• Өнөөдөр 2024-04-24

Прокурор Ц.НАСАНБАТ: Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа эхэлсэн

2021-02-19,   7033

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)- ын орлогч прокурор Ц.Насанбаттай цаг үеийн асуудлаар ярилцсан ярилцлагыг хүргэе.  Тэрбээр Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд түүнийгээ буцаан татсан, оффшор бүс дэх хөрөнгөө байршуулсан зэрэг асуудлаар хэвлэлд ийн ярьжээ.

-СҮ.БАТБОЛДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ ОФФШОРЫН АСУУДАЛ НЬ ТУСДАА-

УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэг байхгүй боловч нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх мэдээллийн дагуу мөрдөн шалгалт хийж буй. УИХ-ын гишүүн Сү. Батболдын ажлын албанаас энэ оны нэгдүгээр сард гаргасан мэдэгдэл нь түүнтэй холбогдуулан НПГ-аас 2020 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-аар дамжин ашигт малтмалын орд газрууд дахь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хамгаалах зорилготой бичсэн нэхэмжлэлтэй холбоотой илэрхийлсэн байр суурь гэж ойлгож байна.

–ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС С.БАТБОЛД НАРЫГ ГҮТГЭЖ, ГҮЖИРДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ-

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын нийт 14 хариуцагчид холбогдуулан, нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулах эрх олгож, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон, хоёрдугаарт, “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл, менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, ийнхүү өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл горимыг бүрдүүлэн өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” буюу хуучнаар “Айвенхоу майнз лимитед компанитай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Одоогоор УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүн, хуулийн этгээдэд холбогдох эрх сэргээх нэхэмжлэл, гадаад улс дахь өмч хөрөнгийг далдлах, бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхээс сэргийлэх зорилго бүхий хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, холбогдох нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британийн Виржинийн Арлууд гэсэн зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа.

АНГЛИ, ХОНКОНГ, СИНГАПУР, ЖЕРСИ ДЭХ ХӨРӨНГҮҮДИЙГ НЬ БИТҮҮМЖЛЭХ ШИЙДВЭРҮҮД ГАРСАН

-АНУ-ын НьюЙорк мужийн Дээд шүүх болон бусад таван орон, нийт зургаан улсад хөрөнгө хамгаалах, хөрөнгө буцаахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Конвенцын заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Жерси гэдэг Үндсэн хуульт хаант засаглалтай, Европ тив дэх арлын улс болох нь харагдана. Нью-Йорк мужийн Дээд шүүх (мужийн шүүх)-ийн хувьд нэхэмжлэгч талаас битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан этгээдүүд нь бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэх тохиолдолд 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг шүүхэд гаргаж өгсөн. Одоо АНУ-ын “JPMorgan Chase NA” банкнаас шүүхийн журмаар нотлох баримтууд гаргуулах ажиллагаа АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх (Холбооны улсын шүүх)-д тус тус явагдаж байна.

АНУ-ын шүүхийн цахим хуудсанд ил байршуулсан мэдээллүүдэд УИХ-ын гишүүн С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой олон баримтат зүйл байгаагаас зөвхөн энэ хүрээнд дөрвөн зүйлийг дурдъя.

НЭГДҮГЭЭРТ: Британийн Виржинийн арлуудын шүүхээр дамжуулан нотлох баримт гаргуулан авахад, “Премиер эджлимитед” гэсэн нэртэй, тус арлуудад бүртгэлтэй компанийг анх 2005 оны наймдугаар сарын 15-нд үүсгэн байгуулах үеэс 2006 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд тус компанийн хувьцааг УИХ-ын гишүүн С.Батболд дангаар эзэмшиж байсан талаарх баримт байна. Энэ нь С.Батболд Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байх хугацаатай давхацдаг. Энэ хугацаанд уг оффшор компани 2006 оны хоёрдугаар сарын 23 болон гуравдугаар сарын 8-нд Лондон хот дахь “Knightsbridge apartment” хэмээх үнэ цэнтэй хоёр сууцаас худалдан авсан. Үүний зэрэгцээ С.Батболд гишүүн 2006 оны гуравдугаар сард “Квантум лэйк траст” (Quantum Lake Trust) хэмээх нэртэй оффшор дахь хөрөнгө итгэмжлэх нэгж бүтцийг үүсгэн байгуулж байсан нь баримтаар нотлогдоод байна. 2006 оны дөрөвдүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас гурван сарын өмнө, С.Батболд гишүүн “Премиер эдж лимитед” оффшор компанид өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула лимитед” хэмээх Британийн Виржинийн арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн. 2015 оны зургадугаар сарын 11-нд “Премиер эдж лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула лимитед” гэх компаниас С.Батболд гишүүний хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б.Самаади нар хувьцаа эзэмшигч болж бүртгүүлсэн. “Премиер эдж лимитед” компанийн бүртгэлтэй төлөөлөгч этгээд, “Квантум лэйк траст”-ын менежер нарын хоорондын 2015 оны долдугаар сарын цахим шууданд, “Премиер эдж лимитед” компанийн хувьцааны бенефициар буюу ашиг хүртэгч өмчлөгч бол УИХ-ын гишүүн С.Батболд болохыг мэдүүлсэн байдаг. Энэ утгаараа Лондоны “Knightsbridge apartment” сууцуудын бенефициар өмчлөгч гэж тооцогдохоор байгаа. 2016 оны наймдугаар сарын 8-нд “Knightsbridge apartment” сууцуудыг тухайн үед эзэмшсэн хэвээр буй УИХ-ын гишүүн С.Батболдын хүүхдүүд “Премиер эдж лимитед” компани дахь өөрсдийн хувьцааг БНСУ-ын ирнэн Чёнг Чү Ёнгийн өмчлөлийн, Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Лорш лимитед” хэмээх өөр нэгэн компанид худалдсан байна. “Лорш лимитед” гэх, оффшор бүсэд байгуулагдсан компани нь “Премиер эдж лимитед” оффшор бүс дэх компанийн 100 хувийн хувьцааг нэг сая фунт стерлингээр худалдан авсан нь тухайн үед “Премиер эдж лимитед” компанийн эзэмшиж байсан Лондон дахь өмч хөрөнгийн 15 сая ам.долларын үнэлгээний ойролцоогоор арван тавны нэг төдий болж байна уу даа. “Премиер эдж лимитед” компанийн хувьцаа “Лорш лимитед” рүү шилжсэн өдөр БНСУ-ын иргэн Чёнг “Премиер эдж лимитед” компанийн захирлаар томилогдож, улмаар дангаар хувьцаа эзэмшигч, захирал болсон. 2017 оны арваннэгдүгээр сард, “Премиер эдж лимитед” компани Apartment 711 дүгээр сууцыг бусдад 1.85 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 2.5 сая ам.доллароор, өөрөөр хэлбэл, анх авахдаа төлсөн мөнгөнөөс хоёр дахин илүү үнээр худалдсан. 2018 оны наймдугаар сард захирал Чёнгийн хувьд Apartment 716 дугаар сууцыг өөрийн эзэмшлийн “Лорш лимитед” компанидаа шилжүүсэн. Гадаад зөвлөхүүдийн цуглуулсан эдгээр баримт, дүгнэлтээр бол УИХ-ын гишүүн С.Батболд дээрх этгээдүүдээр дамжуулан Лондонгийн “Knightsbridge apartment” сууцуудын эцсийн бенефициар өмчлөгч болох нь харагдаж байгаа юм. Энэ бол гадаадын шүүхийн мэдээллийн санд нээлттэй байгаа мэдээлэл тул та бүхэн холбогдох цахим хуудсаар нь нэвтэрч үзэж болно.

ХОЁРДУГААРТ: С.Батболд 2006 оны есдүгээр сарын 8-наас мөн оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу Монгол Улсын Их хурлын гишүүн байх хугацаандаа Британийн Виржинийн арлуудад 2006 оны долдугаар сарын 4-нд үүсгэн байгуулж бүртгүүлсэн “Винрок инвест лимитед” хэмээх оффшор компаниийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал байсан нь тогтоогдсон. Уг оффшор компанийн хувьцааг авах хүсэлт, мөн

захирлаар ажиллах зөвшөөрлийн бичигт бүгдэд нь С.Батболд гишүүн өөрөө гарын үсэг зурсан байна. Тэгээд 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улсад Авлигын эсрэг хууль дагаж мөрдөж эхэлсэн өдөр УИХ-ын гишүүн С.Батболд уг компанийн захирлаас чөлөөлөгдөж, БНСУ-ын иргэн Чёнг зэрэг төлөөний гэгдэх хүмүүс нь тогтмол ашигладаг “Cremunication limited” хэмээх компанид өөрийн хувьцааг нэр заан шилжүүлсэн. Хувьцаа шилжүүлэх баримтад мөн С.Батболд гэж өөрөө гарын үсэг зуржээ. Сү.Батболд “Winrock” компанийн хувьцааг эзэмших хууль зүйн хувьд шилжүүлсэн хэдий ч 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд тус компанийг удирдсаар байсан нь бусад холбоо хамаарлаар нь нотлогдож буйг гадаадын зөвлөхүүдийн цуглуулсан баримтуудаар

тодорхойлохдоо “2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш, “Винрок инвест лимитед” компани “Мүүнбэл групп лтд” хэмээх Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй өөр нэгэн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон, улмаар “Мүүнбэл групп лтд” компанийн захирлаар 2012 оны наймдугаар сард БНСУ-ын иргэн Чёнг томилогдсон. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Батболдын эзэмшлийн “Чингис хаан” зочид буудлыг бүртгэлтэй хаягаа болгон ашигладаг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж “Мүүнбэл” ХХК-ийг бүхэлд нь өмчилдөг байдлуудыг дурдсан баримт нийтэлсэн байгаа.

2008 оны наймдугаар сарын 31-нд “Moonbell group компанийн хаягийг “c/o Winrock Invest Ltd, 2/F Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаяг руу шилжүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг С.Батболд гэсэн гарын үсэг зурж үйлдэж байсан баримтыг шүүхийн журмаар гаргуулсан бөгөөд энэ нь тус компанийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Батболд удирдан чиглүүлж байсан нотлох баримт болж харагдаж байна. Ингээд урьдын адил, Монгол Улсад Авлигын эсрэг хуулийг дагаж мөрдөж эхэлснээр УИХ-ын гишүүн С.Батболд өөрийн мэдлийн хувьцааныхаа өмчлөлөөс татгалзаж, Солонгосын иргэн Чёнг “Винрок инвест лимитед” компанийн өмчлөгч болж, дараа дараагийн шилжүүлэлтүүд хийгдсэн асуудлыг лавшруулан тодруулах ажиллагааг гадаад улсын шүүхүүд үргэлжлүүлэн явуулж байна.

С.БАТБОЛДЫН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭЛ ЦЭВЭР ХУУЛИЙН ДАГУУ, ХЭНИЙ Ч ЗАХИАЛГААР ХИЙГДЭЭГҮЙ

ГУРАВДУГААРТ: “Женетрейд лимитед” болон “Грандкэстл ассетсинк” компанитай холбоотой баримтуудыг гадаад дахь шүүхийн ажиллагааны хүрээнд гаргуулахад УИХ-ын гишүүн С.Батболд, түүний хүү Б.Баттүшиг нар “Эрдэнэт үйлдвэр”-тэй Ерөнхий сайд байх хугацаанд гэрээ байгуулсан Женетрейд Лимитед компанийн эцсийн бенефициар буюу ашиг хүртэгч өмчлөгч байсан нь харагдаж байгаа. 2006 оны есдүгээр сарын 8-нд Британийн Виржинийн арлуудад “Грандкэстл ассетс инк” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг 2007 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн “Грандкэстл ассетс инк” компанийн хувьцааг дангаар эзэмшиж, захирал байсан нь, “Грандкэстлассетс инк” компанийн анхны захирлыг 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нд томилсон баримт, тус компанийн 2007 оны нэгдүгээр сарын 22-ны шийдвэр, Б.Баттүшигээс эл компанид хандан 2007 оны нэгдүгээр сарын 22-нд илгээсэн захидал зэрэг баримтууд бий. Холбогдох баримтуудын хувьд “Грандкэстл ассетс инк” компанийн Британийн Виржинийн арлууд дахь төлөөлөгчийн дотоод захидал харилцаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Баттүшиг нарыг тус компанийн “Бенефициар өмчлөгч” хэмээн бүртгэсэн нь Фоена Сиугээс Самуэл Ходж, Лесиа Гразетте нарт 2009 оны гуравдугаар сарын 3-нд илгээсэн захидлаар батлагдаж байгаа. Сү.Батболдын хувь харилцагчийн менежер гэх иргэн Юан Вангаас УИХ-ын гишүүн С.Батболдын талаар сайшаан бичсэн захидал “Грандкэстл ассетс инк” компанийн бүртгэлийн баримт бичгүүдийн дотор агуулагдаж буй. Тус компанийн байгууллагын асуудал хариуцсан төлөөлөгч болох “Тридент траст” байгууллагаас “Грандкэстл ассетс инк” компанид хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэх нь “c/o Winrock Invest Ltd, Room 19, 2/F, Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаягт хаяглагдсан. Business internet banking төлбөр хүлээн авсан баримтаас үзэхэд “Тридент траст” нь “Винрок инвест” компанийн төлбөрийн даалгавраар 350 ам.долларыг 2009 оны есдүгээр сарын 18-нд “Грандкэстл ассетс инк” компанитай холбогдох төлбөрт хүлээн авчээ. 2009 оны есдүгээр сарын 9-нд УИХ-ын гишүүн С.Батболдын хувь харилцагчийн менежер гэх Юан Ванг цахим шуудангийн захидал илгээхдээ “Грандкэстл ассетс инк” компанийн бенефициар өмчлөгч нь төлөөлөгч агент “Тридент траст компани лтд”-ийг өөрчлөн, “Нова сэйж инкорпорэйшнс лтд” компаниар солих хүсэлтэйгээ тайлбарласан байна. Солигдох болсон “Тридент траст” төлөөлөгч байгууллагын ажилтнууд өөрсдийн дотоод захидал харилцаандаа, “хувийн байдлыг нь магадлан судлах талаар бидний тавьж буй шаардлагаас зайлсхийх зорилгоор тухайн үйлчлүүлэгч этгээд тус компанийн бүртгэгдсэн төлөөлөгч агент, бүртгэгдсэн хаягийг солихоор шийдсэн” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа тухайгаа тайлбарлан бичжээ. 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр, Чёнг нь УИХ-ын гишүүн С.Батболдын тухайн үеийн хувь харилцагчийн банкны менежер Юан Вангтай зөвлөлдөж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Британийн Виржинийн арлуудад дээрх “Женетрейд” компанийг үүсгэн байгуулсан. Чёнг, Ванг нар мөн корпорац үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөгч Китти Чан нарын хооронд солилцсон хэд хэдэн цахим шуудангаас уг үйл явц тодорхой харагдана. “Грандкэстл ассетс инк” компани “Женетрейд”-ийн хувьцааг дангаар эзэмшигч болсон бөгөөд УИХын гишүүн С.Батболдын төлөөний этгээд гэгдэх иргэн Канг Еун Жүүг захирлаар томилсон. Дараа нь 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний үеэр иргэн Канг молибдений баяжмал худалдан авах гэрээ байгуулах боломжийн талаар ярилцахаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Уг оффшор бүс дэх компани 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд тус тус 7000 тонн гаруй жинтэй молибдений нойтон баяжмал худалдан авах гэрээг “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” 68 сая ам.долларын өртгөөр 6,967 тонн нойтон баяжмалыг нийлүүлсэн байна.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Монгол Улсын нутгийн зүүн хэсэгт байрлах 79.80 га талбайг хамарсан молибдений орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Билүүтмайнинг” ХХК хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компани эзэмшдэг. УИХ-ын гишүүн С.Батболд ашигт малтмал ашиглах энэ тусгай зөвшөөрлийг Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Элмбридж ассетс лтд” гэх оффшор компаниар дамжуулан өөрийн нэрийн өмнөөс эзэмшүүлэхээр БНСУ-ын иргэн Чёнгийг нэр төдий этгээд болгон ашигласан гэх үндэслэлээр гадаад улсын шүүхүүдэд хандаад байгаа юм. Энэ компанийг 2009 оны долдугаар сарын 28-нд үүсгэн байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Батболдын нэр энэ компанийн захирлын бүртгэл, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд байгаагүй боловч, корпорац үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хадгалагдаж байсан баримтыг Британийн Виржинийн арлуудын шүүхийн захирамжаар гаргуулан авсныг уг цахим хуудас дахь баримт мэдээлэлд дурдагдаж байна. Компанийн баримт бичгүүд доторх байгууллагын бүтцээс харахад тус компанийг үүсгэн байгуулсны дараахан буюу С.Батболд гишүүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед “Элмбридж” компанийн цорын ганц “бенефициар өмчлөгч” хэмээн тодорхойлсон баримт байна. Уг компанийн “Suite 19, 2/F, Eton Tower” хаяг бол дээрх “Винрок инвест лимитед”, “Мүүнбэл групп” гэх компанийн ашигладаг хаягтай давхцаж байгааг харж болно. Энэ хаяг бол УИХ-ын гишүүн С.Батболд, түүний эхнэр, хүү Б.Баттүшиг нар Хонконг дахь HSBCPremier банкан дахь дансуудад мэдээлэл болгон гаргаж өгсөн хаягтай таарч буй нь тодорхой харагдана.

ЭХ СУРВАЛЖ: Өнөөдөр сонин

 


Прокурор Ц.НАСАНБАТ: Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа эхэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-24 00:50:54
    Би МАН-ын ишүүн: Би үнэхээр МАН-ын гишүүн .Энэ намд 40 гаран жил зүтгэж байна. Сү.Батболдын хийсэн теле нэвтрүүлэг, өнөөдрийн хотын прокурорын хийсэн мэдэгдлийг уншлаа. Юу бодогдож байна гэвэл үнэхээр харамсалтай юм бодогдож байна.Улс орныг Ю.Цэдэнбалын үед 60 жил удирдсан,мөн хөгжүүлсэн энэ нам минь 100 жилийн босгон дээр ингэж ч царай алдах гэж, ийм ч удирдлагатай байж ард түмнээ ядралын туйлд хүргэх гэж .Өөрснөө л идэхээс өөрийг мэддэггүй ийм больчихсон авилгачид,ашиг хонжоо хайгчид, луйварын туламнуудтай болчих гэж л харамсаж сууна.Одоо энэ гэмт хэрэгтэнгүүд хэргээ хүлээх л үлдэж, манай хууль шүүхийн байгууллагууд ажилласан шиг ажиллах. Харин манай нам тарах цаг нь болчихсон юм биш бээз.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-22 11:48:11
    зочин: Естой хэлэх муу уг олдохгуй юм. Одоо наад нохрийг ур удмаар нь устгах хэрэгтэй. Наадахь чинь ондор албан тушаалыг оорийнхоо толоо л ашигласнаас улсын толоо юм хийсэн юм уу . МАН-д ийм юм их бгаа Миеэ, Бадамжунай, Ганзориг ЖДУ-чид гээд л цаашаа хязгаар угуй ургэлжлэнэдээ .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-22 02:20:46
    би Монгол: Яаж Монголын ард түмний нүүр царайг харж явах юм бэ энэ хүн болон түүний хамсаатнууд. Үүнийг сонгосон нөхдүүд одоо юу бодож суунаа Маш яаралтай УИХс буулгаасай даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-21 09:39:21
    Medehgvi : Ingeed bicheed bh uu , huleegeed bga im uu , shuud horiod baizaaktaa ehluuleech, juriin ard ingesen bol uduud.... ruu yavchihsan bga , durak im aa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 17:56:14
    Зочин: Манай улсын хуулийн байгууллага яаж байгаа юм бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 15:20:55
    Цэцэг: Аймаар юм. Уншаад барагдахгүй хөрөнгийн луйвар болжээ .Яагаад луйвар гэж хэлэв гэж надаас асуувал .Би:Батболдыг Монолын ард түмэний хувааж идэх баялагыг гагцаараа идэжээ гэж хэлнэ ялангуяа эрдэнэт бороогын баялаг таван толгойн ордыг С.Батболд идсэн байна бүүр аймаар идэж ээ яаж шингэж байсан юм бол .?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 05:17:39
    Зочин: Битгий л худлаа сүржигнээд өнгөөрөсэй билээ.. ЯЛАЛСАН ХУРААСАН ЮМ АЛГА Л БАЙНА. ТЭРЭЛЖ ЛҮҮ НЬ ЯВУУЛЖ АМРААДАЙ. ҮГЭЭ ХЭЛЖ МАГАДГҮЙ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 01:32:31
    Схг: Энэ сэтгүүлч саытууд яасан бэ.Амандаа мөнгө чихүүлцэн үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 20:17:59
    Зочин: Үнэнд гүйцэгдэж бх шиг бна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 19:04:34
    новшнууд: НААДУУЛ ЧИНЬ ИЙМ Л ЗАВААН ЮМ ХИЙЖ БАЙСАН БАЙГАА БАЙХ Ч БОЛНО ТИЙМДЭЭ Ч 60 ТЭРБУМЫН ГЭХ ТОДОТГОЛ НЭР АВСАН ЮМАА
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 18:43:57
    дорнод: аймаг дээр бугшсан авлигачдаа зогсоох цаг болсон. ххүг ын дарга авгайн авлига хээл хахууль ашиг сонирхол шунал хууль бус үйлдлүүдийн ард зд байдаг тэд ч ор хөнжилийн асуудалтай аймгаараа мэднэ, тийм болоод хууль үйлчлэхгүй дураараа дургисаар байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 16:25:45
    АРД ТҮМЭН : энэ яриад бичээд байгаа нь үнэн юм уу нэг танхимд сууж байгаа бусад гишүүд нь юу бодож байна даа тэгээд хэлүүлээд дайруулаад яваад байх юм даа зүгээрч юм шиг зүгтэйч юм шүг ард олноо талцуулаад л энэ төр нэг л бишээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 16:18:44
    ард: Гэнэт баяжсан нөхдүүд зөндөө байгаа тусгай алба байгуулж бүгдийн шалгах хэрэгтэй Бүгд нотой байгаа Баттулга, ОюунЭрдэнэ 2 ийн үед сайн шалгаж шийдэх хэрэгтэй шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 15:23:07
    Хууль: Монгол ийм л болсон юм байна, одоо яг яах ёстой юм нэг олон долоон юм хуцаад байдаг сэтгүүлч нар яав өдөр тутмын сонин хэвлэл яав бүгд амаа үдүүлсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 15:18:10
    Ард түмэн: Үндсэн хуулиараа ард тзмний баялаг болох газрын баялгийг ухаж баяжиж байгаа 30 шэр бүл бий дээ. Зарим нь Жнь MCS-ийн ухаа худаг бүр хятадуудад хувьцааны ногдол ашиг өгдөг. Эд наоаас өмч хөрангийг нь хураан авах хэрэгтэй дээ. Үүнийг ард түмэн хэзээ ч мартаж үл болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 14:09:33
    Болор: Та их баян хүн гэдгээ мэдэх үү? Баяныхаа хэрээр хэр их сайн үйлс хийж бүтээж байв? Хийгээгүй бол өнөөдрөөс хийж эхлэнэ үү? Сайн үйл гэдэг бол гандангийн хэдэн ламаар ном уншуулаад болдог зүйл биш ингэж битгий өөрийгөө хуураарай...Доривтой том эмнэлэг барь ядарсан зовсонд гараа сунга...Өвдсөн зовсон,өнчин өрөөсөн,бэлэвсэнд нигүүлсэнгүй хандаж өглөг өг...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188