• Өнөөдөр 2026-03-02

Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА

2026-03-02,   36

Италиас Монгол Улс хүртэл дугуйгаар аялахаар шийдсэн хосууд өөрсдийн аяллынхаа талаарх дүрс бичлэгээ олон нийттэй хуваалцаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний аяллаас бид дугуйн аяллын сайхан, нутгийн хүмүүсийн зочломтгой зан, байгалийн сайхныг харж, зарим хүн аялал хийх урам зориг авч байгаа билээ. Ингээд бид зоригтой бөгөөд хэзээ ч мартагдашгүй аялалд гарсан Г.Баасансүрэн, найз залуу Димаси Фэдэрико нартай холбогдож ярилцлаа.

Инстаграм: Fedenbaaska

Youtube: FedenBaaska

-Сайн явж байна уу, та манай уншигчдад өөрийгөө болон нөхрөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                 -Сайн явж байгаа, урьсанд баярлалаа. Намайг Г.Баасансүрэн гэдэг. Монголд төрж өссөн. Манай нөхрийг Димаси Фэдэрико гэдэг, Итали Улсын иргэн. Одоогоор бид Италиас Монгол Улс хүртэлх дугуйн аяллаа эхлүүлээд явж байна.

-Аялал нь хэдэн хувьтай үргэлжилж байна. Яагаад Италиас Монгол Улс руу дугуйтай аялал хийхээр шийдсэн юм бэ?

                   -Одоогоор аялал маань 10 хувьтай үргэлжилж байна. Би багаасаа дэлхийгээр аялах мөрөөдөлтэй байсан. Гэхдээ үүргэвчтэй аялахаас өөрөөр хямд боломжийн зардлаар олон улсаар аялах талаар сайн мэддэггүй байсан юм билээ. Тэгээд Фэдэгийн ганцаараа явж байсан дугуйн аяллын үеэр танилцаад олон хүмүүс ингэж аялдгийг мэдсэн. Миний хувьд машин замаар дугуй унахаас их айдаг болохоор тоглоомоор  Фэдэд “Чи залаад би ард нь суугаад аялбал болж байна” гэсэн чинь үнэхээр тийм дугуй байдаг болж таарсан. Тэгээд анх тандем дугуйгаар аялах санаа төрөөд, эхлээд бид Малайз, Тайландаар 3000 км дугуйтай аялаад сайхан санагдсан учраас энэхүү эрт аялалдаа гарахаар шийдсэн дээ.

          Италиас Монгол руу, гэрээсээ гэр хүртэл маршрутаар гэхдээ замаараа аль болох олон улсаар дайран өнгөрөх, илүү их зүйлс танин мэдэх зорилготой байгаа. Европоос Зүүн өмнөд ази орох энэ маршрут нь дугуйтай аялагчдын сонгодог маршрутаас гадна визний нөхцөл, аяллын зардал арай хямд, хялбар учраас анхны урт аялал хийхэд тохиромжтой гэж сонгосон. Мөн аяллынхаа явцад гэр хорооллын айлуудад дулаалга суурилуулах хандивын аян өрнүүлж, утааг багасгахад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах бас нэгэн зорилготой аяллаа үргэлжлүүлж байна.

-Та хоёр ер нь хэр их аялдаг хүмүүс вэ өмнө нь ингэж урт хугацааны аялалд дугуйтай гарч байв уу?

               -Миний хувьд өмнө нь дандаа ажлынхаа шугамаар явангаа давхар аялдаг байсан. Хамгийн уртдаа гурван долоо хоног орчим гэхдээ онгоцоор, чемоданаа чирээд л явдаг байсан даа. Харин манай хүний хувьд дугуйгаар болон машинаар олон удаа аялж байсан. Хамгийн урт нь Сингапураас ганцаараа дугуйгаар Итали орох байсан боловч, арван сар дугуйгаар аялж, Киргизстан хүрээд аяллаа дундаас нь зогсоогоод Монголд амьдрахаар ирсэн юм билээ. Тэгэхээр энэ аяллаараа Итали хүрч чадаагүй тэр үлдсэн замаа нөгөө талаас нь дуусгах давхар зорилготой. Өмнө эхлүүлсэн аяллаа гүйцээх гэх юм уу.

-Энэ аяллыг хэр удаан хугацаанд төлөвлөсөн бэ. Зам гарахаасаа өмнө бэлдэх зүйл олон байсан байх. Тэр дундаа сэтгэл зүйгээ сайн бэлдэх шаардлагатай болсон байх?

                 -Аяллаа ойролцоогоор жил хагас үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Шулуун замаар биш өөрсдийн хүссэн газраа үзээд, хүссэнээрээ зогсож тайван явах төлөвлөгөөтэй. Эхлэхээсээ өмнө мэдээж хэрэгцээтэй зүйлсээ бэлдсэн. Унтах, идэх, илүү тухтай аялахад хэрэг болох зүйлс гэх мэт. Сэтгэлзүйн хувьд өмнөх Зүүн өмнөд азийн аяллаас ерөнхийдөө ямар байхыг гадарласан болохоор тийм ч их хэцүү санагдаагүй. Гэхдээ явах ерөнхий маршрутаа гаргаад, эхний очих улсынхаа талаар бага зэрэг зүйлс үзэж, дасгасан. Ихэнхдээ бодит байдал бодсоноос хамаагүй аюулгүй, айх зүйлс бага учраас аль болох сайхан догдлуулсан зүйлсийг нь харахыг боддог. Нэлээд хэдэн сар төлөвлөөд бодоод ирэхээр аяндаа тархи хийх зүйлстээ бэлтгэгддэг гэх үү дээ. Яг тулаад ирэхэд догдлох нь илүү байдаг.

-Монгол хүрэх дугуйтай аяллаас олж авах хамгийн нандин зүйл нь юу байх бол?

                 -Бидний хувьд энэ аялал бусад улсыг үзэж, танин мэдэхээс гадна өөрсдийнхөө дотогшоо өнгийх, юу хүсэж, зорьж байгаагаа дахин нэг эргэцүүлэх бас байгальд цагийг өнгөрүүлж сайхан бүхнийг мэдрэх үнэтэй цаг хугацаа гэж харж байгаа. Орчин үеийн хотын амьдралын хэв маяг хэт хурдтай, байнга завгүй байдаг болохоор заримдаа энгийн нандин зүйлсийг анхаарахгүй, тоохгүй өнгөрөөх, эсвэл сошиал ертөнцөд цагаа үрэх нь их. Харин аяллын энэ хугацаанд дугуйгаа жийнгээ эргэн тойрноо илүү анхаарч, танихаас гадна, өөрлүүгээ өнгийх, бодох цаг гаргах боломжтой. Яарсан, уралдсан хэвшлээс жаахан холдож, илүү тайвнаар юмсыг харж, нэгийгээ сонсож, өөрийгөө сонсоход туслах чухал үе гэж бодож байна. Тэгэхээр энэ аяллын дараа илүү их туршлагатай, илүү өөрсдийгөө ойлгож хайрлах болов уу.

-Одоогоор төлөвлөөгүй хүндрэлтэй зүйл гарч байна уу. Уул, шороон зам гээд аяллын тань хамгийн хэцүү зүйл нь юу байна?

               -Одоогоор хэцүү зүйл гэвэл Балканы залуухан уулсын эгц өгсүүр замаар явах л байна. Бусдаар нохой, хүйтэн гээд зүйлсийг анхнаасаа мэдэж байсан учраас тухай бүрд нь зохицуулаад явж байна. Тандем дугуй нь хоёрхон дугуйн дээр хоёр хүний ачаа, бүх зүйлсийг багтааж байгаа учраас хүнд. Тэгэхээр эгц өгсүүр зам л жаахан хүндрэлтэй.

-Гэр бүлийнхээ хүний талаар ярихгүй анх хэрхэн танилцаж байв. Ямар зан чанарт нь хамгийн их татагдсан бэ?

                 -Манай хүн арван сар явсан дугуйн аяллынхаа үед Улаанбаатарт ирээд аяллынх нь хамгийн хойд цэг гээд дээрээс нь найман өдөр говийн салхи сөрж ирж, ядраад амарч байх үед нь таарч танилцсан. Анх жазз клубт уулзаад, аяллынх нь тухай сонсоод “Хөөх ийм аялал хийдэг хүмүүс байдаг юм байжээ” гэж гайхаж байсан. Харахад их зөөлөн дулаахан бас их соёлтой, эелдэг дээрээс нь ярилцахад үзэл бодол, яриа нийлж байгаа нь таалагдсан. Ярих тусам сонирхдог, хийх дуртай зүйлс болон хийхийг хүсдэг зүйлс ижилхэн байсанд нь их татагдсан даа.

-Сүүлийн жилүүдэд унадаг дугуйны соёл илүү дэлгэрэх болсон. Тэгвэл унадаг дугуйны үр ашиг, сайн тал нь юу байдаг юм бэ?

             -Хотод бол дасгал хөдөлгөөн болно, түгжрэлээс ангид, стресс бууруулахад хэрэгтэй болов уу. Байнгын жийгээд, тодорхой хэмжээний аз жаргалын гормон ялгаруулж байгаа болохоор дугуйтай явахад стресс, бухимдал хүссэн хүсээгүй алга болчихдог. Заримдаа машин, замаас болоод стресстэх үе гардаг ч нэг л мэдэхэд стресс алга болчихдог. Тэгэхээр дугуйн дээр стрессдэж, бухимдах бараг боломжгүй. Харин аяллын тухайд бол дугуйтай тухайн газрынхаа бүх зүйлийг мэдэрч аялна. Хүмүүс, цаг агаар, шашин, амьдралын хэв маяг гээд яг хажуугаар нь өнгөрч байгаа учраас илүү ойроос байгаагаар нь танин мэднэ. Мөн ихэнх аялалтай харьцуулахад харьцангуй хямд зардалтай.

-Аяллынх нь үеэр таныг гайхшируулж баярлуулсан сайн үйл явдал тохиолдсон уу?

                 -Хүмүүсийн сайхан сэтгэл, зочломтгой байдал юм байна. Өдөр бүр л бидний аяллыг гайхсан заримдаа маш гоё урмын үг хэлэх хүмүүстэй таардаг. Одоогоор бид Албани Улсаар хоёр сар орчим яваад эндхийн хүмүүсийн маш зочломтгой, сайхан сэтгэлтэйг мэдэрлээ. Өмнө нь бол энэ улсын тухай нэрнээс нь өөр зүйл мэддэггүй байсан бол энд гудамд явж байхад гэртээ уриад кофе, цайгаар дайлж, өөрсдийн тарьдаг жимс, самраасаа өгч нэг нэгийгээ хайрлах хэрэгтэй гэж хэлж буй эгчийг хараад сайн хүмүүс хаа сайгүй байдгийг дахин сануулж байх шиг. Бас энэ олон хүнээс авсан сайхан сэтгэл, хайрыг буцаагаад илүү олон хүнд өгмөөр санагддаг юм байна.

-Гэр бүлийнхэн нь урт холын аялалд санаа зовж байгаа байхдаа. Гэрийнхэн нь анх аяллын талаар сонсоод юу гэсэн бэ ?

             -Хамгийн анх бол утааг багасгахад хувь нэмэр оруулангаа дугуйгаар аялна гэдгийг сонсоод их нааштай хүлээж авсан. Аялахаас гадна утга учиртай зүйл хийж байгаа учраас их дэмжсэн. Мэдээж санаа нь бага зэрэг зовсон ч бид байнга холбоотой, сонин сайхнаа хуваалцаад, явж байгаа замаа харуулдаг болохоор харьцангуй сэтгэл амар. Өмнө нь Фэдэ урт аялал ганцаараа хийж байсан туршлагатай учраас илүү их итгэж, санаа бага зовдог. Гэхдээ л манай хоёр гэрийнхэн биднийг жаахан галзуу гэж боддог шүү.

-Та хоёр Монгол Улс хүртэлх аяллынхаа дараа ямар аялал хийх зорилго, мөрөөдөлтэй вэ?

                -Хэрвээ боломж, мөнгө маань болж таарвал энэ аяллаа цааш нь үргэлжлүүлээд БНСУ, Япон, Тайванаар ороод Өмнөд Америкаар аялах талаар бодож байна. Өмнөд Америк бидний хамгийн том мөрөөдлүүдийн нэг.

-Аялж, дэлхийн олон улсаар явахдаа Монгол Улсынхаа юуг хамгийн их санадаг вэ?

           -Хоолоо л ер нь их санадаг даа. Яг гараад явахаар л хонины толгой, айраг гээд олдохгүй юм идмээр санагддаг. Мөн зуны хөдөө нутгийг хамгийн их санадаг. Гэхдээ удахгүй Монголын зуны хөдөөгөөр аялахаа бодохоор догдолж, улам яарч байна.

-Монгол хүрэх аяллынхаа талаарх контентоор хүмүүст юу хүргэхийг зорьж байна?

          -Хүмүүсийг илүү их аялах урам зориг аваасай, яг гараад явбал айх зүйл бага, сайхан хүмүүс маш их байдгийг хараасай, нэг ч гэсэн хүүхдэд илүү их зүйл сурах сэдэл өгөөсэй гэж бодож хийдэг. Мөн аялахыг хүсдэг хүнд хэрэгтэй нэг мэдээлэл, дэлхийн улсуудын соёл, одоогийн нөхцөл байдал зэргийг харуулахаас гадна өөрийнхөөрөө өөрийгөө голохгүй бусадтай харьцуулахгүй байгаасай гэж бодож харуулахыг хүсдэг. Нийгмийн сүлжээнд ихэнх хүмүүс гоё сайхнаа харуулдаг болохоор залуу ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг бусадтай өөрийгөө хэт их харьцуулж, битгий голоосой гэж боддог болохоор аль болох өөрсдийнхөө өдөр тутамд тохиолдсон зүйлээ байгаагаар нь харуулахыг зорьдог. Жишээ нь, бид хоёр дугуйн дээр их ачаа авч явах боломжгүй мөн аль болох байгальд ээлтэй байхыг хүсдэг учраас цөөхөн хувцастай аялдаг. Ихэнх бичлэг маань нэг хувцастайгаа тэгэхээр өмсөж зүүсэн гаднах байдал биш агуулга, өгөх гэсэн санааг нь чухалчилдаг байгаасай гэж боддог.

-Баярлалаа, та хоёр маань сайн яваад ирээрэй.

            -Урьж ярилцсанд баярлалаа.

 


Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188