-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэйбол билльярдын Ази тивийн аварга болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хэйбол билльярдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод Азийн аварга болсондоо маш их баяртай байна.
-Аварга болсон анхны эмэгтэй тамирчин гэх алдрын эзэн болсон учраас баяр хөөрөөс гадна, үүрэг хариуцлага ирсэн байх?
-Тийм ээ, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод Хэйбол билльярдын төрөлд анхны эмэгтэй аварга болсон учраас сайхан байна. Мэдээж тэр хэрээрээ маш том үүрэг хариуцлага ирж байгаа, цаашдаа илүү сайн хичээх болно.
-Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь тун гайхалтай амжилт болсон талаар хүмүүс ярьж байсан. Тус тоглолтын талаар ярьж болох уу?
-Тайландын тамирчин бол 2024 оны азийн аварга, 2024 оны дэлхийн аварга тамирчин. Уг тамирчинтай энэ жилийн азийн аваргын тэмцээнд зоондоо эхний тоглолт таарч 6:1-ийн харьцаагаар хожиж, аваргын төлөө дахин таарч 4:3 харьцаагаар хожин аварга болж чадсандаа баяртай байна.
-Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөгүй Иордан опен төрлөөр үргэлжилж байгаа юм билээ. Тэмцээн хэрхэн явагдаж байна?
-Аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Иордан опен тэмцээн болж байгаа юм. Хэйбол билльярдын аварга болсныхоо дараа шууд дараагийнхаа төрөлд тоглож эхэлсэн. Эхний тоглолтоо Польш Улсын тамирчныг 6:2-ын харьцаагаар хожин эхний ялалтаа авсан, дараагийн тоглолтоо хүлээж байна.
-Хэйбол билльярдын онцлог юу юм бэ?
-Бильярдын спорт олон төрөл байдгаас миний хувьд манайхны төдийлөн мэддэг ногоон ширээ буюу хэеболл төрлөөр бэлтгэл сургуулилтаа хийж хичээллэдэг. Миний хувьд хэеболл төрөлдөө хамгийн их дуртай.
-Бильярдын спортоор хичээллэх болсон шалтгаан нь юу вэ. Хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Анх нөхөртэйгөө 2013 онд танилцсан юм. Түүний дараахан билльярдын спортод дуртай болж, хичээллэж эхэлсэн. Манай хүн билльярдын спортоор хичээллэн 25 жил болж байгаа учраас хамт хичээллэхээр бэлтгэл хийж эхэлсэн дээ.
-Тэмцээнд оролцохдоо ийм хэмжээний амжилт гаргана гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ. Хэр удаан бэлдэв?
-Миний хувьд билльярдын спортоор хичээллэн нийт есөн жил болж байна. Сүүлийн хоёр жил маш хичээнгүй, шургуу бэлтгэл хийсний үр дүнд өнөөдөр өөртөө итгэх итгэл минь илүү нэмэгдэж амжилтын үндэс минь болсон гэж бодож байна.
-Бильярдын спортоор хичээллэснээр ямар тамирчинд ямар чадвар, төлөвшил суудаг вэ?
-Бильярдын спорт бол маш тайван, ухаан, сэтгэл зүйн өндөр чадамж суулгаж чаддаг. Нэг талаараа шатартай тун ойрхон спорт тайван, хүлээцтэй их ухаан уралдуулж тоглодог учраас тамирчдын оюун ухааныг задалж, төрөл бүрийн чадварыг суулгаж өгдөг дөө.
-Зарим тохиолдолд хүмүүс билльярдыг спорт гэж төдийлөн хүлээж авдаггүй юм шиг санагддаг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Зүгээр сонирхогч, мэргэжлийн тоглогч хоёр өөр шүү дээ?
-Манай Монголын хэеболл холбоо найман жилийн өмнө анх үүсгэн байгуулагдан, билльярдын энэ төрлөөр тууштай эрчимтэй тэмцээн уралдаан зохион байгуулж, хөгжүүлсний үр дүн нь одоогийн сайн тамирчид бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог. Тийм учраас одоо бид тив дэлхий тэмцээнд сайн оролцож, амжилт гаргаж байна. Сүүлийн найман жилд манай Монголд маш хурдацтай өсөж хөгжиж байгаа спорт. Энэ дашрамд Монголын хэеболл пүүл билльярдын холбоондоо талархал илэрхийлье.
-Танд оролцохыг хүсдэг тэмцээн бий юү, таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Миний хувьд Хэеболл билльярдын Дэлхийн аваргад оролцохыг хүсэж байсан. Энэ удаагийн Азийн аварга болох тэмцээнд тэргүүн байр эзэлсэн болохоор дэлхийн аваргад орох эрхээ авч чадсандаа маш их баяртай байна. 2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд Австрали Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилтаа баталж, илүү сайн оролцохыг хичээнэ.
Г.ГАН-ОРХОН: ХЭЙБОЛ БИЛЛЬЯРДЫН АЗИЙН АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |