• Өнөөдөр 2024-04-19

Ц.БАРХАС: “Аппрентис Монгол” шоу миний амьдралын хамгийн гайхалтай аялал байлаа

2021-02-17,   2226

“Ард санхүүгийн нэгдэл” компаниас "Монгол HD" телевизтэй хамтран "Аппрентис Монгол" реалити шоуг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Тус шоунд 1000 гаруй хүн оролцох хүсэлт ирүүлснээс шилдэг 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авсан юм. Оролцогчид реалити шоуны турш нийт арван даалгавар гүйцэтгэсэн бөгөөд хүч тэнцүү, өрсөлдөөнтэй явагдаж, дууссан. Тус шоуны болзлын дагуу "Ард холдингс интернэйшнл" компанийн 200 сая төгрөгийн цалин бүхий гүйцэтгэх захирлын албан тушаалд Ц.Бархас томилогдож, ялагчаар тодорсон билээ. Түүний ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-“Аппрентис Монгол” шоуны ялагч болсон танд баяр хүргэе. Шоуны ялагчийг зарлах үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Тэр мөчид баярлах, бахархах, талархах гээд олон сэтгэл хөдлөл давхацдаг юм билээ. Арван даалгаврын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дараах ялагч болсон мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй. Ямартай ч маш их догдолсон. Тэмцээний дүн тодорхой болсны дараа шууд л гэр рүүгээ яарсан. Намайг олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр, хүүхдэдээ гэртээ очиж байгаагаа хэлэхгүйгээр гэнэт очиж, сюрприз барин, баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн дээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байлаа.

-“Аппрентис Монгол” шоунд оролцох шийдвэр гаргахад тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Сурагч байхдаа үзсэн “Global CEO” реалити нэвтрүүлгийг би огтхон ч мартдаггүй. Өөртөө итгэлтэй, чадварлаг ах эгч нар даалгавар биелүүлж, том сорил давахыг хараад тэдэн шиг болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан ч огт орхиогүй. Мэргэшсэн CEO болохыг зорьж яваагийн хувьд саяхныг хүртэл ийм нэвтрүүлэгт орж өөрийгөө сорьж үзэхсэн гэж найзууддаа ярьж байлаа. Гэтэл сонин давхцал болж төд удалгүй “Аппрентис Монгол” шоу зарлагдсан юм. Ингээд л багын мөрөөдлөө биелүүлж, багагүй зориг гарган, ихээхэн эрсдэл үүрч дэлхийн хэмжээний шоунд оролцохоор шийдсэн.

-Таны ямар зан чанар, туршлага нэвтрүүлгийн ялагч болоход тань давуу тал болсон бэ?  

-Мэдээж тэмцээнд орж байгаа учир ялна л гэж үзнэ. Гэхдээ анхнаасаа 100 хувь өөртөө итгэлтэй байсан уу гэвэл үгүй. Миний хувьд нэвтрүүлэгт орохоосоо өмнө 300 орчим хүнтэй томоохон компанийг хариуцан ажиллаж байсан тул менежмент, маркетинг, санхүү, хүний нөөц гээд байгууллагын бүхий л функцыг ойлгож, гадарладаг нь том давуу тал болно гэж тооцоолсон. Мөн тодорхой хэмжээний ажлын туршлагатай учраас аль ч талаас нь харсан өөрийгөө хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцож байлаа.

-Нэвтрүүлэг цацагдсаны дараа өөрийгөө хөндлөнгөөс харах ямар байв?

-“Аппрентис Монгол” реалити шоу телевизээр цацагдах үед өөрийгөө хөндлөнгөөс харна гэдэг сонин мэдрэмж төрүүлдэг юм билээ. Тогтвортой суугаад үзэж чадахгүй, зурагтынхаа өмнө очиж зогсоод “Одоо яах бол” гээд догдолно, сандарна. Өөрийгөө хөндлөнгөөс харна гэдэг сонин, өөр мэдрэмж байсан. Нэг сонирхолтой зүйл нь, нөгөө багаа даалгавар дээр яаж ажилласныг бид сайн мэдэхгүй болохоор нэвтрүүлгээ хараад үзэгчидтэйгээ адилхан гайхах үе зөндөө гарсан. Даалгавар бүр ажил, амьдралд боломж гэдэг зүйл үргэлж байдаг гэдгийг сануулсан.

“Өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд МҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа”

-Аливаа реалити шоу, уралдаан, тэмцээнд оролцоход харилцааны ур чадвар чухал болов уу. Таны хувьд энэ ур чадварыг хэр эзэмшсэн бэ?

-Миний хувьд тийм ч нээлттэй хүн биш, интроверт талдаа зан төлөвтэй. Үүнийгээ даван туулахын тулд харилцааны болон илтгэх ур чадварын талаар сонирхож ирсэн. Гэхдээ нэг зүйлд дурлаж, шимтсэн хөгжилтэй түүх бий. Би багадаа өөрөөсөө илүү хүмүүсийг дуурайх гэж оролддог хүүхэд байлаа. Дунд сургуулийн онц сурдаг найз маань “Дейл Карнеги гээд зохиогчтой янзын гоё ном зуны амралтаараа олж уншлаа” гэж хэлснийх нь дараа гэртээ хариад нагац эгчдээ ном захисан. Хэд хоногийн дараа эгч Дэйл Карнегийн гурван боть ном аваад ирсэн. Тэр ном зузаан, дан тексттэй, бараг өвөлжин уншсан даа /инээв/. Ингэж л харилцааны болон илтгэлийн талаар ойлголттой болсон. Бодит жишээ татсан учраас уншихад маш ойлгомжтой, сонирхолтой. Мөн АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольны түүхүүд сэтгэлд маш тод үлдсэн. Номоо дуусгаад өнөөх найздаа Дэйл Карнегийн номыг уншчихлаа гэтэл “Миний зөвлөсөн ном өөр зохиогчтой юм билээ, би чамд хэлэхээ мартаж” гэдэг юм даа. Бид хоёр баахан инээлдээд л өнгөрсөн. Андуурч таарсан тэр номыг уншсан нь амьдралд хэрэг болно гэж яаж мэдэх билээ. “Сохорсон биш завшив” гэдэг л болсон. Дараа нь өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд МҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа.

-“Аппрентис Монгол” шоуны явцад та юу сурсан бэ?

-Өмнө хэлсэнчлэн өөрийгөө нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл даалгавар гүйцэтгэж эхлэхэд хамт оролцсон залуусыг ямар мундаг, ур чадвартай  болохыг олж харсан. Энэ 14 оролцогч бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу бас сул талуудтай, өөрсдийгөө тал бүрээр хөгжүүлж, бэлдсэн тийм л залуус байсан. “Аппрентис Монгол” шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан нь нөхөрлөл, итгэл найдвар байлаа. Хүн хөдөлмөрлөж, хичээж зүтгэвэл заавал үр дүн гардаг, амьдралаа өөрчлөх маш том боломж хүн бүрт ирдэг юм байна гэдэгт улам их итгэх болсон. Нэвтрүүлгийг хөндлөнгөөс үзэхэд бид хоорондоо тэмцэлдэж, нэлээд өрсөлдөөнтэй харагдаж байгаа. Бид бизнесийн салбарт ажиллаж буй нас биед хүрсэн хүмүүс. Иймд өрсөлдөөн, даалгавар, бодит амьдралыг хооронд нь ялгаж салгана. Тэмцээний үеэр өгөгдсөн хугацаанд чадах бүхнээ хийх ч, даалгавар дуусахад бид найзууд хэвээрээ. Бид энэ нэвтрүүлгийн туршид нэгэндээ маш их дасаж, амьдралын сайн найзууд болцгоосон.

“Аппрентис монгол” шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан нь нөхөрлөл, итгэл найдвар байлаа”

-Реалити шоуны явцад өгөгдсөн даалгаврууд хэр хүнд байсан бэ?

-Сэтгэл зүйн сорилт бол өгөгдсөн даалгаврууд хамт давхар шалгагдаж байгаа чанга даваа. Ялангуяа даатгалын бүтээгдэхүүн борлуулдаг есдүгээр даалгаврын “boardroom” дээр бид зэрэгцэж суугаад бие биенийхээ сул болон давуу талыг хайр найргүй хэлцгээсэн. Тэр өрөөнд сэтгэл зүйн маш хүнд тулаан өрнөсөн. Тэр үеийн эгзэгтэй, халуухан мэдрэмж зурагтаар тийм ч сайн мэдрэгдээгүй байх. Гэхдээ л аль алинд нь амаргүй байсан. Би тэр дугаарын дараа нэг хэсэг шоконд орсон. Одоо бид тэр тухайгаа яриад инээцэлддэг. Бид зарим талаараа бие биенийхээ тухай бараг өөрсдөөс нь илүү мэддэг болсон доо.

-Сэтгэл зүйн сорилт чанга даваа байсан гэлээ. Түүнийг даван туулахад юу танд хамгийн их дэм болсон бэ?

-Тэмцээний туршид хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Зургийг нь цүнхэндээ хийчихвэл доогуур шидэгдчих учраас энгэртээ хийчихээд л нандигнаад байсан. Даалгаварт гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө дахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан даа. Түүнчлэн шоуны явцад манай багийг ялагдахад Ч.Ганхуяг захирал “Зорилготой, зоригтой, зогсолтгүй бай” гэж хэлсэн нь санаанд буугаад үлдчихсэн. Мөн утсан дээгүүр алхах буюу аливаад эрсдэл гаргаж зоригтой зүтгэх ёстой гэсэн зөвлөгөө нь үнэ цэнтэй санагдсан.

-Шоуны явцад таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Хэрэв би Ч.Ганхуяг захирлын оронд байсан бол О.Амарболдыг сонгох байсан. Түүнийг сонгох олон шалтгаан бий. Бид хоёрын давуу болон сул талууд өөр өөр. Зан төлөвийн хувьд ч тэс ондоо. Тэгсэн хэрнээ нэг баг болж нэгдэхээрээ бие биенээ нөхөж чаддаг, маш хурдан ойлголцдог. Бид хоёр нийлэхээрээ бодит үр дүнд хүрч чаддаг. Одоо Ард Санхүүгийн Нэгдэлд хамтдаа хүчин зүтгэх болсондоо маш их баяртай байгаа.

“Тэмцээний үеэр өгөгдсөн хугацаанд чадах бүхнээ хийх ч, даалгавар дуусахад бид найзууд хэвээрээ”

-Та “Ард санхүүгийн нэгдэл”-д 200 сая төгрөгийн цалин бүхий гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон. Цаашид ямар зорилгыг өмнөө тавиад байна вэ?

-Гүйцэтгэх захирлыг албаа дөнгөж хүлээж аваад байна. Надад хүлээлгэсэн энэ их итгэлийг даахаас гадна авснаасаа илүү их зүйлийг хийж бүтээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл надад бий. Түүнийхээ төлөө хичээж ажиллана гэж бодож байгаа. Ард санхүүгийн нэгдэл бол санхүүгийн зах зээлд нөлөө бүхий байгууллага. Тиймдээ ч үндэстнээрээ хөрөнгө оруулагч болцгооё гэсэн улс, үндэстний хэмжээний амбицтай ажиллаж, түүндээ бусдыг уриалдаг. Энэ их үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна. Оюутан байхдаа хөрөнгийн зах зээлтэй анх танилцаж, арилжаанд тогтмол оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ажиллаагүй ч мэдээллийг нь сонирхдог, цаана нь явагдаж байгаа зүйлсийг мэднэ. Энэ нь миний давуу тал болох болов уу. Үүн дээр суурилаад Ард санхүүгийн нэгдлийн ажлаа цаг алдалгүй бариад авчихна гэж бодож байна.

Би борлуулалт, маркетинг суурьтай, мөн тоо, баримттай ажиллах дуртай. Ямар нэгэн зүйлийг ерөнхийлж биш, бодит тоогоор хэмжихийг чухалчилдаг. Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг шүү дээ. Тоо баримт дээр тулгуурлаж оновчтой шийдвэр гаргахыг хүсдэг. Энэ чадвар маань хэрэг болох байх. Хувь хүний хандлага, ур чадвар, ажлын ард гарна гэсэн эрмэлзэл гурав хамгийн чухал гэж боддог. Эрмэлзэл буюу дотроосоо шатах чадвар нь хүнд хэцүү үед бууж өгөхгүй байх тэвчээр, мөн зогсолтгүй урагш тэмүүлэх сэдлийг хүнд өгдөг. Ажлын арга барилаа олж, ур чадвараа хөгжүүлсэн хүн бусдаас ялгарна. Гэвч хэчнээн мундаг ур чадвартай, эрмэлзэлтэй байлаа гээд хандлага буруу бол бүх зүйл бурууддаг.

-Хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хэт цөөхөн тоглогчтой, зарим хувьцаат компанийн маш бага хувь нь хөрөнгийн зах зээлд олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн дийлэнх хувь нь хэдхэн хүний гарт байдаг. ​Гэхдээ сүүлийн жилүүдэд нөхцөл байдал дээрдэж байна. Компаниуд IPO хийж нээлттэй болж байна. Мөн хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ч нэмэгдсэн. Дээрээс нь банкууд хувьцаа гаргаж, тэтгэврийн сан үүсч хөрөнгийн зах зээл рүү ороод ирвэл эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ өснө. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд Ард санхүүгийн нэгдлийнхэн хүчтэй манлайлал үзүүлж уриалан оролцож байгаа. “Хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлооё” гэдэг нь одоо болохгүй байгаа зүйлсийг шинэчилж, үр дүнд нь хүн бүр хөрөнгө оруулагч болъё гэсэн зорилго юм. Үүний үр дүн гарч эхэлсэн. Хүмүүсийн санхүүгийн боловсрол ч илт нэмэгдэж байна. Цаашид иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болвол олон тоглогчтой болж, тэр хэрээр хөрөнгийн зах зээл тэлнэ гэж харж байна.

Ажлын арга барилаа олж, ур чадвараа хөгжүүлсэн хүн бусдаас ялгарна

-Хувьцаа авахаар зэхэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хүмүүс тэр компанийн хувьцааг авчихгүй яав даа, хэд дахин өсчихсөн байна гэж бүр сүүлд нь амаа барих тохиолдол их байдаг. Эсвэл бооцоотой тоглоом тоглож байгаа юм шиг өндөр дүнтэй мөнгө хийж азаа үзээд богино хугацаанд гэнэт их ашиг хийх сонирхолтой байх шиг ажиглагддаг. Энэ бол покер биш, харин хөрөнгө оруулалт. Иймд богино биш урт хугацаагаар харах нь зүйтэй. Алдаж чадах хэмжээгээрээ аваад дар гээд байгаа шүү дээ.

-Алдаа гаргадаггүй хүн байхгүй. Таны хувьд алдаанаас хэрхэн суралцаж, шийдвэрлэдэг вэ?

-СЭЗДС-ийн оюутан байхдаа хоёр найзтайгаа консалтинг зөвлөх үйлчилгээ, сургалтын төв байгуулах гэж оролдоод бүтэлгүйтэж байлаа. Эхлэлтийн хөрөнгө оруулалт бага шаарддаг, толгой ажиллуулах ажил учраас энэ чиглэлийг сонгосон юм. Нэг биш нэлээд хэдэн удаа шүү. Тухайн үед үзсэн менежерийн эдийн засаг гэдэг хичээл их таалагдаад, амьдрал дээр ашиглаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд найзуудтайгаа оффисоо олчихлоо, өрөөгөө тохижуулах ширээ сандал авахдаа аль болох хямдыг нь бодоод Эрээн хот руу явахаар болсон юм. Мөнгө хэрэг болохоор нь нөүтбүүкээ зарчихлаа, аав ээжээсээ ч бас багахан мөнгө авсан. Хоёр найз маань бас мөнгө гаргасан. Бид Эрээн хот руу явахдаа мөнгөө хэмнэх гээд вагоны билет авахгүй, туулайчилсан. Залууст ярьж болох сайхан жишээ биш л дээ /инээв/. Урдаас билет шалгагч ирэхээр хойшоо яваад, хойноос ирэхээр нь урагшаа гүйгээд л. Ингэж Эрээний хил даваад очингуутаа амьдралдаа анх удаа харсан наймаачинд гурвуулаа бүх мөнгөө өгөөд тавилгаа захиалчихлаа. Араас тавилга ирнэ гээд хүлээгээд байдаг, ирдэггүй. Бөөн юм болж байж иртэл хагас дутуу, бас эвдрэлтэй тавилгаа явуулчихсан байж билээ. Бид хэд аргалаад янзалсан. Сургалт, консалтингийн бизнес маань нэг их удалгүй дампуурсан. Үндсэндээ туршлагагүй хэдэн хүүхдүүд компани байгуулж тоглосон хэрэг. Гэхдээ их зүйл сурсан.

Ажлын явцад том, жижиг алдааны аль нь ч гарч болно. Харин түүнийг шийдэлгүй орхих юм уу, бууж өгөх нь өөрөө хамгийн том алдаа. Асуудал хэзээ ч дуусахгүй, түүнийг шийдвэрлээд, урагшил гэж хуучин удирдлага маань хэлдэг байлаа. Үүнтэй санал нийлдэг. Уйлж, дуулж, эморлоо гээд юу ч шийдэгдэхгүй. Ажил дээр энэ зарчмыг баримталдаг.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Нэг гоё үг байдаг даа, “Их битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд “Аппрентис Монгол” шоуны ялагч болсон юм шиг амархан харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр өмнө нь олон жил ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй. “Их битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж л захья.


Ц.БАРХАС: “Аппрентис Монгол” шоу миний амьдралын хамгийн гайхалтай аялал байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 16:26:18
    ОЮУНБУЯН: ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ БАЙСАН ЗАЛУУЧУУД МИНЬ //ИХ БИТГИЙ ХИЙ БАГА Ч БИТГИЙ ХИЙ ХАРИН ӨДӨР БҮР ХИЙ ГЭДГИЙГ Л ХЭВШИЛ БОЛГОЦГООВОЛ МАНАЙ 76 ДОТОР ЭНЭ ХҮҮГИЙН ХААНА Ч ХҮРЭХГҮЙ ГИШҮҮН ОЛОН Л БАЙХ ШҮҮ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-17 15:32:59
    Алтанчимэг: Ирээдүйд хэн болох нь тухайн хүний суурь хүмүүжилтэй бас их холбоотой бдаг гэж боддог. Ийм сайхан хүүг өдий хүртэл амжилтанд хүрэхэд нөлөөлсөн хүн нь эмээ нь бас бсан юм болов уу гэж боджийн. Өөрмйн хичээл зүтгэл ,туушдаа хөдөлмөрч бдалаар олж авсан энэ сайхан амжилтууд нь үргэлжид дэвшин дээшилж байг ээ. Өөрийн сурч мэдсэн бүхэн үргэлж амьдралыг өнгөлж бдаг .Оюуны чадал чадвар гдэг юутай ч зүйрлэшгүй өөрт оруулж буй том хөрөнгө оруулалт юм .Бархас захиралд цаашдых нь ажил амьдралд амжилт амжилтын дээдийг хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188