-Багаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байсан гэсэн. Хөгжмийн юу нь таны сэтгэлийг тэгж их татсан юм бэ?
-Урлагийн арга хэмжээг алгасдаггүй, дуулж, бүжиглэж, хөгжим тоглох гэх мэтээр заавал оролцдог хүүхэд байлаа. Оролцох бүрдээ хөгжим хүмүүст ямар нэг сайхан мэдрэмж төрүүлдгийг мэдэрдэг байсан. Хүмүүст тэр мэдрэмжийг хуваалцахыг хүсэж эхэлснээр хөгжимд донтож, өөрөө уран бүтээл хийхийг хүсэх болсон доо.
-Өмнө нь “Pro Sounds” студиэс ажлын гараагаа эхэлсэн гэсэн. Тус продакшнд байхдаа “BX” тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтарч ажилласан гэж сонссон юм. Тус продакшнаас олон зүйл сурсан уу?
-2004 оноос хөгжмийн продюсероор ажиллаж байна. Тухайн үед хайрын дуу дуулдаг байсан H2, No Name, Outlaw, Joshua, Bobo, Eternal тэргүүтэй бүх л хип хоп хамтлаг, дуучидтай хамтарч байлаа. 2012 оноос “Pro Sounds” студид ажиллаж эхэлсэн. Монголчуудын сайн мэдэх Reghu дууны инженертэй хамт ажиллаж, зөвлөлддөг, мэдэхгүй, чадахгүй олон зүйлээ тэр хүнээр заалгасан. 2013 онд Б.Ангирмаа эгчтэй танилцаж, зохиосон дуунуудаа сонсгосноор 2014 онд Киви хамтлагийн цомгийн дөрвөн дуун дээр ажиллах боломжтой болсон. Тэр үеэс байнгын холбоотой ажиллаж байна. Монголчуудын сонсох дуртай олон дуучинтай хамтарч, одоо ч хүмүүсийн аманд аялагддаг дуунуудыг хийсэндээ, тэр үед.
-Өөрөө уран бүтээл хийхээс илүү продюсероор голлон ажилладаг шүү дээ. Шалтгаан бий юү?
-Дуу, хөгжим хийхээр оролддог байхдаа уран бүтээлчдэд арын алба хамгийн чухал гэдгийг ойлгосон. Уран бүтээлчдийг дэмжиж, тэдний хийж, бүтээмээр байгаа зүйлд нь өөрийнхөө чадах зүйлээр оролцож байгаадаа, үр дүн нь сайн гарч байгааг харах дуртай. Ажлаасаа аз жаргал, сэтгэл ханамж мэдэрч байна гэсэн үг л дээ. Ер нь продюсер бол хүний өмнөөс бодож, уран бүтээлийг өөр өнцгөөс харж, төсөөлөн мэдрэмжийг нь бүр илүү гялалзуулдаг хүмүүс шүү дээ.
-“Оcean Grey” продакшн 11 жилийнхээ ойг өнгөрсөн онд хийлээ. Хүмүүс ихэвчлэн 10 жилийнхээ ойг хийдэг шүү дээ. Ойн тоглолтын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бусад уран бүтээлч, продакшн ихэвчлэн тэгш тоотой жилүүдэд ойн баяраа тэмдэглэдэг. Миний хувьд бусдаас арай содон байхыг хүссэн. Мөн нэгийн тоотой холбоотой олон сайхан дурсамж бий. Магадгүй манай продакшн 22 жилийнхээ ойг хийх байх. Ойн тоглолтын онцлох зүйлийн нэг нь зочин уран бүтээлч байсан. Манай продакшн уран бүтээлийн чанар, дуучдын чадвараар ялгардаг гэж боддог. Тиймээс ч одоо мандаж байгаа залуу уран бүтээлчийг бус дууг сонсоод мэддэг, хүмүүсийн дурсамжийг сэргээсэн уран бүтээлч урихаар зорьж, дэлхийн алдарт K-Maro дуучныг сонгож, урьсан. “Ocean grey”-ийн ойн баяр учраас манай уран бүтээлчид ялгарч, тодорч харагдах хэрэгтэй гэж бодсон юм. Тэдний ч баяр шүү дээ.
-Продакшныхаа уран бүтээлчдийг хэрхэн сонгодог вэ?
-Одоо байгаа продакшныхаа уран бүтээлчдийг аль хэдийнэ сонгочихсон байсан. Дуулах чадвар, уран бүтээл хийх чин хүсэл нь мэдрэгдсэн залуустай манай продакшн хамтарч, дэмжихийг зорьдог.
-Уран бүтээлчдийнхээ дууны дүрс бичлэгт илүүтэй анхаарал хандуулдаг юм шиг санагддаг. Энэ талаар яривал?
-Дууг сонсогчдод хүргэдэг гол зүйлсийн нэг нь дүрс бичлэг. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, сонирхолтой, чанартай шинэ зүйлсийг сонсогчдод хүргэхийг зорьдог. Гадаад уран бүтээлүүдийн чанарт ойртож, тэдэнтэй өрсөлдөх дуу хийхийг хичээж байгаа. Тиймээс хийсэн болоод орхисон уран бүтээл гаргахыг хүсдэггүй. Чанартай, үлдэх юмтай зүйл хийхийг л хичээдэг.
-Тэгвэл таны хувьд чанартай уран бүтээл гэж юу вэ. Ямар байх ёстой вэ?
-Миний бодол учраас зарим хүн ойлгохгүй эсвэл санал нийлэхгүй байж мэднэ. Хэдэн арван жил өнгөрсөн ч амьд мэдрэмж төрүүлдэг, амьд хөгжим дээр суурилсан, сайхан аялгуутай дууг л чанартай уран бүтээл гэх байх. Одоо үед тренд болсон хэв маяг, загвараас тэс өөр дуучныхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг гаргасан уран бүтээл гэсэн үг.
-Продюсер болохоосоо өмнө дуулдаг байсан шүү дээ. Дуучны хувиар шинэ уран бүтээл гаргах бодол бий юү?
-Одоохондоо уран бүтээл хийх бодолгүй байгаа. Би одоо хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж байгаа, ирээдүйд ч хийсээр байх болно.
-Хүссэн бүхэн нь өөрийгөө дуучин гэж нэрлээд уран бүтээл хийх боломжтой үе шүү дээ. Нэг дуутай ч дуучин бий. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Одоо үед бүгд уран бүтээлч болох боломжтой. Сургуульд нь сурч, онол судлах шаардлагагүй болсон санагддаг. Гэхдээ цаг хугацаа, уран бүтээлчийн хичээл зүтгэл, тэмүүллийн үр дүн нь буюу дуунууд нь түүнийг хэр хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг тодорхойлно.
-“Tirple X HIT awards”-ийн шилдэг продюсероор шалгарахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-“Шагнал авлаа” гэж баярлахаас илүү “Дараа, дараагийнхаа уран бүтээлээр хүмүүст юу харуулах вэ, юуг илүү сайжруулж хийх вэ” гэж бодсон.
-“Оcean Grey”-ийн продюсероор ажиллаж байгаа энэ цаг хугацааны хамгийн сэтгэлд тод мөчөө хуваалцвал?
-Эхэлсэн цэгээ л үргэлж санадаг даа. Хүн хаанаас, ямар байдалтайгаар, юуг зорьж эхэлсэн гэдгээ огт мартаж болохгүй. Тэр эхлэлийн цэг байгаагүй бол би одоо юу ч хийгээд явж байж мэднэ шүү дээ. Тэгэхээр эхлэл тун чухал. Түүнийг мартаж болохгүй.
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу таныг урлагийн чиглэлээр явна гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Оюутан байхдаа одоо хийж байгаа ажлаа мөрөөдөж, продюсер болохын тулд хичээж байлаа. Хэдийгээр Төмөр замын дээд сургуульд сурч байгаа ч хүсэл мөрөөдөл минь огт өөр чигт байсан. Аав минь насаараа төмөр замд ажилласан учраас надад мэргэжлээ өвлүүлэхийг хүссэн байх. Эхэндээ дэмждэггүй байсан ч би хүссэн замаараа явсан. Одоо бол миний зохиосон дуу гэрийнхний минь дуудлагын аян дээр байдаг. Тэгэхээр намайг хүлээн зөвшөөрч, дэмждэг болсон гэсэн үг биз дээ.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ. “Оcean Grey” продакшнаас ямар уран бүтээл гардаг байгаасай гэж хүсдэг, зорьдог вэ?
- Олон зүйл зорьж байна. Мэдээж чанартай уран бүтээл бол бидний байнгын зорилго, ярихаасаа илүү хийж, бүтээхийг зорьж байгаа.
А.АРИУНБОЛД буюу KAIRU: ЦАГ ХУГАЦАА, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, ЧАДВАР НЬ ТУХАЙН УРАН БҮТЭЭЛЧИЙГ ТОДОРХОЙЛДОГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |