• Өнөөдөр 2024-04-25

Зурхайч лам Д.ЦОГТБААТАР: Эдийн засаг сайжирч, эрүүл мэндэд сайн жил болно

2021-02-11,   21357

-Цагаагчин үхэр жилд төрийн хууль хэрэгжилт суларч, иргэдийн ахуй амьдрал доройтно-

Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Үхэр жилийн хувьд ямар онцлогтой, өнгө төрхтэй байх талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол зурхайн ёсоор XVII жарны Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил гарч байна. Жилийн ерөнхий шинжийг шороон үхэр жилийн зурлага, эзэн гараг, хаан гараг, түшмэл гараг, боовны үр гэх мэт зурхайн зурлагуудаар шинждэг уламжлалтай. Монголчууд бид үхэр жилийг шинжихдээ голчлон шороон үхэр жилийн зурлагаар шинждэг гэсэн үг. Шороон үхэр жилийн зурлагад:

ҮХЭР НЬ: Толгой нь цагаан, бие, ходоод, өвчүү, цулбуур шар, омруу, туурай ногоон, эвэр, чих, сүүл хөх, дөрвөн шийр нь оготно улаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.

ҮХЭР ХАРИУЛАГЧ НЬ: “Царай нь улаан, малгайныхаа баруун чихийг сөхөж, зүүн талаа буулгасан, гэзэг нь хоёр чихнийх нь ард талаар хийссэн, дээл нь хөх, бүс нь шар, баруун хөлдөө ногоон гутал өмссөн, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, олсоор томсон бургасан шилбүүр барьсан, хүч чадал бага, идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйдэг” хэмээн дүрслэгдсэн.

Эл зураглалаас жилийн байдлыг ажвал,​ өвгөд хөгшдөд дорой, залууст сайн, нялхаст буюу түмэн олонд дунд байх нь ээ. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах, улс эх орны эдийн засаг сайжирч, эрүүл мэндэд сайн жил байх болно. Харин иргэдийн ахуйн амьдрал тааруу байх бөгөөд хэрүүл тэмцэл өрнөх аж. Хот суурин газарт галын аюул нүүрлэх магадлалтай. Цаг агаарын хувьд, цас, бороо элбэг, газрын шим арвижих, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн байна. Улмаар намар урт болж, буян хишиг хурж, эд мал дэлгэрэх шинжтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гарч буй жилийн өнгө ийм байх нь гэсэн үг.

- Жилийн ерөнхий шинжийг эзэн, хаан, түшмэл гараг, боовны үрээр шинждэг гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Жилийг л шинжих арга барил гэсэн үг. Энэ жилийн хаан гарагийг буд гараг эзэлж байгаа юм. Ухааны үүд болон үр тариа, жимс, цэцэрлэг дэлгэрч, зон олон номын явдлаар явж, номын эрдэмтэй хүний ажил үйлс бүтэмжтэй байх болно. Магад төрийн үйл хэрэгт эрдэмтэн, мэргэдийн хүчийг түлхүү ашиглах шинжтэй байна. Харин боовны үрээр энэ жилийг шинжвэл, хоёр луу бороо оруулж, 11 хүн газар хагалж, зургаан хүнд дөрвөн морь, таван хонь, долоон жин будаа, есөн боовны хишиг ноогдох болно. Мөн боовны үрээр шинжихэд хур бороо тааруу ч газрын шим сайн байна. Хүнсний хангамж сайжирна. Түүнчлэн үймээн самуун, хямрал тэмцэл дунд зэрэг байх аж. Учир нь, хүний тоо нь их, морь нь бага байна гэдэг нь хямрал тэмцэл бага гэж ойлгож болно. Түүнчлэн дээр дурьдсанаар зургаан хүнд ногдох идэш уушны хувьд сайн байхаар шинжигдэж байна.

-Үхэр жилд онцгойлон цээрлэх ёс гэж байх уу?

-Жилийн онцлогоос шалтгаалж, засал ном гэж бий. Тэрнээс онцгойлон анхаарах цээрлэх ёс гэж байхгүй. Цөөвөр гэдэг нь оноосон ёгт нэр. Монголчууд бид жаран жилийн тооллын цаг тооны бичиг ашигладаг. Тухайлбал, 60 жил болоод нэг цагаагчин үхэр жил гардаг. Цагаагчин үхэр гэдэг нь махбодын тооллоор төмөр үхэр жил гэсэн үг. 

-Цөөвөрчин хэмээх цагаагчин үхэр жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх вэ?

-Нэгдүгээрт үхэр жил орж байгаа хүмүүс. Тухайлбал, дараах онд төрсөн үхэр жилтнүүд онцгойлон засал хийлгэж, өөрт тохирсон ном уншуулах нь зүйтэй.

“2009, 1949 оны үхэр жилд төрсөн хүмүүсд ХҮҮ махбодтой жил байх бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг, Ногоон дарь эх, Жамбалсанжид, Усан балин өргөнө.

“1997, 1937 оны үхэр жилд төрсөн хүмүүс нь НӨХӨР махбодтой жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржзодва, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий уншуулна.

“1985, 1925 оны үхэр жилд төрсөн хүмүүс нь ДАЙСАН махбодтой жил бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог, Алтангэрэл, Ямбийдончир, Лусад балин өргө.

“1973 оны үхэр жилд төрсөн хүн нь ЭХ махбодтой жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг, Заслын найман ном.

“1961 оны үхэр жилд төрсөн хүн нь “Өөрийн төрсөн жилтэй адил” махбодтой жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Цэвэгмэдийн чого, Манал, Гурван гүрэм, Манал, Бум цац талби уншуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, их харш жилийн засал гэж бий. Хонь  жилтэй хүмүүс их харш жилийн засалтай. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, Жанаггагдог, Заслын найман ном. Замд явбал Далх тахь уншуулах шаардлагатай.

Гуравдугаарт, бага харш жилтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Луу, нохой жилтэй хүмүүс бага харш жилийн засалтай. Жадамба, Ногоон дарь эх, Жанагагдог, Дашзэвэг, Нанжид, Амин золиг гаргуул уншуулах хэрэгтэй.

-Дөрөвдүгээрт, ивээл жилийн засал хийлгэх. Могой, тахиа жилтэй хүмүүс ивээлийн жилийн засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Доржзодва, Ганшиг, Заслын найман ном, гурван гүрэм айлдуулах.

-Тавдугаарт,  цагаан жилийн засал хийлгэх. Бар жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай. Сэтгэл энэлэх, шарх  гарах гэм буй. Гурван гүрэм, Сундуй, Жамбалсанжид, Маналын чого, Сахиусаа тахих хэрэгтэй.

ХАРШ СУУДЛЫН ЗАСАЛТАЙ ХҮМҮҮС

-Бар, луу, морь, бич, нохой жилтэй хүмүүс суудлын өнцгийн засалтай. Намхайнинбо, Саейнинбо, Жанаггагдог, Сундуй, Лүмбэнгарав, Дашзэвэг, Нанжид, Жамбалсанжид хуруулна. Харин 1924, 1929, 1933, 1948, 1953, 1957, 1972, 1977, 1981, 1996, 2001, 2005, 2020 оны эр, 1941, 1945, 1965, 1969, 1989, 1993, 2013, 2017 оны эм, 1939, 1943, 1963, 1967, 1987, 1991, 2011, 2015 оны хүмүүс харш суудлын засалтай. Намхайнинбо, Саейнинбо, Жанаггагдог, Сундуй, Лүмбэнгарав, Дашзэвэг, Нанжид, Жамбалсанжид уншуулах юм. Бич, тахиа жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай. Заслын найман ном, Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Сундуй, Гурван гүрэм, Манал уншуулна даа. 1926, 1944, 1945, 1950, 1968, 1969, 1974, 1992, 1993, 1998, 2016, 2017оны эр, 1932, 1933, 1938, 1956, 1957, 1962, 1980, 1981, 1986, 2004, 2005, 2010 оны эм, 1928, 1930, 1934, 1943, 1935, 1936, 1952, 1954, 1958, 1959, 1960, 1967, 1976, 1978, 1982, 1983, 1984, 1991, 2000, 2002, 2006, 2007, 2008, 2015 оны хүмүүс суудлын нашидүрсүмийн засалтай. Заслын найман ном, Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Сундуй, Намхайнинбо, Саейнинбо, Гурван гүрэм, Манал айлдуулна гэсэн үг. 1923, 1932, 1941, 1950, 1959, 1968, 1977, 1986, 1995, 2004, 2013 онд төрсөн хүмүүс жилийн гүмэгийн засалтай /есөн нүдний засал/. Жанаггагдог, Дашзэвэг, Найман гэгээн, Жамбалсанжид, Сундуй, Цэвэгмэдийн чого хуруулах юм. Мөн 1925, 1933, 1941, 1949, 1957,1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны хүмүүс суудлын гүмэгийн засалтай. Жанаггагдог, Дашзэвэг, Найман гэгээн, Жамбалсанжид, Сундуй, Цэвэгмэдийн чого /есөн нүдний засал/ хийлгэнэ. 1922, 1931, 1940, 1949, 1958, 1967, 1976, 1985, 1994, 2003, 2012 онд төрсөн хүмүүс мэнгэний засалтай. Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд, Ногоон, Цагаан дарь эх, Жамбалсанжид, Манал, Алтангэрэл уншуулна.

Урвасан жилийн засал

-Газрын үүд хаалгах. Эр морь, нохой, гахай жилтэн, эм үхэр жилтнүүд газрын үүд хаалгах засалтай.Лус савдагийн хорлол, элдэв хүмүүний хөнөөл ирэх. Газар шороо хөндөх, малтах, мод чулуу хугалж булгалах, ус лус бохирлож бузарлахыг тэвчиж цээрлэ. Намхайнинбо, Саейнинбо, Лү вангон, Лүмбэнгарав, Сундуй, Сандуйн жүд, Заслын найман ном уншуул.

-Хагацахын үүд хаалгах. Эм луу жилтэй хүмүүс хагацлын үүд хаалгах засалтай. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэхийн гэмтэй. Хэрүүл, тэмцэл өш хонзонгоос сэргийл. Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Дашзэвэг, Найман гэгээн, Жинлавцогзол уншуулаарай.

-Үгүйрлийн үүд хаалгах. Эм бар, могой, гахай жилтнүүд үгүйрлийн үүд хаалгах засалтай. Сэтгэл санаа амгалангүй болж, идээ ундаа, эд малын гарз ирэх тул алс хол жуулчлан явах, худалдаа наймаа хийхийг тэвч. Жамбалсанжид, Алтангэрэл, Ямбийдончир, Норжмаагийн тогтоол, Сандуйн жүд, Дашзэвэг, Дашдондов, Гурван гүрэм уншуулах хэрэгтэй.

-Энэ жил коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор жилийн заслыг шинийн 15-наас өмнө хийлгэж амжихгүй нь гэсэн хүн олон байна. Заслаа хэрхэн хийлгэх вэ?

-Гарч байгаа жилдээ сайн сайхан байхын тухайд аливаа цээрийг арилгаж, засал ном хийлгэдэг уламжлалтай шүү дээ. Шинийн 1-ндээ зүг мөрөө зөв гаргах нь хамгийн чухал байдаг. Дараа нь жилийн засал номоо хийлгэх хэрэгтэй. Энэ жилийн нөхцөл байдлаас шалтгаалж, иргэд цахимаар заслаа хийлгэх боломжтой. Иргэд гэрээсээ шинийн 15-ны дотор “gandan.mn” сайтад төрсөн он, сар, хүйсээ оруулахаар тухайн жилд ямар засал хийлгэх нь бүгд тодорхой гарч ирнэ. Тухайн гарч ирсэн номоо захиалж, цахимаар төлбөрөө төлөөд, номоо уншуулах боломжтой. Ингэснээр бүртгэлийн сангаас “Таны захиалсан номыг хүлээж авлаа. Таны захиалсан ном өнөөдөр уншигдлаа” гэх хариу мэдээлэл иргэдэд очно.  

-Та ард иргэдэд хандаж ерөөлийн үг хайрлахгүй юу?

-Монгол орон төдийгүй, дэлхий даяар хүнд хэцүү, амаргүй жил өнгөрч байна. Улирч буй цагаан хулгана жилийн алдаа, оноогоо цэгнэж, амжилт бүтээлээ өөрсдөө дүгнэж, муу бүхнээ үлдээгээд дараагийн онтой золгох болтугай. Улс орон, ураг төрлийн минь сайн санааны хүсэл бүхэн биелэх болтугай. Гарах гэж буй цагаагчин үхэр жилд дэлхий нийтээрээ амар амгалан байх болтугай гэж ерөөмөөр байна. 

 


Зурхайч лам Д.ЦОГТБААТАР: Эдийн засаг сайжирч, эрүүл мэндэд сайн жил болно
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188