• Өнөөдөр 2024-04-26

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хойд эхийн сэтгэлээр хандсан зүйл байхгүй

2021-04-20,   890

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр хааж байгаа талаар мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тус төвийн үйл ажиллагааг түр зогсоож,  ковидын халдвар авсан иргэдийг эмчлэх ор дэлгэх болсон гэх мэдээлэл бий. Улсдаа ганцхан байдаг хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг сэргээн засах эмнэлгийн үйл ажиллагааг зогсоочихвол энэ хүүхдүүдийг хаана яаж, эмчлэх вэ гэдэг маргаантай асуудлууд ч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас дараах тодруулгыг авлаа.
 
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д ор дэлгэнэ гэж байна. Хүнд өвчтэй хүүхэд хүлээн авдаг энэ эмнэлэгт ор дэлгэх шаардлага байна уу?
 
-Манайх 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай эмнэлэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт энэ эмнэлэгт 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Энэ нь гэхдээ урт хугацааны эмчилгээ хийлгэдэг, асран хамгаалах байранд байдаг хүүхдүүд байсан. Ээж, аавтайгаа ирсэн, хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүд биш гэсэн үг. Тэгэхээр энэ цаг үед 400 гаруй хүүхэд “Ковид-19” өвчнөөр өвчлөөд байна. Мөн эмнэлэгт 30-40 амаржих эх халдвар авсан. Дөнгөж төрсөн эмэгтэй халдвар авсан байна. Коронавирусийн халдвар аваад нас барсан иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Ийм хүнд цаг үед 250 ортой ийм том эмнэлэг хоосон байна гэдэг бол өөрөө гэмт хэрэг.
Тиймээс бид бүх хүчин чадал нөөцөө хамтатгаж, энэ цаг үед жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг тухтай орчинд  эмчлэх нь төрийн үүрэг. 
-Энэ эмнэлэг нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай ганц эмнэлэг. Гэтэл үүнийг нь өөр зориулалтаар ашиглах нь хэр зохистой юм бэ?

-Энэ бол түр зуурын зохицуулалт. Ковидын нөхцөл байдал зүгээр болчихвол бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах үйлчилгээг үзүүлдгээрээ үзүүлнэ. Тэрнээс биш нийгэмд бичиж байгаа шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хойд эхийн сэтгэлээр хандсан зүйл байхгүй. 

-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 10 хүүхэд тус эмнэлэгт байгаа гэлээ. Эдгээр хүүхдийг хаана эмчлэх вэ?
 
-Тэнд байсан 10 хүүхдийг бусад хамгааллын байр руу шилжүүлсэн. 250 хүүхдийн багтаамжтай энэ эмнэлгийг цаашдаа хоосон байлгаад байх уу гэдэг асуудал хүртэл сөхөгдөнө. Энэ эмнэлгийн яг хажууд ЭХЭМҮТ-д олон хүнд өвчтэй хүүхэд хэвтдэг. Тархины даралттай, саажилттай хүүхдүүд жижигхэн өрөөнд найм, есүүлээ  хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл хажууд нь нэг эмнэлэг хоосон байж болохгүй. Тэгэхээр бид арай өөр менежментээр ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа эмнэлгийн чанар үйлчилгээ хүртээмжийг улам нэмэгдүүлнэ.
 

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хойд эхийн сэтгэлээр хандсан зүйл байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188