-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. “Emirates Airline"-д анх ажиллаж эхэлсэн үеэс нь ярих уу?
-2024 оны нэгдүгээр сараас АНЭУ-ын Дубайд төвтэй, төрийн өмчит Emirates Airline-д ажиллаж эхэлсэн. 2023 онд Австрали Улсын Сидней хот руу магистраа хамгаалах зорилготой яваад тун санаандгүй байдлаар сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Олон улс, соёлтой танилцахыг их хүсдэг байсан боловч тэр бүр байнга боломж байгаагүй болохоор үнэхээр сайхан тохиол гэж хүлээн авч, догдолсон. Анх Дубайд ирж байсан оройг сайн санадаг, хэзээ ч амьдарна гэж бодож, төсөөлж байгаагүй улсдаа нэг ч таньдаг хүнгүй цоо шинэ газар, хэзээ ч хийж үзээгүй ажлаа хийх гээд ганцаараа, ямар ч төсөөлөлгүй ирж байсан.
-Ажилдаа орсны дараа анхны нислэг аль улс руу байсан бэ. Тухайн үед юу бодож, мэдэрч байв?
-Анх Шанхай хот руу нисэж байсан, яг жилийн өмнө тэр өдөр хоёр найзтайгаа аялахаар Шанхай явж байсан юм. Ажлын минь анхны нислэг ч тэр өдөр, тэр хот руу болохоор үнэхээр сонирхолтой мэдрэмж төрж байсан. Тухайн үед жилийн дараа ийм ажил хийгээд ахиад ирсэн байна гэж ёстой төсөөлж ч байгаагүй болохоор, амьдрал гэж үнэхээр гэнэтийн зүйлсээр дүүрэн санагдсан даа.
-Багийнхан дундаа ганц Монгол ажилтан нь байх. Тэгэхээр эх орныхоо нэрийг унагахгүйн тулд илүү хариуцлагатай ажилладаг байхдаа?
-Монгол охид ирээсэй гэж үнэхээр их хүсдэг, сайн боломж аливаа зүйлсийг харах өнцөгт их нөлөлдөг бас өөрийгөө хүртэл ахин таньж мэдсэн юм шиг санагддаг. Мэдээж олон хүний хувьд таарч байгаа анхны Монгол хүн болдог болохоор аль болох үг үйлдлээ анхаарч хичээдэг.
-Дэгжин дүрэмт хувцастай, цэмцгэр онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг багачууд байдаг шүү дээ. Таны хувьд энэхүү ажилд орсон нь амьдралын гэнэтийн тохиолдол байв уу, багынхаа хүслийг биелүүлсэн явдал байсан уу?
- Өсвөр насандаа бүхээгийн ажилтан болохыг хүсдэг байсан ч өөр мэргэжил сонгож ажиллаад, ер нь бол тэр талаарх бодлоо мартчихсан байсан. Тэгээд яах аргагүй багадаа хүсэж байсан болохоор сэтгэлийн гүнд бас далд ухамсарт үлдсэн байж дээ гэж бодож байгаа.
-“Emirates Airline” компаниас өмнө нь өөр нислэгийн компанид ажиллаж байв уу?
-Үгүй ээ ажиллаж байгаагүй. Анх удаа л нислэгийн багт ажиллаж байна.
-Нисэх багийн гишүүн болохын тулд олон шалгуурыг давсан байхдаа?
-Сиднейд нээлттэй өдөрлөгт оролцож байсан, Сидней их хөлийн хот болохоор олон үндэстний хүмүүс шалгаруулалтад орж байсан. Австрали, Швед, Бразил тэргүүтэй орны 50 гаруй хүн оролцоод ганцаараа тэнцсэн. Манайхан ийм олон улсын нисэхийн компанид монгол хүн ажиллах боломжгүй гэж боддог байсан юм билээ. “Чамайг хараад оролдоод үзэх сэдэл төрсөн” гэж хүмүүс надаас урам авч байгаагаа илэрхийлдэг. Ер нь бол их сүртэй томоор хүлээж авалгүй туршаад үзээсэй гэж хүсдэг.
-Ажлын шаардлагаар болон хувийн аяллаар олон оронд аялсан байх. Тэр дундаас хамгийн сайхан нь аль улс байсан бэ?
-Шинэ Зеландийн Кристчерч болон Өмнөд Африкийн Cape town хотууд гоё байгальтай, үед сайхан энерги өгдөг.
-Байнга гадаад байдаг учраас эх орон, гэр бүлээ их санадаг байхдаа. Монголынхоо юуг хамгийн их санадаг вэ?
-Эх орон гэдэг ойлголтыг Монголдоо амьдрахаа больсноосоо хойш илүү гүн мэдэрч байгаа. Эх орон гэдэг орон гэр юм билээ. Хэчнээн сайхан байгаль өндөр хөгжил дэвшилтэй, амар тайван аюулгүй улс байгаад ч хүн ер нь эх орондоо л сэтгэл тэнэгэр гэртээ байгаа юм шиг байж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Монголоо тэр чигт нь л санадаг цээж дүүрэн амьсгалах агаар, хашаа хамаагүй гараад гүймээр өргөн уудам тал нутаг эрх чөлөөг.
-Олон цагаар маш өндөрт, агаарын хөлөгт ажиллахад хүндрэл, бэрхшээл нь юу байдаг вэ?
-Өмнө нь анзаардаггүй байсан маш олон давуу талаас гадна сорилтууд байдаг юм байна лээ. Хамгийн их нөлөөлдөг нь хүний байгалийн цагаас зөрж ажилладаг бас агаарын даралтийн нөлөө нь биед мэдрэгддэг болохоор аль болох эрүүл дадлуудыг амьдралдаа хэвшүүлэхийг хичээж байгаа.
-Залуу хүний хувьд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Залуу байгаа дээрээ юуг үзэж, сонирхож, сурах хэрэгтэй гэж боддог вэ?
-Би өөрийгөө их сониуч гэж боддог, бас сониуч байхыг хичээдэг. Шинэ мэдээлэл авахыг тархиа идэвхтэй байлгахыг хичээдэг, аль олох олон төрлийн туршлага хуримтлуулж амьдралаа бүтэн мэдэрч дүүрэн амьдрахыг зорьдог.
-Хамгийн дурсамжтай, сургамжтай, онцлог нислэгийнхээ талаарх дурсамжийнхаа талаар яривал?
-Олон дурсамжтай нислэгүүд байгаа. Тэр дундаас сүүлд Сидней явахдаа ээжтэйгээ уулзсан минь хамгийн дурсамжтай. Ээж маань намайг дүрэмт хувцастай харж байгаагүй юм мөн сүүлд уулзсанаас хойш хоёр жил өнгөрсөн байсан. Намайг ирнэ гэдгийг мэдээгүй ээж дээрээ гэнэт очиход үнэхээр гайхсан шүү. Намайг харж байгаа харцнаас нь олон зүйл мэдэрсэн. Их санахын зэрэгцээ, сайн явааг минь хараад баяртай байгааг нь харах сайхан байсан шүү.
-Цахим сүлжээнд ажил, аяллынхаа талаар дүрс бичлэг оруулдаг болсноос хойш хүмүүсээс хамгийн их ирсэн сэтгэгдэл юу байсан бэ. Сэтгэлд хүрсэн магтаал, урмын үгс ч их ирдэг байхдаа?
-Охид, залуусаас “Бүхээгийн ажилтан болоход яаж бэлдэх вэ, юун дээр анхаарах вэ” гээд зөвлөгөө авах гэж бичдэг. Би цагийн зөрүүтэй ажилладаг, дээрээс нь энэ төрлийн ижил утгатай зурвас 100, 100-аараа ирдэг болохоор тэр бүр бүгдэд нь хариулж чаддаггүй. Тиймээс олон улсын авиа компаниудад хэрхэн бэлдэж, ажилд ороход талаар сургалт зохиох төлөвлөгөө гаргаж, программ агуулгаа бэлдэж байгаа. Хүмүүс миний хийж байгаа зүйлийг хараад оролдоод үзэх сэдэл авч байдагт нь талархалтай байдаг. Олон хүнээс урам зориг авсан гэдэг утгатай зурвас хүлээж авдаг, баярлалаа.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Энэ ажлаа өөрөө мэдрээд боллоо гэж бодох хүртлээ хийнэ гэж бодож байгаа. Өмнө нь, сурах төлөвлөгөөтэй Австрали яваад сонгон шалгаруулалтад тэнцээд шууд Дубай руу явсан болохоор одоо ч гэсэн сурах хүсэл маань байгаа. Гэхдээ амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн болохоор ам гарч болохгүй болох ёстой зүйлс зөв цаг үедээ болж бүтэх байх.
У.ХОСЗУЛ: ОЛОН УЛСЫН 50 ГАРУЙ БҮСГҮЙТЭЙ ӨРСӨЛДӨЖ, ГАНЦААРАА “EMIRATES AIRLINE"-Д ТЭНЦЭХ ГАЙХАЛТАЙ БАЙСАН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |