэгийн эдийн засаг ноёрхсон энэ цаг үед инновацийн суурь болсон физикийн шинжлэх ухаанаас хоцрох юм бол бид хөгжлийн тухай яриад ч хэрэггүй” хэмээн ярих физикийн тэнхимийн залуу эрдэмтэн Д.Эрдэнэбаатарын ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Та залуу эрдэмтэн байна. МУИС-д хэдэн жил багшилж байна вэ?

  -Сайн байн уу. Би 2009 онд МУИС-ийг Физикч, электроникч мэргэжлээр төгссөн. МУИС-даа магистрын зэргээ хамгаалаад 2012 оноос багшилж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Япон Улсад докторын зэрэг хамгаалаад 2017 оноос хойш сургуульдаа үргэлжлүүлэн багшилж байна.

- Анх физикч мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ?

  -Би багаасаа зохион бүтээгч, инженер болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тэгээд эгчээсээ “Зохион бүтээгч, инженер болохын тулд ямар хичээлдээ сайн байх ёстой вэ” гэж асууж байсан. Физикийн хичээл орохоос өмнө шүү дээ. Тэгээд эгч маань математик, физикийн хичээлдээ сайн байх хэрэгтэй гэж зөвлөөд анхнаасаа физикийн хичээлээ хичээж сурсан л даа. Мөн манай багш Монгол Улсын гавьяат багш Б.Цээсүрэн гэж хүн бий. Багшаасаа их зүйл сурсан болохоор өдий зэрэгтэй яваа болов уу.

-Та нийгмийн сүлжээнд “Монгол Улсад физикч мэргэжлээр суралцах оюутан цөөрсөн. МУИС-ийн физикийн ангид таван оюутан суралцаж буйгаас хоёр нь л хичээлдээ сууж байна” гэсэн мэдээлэл оруулсан. Үүний талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

  -Тиймээ. Нийгмийн сүлжээнд “Физикийн ангийн оюутнууд цөөрч байна. Бодит байдал дээр бүртгэлтэй байгаа оюутнуудаас цөөхөн хэд нь л хичээлдээ ирж байна” гэсэн утгатай зүйл бичсэн. Хуучин “Физик электроникийн сургууль” гэж байхад физикийн салбар хөгжиж байсан. Гэтэл долоон жилийн дотор ийм байдалтай болчихлоо. Мөн МУИС-ийн физикийн ангийг таван оюутан сонгосон гэдэг нь үнэн. Бодит тоо, баримт. Жишээ нь, МУИС тухайн жил тухайн мэргэжлийг сонгож буй хүүхдүүдийн баталгаажуулалтыг үндэслэж тушаал гаргадаг.

2020-2021 оны хичээлийн жилд физикийн хөтөлбөрийг сонгож орж ирсэн дөрвөн хүүхэд байсан. Нэмээд нэг хүүхэд шилжиж ирэн, таван оюутантай хичээл эхэлсэн. Тэнхимийн хурлаар би тэр хүүхдүүдийн ангийн багшаар сонгогдсон. Тэгээд хурал зарлаад, хүүхдүүдтэйгээ уулзалт хийх гэхээр хоёр хүүхэд л тогтмол ирдэг байсан.

Тэр тухай бодит зүйлийг бичсэн. Түүнчлэн манай физикийн тэнхим физикч, физикийн багш гэсэн хоёр хөтөлбөртэй. Энэ хоёр хөтөлбөрийн физикийн багш хөтөлбөрийг тав хүрэхгүй хүүхэд сонгосон гэдэг үндэслэлээр элсэлт аваагүй.

-Та физикийн салбарыг долоон жилийн өмнөхтэй харьцуулж байна. Тэгвэл тухайн үед физикийн ангид хэчнээн оюутан суралцдаг байсан бэ?

  -Долоон жилийн өмнө физикийн анги гэж байсан. Ганц физикийн ангиар жишээ авахад 25-30 квоттой, хоёр групп байлаа. Нийт 50-60 хүүхэд суралцаж төгсдөг байсан. Гэтэл одоо 5-6 оюутан дунд эргэлдэж байна шүү дээ.

-Физикийн ангийн оюутан цөөрч буй шалтгаан юу вэ. ЕБС-ийн физикийн хөтөлбөр муу, багш нар сонирхолтой заах чадвар дутмаг байна уу. Эсвэл физикийн ангийг төгсөөд ажиллах газар хомс байна уу?

     -Физикийн мэргэжил хөрвөх чадвар сайтай учир аль ч салбарт ороод ажиллах боломжтой. Их сургуулийн физикийн ангийг төгсөөд ажилгүй байна гэсэн ойлголт байхгүй. Амжилт гаргаад суралцах юм бол олон улсад гарах бүрэн боломжтой. Мөн нийгмийн ухаан болон инженерийн гээд бусад салбарт хөрвөөд ажиллаж болно. Яагаад гэвэл физикийн шинжлэх ухаан бүх юмны учир шалтгааныг зүй тогтолтой нь судалдаг шүү дээ. Манай салбарын төгсөгчдөөс олон улсын эрдэмтэд олон төрсөн. Харин мэргэжил сонгохгүй байгаа цаад шалтгаан бол мэргэжлүүдийн талаарх мэдээлэл ЕБС-ийн сурагч, төгсөгчдөд хомс байна. Тиймээс хүүхдүүд төдийлөн сонгож суралцахгүй байна. Мөн хүүхдүүд физикч мэргэжил сонгоод их сургуульд ороод эхний нэг жилдээ бусад мэргэжлийн хүүхдүүдтэй хамт ерөнхий эрдмийн хичээл үзээд өөр мэргэжилд татагдах тохиолдол их байна.

-ЕБС-д физикийн хичээлийг хэрхэн заавал хүүхдэд хүртээмжтэй байдаг вэ?

  -Туршилт дээр тулгуурлаж заавал үр, өгөөж их. Гэхдээ туршилт дээр тулгуурлаж заана гэхээр, манай багш нар үнэтэй багаж, хэрэгсэл авч чадахгүй. Тиймээс хялбар туршилтаар хичээлээ баяжуулаад заавал үр дүнтэй. Үнэтэй багажаар үзүүлэн болгож заагаад, хямд багажаар хүүхдүүдээр өөрсдөөр нь туршилт хийлгэвэл хүүхдийн сонирхол нэмэгдэх болов уу.

-МУИС-д физикийн ангийн таван оюутан суралцаж байна. Бусад их, дээд сургуульд хэчнээн оюутан суралцаж байна вэ. Үүн дээр судалгаа хийж үзсэн үү?

  -Монгол Улсын хэмжээнд 80 гаруй дээд сургууль байна. Эдгээр сургуулиудаас физикийн мэргэжлээр бэлтгэдэг, физикийн тэнхимтэй ганц сургууль нь МУИС. Шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль их цөөхөн. Бараг байхгүйтэй ижил. Яагаад гэхээр байгалийн шинжлэх ухаан асар их тоног төхөөрөмж, лаборатори шаарддаг. Тиймээс хувийн сургуулиуд тэр бүр их зардал гаргаж, үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн нийгмийн ухааны хөтөлбөрөөр оюутан элсүүлж, үйл ажиллагаа явуулах хандлага ажиглагддаг. Гэтэл ганцхан сургууль дээр явдаг, суурь шинжлэх ухааны ангиа бодлогоор дэмжиж чадахгүйгээр доройтолд оруулчихлаа.

-Физикийн мэргэжилтэн хомсдох, энэ салбар доройтох нь улсад маш том хохиролтой.  Энэ талаар та тодорхой хэлж өгөөч?

  -Тэгэлгүй яах вэ. Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн шинжлэх ухаан физикийн шинжлэх ухааны ололт, амжилт дээр тулгуурлаж хөгжсөн. Физикийн шинжлэх ухаан хэрэглээний физикийн ухаан дээр тулгуурлаж орчин үеийн инноваци явж байна. Тэгэхээр инноваци буюу мэдлэгийн эдийн засаг ноёрхсон энэ цаг үед инновацийн суурь болсон физикийн шинжлэх ухаанаас хоцрох юм бол бид хөгжлийн тухай яриад ч хэрэггүй.

-Манай боловсролын салбараас устах аюул нүүрлэсэн энэ шинжлэх ухааныг аварч үлдэхийн тулд физикийн багш, физикч та нар ямар арга хэмжээ авч байна вэ. Хоорондоо хэлэлцсэн зүйл бий юү?

  -Залуу багш нар энэ асуудал дээр сайн ажиллаж байна. Энэ чиглэл рүү хандсан контент болон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, физикийн тэнхим дээр сансар судлалын чиглэлийг шинээр хөгжүүлж байна.

Сансар судлалын чиглэлийг хөгжүүлж физикийн тэнхимээ аварч үлдэх боломж байгаа гэдгийг МУИС мэдэж байгаа хэрнээ бодит байдал дээр огт дэмждэггүй. 1000 инженер төслөөр төгсөөд ирсэн сансар судлалын доктор залууг гэрээ ба дүрмийн дагуу тохирох багшийн ажилд нь авахгүй өөр мэргэжлийн лаборант хийлгэж байгаа нь маш бүдүүлэг алдаа

-Физикийн ангийг төгсөөд заавал гадаадын улс гэхгүйгээр эх орондоо ажиллах боломж, ажлын байр хэр байдаг вэ?

  -Ядаж л инженер хийгээд явж болно шүү дээ. Багшилж болно. МХЕГ, Стандарт хэмжилт зүй гээд улсын байгууллагад ажиллана. Эх орондоо ажиллах бүрэн боломж бий.Тэр бүү хэл тухайн ажлын байрууд дээр нь хомсдол үүсээд байна. Яагаад гэхээр төгсөгч байхгүй болсон. “Шинэ Монгол” дээд сургууль физик, электроникийн багш авах гээд олдохгүй байна. Энэ мэтчилэн эрэлттэй мэргэжил байтал хүүхдүүд сонгож орж ирэхгүй байна. Энэ бол миний дээр хэлсэн мэргэжил сурталчилгаа хүүхдүүдэд хүрэхгүй байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.

 


Д.ЭРДЭНЭБААТАР: Нэг жилд физикийн ангид таван хүүхэд элсэж буй нь бодит үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188