• Өнөөдөр 2024-05-17

Б.БААТАРСҮРЭН: 430 гаруй малчин өрхийн 50 нь л малтайгаа үлдэж, бусад нь бүх малаа шуурганд алдсан

2021-03-17,   6097

Хүчтэй шуурганы улмаас хамгийн их хохирол амссан нь Дундговь аймаг байлаа. Тус аймгийн есөн иргэн малдаа яваад сураг тасарч, нас барсан байдалтай олдсон. Түүнчлэн гурван айл тутмын нэг нь малаа шуурганд алдаад байна. Тус аймгийн Дэлгэрцогт сумын III багийн Засаг дарга Б.Баатарсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх багт ажилласан бөгөөд 10 гаруй хүнийг олсон байна. Мөн багийн малчидтайгаа хамт малын эрэлд явжээ. Ингээд ярилцлагаа хүргэе. 

-Танай суманд хүчтэй шуурганы улмаас олон айлын мал уруудаж, малчид төөрч, сураг тасарсан. Одоогоор цаг агаарын нөхццөл байдал хэр байна вэ?

-Гуравдугаар сарын 14-ны шороон шуурга 12:40 цагийн орчимд тэнгэр улайх байдлаар эхэлж, 13:08 цагт тэнгэр битүү харанхуйлсан.  Ингээд шороогоор шуурч эхлээд хоёр цаг гаруйн дараа гэгээ орсон. Ойр тойрмын 100 метр орчим газрын юмс үзэгдэж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ 10 гаруйхан минут гэгээ орж буцаад л шуурсан. Түүнээс хойш намжихгүй байсаар байгаад өглөөг хүргэсэн. Бараг арав гаруй цаг шороогоор шуурсан байх. Би эрлийн багт ажилласан. Цасан шуурга яаж шуурдаг билээ, тэр хэмжээнд дүйцэхүйц шороо шуурсан. Тэр шуурганаар хүн явж чадахгүй байхад малд бол бүр хэцүү. Машинаас буугаад хоёр минутын дотор л нүд шороогоор "дүүрээд", сүүлдээ юм харахаа байсан. Ийм л байдалтай байлаа. Дэлгэрцогт сумын хэмжээнд 24 хүний дуудлага авч, таван эрлийн баг гарч ажилласан. Эрлийн үеэр нэг хүн нас барсан байдалтай олдсон. Хоёр хүн осгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Үлдсэн 22 хүнийг эсэн мэнд олсон байгаа.

Энэ жил манай сум 174 мянган толгой мал тоолуулсан. 430 гаруй малчин өрхтэй. Миний хариуцдаг, гуравдугаар багийн хэмжээнд 118 малчин өрх бий. Сумын нийт малчин өрхөөс барагцаагаар 50-60 орчим айл нь л малаа хашиж үлдсэн байна

-Шуурганы улмаас хэчнээн мал хорогдсон бэ?

-Үе үехэн 10-15 минутын хугацаанд 28-34, 34-40 м/с хүрсэн. Ер нь бол салхины хүч маш их байсан. Өөрт хэмждэг юм байхгүй болохоор салхины хурдыг 28 м/с байх гэж таамаглаж байсан. Аймгийн цаг уурын мэдээлэлд 24-40 м/с хүртэл ширүүснэ гэж мэдээлж байна лээ. Манай сумын  хэмжээнд нөхцөл байдал нэлээн хүнд байлаа. Энэ жил манай сум 174 мянган толгой мал тоолуулсан. 430 гаруй малчин өрхтэй. Сумын нийт малчин өрхөөс барагцаагаар 50-60 орчим айл нь л малаа хашиж үлдсэн байна. Бусад өрх нь бүх малаа шуурганд алдсан. Миний хариуцдаг, гуравдугаар багийн хэмжээнд 118 малчин өрх бий. Манай багийн малчдаас 24 өрх л малтайгаа үлдсэн. Одоохондоо нийт хорогдсон болон эргээд олдох мал нь хэд байгааг гаргах хэцүү байна. 

-Зарим малчид хэвтээ байгаа хонь, ямааг нүдэнд харагдахгүй болтол нь шороогоор шуурсан талаар ярьж байна лээ?

-Тийм. Малын хорооны арын өндөр нэг метр 30 см-ээс эхлээд урагшаа хоёр метр хүртэл өндөртэй байдаг. Ардаасаа намхан, урагшаа өндөр байдаг шүү дээ. Яг ийм хорооны ар тал өвөл, хавар шуурсан цас ямар байдаг билээ тийм л болсон. Ерөөсөө л шороо нь цасан шуурга шиг л байлаа. Ерөнхийдөө элсэнд дараатай үхсэн мал нэлээд их байна. Шуурганд уруудсан мал айлуудын хашаалсан торонд тулаад цааш явах ямар ч нөхцөлгүй болонгуут араас нь шуурсан элсэнд дарагдсан байна лээ. 

-Та багийнхаа малчидтай уулзав уу. Ямар санал хүсэлт тавьж байна вэ?

-Багийнхаа малчидтай уулзсан. “Энэ айхтар шуурганаас эсэн мэнд үлдээ. Малынхаа хойноос тунчиг явж чадсангүй дээ. Тэнгэр газар нийлсэн ийм л зүйл боллоо” гэж амьд гарсандаа л баярлацгааж байна. Зарим нь хорооныхоо хаалгыг хааж амжаагүй байхад нь шороо шуураад, өнөөх мал нь бүгд гараад алга болсон.

Нэг хот айлд ирэхэд 10 гаруй өрхийн мал нийлэлдсэн байна

Шуурганд уруудсан малын нэг тал нь их сонин юм. Уг нь мал салхины уруу чигээрээ явдаг. Нэг айл шуурганд малаа алдлаа гэхэд хааш хаашаа 20 км-ын зайд мал нь байгаа юм. Тухайлбал, Дэлгэрийн энгэрийн Тоонот гэдэг газраас малаа алдсан хүн баруун, зүүн талын энгэр, малын хумиан дотроос малаа олсон. Тэгэхээр малын нүд нь битүүрээд сонсох эрхтэнээрээ бие биенийхээ чимээгээр нэг дор бөөгнөрсөн гэсэн үг. Уг нь манай энд салхи эхлээд баруунаас, дараа нь баруун хойноос, сүүлдээ хойноос шуурсан. Тэгэхээр шуурганд уруудсан мал урагш чиглэлтэй явах байсан. Гэтэл баруун, зүүн гээд шуурганы уруу биш хөндлөн чиглэлтэй явсан байгаа юм. Энэ нь малын эрлийг хүндрүүлэх нөхцөл үүсгэж байна. Манай дүүгийн мал мөн шуурганд уруудаад, 300 толгой малаас 50-ийг нь олсон. Хотноосоо 60-аад километрийн зайд уруудсан байна.

-Шуурганд уруудаж, хорогдсон мал ямар байдалтай олдсон бэ?

-Хоёр нүд битүү элс, шороогоор дүүрсэн байна лээ. Элс шороонд дарагдсан малыг татаж авахаар үс, арьс нь хөрстэйгөө хууларч байна. Шүдлэн ишиг юмуу, жижиг малуудын бөгс нь хунгарлагдсан элсэнд дарагдсан. Дөрвөн хөлөөс нь өргөж байгаад сэгсрэхээр хоёр килограмм сахар шиг их сонин элс гарч байна лээ.

-Таны хувьд эрлийн багт ажилласан шүү дээ. Тэр хүчтэй шуурганд яаж, ямар зохион байгуулалтаар эрэл хийсэн бэ?

-Гуравдугаар сарын 14-ны оройноос эхлээд шуурхай хуралдаж, 20:00 цагт дуудлагын дагуу хүн, малын эрэлд явсан. Хамгийн багадаа 1-2, ихдээ 4-5 хүнтэйгээр шөнийн цагаар 13 машинтай эрэлд гарсан. Тэр үед гадаа -11 хэмийн хүйтэн байсан. 20 алхамын зайтайгаар машинаа эгнүүлж байгаад самнах байдлаар эрэн хайсан. Гэтэл хайсан хүн маань хажуугаар өнгөрсөн байна лээ. Учир нь тэр айхтар шуурганаар машин болоод гар чийдэнгийн гэрлийн үзүүрт юмс харагдахгүй байсан юм билээ. Явган очиж харахгүй л бол олохгүй.Тиймээс зохион байгуулалтаа илүү нарийсгаж, 4-5 удаа шөнийн эрэлд гарч, хааш хаашаа гурван километрийн зайд явцгаасан. Ихэнхдээ л малчид өөрсдийнхөө малын араас яваад шуурганд төөрсөн дуудлага ирж байлаа. Саахалт айлын таван хүн хүртэл шуурганд уруудаад олдсон.

-Мэдээлэл өгсөнд танд баярлалаа. 

-Баярлалаа. 


Б.БААТАРСҮРЭН: 430 гаруй малчин өрхийн 50 нь л малтайгаа үлдэж, бусад нь бүх малаа шуурганд алдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 16:35:05
    boldoo: шуурга болно гээд зарлаад байхад,манайхан даанч хэнэггүй байна даа, тэгж л байдаг юм гээд,үр дүн нь ийм байна, хариуцлага алгадаа,гар утасаа ухаад дэмий юм үзээд сууж байсан даа,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-19 15:55:19
    Зочин: Радио телевизээр ийм шуурга болно гэж анхааруулсаар байтал малчид болон засаг захиргаанаас ямарч арга хэмжээ аваагүй нь харамсалтай. Анхаарсан малчид малаа хашаад алдаагүй л байх юм. Ер нь хариуцлага гээч юм хаана хаанаа үгүй болсны гай гэх үү дээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188