Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, загас судлаач Б.Мэндсайхантай хадран загасны талаар ярилцлаа.
-Хадран загасны ач холбогдол, онцлогийн талаар хэлж өгнө үү?
-Манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой олон байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том нь бөгөөд урт нь 70 см, жин нь гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлээр эхлэх бөгөөд ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо сүрэглэн өгсөж хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. 17-18 мянган түрс гаргадаг.
-Хэд насалдаг вэ?
-Монгол хадран 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм.
-Монгол хадран загасны тоо толгой цөөрч байгаа талаар сүүлийн жилүүдэд их ярьж байгаа. Энэ нь зарим талаар усан цахилгаан станцтай холбоотой гэх юм?
-Монгол орны хэмжээнд шинээр байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан санд биологийн олон янз байдал хэрхэн бүрэлдэж байгаа судалгааг Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Дөргөний усан цахилгаан станцын усан сангийн гүн хэсэгт макро сээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Станцын усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг байгаа юм. Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн Потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд Монгол хадран загасны амьдрах орчин хараахан бүрэлдэж эхлээгүй байгаа.
.jpg)
Дөргөний усан цахилгаан станц нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваагаад байна. Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд Монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин үржлийнхээ үед Хар нуураас Чоно харайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргөний усан цахилгаан станцаас доош хэсгийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахилгаан станц нь Чоно харайхын гол дахь монгол хадран загасны үржлийн талбайн 10 хувийг алдагдуулж байна.
-Таныг монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалсан гэсэн. Судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсдөг нь батлагдсан гэсэн. Энэ талаар ярина уу?
-Хар-Ус нуураас үржлийнхээ үед Ховд голоо өгсөн түрсээ шахдаг Монгол хадран загасны үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор нурууны сэлүүрийнх нь доор уян тэмдэглэгээ зүүж судлах ажлыг манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хар-Ус нуур орчмын ТХГНХЗ-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтран 2017-2019 онд гүйцэтгэсэн. Гурван жилийн хугацаанд Шижигтийн хавцалд 309 бодгальд уян тэмдэглэгээ зүүсэн юм.
Ингэхэд 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд тэмдэглэсэн уян тэмдэглэгээтэй гурван бодгалийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голоос загасчид барьж дугаарыг нь байгаль хамгаалагчид өгсөн байсныг тэмдэглэн авсан. Үүнээс харахад Монгол хадран загас том бул чулуу бүхий ширүүн урсгалтай Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болохыг энэхүү судалгааны дүн нотолж байна.
Дөргөний усан цахилгаан станцын загас дамжин өнгөрүүлэх суваг
-Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихдаа үүнд анхаарах хэрэгтэй байх нь. Магадгүй загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулж болох?
-Олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон дамжин өнгөрүүлэх байгууламж, загас хамгаалах байгууламжийг барьж өгдөг. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байдаг. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохироогүй оновчгүй байгууламж барьсан байдаг. Иймээс дахин ийм алдаа гаргахгүйн тулд эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг маш тодорхой, нарийвчилан оруулж өгөх шаардлагатай байна.
-Болохгүй бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын дэргэд загас үржүүлгийн төв байгуулж болох. Гаднын томоохон усан цахилгаан станцуудын дэргэд ийм төв байдаг шүү дээ?
-Тийм. Хамгийн оновчтой арга бол шинээр үүссэн усан санг түшиглэн загас үржүүлгийн төв байгуулах явдал юм. Усан санг түшиглэн тухайн голд нь амьдарч байгаа агнуурын ач холбогдолтой, мөн нэн ховор, ховор зүйлүүдийг зориудын аргаар үржүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайг усан сангаас дээш, доош тавин байгалийн нөөцийг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ асуудалд тухайн усан цахилгаан станцын захиргаа, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран загасыг зориудын аргаар үржүүлдэг мэргэжлийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хандан шинжлэх ухаан, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хүсэлт гаргах хэрэгтэй. Тэгээд ажил хэрэг болгож чадвал бид Монгол хадран загасныхаа генийн фонд, нөөцийг хадгалж, хамгаалан үлдэж чадна.
Г.Батбаяр
Б.МЭНДСАЙХАН: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын дэргэд загас үржүүлгийн төв байгуулъя |
|