• Өнөөдөр 2024-04-20

Б.ТӨРМӨНХ: Хүүхдийн номыг гоёчлохоос илүү үнэн бүтээх ёстой

2021-03-01,   774

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас “Том асуулт” хүүхдийн зурагт номын үзэсгэлэнг дэлгээд байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 1-21 хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ үеэр хүүхэд болон хүүхдэд зориулсан номын талаарх яриа хэлэлцүүлэг өрнүүлж, ном бүтээх сонирхолтой хүмүүст зориулсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Том асуулт” хүүхдийн зурагт номын үзэсгэлэнгээ дэлгээд буй хүүхдийн номын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа.
 
-Хүүхдүүдэд зориулан бүтээсэн уран бүтээлээ үзэсгэлэн болгон дэлгэж байгаа нь анхаарал татлаа. Зурагт номоор үзэсгэлэн гаргах санаагаа хэрхэн гаргасан бэ?
 
-Би хүүхдийн зурагт ном гаргаад арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд олон зурагт ном бүтээсэн. Хүүхэд, эцэг, эхчүүдэд зориулсан энэ үзэсгэлэнд 30 гаруй бүтээлээ дэлгэлээ. Хөл хорионы үеэр монголчууд хүүхдэдээ хэрхэн ханддаг вэ гэдгийг бодох хугацаа гарсан. Эндээс үзэсгэлэн нээж болох юм гэдэг санаа төрсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, би хүүхдийн талаар ямар ойлголттой байдаг, миний бүтээлүүд хүүхдүүдэд хэрхэн хүрсэн бэ гэдгийг тунгааж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн гэсэн үг.
Үзэсгэлэнд номын зургуудыг танилцуулахаас гадна хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас явуулж буй хүүхдэд зориулсан энэ үйл ажиллагаа гурван үе шаттай. Эхний долоо хоногт миний зурсан зурагт номын үзэсгэлэнг толилуулах бол, дараагийн өдрүүдэд Жангар редакцын зураач Гантулга, Базаррагчаа нарын зургууд дэлгэгдэнэ. Түүнчлэн зочин оролцогчид хүүхэд тойрсон асуудлаар ярилцах, хүүхдийн ном бүтээх, зурах сонирхолтой хүмүүст нээлттэй уулзалт, сургалт явуулах юм.
 
-30 гаруй бүтээл дэлгэсэн гэлээ. Үзэсгэлэнд танилцуулж байгаа бүтээлийн онцлогоос дурдвал?
 
-Монголд хүүхдийн зохиол байна уу гэж асуугаад үзээрэй. Хамгийн нээлттэй тодорхой байгаа нь монгол ардын аман зохиол. Үүнээсээ монгол ардын үлгэр, нууц товчоог нэрлэж болох юм. Хэдий түүхэн уламжлалт зохиолууд хэдий ч өв соёлоо хадгалах нэрээр тоосонд дарагдаад авдрын ёроолд үлдэх вий гэх болгоомжлол байдаг. Хайрлан хамгаална гэдэг нь авдартаа дараад үлдэх асуудал биш. Тиймээс энэ өв соёлоо ил гаргаж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан шинээр боловсруулах шаардлагатай байна. Ингэж байж жинхэнэ хүрэх ёстой эзэндээ хүрч, уламжлагдах юм.
 
Иймд Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц “Монгол үлгэр зурагт ном” төслийг эхлүүлж, монгол ардын үлгэрүүдийг шинэчилсэн найруулгаар гаргаж эхлээд байна. МУИС, СУИС, МУБИС-ийн залуу эрдэмтэн, судлаачтай хамтран эхлүүлсэн төслийн хүрээнд есөн ном гарсан. Мөн “Эртний уран зохиол” төслийг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд Гэсэр, Жангар, Монголын нууц товчоо зэрэг аман зохиолыг хүүхдэд зориулан бүтээгээд байна. Зурагт номын тухайд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж, өнгө будаг, дүр, дүрслэлийг нь бүтээсэн.
 
-Хүүхэд танин мэдэхүйн анхны боловсролоо үлгэрээс авдаг. Та хүүхдэд танин мэдэхүйн эхний боловсрол олгож байгаа хүний хувьд юунд анхаарахыг зорьж байна. Тулгамдаж байгаа, шийдвэрлэх асуудал байна уу?
 
-Би мэргэжлийн судлаач биш, уран бүтээлч хүн. Гэхдээ хүүхдэд танин мэдэхүйн мэдээлэл олгохын тулд тэднийг судлах нь гарцаагүй. Хүүхдэдээ хандаж байгаа хандлагыг харахад хүмүүс маш хайхрамжгүй байгаа нь ажиглагдаж байна. “Майлсаар мал, уйлсаар хүн болдог” гэдэг зүйр үгээр олон асуултын хариуг өгч байгаа юм шиг. Мөн хүүхдэд өөрт нь сонголт хийх боломж олгох хэрэгтэй. Ихэвчлэн эцэг, эхчүүд өөрийнхөө шийдвэрээр ирээдүйг нь төлөвлөх явдал ажиглагддаг. Тэгэхээр сүүлийн үед би хүүхдийн сэтгэлийн боловсролд нь илүүтэй анхаарах хэрэгтэй гэж үзэж, уран бүтээлээ бүтээж байна.
 
Хүүхэд бие дааж зурагт ном үзэх, түүнээсээ танин мэдэхүйн боловсрол авч гэмээ нь хувь хүн болох төлөвшил сууна. Тэгэхээр үнэт зүйл, ёс суртахууны суурь ойлголт нь зурагт номоос эхлэлтэй. Энэ зарчмыг баримталж, уран бүтээлдээ тусгахыг хичээсэн. Өнгөрсөн хугацаанд алдаа оноотой асуудал олон байсан. Одоо би хүүхдийн номыг гоёчлохоос илүү үнэн бүтээх ёстой гэж боддог болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдэд зориулсан номыг хөөрхөн гэдгээр бус, үнэн бүтээх ёстой юм байна.
 
 
 

Б.ТӨРМӨНХ: Хүүхдийн номыг гоёчлохоос илүү үнэн бүтээх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188