• Өнөөдөр 2024-04-20

Дуучин Д.ДЭМБЭРЭЛНЯМБУУ: “Хархан нүдэн” шиг дахиад хоёр, гуравхан сайн дуу хийх юм сан гэж боддог

2021-02-25,   1175

  - “Хархан нүдэн” дуу анхнаасаа л давгүй сонсогчтой байсан-

       Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэрбээр дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байв. Үүний дараа дуучин Д.Дэмбэрэлнямбуу болон түүний анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолтыг мэдэхгүй хүн ховор болсон. Түүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байсан дуучин Д.Дэмбэрэлнямбууг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нам гүмхэн байлаа. Хөл хорионы үеэр юу хийж байв. Уран бүтээл их төрөв үү?

-Хөл хорионы үеэр онцын хийсэн зүйлгүй өнгөрөөлөө. Гэртээ хүүхэдтэйгээ тоглож, хааяа зурагт үзэж, гар утсанд ихэнх цаг хугацаагаа барлаа даа.

-Таны анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн ачаа тээврийн жолооч Д-ээс халдвар илэрсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Тэр тоглолтоос хойш таныг олон хүн мэддэг болж, дууг чинь  сонсох хүн олширсон гэх юм билээ. Та харин энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь тэгээд нийтээрээ л мэддэг болох шив дээ. Ютүб суваг дээр “Хархан нүдэн” дууны хандалт тухайн үеийн асуудлаас хойш гэнэт суга өсөж, үзэлт нь ихэслээ гэж их ярьж байна. Уг нь тэр дуу анхнаасаа л гурван сая үзэлттэй байсан. Харин шуугианы дараа 100 мянга орчмоор л нэмэгдсэн юм билээ. Хүмүүс л цахим сүлжээгээр коронавирус “Хархан нүдэн” дууг од болгочихсон юм шиг ярьж байгаагаас биш, тэр дуу анхнаасаа л давгүй үзэлттэй байсан шүү дээ.

-Тухайн үед таныг гэр бүлийнхэнтэй тань тусгаарлаж, шинжилгээ авч байсан. Тэр үед юу бодогдож байв?

-Гэр бүлээрээ 14 хоног тусгаарлагдаад гарсан. Тэр үед “Хархан нүдэн” тоглолт үзсэн хүмүүс болон гэр бүлийнхнээс маань халдвар битгий илрээсэй” л гэж хүсэж байлаа. Ямартай ч хэнээс нь ч илрээгүй, тусгаарлагдах хоногоо дуусгаад гарсанд баяртай байгаа.

-“Хархан нүдэн” тоглолтын үеэр болсон нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэгдлийг ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Надад тэр болгоныг хүндээр хүлээж авах шалтгаан байхгүй. Тухайн нөхцөл байдал бол хэзээ нэгэн цагт болох л байсан шүү дээ. Жолооч Д миний тоглолтыг үзээгүй юмаа гэхэд өөр хэн нэгний тоглолтод очиж болох л байсан гэж боддог. Харин миний тоглолтод л ирж таарсан нь сонин тохиолдол боллоо. Азаар тоглолтоор дамжуулж вирусийн халдвар өргөн цар хүрээтэй тархаагүй нь талархууштай. Тэр үед хүмүүс намайг янз бүрээр хэлж байлаа шүү дээ. Гэхдээ надад тэр болгонд эмзэглээд байх юм байсангүй ээ.

-Д.Дэмбэрэлнямбуу уран бүтээлээрээ дамжуулж, сонсогчдодоо юу хүргэхийг хүсдэг вэ?

-Уран бүтээлийн хувьд маш олон дуу гаргаж, бөмбөгдөөд байхыг хүсдэггүй. Харин “Хархан нүдэн” шиг дахиад хоёр, гуравхан сайн дуу хийх юм сан гэж боддог. Одоо энэ дууг хаана ч очсон хүмүүс дагаад дуулдаг болсон байна лээ. Хүмүүс миний дууг мэддэг болж, миний дууг сонсож уярч байгааг нь бодохоор их сайхан ч юм шиг санагдаж байгаа.

-“Хархан нүдэн” дуугаа гэргийдээ зориулж дуулдаг юм болов уу. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юү?

-Манай гэр бүлийн хүн Завхан аймгийн Тэс сумын харьяат хүн бий. Бид хоёр саяхнаас гэр бүл болоод охиноо өлгийдөж авсан. Харин коронавирус, хөл хорио гэсээр хурим найраа ч хийж чадаагүй л явна даа.

-Анхны бие даасан тоглолт, хурим гээд л таны амьдралд цар тахлын цаг үе саад болж байгаа юм шиг санагдаж байв уу?

-Зөвхөн миний ч гэлтгүй дэлхийн бүх л хүний амьдралд саад болж байна шүү дээ.

Багадаа МУГЖ С.Жавхлан шиг болохыг л хүсдэг байсан

-Цаашид ямар уран бүтээл төлөвлөж байна вэ?

-Одоо ямарваа нэгэн уран бүтээлд хараахан шамдаж ороогүй л байна. Сүүлийн үед цахим сүлжээний Ютүб сувгийг их сонирхох болсон. Ютүб сувгаараа дамжуулж хандалт, үзэлтээрээ сар бүр мөнгө авдаг юм байна. Анх нэг танил ахаасаа 10 мянган дагагчтай хаяг авч, одоо 40 мянган дагагчтай болгоод л явж байна. Үүнийгээ цаашид сайн хөгжүүлэх бодолтой байгаа. Харин жилдээ ганц, хоёрхон чанартай уран бүтээл гаргаж, түүнийхээ зэрэгцээ хүүхдэд зориулсан контент хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Хүүхдийн контент бэлдэхээр ямар ажил төлөвлөж, хэнтэй хамтарч ажиллахаар болсон бэ?

-Одоо төлөвлөгөөний ажил яг таг бүрэн болоогүй ч “AD” студийн хамт олонтой санал, бодлоо солилцож, хүүхдэд зориулсан контентынхоо талаар ярилцаж байгаа.

-Дуу бүтээхээс гадна хүүхдийн контент хийх, ютүб сувгаа хөгжүүлэх гээд олон зүйл төлөвлөж байгаа юм байна. Алинд нь бусдаасаа илүү их сонирхолтой байна вэ?

-Би багаасаа л хөдөө өссөн. Ер нь манайх хөдөөний айл. Аль болох цаг үргэлж л хотоос гарч, хөдөө гадаа очихыг боддог нэгэн. Гэхдээ хөдөө гэхээсээ илүүтэй орчин үетэй хөл нийлүүлэхийг ч мөн боддог шүү. Сүүлийн үед дэлгэрээд буй влог гэх юмыг ч хийж үзье гэж бодож байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ. Багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Ер нь аль багаасаа тайзан дээр л гарах хүсэлтэй байсан юм болов уу даа. Багадаа малынхаа бэлчээрт дуу дуулж, МУГЖ С.Жавхлан ах шиг болохыг л хүсдэг байлаа. Ямартай ч зах зухаас нь атгаж, мөрөөдөлдөө хүрэхээр л явж байна. Цаашид Монголын малчдын ахуй, аж амьдралыг дэлхийд харуулахыг хүсэж байгаа. Гаднынхан түүнийг нь хараад монгол ахуйг мэдэрч, орчин үеийн малчид ямар болж, хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх хэрэгтэй. Одоо цагт малчид яаж л бол яаж амьдрах нөхцөлөө сайжруулж, өндөр түвшинд хүрсэн шүү дээ. Айл болгон мотоциклтэй, худгаас ус татаж гаргадаг зүйл ч үгүй болж, мотороор ус татдаг боллоо. Гэтэл өнөөгийн залуус хот, хөдөө гэлтгүй бүгд л малаас зугтаадаг болж байна шүү дээ. Тэр залууст зориулж, мал, хөдөөнөөс бүү зугтаа, малынхаа бэлчээрт ч хотод байгаа юм шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна. Энэ ажлаа энэ хавраас эхэлж, ирэх намарт багтааж дуусгана. Даацтайхан юм хийвэл малчдад ч гэсэн үзэх юмтай, сайхан байх байлгүй дээ гэж бодож сууна.

-Айл болгон мотоциклтэй болж, худгаас ус татаж гаргах нь ч больсон гэж ярьлаа шүү дээ. Ер нь өөрчлөлт нь монгол соёлыг алдагдуулж, үгүйрүүлж байгаа юм шиг санагддаггүй гэж үү?

-Тэр нь ч тийм л байх л даа. Гэхдээ энэ нь нэг талаараа маш том хөгжил. Хүн төрөлхтөн аль болох хөгжиж, дэвжиж, амар тайван, сайхан амьдрахаар л зорьдог шүү дээ. Гэхдээ бүр ч монгол соёлоо алдаагүй шүү.

-Та хот, хөдөөнийх гэлтгүй бүхий л залуус малаас зугтаж байна гэсэн дээ. Таны хувьд хэр их зугтаж байв. Хөл хорионы үед гар утас, зурагт их ашиглах болсон талаараа дурдсан шүү дээ. Монгол соёлоосоо холдож байгаа юм биш биз?

-Одоо бодоод байх нь ээ, би хөдөөний амьдралаас их зугтааж байжээ. Хүн ер нь байнга хийдэг ажлаасаа зугтаадаг юм байна. Сурагч байхдаа “Хичээлтэй байна, завгүй, найзуудтайгаа тоглоно” гээд л их л зугтааж байсан даа. Харин одоо эргээд тэр амьдрал, ахуйгаа санах шахуу л юм болж байна. Хотод хэдхэн хонохоор л бие тавгүйрхээд хэцүүхэн л юм болдог.

-Сонсогчид, монгол түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?

-Хөл хорио цуцлагдаад, одоо л сар шинийн баяр эхэлж байх шиг байна даа (инээв).  Ямартай ч монгол зон олондоо сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, коронавирус гээч зүйл алга болсны дараа эрүүл энх, сайн сайхан уулзахын ерөөл тавья.


Дуучин Д.ДЭМБЭРЭЛНЯМБУУ: “Хархан нүдэн” шиг дахиад хоёр, гуравхан сайн дуу хийх юм сан гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188