• Өнөөдөр 2026-01-26

Э.ХАЛИУНБОЛД: ӨВӨӨ, ААВЫГАА ДАГАЖ МОТО СПОРТЫН ТАМИРЧИН БОЛСОН ДОО

2026-01-26,   31

Дөрвөн настайгаасаа эхлээд 34 жил мото унаж буй Э.Халиунболд эх орныхоо нэрийг өндөрт өргөж Дакар ралли тэмцээнээс цом хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Тэрбээр Rookie class bike-ийн ангилалд гутгаар байрт шалгарсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дакар ралли”-д Монгол Улсаа төлөөлөн уралдах болоход ямар санагдсан вэ. Өмнө нь тус уралдаанд уралдаж байв уу?

                -Манай багийнхан 2024 оноос ярилцаж байгаад ““Тал нутгаас Дакарт” төслийг хэрэгжүүлэхээр шийдэж, тус уралдаандаа орохоор болсон. Өмнө нь “Дакар ралли”-д уралдаж байгаагүй ээ, миний хувьд ралли бол шинэ төрөл байсан. Тэмцээнээс өмнө дэлхийн  цомын хоёр тэмцээнд уралдсан байсан.

ДАКАР РАЛЛИ УРАЛДААНД АНХ УДАА ОРОЛЦОХДОО ДАХИН УРАЛДАХ БОЛОМЖГҮЙ АНГИЛЛААСАА ЦОМТОЙ ЭРГЭЖ ИРСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

-Замаа амжилттай дуусгаж Rookie class bike-ийн ангилалд гутгаар байрт орох ямар байсан бэ. тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Уралдаанаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгүүдээ мэдэхдээ Roockie ангилалд цом өгдгийг нь мэдсэн ч үнэхээр өгнө гэдэгт нь итгээгүй. Тайзан дээр гарч гартаа цомоо атгасныхаа дараа л итгэж, баярласан даа. “Дакар ралли”-д уралдаж байгаа тамирчид Rookie ангилалд анхны орж байгаа жилдээ буюу ганцхан удаа оролцох боломжтой байдаг. Анх удаа оролцсон, дахин уралдах боломжгүй ангиллаасаа цомтой эргэж ирсэндээ баяртай байгаа.

-Мото спортод дуртай болоход юу нөлөөлсөн бэ?

                -Багаасаа мото спортын тамирчид дунд өссөн. Өвөө, аав минь энэ спорттой салшгүй холбоотой хүмүүс, тус спортоор хичээллэхэд хамгийн их түлхэц болсон хүмүүс. Аав минь миний дасгалжуулагч.

-Мэргэжлийн уралдаанд хэзээнээс уралдаж эхэлсэн бэ?

                -Би 1993 оноос эхлээд мотоцикл унаж эхэлсэн, хүүхэд байхаасаа л унадаг байлаа. Анхны уралдаан 2000 онд болсон идэрчүүдийн улсын аварга байсан. 2003 оноос насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд уралдаж эхэлсэн. Анхныхаа аваргыг 2003 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн. 2004 оноос мэргэжлийн бүх ангилалд түрүүлдэг болсон байсан даа.

-Экстрим спортод дурлах шалтгаан юу байв?

                -Багаасаа л дуртай байсан, одоо бол миний ажил, зорилго болсон байна. Өдөр бүр ажлаа маш сайн хийхийг хичээж, тэмцээндээ бэлдэж, сайн уралдаж, амжилтаа ахиулахыг л эрмэлздэг болсон.

-Тамирчид олон саад бэрхшээлийг даван туулсан байдаг. Тус спортын тамирчин болсноор ямар бэрхшээлийг даван туулсан гэж боддог вэ?

                -Эрсдэл өндөртэй, бусад спорттой харьцуулахад санхүүгийн оролцоо ихтэй байдаг. Бэртэл гэмтэл, санхүүгийн эрсдэлүүдтэй тулгардаг. Энэ дундаас хамгийн хэцүү нь бэртэл байдаг даа. Бэртлээс үүдээд бүтэн жил алдах тохиолдол бий. Хэцүү шүү, тийм үеүд.

-Элсэн манхан дунд зөв замаа олж уралдана гэдэг тамирчнаас тэвчээр, ухаан шаарддаг байх даа?

                -Элсэн манхан дунд зураг уншаад явах хүндрэлтэй, ямар ч замгүй газар зураг унших нь илүү хялбар юм шиг санагддаг. Учир нь хэт хурдтай явж байх үедээ зам салсныг нь мэдэхгүй өнгөрөх, эргэж явах гээд цаг алдах шалтгаан болдог.

-Гэр бүлийнхэн нь экстрим спортоор хичээллэдгийг нь хэрхэн хүлээж авдаг вэ?

                -Мото спорт эрсдэлтэй учраас гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал. Эхнэр хүүхдүүд, аав, ээж нар маань намайг үргэлж дэмждэг, хэн ч “Энэ спортыг боль” гэж хэлээгүй. Тиймээс урам авч, сэтгэл тайван спортоороо хичээллэдэг.

-Таны анхны тэмцээн, анхны шагнал хэзээ байсан бэ. Тэр үеийн талаар дурсвал?

                -Би багаасаа мото унаж чаддаг байсан ч хүүхдийн оролцох тэмцээн байгаагүй юм. 2000 оны тавдугаар сарын 6-нд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж оролцоод, түрүүлж байлаа. Хэзээ ч мартагддаггүй, хамгийн сайхан тэмцээн, хамгийн жаргалтай ялалт байсан даа.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар уралдаан байсан бэ?

                -2008 оны Motocross-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар гараа байсан. тус тэмцээнд оролцохын тулд Иран Улс руу ганцаараа явсан. Дасгалжуулагч, менежер байхгүй бие дааж уралдаана аварга болсон доо. 2008 оны Ази тивийн аварга болох мөчид хамгийн сайхан, тэсвэр тэвчээр шаардсан хүнд уралдаан болсон шүү.

-Монголд тус спорт хэр хөгжиж байгаа вэ, хөгжилд нь бэрхшээл болж буй зүйл бий юү?

                -Намайг анх уралдаж байх үед хувцас хэрэглэл, сэлбэг ховор зөвхөн захиалгаар авдаг байлаа. Одоо бол сонирхогч, мэргэжлийн тамирчин олон болсон учраас дагаад албан ёсны компани, дэмжигч байгууллага олон болсон байна лээ. Тус спортын тамирчны хувьд баяртай байгаа.  

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -Бидний дараагийн зорилго энэ жилийн раллигийн уралдаанууддаа амжилттай оролцох, ирэх жилийн “Дакар ралли”-д амжилтаа ахиулан уралдах зорилготой байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

 


Э.ХАЛИУНБОЛД: ӨВӨӨ, ААВЫГАА ДАГАЖ МОТО СПОРТЫН ТАМИРЧИН БОЛСОН ДОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188