• Өнөөдөр 2024-03-28

Л.ТЭРБИШ: Сурагчдын олонх нь малаа хариулах уу, дүүгээ харах уу гээд теле хичээлээ үзэж чадахгүй байгаа нь үнэн

2021-03-23,   1966

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ ЭЕШ-АА АВАХ УУ, ЭСВЭЛ ДАРАА НЬ АВАХ УУ ГЭДЭГ НЬ ОДОО ХҮРТЭЛ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Их, дээд сургуульд элсэн суралцагчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн. Уг бүртгэл орон даяар ирэх дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Энэ жил төгсөх ангийн 32 мянган сурагч ЭЕШ өгнө гэх тооцоо гарсан ба улсын хэмжээнд шалгалтын 50 байр бэлтгэхээр төлөвлөжээ.

2020-2021 оны хичээлийн жилийн дийлэнх хугацаанд цар тахлын улмаас сурагчид танхимаар хичээллээгүй бөгөөд теле хичээл төдийлөн үр дүнгүй байсан тухай эцэг эх, багш, сурагчид хэлж буй. Мөн энэ жилийн төгсөх ангийн сурагчид 2019 онд буюу 11 дүгээр ангид байхдаа хөл хорионд орж, цахимаар хичээллэж эхэлсэн тул хоёр жил хичээлээс хоцорсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-д шалгуулагчид энэ хавар хүндхэн давааг туулах шаардлагатай болж байгаа. Иймд төгсөх ангийн сурагчдыг хэрхэн бэлтгэж буй болон сурагчид хэр хоцрогдолтой байгаа талаар Орхон аймгийн Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Л.Тэрбиштэй ярилцлаа.

-Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д хэрхэн бэлдэж байна вэ?

-Миний хувьд нийгмийн ухааны хичээлээр 15 хүүхдэд давтлага өгч байгаа. Энэ хичээлээр ЭЕШ өгөх сурагчид 7-12 дугаар анги хүртэлх хичээлийн сэдэв болгоноор онолын мэдлэгийг бүрэн авсан байх шаардлагатай. Тэгэхээр төгсөх ангийн сурагч нийгэм, нийгмийн харилцаа, эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, соёл, эрх зүй гэсэн үндсэн бүлэг сэдвийн хичээлийн агуулгыг бүрэн авсан байх ёстой гэсэн үг. Гэтэл энэ мэдлэгийг 12 дугаар ангийн сурагчид бүрэн авч чадаагүй байна. Иймд тэдэнд 11 дүгээр ангийн хичээлийн үндсэн агуулгыг нөхөн зааж байгаа. Мөн ЭЕШ-ын материалд 7-12 дугаар ангийн зохих мэдлэгийн тестүүд багтдаг. Тийм учраас “Соёл гэж юу вэ” гэдэг долдугаар ангийн мэдлэгээс “Соёлын дангааршил гэж юу вэ” гэдэг 12 дугаар ангийн сурагчийн суурь мэдлэг хүртэлх хичээлээр төгсөх ангийн сурагчдыг бэлтгэж байна. Нэг үгээр төгсөх ангийн сурагчдад хамгийн багадаа долдугаар ангийн хичээлийг сэргээн сануулж байна гэсэн үг. Дээрээс нь их, дээд сургуулиудын босго оноо хэд байх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв өнгөрсөн жилийнх шигээ босго оноотой байвал энэ жилийн сурагчид тэнцэж чадах уу, үгүй юү гэдэг асуудалтай. Төгсөх ангийн сурагчид сүүлийн хоёр жил цахимаар хичээллэж, олж авах ёстой мэдлэгээ бүрэн авч чадаагүй. Үүнээс болоод хүссэн сургуульдаа элсэж, хүссэн мэргэжлээ сонгон авч чадахгүй бол харамсалтай байх болно.

-Хичээлийн хоцрогдол ямар түвшинд байна вэ. Теле хичээл үр дүнтэй байж чадаж уу?

-Нэг ангид байгаа 15 хүүхдийн массыг ажиглаад үзвэл тэдний 60-аас дээш хувь нь тухайн хичээлийг заавал багшаараа тайлбарлуулж, танхимаар хичээллэж байж ойлгодог. Харин цахимаар хичээл үзээд юу ойлгох вэ гэхээр тухайн хүүхэд гэртээ дүү нараа харж, гэрийн ажлаа хийхийн завсраар хичээлээ үздэг учир дэвтэрт тэмдэглэн авч, толгойдоо суулгах нь маш бага. Мөн цахим болон танхимын хичээлийг хооронд харьцуулаад үзвэл хүүхдүүдийн бие даан суралцах чадвар муу байгаа нь анзаарагдаж байгаа юм. Нэгдүгээр ангид байхаасаа эхлэн танхимаар хичээллэн, багштайгаа хамтраад сурчихсан хүүхдүүд гэнэт цахимаар хичээллээд ирэхээр бие даан суралцах чадваргүй хүүхдүүд нь хоцорч байна. Дээрээс нь хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд малдаа явах уу, хичээлээ хийх үү гэх мэтээр төвлөрч чадахгүй. Сумын төвд хичээлээ бэлдэж буй хүүхэд байнгын зав чөлөөтэй байх уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр суурин газар амьдардаг хүүхдүүд сумын төвд байдаг сурагчдыг бодвол илүү боломжтой байгаа юм.

-ЭЕШ-ыг угтан жил бүр Боловсролын үнэлгээний төвөөс төгсөх ангийн сурагчдаас ийм хичээлийн агуулгаар ЭЕШ авна гэсэн жишиг тест өгдөг. Тэр тестийг багш нарт өгсөн үү.  Мөн сурагчдыг хэрхэн бэлтгэх талаарх заавар зөвлөмж гаргасан уу?

-Боловсролын үнэлгээний төвийн төгсөх ангийн сурагчийг хэрхэн бэлдэх талаарх зөвлөмж бий. Харин тэдээс тэд дүгээр ангийн хичээлийн агуулгаар ЭЕШ авна гэж гаргасан зүйл алга. Тийм учраас багш нар өмнөх жилүүдэд ЭЕШ-аар ирж байсан тестийн дагуу агуулгаа нөхье гэсэн байдлаар хичээллэж байна. Хэрэв агуулгаа нөхөж амжвал ЭЕШ буюу тестийн давтлага руу оръё гэж байгаа. Багш нарт “Энэ чиглэлээр ЭЕШ авна. Үүгээр бэлд” гээд сурагчдад өгөх, шалтгалтдаа бэлдэхэд нь туслах жишиг тест алга.

-Тэгэхээр өмнөх жилүүдэд ЭЕШ-аар ирж байсан тестийн дагуу давтлага өгч байна гэсэн үг үү?

-Одоо бол яг л тэгж байна. Дээр хэлсэнчлэн Боловсролын үнэлгээний газраас “Энэ агуулгаар шалгалтаа авна, үүнээс өөр агуулгаар шалгалт авахгүй” гэх мэтээр цаасан дээр буугаад, бид нарт ирсэн юм алга.

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төгсөх ангийн сурагчдын хоцрогдыг арилгах, ЭЕШ-ыг хэзээ, хэрхэн явуулах чиглэлээр тодорхой мэдээлэл өгсөн үү?

-Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал хэзээ намжихыг, багш сурагчид ЭЕШ-д хэрхэн бэлдэж байгааг мэдэхгүй учир мөн л тодорхой бодлого, шийдэл гаргасан юм алга. Дээрээс нь элсэлтийн ерөнхий шалгалт яг хэзээ болох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил долдугаар сарын 5,6-нд болж байсан. Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Тэгэхээр сонгуулиас өмнө ЭЕШ-аа авах уу, эсвэл дараа нь авах уу гэдэг мэдээлэл огт алга.

Нэг ангид байгаа 15 хүүхдийн массыг ажиглаад үзвэл тэдний 60-аас дээш хувь нь тухайн хичээлийг заавал багшаараа тайлбарлуулж, танхимаар хичээллэж байж ойлгодог

-Төгсөх ангийн сурагчид 11 дүгээр ангидаа авч чадаагүй мэдлэгээ энэ богинохон хугацаанд нөхөх боломж нь хэр байна вэ?

-Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос хамаарч маш богино хугацаанд хичээлийн хоцрогдлоо нөхнө гэдэг хэцүү. Нэг багш, хүүхдэд ачаалаалал их хэмжээгээр ирнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хамгийн багадаа 15 хүүхдийг ЭЕШ-д бэлддэг. Төгсөх ангийн сурагчдын дийлэнх нь нийгмийн ухаан, монгол хэл, математик зэрэг хичээлийг сонгож, бэлддэг. Тэгэхээр тэдгээр хүүхдэд нэг бүрчлэн хичээлийн агуулгыг нөхөх боломж багш нарт байхгүй. Харин хими, биологи зэрэг цөөн сурагч сонгодог хичээлүүдийг нэг бүрчлэн заах боломжтой.

-Танай сургуульд төгсөх ангийн хэчнээн сурагч байгаа вэ. Тэднийг хэчнээн багш ямар чиглэлээр бэлтгэж байна вэ?

-Манай сургуульд төгсөх ангийн 280 гаруй сурагч бий. Тэд маань 13 төрлийн хичээлээр ЭЕШ-д бэлдэж байна. Суурь буюу математик, монгол хэл, нийгмийн ухаан, англи хэл зэрэг хичээлээр бүх сурагчид бэлтгэж байгаа. Завсрын буюу хими, биологи, физик, ур чадвараар нэг багш 10-20 хүүхдэд давтлага өгч байна. Заавал эзэмших чадвар гэдэг утгаар үндсэн хичээлүүд орж байгаа бөгөөд үүний хажуугаар ЭЕШ-д бэлдэнэ гэдэг асуудалтай. Нэг хүүхэд өдөрт хамгийн багадаа 2-3 цагийг ЭЕШ-д бэлдэхэд зарцуулах ёстой. Гэтэл цар тахлын улмаас нэг сурагч өдөрт 3-4 цаг танхимын хичээлд суух журамтай болсон. Энэ нь үндсэн хичээл орох цаг бөгөөд элсэлтийн шалгалтандаа бэлдэх цаг хомс болж байна гэсэн үг. Үлдсэн цагуудад хүүхэд гэртээ буюу бие даан суралцах шаардлагатай болж байгаа юм. Энэ нь хүүхдүүдэд хүндрэл учруулж байж магадгүй.

-Нэг сурагч танхимаар зөвхөн ЭЕШ-даа бэлдэхэд өдөрт хэчнээн цагийг зарцуулж байна гэсэн үг вэ?

-Өмнө нь хэдэн хичээлээр бэлтгэж байгаагаасаа хамаараад өдөрт 4-5 цагийг зарцуулдаг байсан. Нэг сурагч хамгийн багадаа 3-4 хичээлээр конкурс өгдөг. Тийм учраас энэ хичээлийг бэлдэхийн тулд өдөрт 4-5 цаг суух шаардлагатай. Харин одоо цах тахалтай байгаа учраас 2-3 цаг л сургууль дээрээ бэлдэж байгаад гэр рүүгээ явж байна. Иймд хоцрогдлыг бүрэн нөхөх боломж багш нарт алга байна.

-Тэгэхээр сурагчид бие даан суралцах чадвараасаа хамааран гэртээ очоод ЭЕШ-даа бэлдэж чадаж байна уу. Даалгавраа хийж ирж байгааг нь харвал ямар байна вэ?

-17-18 насны хүүхдүүд шилжилтийн насан дээрээ байгаа учир гэртээ тогтвортой сууж, хичээл хийхээс илүүтэй найзуудтайгаа уулзаж, дэлгэцэнд анхаарал хандуулж байгаа. ЭЕШ-аа тогтвортой сууж, бэлдэж байгаа гэж хэлэхэд хэцүү. Тавдугаар сарын 1 хүртэл агуулгаа нөхөж, түүнээс хойш ЭЕШ-ын үндсэн давтлага буюу тестээ яаж нөхөх, ямар агуулгатай шалгалт орж ирэх вэ гэдэгт суралцана.

- Төгсөх ангийн сурагчид болон багш нарт ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Багш нарт тулгамдаж буй асуудал гэвэл Боловсролын үнэлгээний төв юмуу, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас элсэлтийн ерөнхий шалгалтыг тэдээс тэд дүгээр ангийн хичээлийн агуулгаар, танхим эсвэл цахимаар үзсэн мэдлэгээр авна гэсэн тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Харин сурагчдын хувьд нэгдүгээрт, онолын мэдлэгээ бүрэн эзэмшээгүй учир төөрөлдөх нь их байна. Хоёрдугаарт, ЭЕШ өглөө гэж үзвэл хэрхэн, яаж оролцох, шалгалтын агуулга нь ямар байх вэ гэдгийг мэдэхгүй байна.


Л.ТЭРБИШ: Сурагчдын олонх нь малаа хариулах уу, дүүгээ харах уу гээд теле хичээлээ үзэж чадахгүй байгаа нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-22 15:07:17
    Билгүүдэй: САйн Байна уу Тэрбагшын хэлдэш маш зөв
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188