• Өнөөдөр 2024-04-19

“Ододтой бүжиглэе” шоуны бүжгийн багш Б.Халиуны нөхөр О.ЭРДЭНЭ-ОЧИР: Миний эхнэр маш тууштай, гайхалтай, чадварлаг, хүчирхэг эмэгтэй шүү дээ

2021-04-06,   14002

-Миний эхнэр маш тууштай, гайхалтай, чадварлаг, хүчирхэг эмэгтэй шүү дээ-

          “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиун гэх эмэгтэйг “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Б.Баттөрийн хамтрагч гэдгээр нь олон хүн таньдаг болсон. Үзэгчдийг байлдан дагуулж буй чадварлаг багш Б.Халиуны нөхөр О.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрбээр “Royal dance” клубийн багш, үүсгэн байгуулагч, бүжгийн урлагийн Олон улсын хэмжээний мастер билээ. 

-Таны эхнэр Б.Халиун “Ододтой бүжиглэе” шоунд Б.Баттөрийн хамтрагчаар оролцож байгаа. Үзэгчдийн хүлээлтэд нийцэж, долоо хоног болгон гайхалтай үзүүлбэр үзүүлж байна. Энэ шоунд хэрхэн оролцох болсон талаар нь та ярихгүй юу?

       -Өнгөрсөн жил “Ододтой бүжиглэе” шоунд хамтрагчаар оролцох бүжигчдийн сонсон шалгаруулалт явагдаж байсан юм. Манай эхнэр өөрийгөө сорьж, сонгон шалгаруулалтад оролцох бодолтой байгаагаа хэлсэн. Сонгон шалгаруулалтад эхнэр маант тэнцэж шоунд оролцохоор болсон. Эхний хэдэн зураг авалт өнгөрсөн зун хийгдэж, үзэгчдийн санал авдаг болсноос нь хойших бэлтгэлээ одоо хийж, шууд зураг авалтад оролцож байгаа. Долоо хоног болгон гайхалтай үзүүлбэр үзүүлж байгаа учраас эхнэрийнхээ, хамтрагчийнх нь өмнөөс догодлол дүүрэн байна. Миний эхнэр чинь мэргэжлийн бүжигчин учраас чаддаг бүхнээ л дайчилж, хамтрагчтайгаа ойлголцож, шоунд бүх анхаарлаа хандуулж байгаа. Маш их ачаалалттай ажиллаж, бэлтгэлээ шаргуу хийж байна.

Зургаан хоногийн хугацаанд л нэг бүжгийг хамтрагчийн хамт бүрэн гүйцэтгэлтэй, төгс үзүүлэх ёстой шүү дээ.

-Таны хувьд бүжгийн спортын ОУХМ шүү дээ. Эхнэртээ зөвлөж байгаа юу?

         -Шоунд оролцож байгаа учраас мэргэжлийн бүжиг дэглээчид байгаа. Гэхдээ тэндээ бэлтгэлээ хийгээд, заримдаа өөрийнхөө клубд ирж бэлтгэл хийдэг юм. Би чадах бүхнээ л зааж, зөвлөдөг. Гэхдээ Халиун өөрөө дайчин, хамтрагч нь бүүр илүү дайчин шүү дээ. Тэд хэдийгээр бүжгийн тэмцээнд оролцож байгаа ч бүжгийн спортын талбайд тулалдаж байгаа гэсэн үг. Хувь хүнээс бүх зүйл хамаардаг юм. Өөрөө л тууштай, дайчин байх юм бол асуудал байхгүй. Эхнэрийнхээ үнэнч дэмжигч байж, бэлтгэл сургуулилалтаа сайн хангахад нь үргэлж туслахыг хичээж байгаа. Тэр өөрийнхөө хэн гэдгийг харуулах ганцхан талбар нь бүжиг шүү дээ. Би түүнийг чадна гэдэгт нь үргэлж итгэдэг. Миний эхнэр чинь тууштай зантай эмэгтэй шүү дээ.

Миний ч, Халиуны ч амьдралыг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. 

-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан түүхээсээ хуваалцаж болох уу?

       -Манай эхнэр 2013 онд “Moon dance” хамтлагт орж ирж байлаа. Бид тэндээс л нэг нэгийгээ таньж, мэддэг болсон. Бид гэр бүл болж, “Royal dance” бүжгийн спортын клубээ нээгээд дөрвөн жил болж байгаа. Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй ч ээж, эгч маань мэргэжлийн бүжигчин учраас бүжгийн спортод өөрийн эрхгүй татагдсан. Халиун бид хоёр бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөж яваа залуу гэр бүл.

-Таны эхнэр ямар зантай вэ? 

      -Миний эхнэр тууштай зантай, хүчирхэг, гайхалтай, чадварлаг эмэгтэй шүү дээ. Бүжгийн төлөө төрчихсөн юм шиг л санагддаг. 

-Та гэр бүлийнхээ хүний хамт өнгөрсөн зун олон чалленж зохион байгуулсан шүү дээ. Хүмүүс чалленж хийдэг гэдгээр нь хэр таньдаг вэ?

        -Хүмүүс Халиуныг “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч гэдгээс нь илүү бүжгийн чалленж хийсэн гэдгээр нь таниад байдаг шиг санагддаг. Таарахаараа “Чи нөгөө машинаасаа буугаад "Шака бака" дууны аянд бүжиглээд байдаг хоёрын нэг байна шүү дээ” гээд байдаг юм билээ. Харин зарим нь хэлэхээр “Өө чалленж хийгээд байдаг охин чи юм уу” гэж асуудаг. Дүр хувиргалт, хувцаслалт гээд тайзан дээр хувирч байгаа учраас үзэгчид тэр бүр бүжгийн чалленж хийсэн гэдгийг нь мэдэхгүй ч байж мэднэ.

        Бид өнгөрсөн зунаас олон нийтэд бүжгийн урлагийг сурталчилах хүрээнд долоон удаагийн чалленж хийсэн. Хүмүүсийн сайн мэддэг нь аялалд явж байхдаа машинаасаа буугаад бүжиглэдэг чалленж юм. Халимаг бүжгийн шарка, барка нь сонсголонтой, ритм хэмнэлтэй, омогшил, бахархал төрүүлэх сайхан дуу учраас сонссон хүмүүс өөрийн эрхгүй дагаж бүжиглэмээр тийм сайхан аялгуутай. Бид хоёр 10 хоног хөдөө аяллаар явахдаа "Шарка барка" дууны аянд чалленж хийгээд сошиалд тавьсан юм. Хоёр хоног сүлжээгүй газар яваад ирсэн чинь бидний төсөөлж байснаас илүүтэйгээр хүмүүст хүрсэн байсан. "Шарка барка" чалленжид найман настай балчираас 80 настай хөгшид хүртэл нэгдсэн шүү. Үүнээс хойш урамшаад, цахим орчныг зөв боловсон байлгах үүднээс чалленжээ тасралтгүй хийж байгаа.

-Өнгөрсөн ням гарагийн дугаар гарсны Б.Баттөр, Б.Халиун хоёрыг дэмжих үзэгчдийн тоо нэмэгдсэн байх. Бүр тэр хоёрыг “Гэр бүл болчихоосой” гэж хүртэл цахим орчинд давалгаалсан шүү дээ. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж тэр хоёрыг даалгавараа амжилттай гүйцэтгэсэнд баярлаж байгаа. Олны танил эрхмүүд хүртэл “Энэ хоёр суусан уу. Гэрлэчихээсэй” гээд тоглоом хийж, цахим орчинд пост оруулсан байгаа харагдсан. Би зарим постыг нь шэйр хийж аваад, “Өдөөд байгаарай” зэрэг наргиа хийсэн. Мэдэхгүй хүмүүс нь үнэхээр гэр бүл болчихоосой гэж бодсон байх (инээв). Надад эмзэглээд байх шаардлага огтхон ч байхгүй. Харин ч тэр хоёрыг олон хүн дэмжиж байвал сайн хэрэг шүү дээ. Тэр хоёрыг минь олон хүн шоуны турш итгэл хүлээлгэж, дэмжээсэй гэж хүсэж байна.

-“Эхнэрээ ингэж л манахгүй бол алдах гээд байна” гэсэн тайлбартай таны зураг цахим орчинд сүүлийн өдрүүдэд явж байгаа харагдана лээ?

-Бид хоёр чинь таван жилийн хугацаанд өөр өөр партнертай тэврэлдэж, бүжиглэж байгаа шүү дээ (инээв). Тэр зургийг хэд хоногийн өмнө манай клубд авахуулсан юм. Тэр хоёрыг бэлтгэлээ хийж байхад нь зураг авч, клубынхээ үнэнч дэмжигчдэд сонирхуулахаар цахим сүлжээнд нийтэлсэн. Манай пэйж дээр тавьсан зургийг л хүмүүс хуулж аваад, өөр өөрсдийнхөө тайлбайртайгаар цахим сүлжээндээ нийтэлсэн байна лээ.

-Цаашдид ямар уран бүтээл хийхээр төлөвлөөд байна вэ?

         -Цахим сүлжээнд иргэдийг эерэг талаар нь уриалан дуудсан, бүжгийн урлагийн гоё сайхныг мэдрүүлсэн чалленжээ хийсээр байх болно. Одоогийн байдлаар Халиунаа маань шоундаа хамаг анхаарлаа төвлөрүүлж, амжилттай оролцохоор хичээж байгаа. Харин би клубынхээ ажлыг хариуцаж ажиллаж байна. Цаашид орон нутагт үйл ажиллагаа өргөжүүлэх санаатай байгаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

        -Баярлалаа. “Ододтой бүжиглэе” шоуг шимтэн үзэж, эхнэрийг минь дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэр хоёр минь дугаар бүрт гайхашруулсан олон сайн үзүүлбэрээр үзэгчдийг баярлуулж, цэнгүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.


“Ододтой бүжиглэе” шоуны бүжгийн багш Б.Халиуны нөхөр О.ЭРДЭНЭ-ОЧИР: Миний эхнэр маш тууштай, гайхалтай, чадварлаг, хүчирхэг эмэгтэй шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 09:26:53
    зочин: Царайлаг бас гое биетэй , чадварлаг та 2ыг үргэлж дэмжиж байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 09:24:58
    Дэмжигч: Баттөр Халиун хоерыг харах гэж шоу үздэг. Гэхдээ шоунд оролцогчид бүгдээрээ машийн маш мундаг байдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-08 14:41:46
    зочин: Гайхалтай гэхээс өөр үг алга. Ялангуяа Баттөр бол монгол залуусын бахархал, өөрийгөө яаж хөгжүүлж болдогийн тод жишээ Роль модель.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 20:49:10
    Tseegii: Ene 2g demjij bgaa tvrvvleh bhaa ih setgel zvtgel haragdaad bgaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 17:46:32
    Зочин: Маш гоё бүсгүй. Хамтрагч Ангууч мундаг тамирчин. Сайхан хос түрүүлээсэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 17:39:19
    Зочин: Мундаг дүү нартаа амжилт нарантуяа эгч саранхүү дүү эрдэнээ та бүгд бол бүжгиин төлөө төрсөн цул авьяас халиун дүү тод гэрэлтэх бүжгиин од та нар хөвсгөл нутгиин бахархал
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-07 07:56:50
    зочин: үнэхээр энэ 2 гайхалтай бүжиглэж маш гоё үзүүлбэр үзүүлж бна түрүүлэх нь тодорхой залуусаа архи ууж зодоон хийж байхаар бүжгийн урлагийг сонирхож цагаа зөв өнгөрүүлж эрүүл мэнд гоо сайхандаа хөрөнгө оруулалт хийгээч бүтэн сайн өдөр болохыг Ангууч Халиун 2 ямар гайхамшиг үзүүлэх бол гэж хүлээдэг болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-06 15:46:10
    Зочин: Энэ Халиун гэдэг охиныг бүжиглэж байгаа болохоор энэ шоуг үзэх үнэхээр дуртай болсон. Энэ бол төрмөл авъяас, дээр нь их хөдөлмөр, шаргуу байдал, тэвчээрийн үр дүн. Шоуг гоё байлгаж чадаж байгаа, энэ хүүхэд. Тиймд ням гаригийн 19,30 цагийг хүлээн байж "Ододтой бүжиглэе" шоуг үзэж байна. Тэрнээс биш миний үеийн 50 гарсан хүмүүс ач холбогдолтой, ач холбогдолгүй элдэв энтэртайнмент нэвтрүүлэг, шоу руу тэгтлээ анхаарал хандуулахгүй дээ. Халиунд, партнёр Баттөрд нь амжилт хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188