• Өнөөдөр 2026-01-23

Г.ЭНХЖАРГАЛ: ШВЕД УЛСАД ЭМЧЭЭР АЖИЛЛАХДАА “ХОЛООС ИРЭЭД МАНАЙ ХЭЛИЙГ САЙН СУРЧ, БИДЭНД ТУСАЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛДЭГ ӨВЧТӨНҮҮДЭЭСЭЭ УРАМ АВДАГ

2026-01-23,   142

          Швед Улсын өрхийн эмнэлэгт туслах эмчээр ажилладаг Г.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголд байхдаа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын тасагт резидент эмчээр суралцан ажиллаж, нүдний нарийн мэргэжлийн эмч болсон юм. Түүний “Швед өрхийн эмнэлэгт ажилладаг Монгол эмчийн нэг өдөр” нэртэй бичлэг олон хүний анхаарлыг татсан билээ. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

           -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ганхуягийн Энхжаргал гэдэг. Одоогоор Швед улсад нөхөр, хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна. Би Шведийн өрхийн эмнэлэгт Doctor’s assistant, өөрөөр хэлбэл туслах эмчээр ажилладаг. Швед Улсад амьдраад удахгүй гурав дахь жилдээ орох гэж байна. Монгол Улсад 2026 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын тасагт резидент эмчээр суралцан, нүдний нарийн мэргэжлийн эмч болсон. Монголдоо мэргэжлээрээ хоёр орчим жил ажиллаад, гэр бүлийн хамт Швед Улсыг зорьсон доо.

-Швед Улсын өрхийн эмнэлэгт ажиллаад хэр удаж байна вэ. Яагаад тус улсыг зорьж ажиллах, амьдрах болов?

            -Өрхийн эмнэлэгт ажиллаад одоогоор гурван сар болж байна. Манай нөхөрт Швед Улсад ажиллах боломж гарч, бид гэр бүлээрээ хамтдаа ажиллаж амьдрахын зэрэгцээ өндөр хөгжилтэй орны нийгэм, эрүүл мэндийн тогтолцоог дотроос нь харж, суралцах зорилго тавьсан. Ингэж зориглон шийдэж ирсэн дээ. Шинэ хэл, шинэ соёл, шинэ систем дунд дахин суралцаж, өөрийгөө батлах шаардлага гарсан нь амаргүй даваа байсан шүү.

-Монголын өрхийн эмч нарын ажилтай харьцуулахад Шведийн өрхийн эмчийн тогтолцоо хэр өөр вэ?

             -Миний хувьд Шведийн эрүүл мэндийн систем маш өндөр хөгжсөн, бүх зүйл тодорхой бүтэцтэй, эмх цэгцтэй санагддаг. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол ч тун өндөр түвшинд байдаг. Ямар шинж тэмдэг илэрвэл хаана, хэнд хандах ёстой талаар албан ёсны цахим хуудсандаа маш тодорхой, ойлгомжтой мэдээлэл байршуулсан байдаг. Энд ирээд би нэг ч удаа эмнэлгийн үүдэнд олон хүн оочирлож зогсож буйг харж байгаагүй. Үйлчилгээ хүртээмжтэй, чанартай. Шаардлагатай эмчилгээ, тоног төхөөрөмж, эм тариа бүгд хангалттай. Өндөр настай, хяналтад байдаг өвчтөнүүд ирэх боломжгүй тохиолдолд гэрээр нь очиж үзлэг хийж, шинжилгээ авч, хэрэгцээтэй эмийг нь хүртэл хүргэж өгдөг. Бүх өвчтөн заавал өрхийн анхан шатны эмчид үзүүлсний дараа нарийн мэргэжлийн эмчид илгээгддэг нь тогтолцооны чухал давуу тал юм.

            Өрхийн эмнэлэг дээрээ цусны бүх төрлийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, өсгөвөрлөх шинжилгээ зэрэг анхан шатанд шаардлагатай бүх үйлчилгээг авна. Мөн нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, жижиг мэс заслын ажилбарууд, шархны боолт, оёдол тавих, авах зэрэг олон үйлчилгээ хийгддэг. Сэтгэцийн эрүүл мэндийн хяналт, эмчилгээ ч маш сайн зохион байгуулалттай. Онлайн систем, утас, аппликейшн нэвтрэлт өндөртэй. Утсаар зөвлөгөө авах, онлайнаар цаг захиалах, эм бичүүлэх зэрэг нь өвчтөнд ч, эмнэлгийн ачаалалд ч ээлтэй. Нэг эмч өдөрт дунджаар 10–15 өвчтөн үзэж, нэг өвчтөнд 20–30 минут зарцуулдаг тул эмч, өвчтөн хоёрын харилцаа маш чанартай, ойлголцол сайтай байдаг. Шведийн өрхийн эмнэлэгт эмч, сувилагч, туслах эмч, сэтгэл зүйч, физиотерапист, нийгмийн ажилтан гээд олон мэргэжлийн баг нэг дор ажилладаг. Нэг өвчтөнд зөвхөн эмч биш, бүхэл бүтэн баг анхаарал тавьж байна гэсэн үг. Өвчтөн өөрийн биеийн байдал, эмчилгээний сонголтод идэвхтэй оролцоно. Эмч бүх мэдээллийг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарлаж, өвчтөн өөрөө сонголтоо хийх боломжийг нь олгодог.

ААВ, ЭЭЖ МИНЬ “МАНАЙ ОХИН ЭМЧ” ГЭЖ БАХАРХАЖ ЯРЬЖ БАЙГААГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН

-Өөр улсын эмчид швед өвчтөнүүд хэр хүндэтгэлтэй ханддаг вэ. Сэтгэлд үлдсэн дурсамж бий юу?

               -Мэдээж хүн бүр харилцан адилгүй ээ, гэхдээ ихэнх нь маш найрсаг, хүндэтгэлтэй харьцдаг. “Холоос ирээд манай хэлийг ингэж сайн сурч, бидэнд тусалж байгаад баярлалаа” гэж хэлэх өвчтөн олон. Монгол Улсаас ирсэн гэхэд сонирхож асууж, түүх соёлоор маань бахархах хүмүүс ч бий. Тэдний хандлага үргэлж эерэг, дулаахан, найрсаг байдаг нь сайхан санагддаг. Эмч өвчтөнтэй яг л найзууд шиг ярилцана. Заримдаа цаг агаар, хоолны жор, амьдралын жижиг сэдвүүд ч яригдана. Эхэндээ надад их сонин санагддаг байсан, одоо бол дасаад өөрөө ч тэгж харилцдаг болсон.

-Монголд нүдний эмчээр ажиллаж байсан гэсэн. Энэ талаараа ярьж болох уу?

            -Би ажлын гараагаа УНТЭ-ийн Нүдний мэс заслын тасагт резидент эмчээр эхэлсэн. Хамт олон, тасгийн эрхлэгч багш нараасаа мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ачаалал даах чадвар гээд маш их зүйлийг сурсан даа. Нүдний нарийн мэргэжлийн эмчээр ажиллаж байсан болохоор энд өрхийн эмнэлэгт ажиллахад суралцах шинэ зүйлс их, гэхдээ өмнөх туршлага маань маш сайн суурь болж өгдөг. Шведэд өрхийн эмчийн нарийн мэргэжил нь ойролцоогоор таван жил  үргэлжилдэг, энэ хугацаанд эмч нар маш өргөн хүрээний мэдлэг, олон талын практик чадвар эзэмшдэг. Энэхүү сургалтын үеэр эмч хүн зөвхөн өвчнийг оношлох төдийгүй, урьдчилан сэргийлэх, өвчтөний амьдралын хэв маяг, сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйлсийг ойлгох ур чадвар эзэмшдэг. Өрхийн эмчийн ажил нь хариуцлага өндөр, мөн цалин, үнэлгээ өндөртэй мэргэжлийн нэг бөгөөд улмаар нарийн мэргэжлийн бусад эмнэлгүүд рүү өвчтөн очих ачаалал багасаж, эрүүл мэндийн үйлчилгээ илүү эмх цэгцтэй, хүртээмжтэй болдог нь Шведийн эмнэлгийн системийн онцлог.

-Шведийн эмнэлгээс Монголд нэвтрээсэй гэж боддог зүйл бий юү?

               -Эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамж үнэхээр сайн. Мөн бүх зүйл цахим. Цаасан бичиг баримт огт байхгүй. Эмч нар өндөр хүчин чадалтай компьютер ашиглаж, үзлэгийн тэмдэглэлээ дуу хураагуурт ярьж бичүүлдэг нь цаг хэмнэдэг. Өрөө бүрд өвчтөнтэй шууд холбогдох утас бий. Шведэд сэтгэцийн эрүүл мэндийг бие махбодын эрүүл мэндтэй адил түвшинд авч үздэг. Сэтгэл гутрал, түгшүүр, стресс, burnout зэрэг асуудлыг эрт илрүүлж, өрхийн түвшинд хянах тогтолцоо маш сайн хөгжсөн. Өрхийн эмнэлэг дээр сэтгэл зүйч байнга ажилладаг нь том давуу тал манай Монголд хэрэгжээсэй гэж хүсдэг.  “Fika” бол шведүүдийн ажил, амьдралын салшгүй хэсэг.

Манай эмнэлэгт:

                •             10:00 цагт хамт олноороо кофе ууна

                •             12:00–13:00 өдрийн хоолны цаг

                •             15:00 цагт дахин богино Fika

Энэ нь зүгээр нэг кофе уух цаг биш багийн уур амьсгалыг сайжруулж, стресс багатай, тайван орчин бүрдүүлдэг.

-Яагаад эмч болохоор шийдсэн юм бэ. Таны сэтгэлийг татсан зүйл нь юу байв?

                -Би багаасаа л эмч болно гэж ярьдаг хүүхэд байсан. Ахлах ангид ороод эргэлзэлгүйгээр эмчийн мэргэжлийг сонгож, АШУҮИС-д элсэн орсон.

-Эмчээр ажиллаж байхад нь тохиолдсон сайхан дурсамжуудаасаа хуваалцаж болох уу?

               -Резидент байхдаа Ховд аймагт олон улсын эмч нартай хамтран ажиллаж, өдөрт 100 гаруй үзлэг хийж, олон мэс засалд орж байсан үе санаанд хамгийн түрүүнд ордог. Маш их ядарсан ч өвчтөнүүдийн талархал, мэс заслын дараах эерэг үр дүн бидэнд асар их урам өгч байсан.

-Хэзээ мэргэжлээрээ хамгийн их бахархаж, эмч болсондоо талархаж байв?

                  -Аав, ээж минь “манай охин эмч” гэж бахархаж байгааг харах хамгийн сайхан. Мөн Швед Улсад ирээд эмч мэргэжлийн үнэ цэнийг илүү тод мэдэрсэн.

-Багийнхан дундаа ганц Монгол эмч байх. Тэгэхээр эх орныхоо нэрийг унагахгүйн тулд илүү хариуцлагатай ажилладаг байхдаа?

               -Тийм ээ. Хүмүүс намайг хувь хүн гэхээсээ илүү “Монгол эмч” гэж хардаг. Тиймээс илүү хичээж, илүү суралцаж, илүү хариуцлагатай ажиллахыг хичээдэг. Шведэд байдаг Монгол эмч нар маань бие биеэ дэмжиж, олон жил ажилласан туршлагатай эмч нар маань их зөвлөгөө өгч тусалдаг.

-Байнга гадаад байдаг учраас эх орон, гэр бүлээ их санадаг байхдаа. Монголынхоо юуг хамгийн их санадаг вэ?

                 -Хайртай хүмүүсээ, амар тайван амьдарсан энгийн жижиг мөчүүдийг хамгийн их санадаг. Гадаадад ирээд гэр бүл, ойр дотнын хүмүүсийн үнэ цэнийг илүү ойлгосон.

-Та дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

              -Швед Улсад нүдний мэс заслын нарийн мэргэжлээр дахин суралцаж, хүүхдийн нүдний мэс заслын өндөр түвшний эмч болох зорилготой байгаа. Энэ зорилгынхоо төлөө тууштай хичээх болноо. Тууштай хөдөлмөрлөвөл зорилго биелдэг гэдэгт би итгэдэг.  Намайг энэ мэргэжлийг сонгох зориг өгсөн, бүх цаг үед түшиж тулж ирсэн аав ээждээ, хамт мөрөөдлийг минь үүрч яваа хайрт нөхөртөө, миний ажил мэргэжлийг ойлгож, дэмждэг гэр бүлдээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн Монголд болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй бүх эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдаараа бахархаж явдгаа энэ боломжийг ашиглан хэлмээр байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

             -Ярилцах боломж олгосон танай хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 


Г.ЭНХЖАРГАЛ: ШВЕД УЛСАД ЭМЧЭЭР АЖИЛЛАХДАА “ХОЛООС ИРЭЭД МАНАЙ ХЭЛИЙГ САЙН СУРЧ, БИДЭНД ТУСАЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛДЭГ ӨВЧТӨНҮҮДЭЭСЭЭ УРАМ АВДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188