• Өнөөдөр 2024-03-29

Коронавирусээр өвчилсөн 10 настай охины аав Х.ЭНХСАРУУЛ: Эхнэр маань эмнэлгийн гадаа ирээд “Охиныгоо үнсэж чадаагүйдээ өөрийгөө зүхээд ч барахгүй” гээд уйлаад буцдаг байлаа

2021-04-14,   4711

Коронавирусийн халдвар авч, Цэргийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлээд гарсан 10 настай охины аав Х.Энхсаруултай ярилцлаа. Түүний охин нэг настайгаасаа бөөрний хяналтад орсон бөгөөд суурь өвчтэй учир коронавирусийн халдвар хүндээр тусчээ. Биедээ ахадсан өвдөлтийг 10 гаруй хоног мэдэрч, хоол ч идэхээ больсон тэрбээр сайн эмч, сайн аавынхаа ачаар халдварын өвчлөлийг амжилттай даван туулсан байна. Гэхдээ тэр хугацаанд хүнд үе олон байсан тухай түүний аав Х.Энхсаруул бидэнтэй хуваалцсан юм.


-Охин тань коронавирусийн халдвар авсан болох нь хэзээ батлагдсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манай охин нэг настай байхаасаа ЭХЭМҮТ-д бөөрний тасгийн хяналтад орсон. Хэд хэдэн удаа сэхээн амьдруулах тасагт орж байлаа. Би ажлаасаа коронавирусийн халдвар авч, тэрийгээ мэдэлгүй хэд хоног гэртээ амарсан юм. Мөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн. Дараа нь халуураад байхаар нь өрхийн эмнэлгийн эмчид хэлтэл “Вакцины дараах хариу урвал байх. Гэртээ 2-3 хоног ажигла” гэсэн. Гэтэл гурав хоног халуураад, зүгээр болдоггүй. Тэгэхээр нь ХӨСҮТ рүү яриад шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан юм. Ингээд гэртээ тусгаарлагдахаар болсон. Гэтэл маргааш нь манай охин халуурч, хоолой нь өвдсөн. Шинжилгээ өгтөл коронавирусээр өвчилсөн болох нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт бид хоёр цуг хэвтэн эмчлүүлсэн. Охины маань бие нэлээн муудаж, уушги нь хатгалгаатай, бөөр нь улам хүндэрсэн.

-Тэр хүнд үеүдийг охин нь хэрхэн давж гарав. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-Эмч нарын зүгээс манай охинд ямар эмчилгээ хийж байгаа талаар хэлэхдээ “Уушгины хатгалгаанд нь эмчилгээ хийж байгаа. Бөөрний өвчлөлийг нь ЭХЭМҮТ-ийн эмчээс нь зөвлөгөө аваад эмчилж байгаа” гэсэн. Цэргийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүүхэд биш, ихэвчлэн том хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг учир эмч нар нь “Хүүхдийн өвчлөлийн талаар бид сайн мэдэхгүй. Хүүхэд их эмзэг, мэдрэмтгий байдаг учир мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр эмчилгээ хийнэ” гэсэн юм. Мөн бөөрний хяналтын тасгийн эмчтэй нь холбогдох зэрэг хэдэн талаас нь ярьсаар байгаад эмчилгээ хийсэн. Анх Цэргийн төв эмнэлгийн дөрөвдүгээр давхарт н.Болорчимэг гээд эмчээр хянуулсан юм. Цээжний зургийг нь аваад хоёр уушгиндаа хатгалаатай байна, суурь өвчин нь дийлээд байна гэж оношлоод эмчилгээгээ эхлүүлсэн.

Эхний найм хоног манай охин хоол идээгүй. Зөвхөн шингэн юм уудаг байсан. Хоол идэхээрээ бөөлжөөд гаргачихдаг. Тухайн үед н.Болорчимэг эмч “За ер нь сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлье. Тэнд эмчилгээ нь илүү үр дүнтэй байх юм байна. Манай тасаг олон хүнтэй учир хүн хүчний хувьд байнгын хараад сууж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд сэхээн амьдруулах тасаг руу шилсэн. Тэгэхэд манай охины биеийн байдал нэлээн хүнд, унтаа байдалтай байсан.

Том хүн, хүүхдийн эмч гэх мэргэжил өдөр шөнө шиг ялгаатай юм байна лээ. Хүүхэд гэдэг том хүн шиг биеийн эсэргүүцэлтэй биш, өвчин даах чадвар бага, маш нарийн байдаг юм билээ. Тийм болохоор ЭХЭМҮТ-ийн эмчтэй өдөр бүр холбогдож, өвчний түүхийг мэдээлдэг байсан. Тэгээд Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн эмч ирж, сэхээн амьдруулах тасгаас гарсан. Тэр үед манай охины хатгалгаа эдгэрч, үрэвсэл нь зогссон байсан. Гэхдээ эм, тарианы гүн хордлогод орсон учир ахин өөр эмчилгээ хийж, 2-3 хоногийн дараа босож суудаг, ойр зуурын юм иддэг болсон.

-Та хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?

-Би гурван хүүхэдтэй. Том охин  маань 10 настай. Удаах хоёр хүү маань ихэр юм. Энэ хоёр маань намайг эмнэлэгт хэвтсэний дараа  коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Бурханы авралаар ямар нэгэн хүндрэл байхгүй, ханиалгаж, халуураагүй. Эхнэр маань бас коронавирусээр өвчилж, одоо Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би гурван хүүхдээ хараад, гэртээ байж байна даа.

-Та мөн адил коронавирусээр өвчилсөн шүү дээ. Биеийн байдал хэр байв?

-Би эхний гурав хоног халуурсан. Охиноо өвдсөнөөс хойш өөртөө анхаарахаа байсан. Юу болж байгааг ч бараг мэдэхээ байсан даа. Охиноо бодоод шөнө нойр хүрэхгүй, сүүлдээ хоол унднаас гарсан. Хүн ер нь тэгээд сэтгэл санааны хувьд хэцүүхэн л болдог юм билээ. Эмнэлэгт хэвтсэн эхний 2-3 хоног нойр хүрч, ядардаг байсан болов ч сүүлдээ шөнө ч нойр хүрэхээ больсон. Охиноо хоол идүүлэх гэж оролдоно. Шингэн юмыг нь өгнө.

-Охиных нь биеийн байдал одоо хэр байна вэ. Цэргийн төв эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгэсэн бэ?

-Бид хоёр Цэргийн төв эмнэлэгт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Эхний 10-аад хоног нэлээн хүнд байсан. Би бараг л “Охиноо ингээд л алдчих юм байх даа” ухааны юм бодоод, хэцүү болдог юм билээ. Охиноо харахаар өрөвдөөд нулимс гараад байдаг байсан.

Сайн эмч нарын хүчинд эмчилгээ сайн хийгдэж, бүрэн эдгэрсэн. Одоо бол охинд маань ямар нэгэн өвчин, зовиур байхгүй, сайн байгаа. Гэртээ хоолоо сайн идэж, дүү нартайгаа тоглоод л байж байна.

-Хүнд өвчтэй охиноо коронавирусийн халдвар авсныг сонсох амаргүй байсан байх?

-“Коронавирусийн халдвар авсан хүн амархан эдгэрдэг, ханиад шиг л гэсэн үг” гэх мэтийн яриа их байдаг шүү дээ. Би ч мөн адил гайгүй л юм байлгүй дээ гэж боддог байсан. Гэр бүлийнхэндээ л халдвар тараачихгүй юм сан гэж боддог байлаа. Гэтэл хаанаас ч юм би коронавирусийн халдвар аваад, охиноо өвтгөчихсөн. Хамгийн түрүүнд охиноо л бодсон. “Суурь өвчтэй хүнд энэ халдвар хүнд тусдаг гэсэн. Охиндоо халдвар өгчихлөө. Яадаг юм билээ” гэж айсан. Эмнэлэгт хэвтье гэж нэг бодсоноо ямартай ч дархлаагаа дэмжээд, халдваргүйжүүлэлтээ хийгээд түр харзная гээд гэртээ байсан. Манайх гурван хүүхэдтэй учир ээж нь охинтойгоо цуг эмнэлэгт хэвтэх гэхээр хоёр дүүг нь хэн харах билээ. Би өөрөө цуг хэвтэн эмчлүүлж болох эсэхээ тухайн үед мэдээгүй байсан. Тэгээд гэртээ байж байтал ердөө нэг хоногийн дараа манай охин халуурч эхэлсэн. Би шоконд ороод “Юу хийчих вэ. Хаанаас өвчин чирч ирээд гэр бүлээ баллачихав даа” гэж бодсон. Тухайн үед нэг хэцүү зүйл байсан нь энэ халдварыг гэрээр хэрхэн эмчлэх вэ, халуурч байгаа үед хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ, ямар эм уух вэ гээд асуух гэхээр зөвлөгөө өгөх газар байхгүй.

ХӨСҮТ-ийн эмч “Нэг их эмчилгээ байхгүй. D C витамин уугаад, дархлаагаа дэмжээд гэртээ хоол ундаа идэж уугаад байж бай. Өөр хэрэглэх эм, тариа байхгүй, шаардлагагүй. Бүр болохгүй байвал эмнэлэгт хандаарай” гэсэн.

Тэгээд охиндоо халууны эм болон өнөөх витаминыг нь өгсөн юм. Гэтэл сүүлдээ охины маань халуун нь буухаа больж, хоолноос гарсан. Эхнэр бид хоёр сандраад ХӨСҮТ рүү яриад Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн. Хүмүүсийн амыг дагаад ханиад төдий зүйлээр бодож байтал өөрөө халдвартай нүүр тулаад ирэхээр эргэн тойронд байгаа хүмүүс, суурь өвчтэй болон өндөр настай хүмүүс хэчнээн байгаа билээ гээд хожимдож ухаардаг юм билээ.

Ер нь залуус маань үүнийг бодож, тунгаах хэрэгтэй юм байна лээ. Халдвар авсан хүнд ханиад мэт зовиур бага байж болох ч эргэн тойрны хүмүүсийн дунд суурь өвчтэй, өндөр настай, энэ халдвараар өвчилбөл биеийн байдал нь хүндрэх олон хүн бий шүү дээ.

-Таны гэргий хоёр хүүхдээ хараад гэртээ байсан. Охин нь хүндээр өвдөж, сэхээнд байх үед ээж нь уулзаж ч чадахгүй байна гэдэг хэцүү шүү дээ. Гэр бүлийнхэн тань энэ хугацаанд ямар байдалтай байв?

-Би халдвар авсан учир эхнэр маань ойрын хавьтал болж, хоёр удаа шинжилгээ өгсөн. Хариу нь хоёр удаа сөрөг гарсан учир УОК-той холбогдож “Эмнэлэг гэр хоёрын хооронд л явж, хүүхдэдээ эргэлт оруулъя” гээд зөвшөөрөл авсан. Тэгээд эмнэлгийн гадаа ирчихээд гар утсаар залгаад “Гадаа ирчихсэн байна. Охиноо ганцхан удаа үнсчих юм сан. Бие нь их муу байгаа” гээд эх хүн гэдэг их уян байдаг юм билээ.

“Юмыг яаж мэдэх вэ, би охинтойгоо уулзаж чадахгүй байх юм бол хажууд нь шахуу зогсож байсан хэрнээ ганц удаа ч болтугай  үнсэж чадаагүй гэдэгтээ өөрийгөө зүхээд ч барахгүй” гээд уйлдаг байсан. Дүрэм л бол дүрэм учир хамгаалалтын хувцастай байсан ч “Болохгүй ээ, улаан бүс” гээд оруулаагүй.

Хэрэв улаан бүс рүү орсон л бол 7-14 хоног тусгаарлагдаж байж гэртээ очих юм билээ. Тэгэхээр хоёр нялх хүүхэд харах хүнгүй учир эмнэлгийн гадаа ирээд уйлаад л явдаг байсан. Энэ тал дээр бол сэтгэл өмөрмөөр хэцүү байдаг юм билээ. Хүүхэд нь ухаантай, үгүйтэй байхад ээж нь ганц харчихмаар байна гээд уйлахаар хэцүү л юм байна лээ.

-Цэргийн төв эмнэлэгт халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа. Тэнд нөхцөл байдал, ачаалал хэр байна вэ?

-Охин бид хоёрыг анх Цэргийн төв эмнэлэгт очиход нэг өрөөнд ганц, хоёрхон хүн авдаг байсан. Гэтэл очсоны дараахан ар араасаа хүмүүс ирж, шөнө ч байсан нэмж хүн авдаг болсон. Зөвхөн хойд талын блок байрандаа хэвтэн эмчлүүлэх хүн авдаг байсан бол сүүлдээ ачааллаа дийлэхээ болиод урд блок байрандаа нэмж хүн авдаг болсон.

Эмч нарын хувьд маш их ачаалалтай ажиллаж байгаа. Тэд 14 хоног тасралтгүй 24 цагаар ажиллаж байгаа шүү дээ. Эмнэлэг дотроо өдөржин нааш цааш эмчилгээ хийж явна. Орой нь дахиад нөгөө хүмүүсийнхээ биеийг яаж байна гээд эргэж тойрно. Дөнгөж өрөөндөө ороход нь энд ч халуурлаа, тэнд ч ханиалгалаа гээд буцаад л дуудагдана. Өдөр шөнөгүй л ажиллаж байна лээ. Байнга битүү хувцас өмсдөг учир зарим эмч нарын нүд нь бүлцийгээд, нүүр нь хавдаад, зарим нь нүд нь улайгаад нулимс нь гараад байдаг. Хэцүү юм байна лээ.

Намайг очсоноос хойш 2-3 эмч халдвар авсан

Манай охины бие хүнд байсан учир эмч болгон л орж ирж, чадах чинээгээрээ зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм өгдөг байсан. Нэг өдөр нэг эмч маань манай өрөөнд хамгаалалтын хувцасгүй орж ирэхээр нь яасан бэ гэтэл “Та нартай адилхан болсон. Хажуу талын өрөөнд хэвтэж байгаа. Шинжилгээний хариу эерэг гарсан” гэсэн. Хэдий өвчин туссан ч гэлээ сувилагч нар нь орж ирээд л тариа, дусал зэргийг нь хийж өгөөд, ачаалалтай учир тус дэм болоод ажиллацгааж байна лээ. Тэгэхгүй бол эмч, сувилагч ариутгагч зэрэг нийт тавхан хүн 30-40 хүнд өдөржин эмчилгээ хийж, хоол ундыг нь зөөж байгаа. Ер нь эмч нарт мөн маш хүнд байсан. Би тэднийг их өрөвдсөн.

-Зав гарган ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа


Коронавирусээр өвчилсөн 10 настай охины аав Х.ЭНХСАРУУЛ: Эхнэр маань эмнэлгийн гадаа ирээд “Охиныгоо үнсэж чадаагүйдээ өөрийгөө зүхээд ч барахгүй” гээд уйлаад буцдаг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-14 19:05:38
    Ger giigvvlegcg: Hvnd tsag veiig dawj ard ni garch chadsand ni bayr hvrgie. Eejiinh ni setgeliig oilgoj baigaa uchraas yariltslagiig nulimstai... unshlaa. Tsaashdiin amidrald ni ervvl enhiig hvsie. Mongol hvn bvr ervvl enh baih boltugai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188