• Өнөөдөр 2025-04-29

Д.БАТГЭРЭЛ: ХӨХ ХОТОД ИРСЭН МОНГОЛЧУУДЫГАА АМТТАЙ ХООЛ ИДЭЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АСУУГААД ЯВААСАЙ ГЭЖ ХҮССЭН УЧРААС ХООЛНЫ ГАЗРАА НЭЭСЭН

2025-04-29,   961

     Хөх хотод өвөрмөц тохижилтой, амттай хоолтой монгол хоолны газар нээгджээ. Хуучин телевизор, товчлууртай утас, дүрс бичлэгийн камераас эхлээд хазаар, дуран ханандаа өлгөж чимэглэсэн энэ газрын нэрийг “Хурх” гэх бөгөөд 19 настай оюутан залуугийн харь нутагт ирсэн монголчуудыгаа амттай халуун хоол идээсэй гэсэн хүсэл зорилгоос бий болжээ. Хоолны газрыг нь зориод ирсэн хүмүүст амттай, чанартай хоол хийж өгөхийг хичээдэг Д.Батгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөх хотод суралцахынхаа хажуугаар өөрийнхөө хоолны газарт ажиллаад тун завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна уу?

                -Сайн байна уу, би Бизнесийн удирдлага, санхүүгийн маркетинг менежер, олон худалдаа эдийн засаг гэсэн гурван мэргэжлээр сурч байгаа. Олон цагийн хичээлийн хажуугаар хоолны газартаа анхаарал хандуулж, ажиллуулах амаргүй. Гэхдээ энэ бүхнийг хүсэж, тэмүүлж нээсэн учраас хойш сууж, шантрах талаар боддоггүй ээ.

-“Хурх” хоолны газрыг хэзээ нээхээр шийдсэн бэ, юу нөлөөлөв?

           -Гуанжоу хотод сурч байх үеэсээ монгол хоолны газар нээхийг хүссэн. Хоолны газар нээх боломжтой газруудыг судлахад хамгийн тохиромжтой нь Хөх хот байсан. Монголчууд эмчилгээ, худалдан авалт болон аялал жуулчлалын зорилгоор Хөх хотоор их зорчдог юм билээ. Харь улсад байхдаа хятад хүнээс биш монгол хүнээс, надаас хэрэгтэй юмаа асуугаасай, амттай хоол идээд ядрахгүй яваасай гэж хүссэн учраас хоолны газраа нээсэн.

-Танайд хэдэн төрлийн хоол гарч байна. Хоолоо өөрөө хийдэг үү, хаана хоол хийж сурсан юм бэ?

          -Манайд 30 гаруй төрлийн хоол гарч байгаа. Үүнээс 15 нь монгол хоол. Монгол хоолныхоо ихэнхийг нь би хийдэг. Ээжээсээ хоол хийхийг сурсан. Хятад хоолнуудыг өөр тогооч хийдэг юм. Кофеныхоо үрийг Монголоос захиж авчруулдаг. Хятадаас кофены үр авах боломжтой ч монголчуудын ууж дассан гоё амт гардаггүй юм. Зориод ирэх монголчуудыгаа бодож, тэдэнд танил таатай байх амтыг гаргахыг хичээдэг.

-Гадаадад хоолны газар нээсэн шүү дээ. Зөвшөөрөл, түрээс, тохижуулалт гээд олон бэрхшээлтэй таарсан байх. Нээх үйл явцынхаа талаар ярихгүй юу?

            -Зөвшөөрөл авахаас эхлээд төсөөлөөгүй олон бэрхшээлтэй тулгарсан. Хаана ч шинэ бизнес эхлүүлэх хэцүү байдгийг ойлгосон. Зөвшөөрөл болон санхүүгийн асуудлаас болоод хоолныхоо газрыг нээж чадалгүй гурван сар болсон. Энэ хугацаандаа түрээсийн мөнгийг өгсөөр л байсан.

-Үйлчлүүлэгчид нь ямар хоолыг их сонгож байна. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэгдлээс их урам авч байгаа байхдаа?

          -Манай үйлчлүүлэгчид цуйван, гуляш, бууз идэх дуртай. Хятад хүмүүс “Монгол хоол ямар гоё амттай юм бэ. Энэ яаж ийм зөөлөн хэрнээ өвөрмөц амтыг гаргаад байгаа юм бэ” гэж асуудаг. “Хоолоо амтархан идсэн” гэж хэлээд хоосон аягаа хураалгаж байгаа хүмүүсийг харах сайхан юм билээ. Илүү амттай хоол хийх урам авдаг даа.

-Хоолны газрынхаа тохижилтыг өөрөө хийсэн үү?

          -Тиймээ, хамгийн тохиромжтой, хөөрхөн, тухтай харагдах бүхнийг сонгосон. Төсөөлж мөрөөдөж байсан ертөнцөө бодит болгох хамгийн сайхан юм билээ. Жижиг халбага, сандлыг нь хүртэл өөрөө сонгож, байрлуулсан учраас бүгд үнэ цэнтэй санагдаж байгаа.

-Өмнө нь бизнес эрхэлж байв уу. Хоолны газар нээх санхүүгээ яаж шийдсэн бэ?

        -“Хурх” хоолны газар бол санаачилж хэрэгжүүлж байгаа анхны том ажил. Өмнө нь, орчуулагч хийхээс гадна, захиалгаар бараа авчирч зардаг байсан юм. Өөрийнхөө цуглуулж, хадгалсан мөнгөн дээрээ аав, ээжээсээ багахан тусламж авч хоолны газраа нээсэн.

-Гэр бүлийнхэн нь гадаадад монгол хоолны газар нээнэ гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

        -Аав, ээж эхэндээ жаахан эсэргүүцсэн. Гадаад монгол хоолны газар нээнэ гэхээр бүтэхгүй ажил юм шиг санагдсан байх. Сансандаа хүрч хоолныхоо газрыг нээсний дараа хүүгээрээ бахархаж байгаагаа хэлсэн.

-Хүн аливаа зүйлийг эхлүүлэхдээ догдолж бас айдаг шүү дээ. Анхны үйлчлүүлэгчдээ хүлээж авахдаа юу мэдэрсэн бэ?

-Хоолны газрын минь анхны үйлчлүүлэгчид миний найзууд байсан. Найзуудаасаа урмын үг сонсох, “Миний найз чадсан байна” гэж хэлүүлэх сайхан байсан.

-Цахим сүлжээнд хоолны газрынх нь талаарх нийтлэл хандалт өндөртэй, Монголоос зорьж очихыг хүссэн хүмүүс байгаа талаар бичсэн байсан. Хүмүүс дэмжиж байгааг мэдэх ямар байсан бэ?

                -Хоолны газрыг минь сонирхсон, заавал очно гэдгээ хэлсэн хүмүүсийг хараад их баярласан. Надад итгэсэн, дэмжсэн сэтгэлийг нь алдалгүй ирсэн зочин бүртээ найрсаг хандаж, амттай хоолоор үйлчилнэ.

-Хоолны газар ажиллуулахдаа баримтаж байгаа зарчим, хүрэхийг хүссэн зорилго бий юү?

               -“Хурх” хоолны газар монгол хоолны амтыг түгээх хүргэх зорилготой нээгдсэн. Энэ зорилгоосоо хазайлгүй амттай, чанартай хоолоор үйлчлэхийг хүсэж байна. Ирээдүйд Монголд хоолны газрынхаа салбарыг нээхийг хүсдэг.

“Хурх” хоолны газрын цахим хуудас: Хурх-忆芳年 


Д.БАТГЭРЭЛ: ХӨХ ХОТОД ИРСЭН МОНГОЛЧУУДЫГАА АМТТАЙ ХООЛ ИДЭЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АСУУГААД ЯВААСАЙ ГЭЖ ХҮССЭН УЧРААС ХООЛНЫ ГАЗРАА НЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-29 10:19:58
    D.Baasanjargal: Энэхүү сайхан өдрийн мэнд амжилт хүсье дүүдээ ажилсаг хөдөлмөрч, сэргэлэн залуудаа баяр хүргэе сайхан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-29 08:46:25
    Дээ Бая: Мундаг залууд амжилт хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-29 08:07:57
    Erkhembayar: Зорилго мөрөөдлөө биeлүүлсэн дүүдээ баяр хүргэe. Сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсьe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-29 00:04:24
    Одонцэцг: Санаачлагатай зорилготой дүүд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-29 00:04:23
    Одонцэцг: Санаачлагатай зорилготой дүүд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-28 23:01:06
    Отгоо ах нь : Дүүдээ амжилт хүсье мундаг шзз
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188