• Өнөөдөр 2025-03-13

Б.БАТЦЭРМАА: Дунд хүү минь “Ээж ээ, энэ хүүхэлдэйг угаавал хөөрхөн болно доо. Хоёулаа угаах уу” гэж анх хэлсэн

2021-04-12,   1519

Хан-Уул дүүргийн IV хороо, “Хүннү Молл”-ын урд зам дагуу байрлах үзүүлэнгийн хүүхэлдэйнүүдийг хүүхдүүдтэйгээ хамтран угааж буй нэгэн эмэгтэйн зураг цахим орчинд түгсэн билээ. Тэдний бахархам энэ үйлдэл олон хүнд үлгэр дууриалал болохын зэрэгцээ талархал, хайрыг нь татаад байгаа юм. Замын хажуугийн хүүхэлдэйг угаах саналыг гуравдугаар ангийн, найман настай бяцхан хүү болох Х.Дөлгөөн ээждээ гаргажээ. Түүний ээж Б.Батцэрмаатай ярилцлаа.

-Таны хүүхдүүдтэйгээ хамт автозамын хажууд байрлуулсан үзүүлэнгийн хүүхэлдэйнүүдийг угааж, цэвэрлэж байгаа зураг цахим орчинд түгсэн. Хүүхэлдэйг угаах сэдэл чухам яагаад төрсөн бэ?

-Автозамын хажууд байрлуулсан үзүүлэнгийн хүүхэлдэйг дөрөвдүгээр сарын 7-ны 18:00 цагийн үед угаасан. Тэр өдөр би гурван хүүтэйгээ салхилсан юм. Гэтэл дунд хүү маань тэр хүүхэлдэйг харчихаад “Ээж ээ, энд нэг хүүхэлдэй маш их шороо, тоос болчихсон байна. Ойролцоо сургууль байдаг болохоор хүүхэд гарцаар гарч болно гэсэн тэмдэг байх. Гэтэл тэр хүүхэлдэйн дүрэмт хувцас нь харагдахгүй байна” гэхээр нь хартал нээрээ л дүрэмт хувцас нь ч мэдэгдэхээргүй болтлоо шороо, тоосонд дарагдсан байсан. Хүү маань “Ээж ээ, энийг угаавал хөөрхөн болно доо. Хоёулаа угаах уу” гэсэн. Тэгэхээр нь “Цаг эрт байгаа юм чинь цөмөөрөө угаая” гээд гэр рүүгээ явж, угаалгын нунтаг, алчуур, ус аваад эргэж очоод угаасан.

-Хүүхэлдэйг угаах санал гаргасан хүү тань хэддүгээр ангид суралцдаг вэ. Та хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?

-Би гурван сайхан хүүтэй. Дунд хүү минь гуравдугаар ангийн сурагч, найман настай. Юмыг их ажигладаг хүүхэд байгаа юм. Гадуур явахдаа ч, гэртээ ч “Энийг ингээд янзалчихвал зүгээр юм биш үү. Тэрийг тэгчихвэл яах вэ” гэж их ярьдаг, юм юм янзалж, засаж явдаг хүү бий. Бага хүү маань тав, том хүү 15 настай. Манайх охин хүүхэдгүй болохоор тэр маникенийг угаасандаа бид дөрөв их баярласан. Угааж дуусаад хүүхдүүдээсээ “За, ямар  байна” гээд асуутал “Ёстой гоё байна. Дахиад өөр хүүхэлдэй энд байдаг бил үү” гэж асуусан. Тэгэхээр нь Яармагийн зам дагуу яваад үзтэл дөрвөн ширхэг байдаг юм билээ. Бүгдийг нь угаачихсан, сэтгэл хөдлөөд.

-Хүүхдүүдэд ямар санагдсан бол?

-Угаах санал гаргасан хүү маань их баярласан. Хүүхэлдэйн маникенууд явган хүний замын хажууд, автозамтай ойрхон болохоор дунд, бага хоёр хүү маань өнөөх маникеныг тойрч гүйгээд, зам руу орчих гээд байсан. Тэгэхээр нь хоёр хүүгээ “Машиндаа сууж бай” гээд том хүүтэйгээ угаасан. Гурван хүүтэйгээ хамт хамгийн сүүлийн маникеныг угааж дуусаад “Хөөх, ямар гоё байсан юм бэ. Хувцас нь ямар тод байсан юм бэ” гээд ярьж, инээлдэж байгаад явцгаасан.

Цахим хаягтаа тэр зургуудыг “Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ ийм юм хийлээ” гээд нэг их юм бодоо ч үгүй оруулсан юм. Ийм олон хүний сэтгэлд хүрнэ гэж бодоогүй. Хамгийн гол нь би хүүхдүүддээ зав гаргаж чаддаггүй болохоор тэднийхээ хийе гэсэн хүслийг нь л биелүүлье гэж бодсон. Мөн хүүхэд маань тэр хүүхэлдэйг “Маш их тоостой байна, угаая” гэж санаачилж, бодож байхад нь биелүүлье, дараа нь хүүхдүүд минь тэр маникены хажуугаар өнгөрөхдөө “Ээж минь бидэнтэй хамт ингэж угаасан даа” гэж бодох байх л гэж бодсон.

Би хүүхдүүдээ аль болох олон нийтийг хамарсан зөв, эерэг зүйлд оролцуулж, өөрийн амьдарч буй орчноо гар доорх материалаар цэвэр цэмцгэр байлгаж, газар байгаа хогийг аваад хогийн саван хийдэг зөв сэтгэлгээтэй байгаасай гэж боддог.

Бас аливаа зүйлд багахан ч болов уу сэтгэл гаргах, мөн гарынхаа үзүүрээр л хийчих жижигхэн зүйл ийм том хувь нэмэр болохуйц тустай байдаг юм байна. Хүмүүсээс урмын үг их ирсэн. Хүмүүсээс ингэж их талархлын үг хүлээж авч үзээгүй. Нэг талаараа би буруу юм хийгээгүй байгаа даа гэж санаа зовсон.

-Яагаад тэр вэ?

-Би төрийн байгууллагад ажилладаг. “Та нар тэгээгүйгээс болоод ийм зүйл боллоо” гэдэг зүйл төрийн байгууллагад их гардаг шүү дээ. Эхэндээ хүмүүс талархалтай хандаж, хүүхдүүд минь баярлаж байсан болохоор би ч мөн адил баярласан. Гэхдээ гэнэт “Би хийх ёсгүй юмаа хийчихэв үү. Хот тохижилтын ажилчдыг асуудалд оруулчихав уу даа” гэж бодсон. Нэг талаараа хүүдүүддээ болон бусад айлын хүүхдүүдэд үлгэр дууриалал болсон гэж бодохоор гоё байна.

-Замын хажуугийн маникен угаасан талаар таны нөхөр хэзээ мэдсэн бэ?

-Манай нөхөр хөдөө ажил хийдэг юм. Маникенуудаа угаахаасаа өмнө аав руу нь гар утсаар залгаад “Бид замын хажуугийн маникен угаах гэж байна” гэж хэлтэл “Хаана байдаг, ямар хүүхэлдэй вэ” гэж асуусан. Нөхөр бид хоёр тэр маникенуудын хажуугаар зөндөө явдаг хэрнээ анзаардаггүй байсан юм билээ.

Цахим хаягтаа маникен угаасан талаар нийтэлсний маргааш аав нь хүүхдүүд рүүгээ “Миний гурван хүү ямар мундаг юм. Сайн байна. Улс орондоо хэрэгтэй зүйл хийсэн байна” гэж яриад гурван хүүгээ магтаж, сайшаасан. Бас хөвгүүдээ шагнана гэсэн гэсэн. Санаачилга гаргасан дунд хүүгээ бүр илүү шагнаж, ирэхээрээ гар утас авч өгнө гэсэн (инээв).

-Зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


Б.БАТЦЭРМАА: Дунд хүү минь “Ээж ээ, энэ хүүхэлдэйг угаавал хөөрхөн болно доо. Хоёулаа угаах уу” гэж анх хэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 14:26:55
    irgen: yamar huurhun yumm be, huuhed bhr l anzaarch dee, tomchud bol huuheldeig barag anzaarahgui dee. ta 4-t bayarlalaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 12:41:08
    зочин: Ээжүүд ингэж л хөвгүүддээ үлгэр дууриал үзүүлж, зөв хүмүүжүүлэх хэрэгтэй,сайн ээж байна.Ирээдүйд хүүхдүүд нь зөв хүмүүжилтэй,ухаантай хөвгүүд болно доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 12:23:29
    Юмсүрэн: Мундаг хүүд нь ирээдүйдээ эхийг бүтээсэн сайн сэхээтэн болоорой гэж ерөөе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188