• Өнөөдөр 2024-03-28

Н.АЛИМАНТУЯА: Анх 450 ширхэг номтой номын сан хүлээж авч байлаа

2021-04-23,   1373

      Өнөөдөр Дэлхийн номын өдөр . Энэхүү гэгээн өдрийг угтан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын номын санч Н.Алимантуяатай ярилцлаа. Түүний хувьд  1996 онд тус суманд номын санчаар ажиллаж эхэлсэн бөгөөд анх 450 номтой номын санг хүлээж авч байжээ. Өнгөрсөн хугацаанд өөрийн санаачилгаар сумынхаа иргэдтэй хамтран номын сангийн фондыг баяжуулж, өдгөө тус сумын номын сан 4380 гаруй номтой болжээ. “Цөөхөн номтой хэмээн чамлахгүй зүтгэж, номын сангаа өргөжүүлсэн хөдөлмөрийн хамгийн том үнэлгээ бол Сэлэнгэ аймгийн шилдэг номын сангаар тодорсон явдал” гэж хуучлах номд хайртай, нутагтаа ээлтэй, даруухан эмэгтэйн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Номын санч хэмээх ариун мөртэй, гэгээн үйлстэй мэргэжлийг анх хэрхэн сонгож байсан бэ. Эндээс яриагаа эхлэх нь зөв болов уу?

  -Би 1989 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 10 жилээ төгсөөд, Сэлэнгийн “Долгио” чуулгад хоёр жил дагалдан дуучнаар ажилласан. Дараа нь дууны багшаар ажиллаж байгаад 1996 онд Соёлын дээд сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш 26 жил номын санч мэргэжлээр ажиллаж байна.

Намайг анх номын сангаа хүлээж авахад 450 л номтой байсан

-Сумынхаа номын сангийн түүхийг 26 жил бичилцсэн байна. Энэ хугацаанд сумын тань номын сан хэрхэн өргөжиж, өөрчлөгдөв?

  -1996 онд манай сумын номын сан их фонд, уншлагын танхим нь нэг дор, жижигхэн өрөөнд байдаг байлаа. Намайг анх номын сангаа хүлээж авахад 450 л номтой байсан. Түүнээс хойш номын фондоо баяжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Ингэхдээ уншигчдын асуусан ном байхгүй бол номын тасаглалын бүртгэлийн дагуу хэрэгцээт номоор фондоо баяжуулдаг байлаа. Ингэж явсаар 2016 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд цахим номын сан бий болгож байсан. Нэг өрөөг тохижуулж, гурван сая гаруй төгрөгөөр фонд баяжуулалт хийсэн. Энэ ажил маань аймгийн хэмжээнд анхных болоод шилдэг номын сан болсон. Мөн улсын төсөв харж суулгүйгээр сумын иргэдийнхээ дунд “Нэг иргэн-Нэг ном”, “Нэг анги-20 ном”, “Нэг төрийн албан хаагч-Нэг ном” зэрэг хандивын аянуудыг амжилттай зохион байгуулж одоо манай номын сан 4380 номтой үйл ажиллагаа явуулж байна.

- Суманд Цахим номын сан ажиллаж байна гэхээр сонирхолтой санагдаж байна?

  -Цахим номын сангийн зорилго маань хүүхэд, залуучууд маань номын санд зөвхөн ном унших биш, интернэтээр өөрт хэрэгтэй мэдээллээ авах юм. Нэг цаг суухад 500 төгрөг гэх жишээний. Мөн цахим номоо уншиж болно. Одоогоор 85 номыг цахим хэлбэрт оруулаад байна. Манай цахим номын сан хүүхэд, залуучуудад их хүртээмжтэй, үйлчлүүлэгчид маань сэтгэгдэл сайтай байдаг.

-Танай сумын иргэд нийтээрээ ном унших дуртай юу?

  -Манай номын сан 1780 гаруй уншигчдад 2230 гаруй номоор хүрч үйлчилдэг. Мөн алслагдсан, хөдөө багийн малчдад нүүдлийн номын сангаар хүрч үйлчилдэг. Манай сум хоёр багтай. Хоёр багаасаа нэг нэг идэвхтэн уншигч сонгож, гэрээ байгуулаад улирал тутамд 40 ном хүлээлгэн өгч ажилладаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэлттэй ажилладаг. Над руу утсаар холбогдож, унших номын нэрээ хэлээд би орой ажлаа тараад гэрээр нь хүргэж өгдөг юм. Манай сум жижигхэн болохоор сумын хаана ч байсан хүргээд өгдөг дөө. Тиймээс манай сумын иргэд ном сайн уншдаг. Сайн унших хүртэл нь бид хүрч ажилладаг.

-Сумын төвд номын санч мэргэжлээр ажиллах нь аймаг, хотын номын санч нараас хэрхэн ачаалалтай байдаг вэ?

  -Тодорхой хэмжээний ачаалал бий. Улс, аймгийн номын санч нар фонд хариуцсан хүн, арга зүйч, хүүхдийн уншлага хариуцсан номын санч гээд өөр өөрсдийн чиглэлээр ажлаа хийдэг. Харин орон нутгийн номын санч нар фонд, арга зүйч, эмчилгээ үйлчилгээ, ангилал, ном зүйчээ бүгдийг нь өөрөө хариуцаж хийдэг. Үүгээрээ ялгаатай байдаг даа.

Мөн сумын номын санч дан ганц номын санч хийхгүй, дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө, үйлчлэгч байхгүй бол ажлыг нь хийнэ. Ер нь л бүгдийг нь л хийнэ дээ. Бид чинь соёлын ажилчид шүү дээ.

- Та өөртөө ном унших цаг хэр гаргаж байна вэ. Хамгийн сүүлд ямар ном уншив?

  - Сүүлд “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” I, II, III ботийг зэрэг эхлүүлээд, уншиж байна. Ер нь миний хувьд ном уншаад суух зав, чөлөө хомс байдаг даа. Номын сангийн ажлаа хийхийн хажуугаар соёлын төвдөө ажиллана. Түүнчлэн номд дуртай хүүхдүүдэд зориулж, уран уншлагын клуб ажиллуулж байна. Ажил ихтэй, орой л гэртээ харьдаг хүнд ном тухтай унших зав тун бага даа.

-Амьдралынхаа 26 жилийг номын сан дотор өнгөрүүлжээ. Эргээд харахад номын санч мэргэжлийн хамгийн сайхан бахархал нь юу байна вэ?

  -Бахархалгүй яах вэ. Миний мэргэжил чинь хамгийн гэгээлэг шүү дээ. Өглөө номын сангийн үүдээ нээгээд ороход л өөдөөс номын тансаг үнэр угтаж авна шүү дээ. Ар гэрт хэчнээн асуудал байсан ч номын сандаа ороод ирэхэд нэг л тайван болчихдог.

Тэгээд л аймаг, хот орохоороо тэр номыг асуусан даа, түүнийг нэг олоод буцчих юм сан гээд л номын дэлгүүрээр заавал орно шүү дээ.

Гудамжинд хүнтэй таарахад  “Номын санчаа миний хэлсэн ном байгаа юу, уншлагад гарсан байсан ирсэн үү” гээд л асууна. Энэ л миний мэргэжлийн хамгийн сайхан нь даа.

-Дэлхийн номын өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор танай номын сан ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

  -Дэлхийн номын өдрийг тохиолдуулан цахимаар “Гэрээсээ ном уншъя” аян, “Миний уншсан номын дүр” жүжигчилсэн уралдаан зарласан.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.

 


Н.АЛИМАНТУЯА: Анх 450 ширхэг номтой номын сан хүлээж авч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-23 14:54:18
    Номзүйч Ц.Гэрэлцэцэг: Алимантуяа эгчдээ ажлын өндөр амжилт хүсье. ажилдаа хариуцлагатай, тууштай ажиллаж ард иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж ажиллаж байгаад талархаж байна. Бас угийн бичиг хөтлөх аргачлалын талаар сумын иргэд, айл өрхүүдыг хамруулан өргөн цар хүрээтэй ажиллаж сумын ихэнх айл өрхүүд угийн бичиг хөтөлж эхэлсэнийг нь сонсож байлаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Дэлхийн номын өдрийн мэндийг хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-23 12:29:30
    Зочин: Баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188