• Өнөөдөр 2024-05-06

Д.БАДАМЦЭЦЭГ: Би “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч биш, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн

2021-03-16,   1216

-Малчин эрэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байна-

“Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал асан Д.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Таныг “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Та энэ талаар тайлбарлахгүй юу. Чухам юу болсон юм бэ?

-Би “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч биш юм аа. Эндүүрэл гараад хэд хоног л цахим сүлжээгээр элдвээрээ хэлүүллээ. Би “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-г үүсгэн байгууласан хүмүүсийн нэг. Мөн тус холбооныхоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад таван жилийн өмнө ажлаа өгчихсөн. Одоо холбооны зөвлөхөөр л ажиллаж байна. Миний хэрэг гарсан, тусламж хэрэгтэй үед нь чадхаараа л зөвлөөд явна даа. Миний зургийг гаргаж тавьсан телевизийн сэтгүүлч л алдаа гаргасан юм шиг байна лээ.

-Та улсдаа ганцхан байдаг холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний хувьд эрэгтэйчүүдийн эрх хэр зөрчигдөж байна гэж харж байна вэ?

-Эрэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Хаана эрх нь зөрчигдөж байна вэ гэвэл, хэлмэгдүүлэлт, эрүүдэн шүүлт их байна. Мөн цэрэг, армид эрэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа хэд хэдэн тохиолдол сүүлийн үед ажиглагдлаа. Өөр нэг асуудал нь, хөвгүүд сургууль завсарлах нь элбэг тохиолддог. Их, дээд сургуульд бүр ч илүү. Эрчүүдийн боловсрол хаягдаж байна гэж ойлгож болно. Энэ нь, цаашлаад эдийн засгийн амьдралд нөлөөлж эдийн засгийн наад захын мэдлэггүй, гэр бүлээ аваад явах чадваргүй эрчүүд олширно гэсэн үг шүү дээ. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй, эрчүүдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн эмч, эмнэлгийн тоо хуруу дарам. Байсан ч тэдгээр нь голдуу бөөрний эмч нар байдаг байлаа. Харин сүүлийн үед нэмэгдэж, одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн 7-8 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн үүнээс гадна нүүрс тээврийн жолооч, малчин эрэгтэйчүүдийн эрх зөрчигдөхийн дээдээр зөрчигдөж байна. Хэдэн арван хоног гэр бүлээсээ хол, хоол ундгүй нөхцөл байдалд ажиллаж байна шүү дээ. Мөн зургаан настай хүүхдээ сургуульд оруулахаар эхнэр нь сумын төв бараадаж байгаа олон малчин гэр бүл бий. Ингэснээр ар гэртээ үлдэж байгаа эрэгтэй ганцаараа олон цаг ажиллаж, ганцаардаж, сэтгэл санааны хямралд өртдөг. Үүнээсээ болоод архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, амь эрсдэх тохиолдол бий. Монгол эр хүнийг хөгжүүлэхгүй юм бол Монгол Улс цаашид тусгаар тогтоноход эгзэгтэй. Монгол Улсын эрэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийг хөгжүүлэх нь төрийн эрх мэдэлд байгаа.

-Холбоо хэзээ байгуулагдсан юм бэ. Цаашид эрчүүдийн төлөө ямар ажил хийгээсэй гэж та бодож байна?

-Манай холбоо 2003 оны гуравдугаар сард байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлагдаж байсан юм. 2008 онд шийдвэр гаргах түвшний эрчүүд буюу УИХ, Засгийн газар, аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг оролцуулсан “Эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган”- ыг хийж байлаа. Энэ чуулганаас жендерийн тэгш эрхийн тухай хуулийг батлах, эрчүүдийн эрүүл мэндийн судалгааг хийх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэсэн зөвлөмжүүд гаргасан. “Монгол эрэгтэйчүүдийн холбоо”-ны алсын гол бодлого нь эрэгтэйчүүдийн хөгжилд зориулсан цогц бодлого хэрэгтэй.

 


Д.БАДАМЦЭЦЭГ: Би “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч биш, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188