• Өнөөдөр 2024-04-26

Ж.ЛУВСАНДАНДАР: “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг хөрөнгө оруулагчид үр ашиггүй гэж үзсэний улмаас хэрэгжиж чадалгүй өдийг хүрсэн

2021-01-29,   1749

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн удирдагч Ж.Лувсандандартай уг төсөл яагаад хэрэгжихгүй байгаа талаар ярилцлаа.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл олон жил яригдаж байгаа. Санхүүжилт эцэслэн шийдэгдэв үү. Мөн станцын хүчин чадал ямар байх вэ. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-1964 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (ЭБУЦС)-ын урьдчилсан судалгааг ЗХУ-ын Электросеть институт хийсэн. Үүний дараа 2008 онд Япон улсын компани манай ТЭЗҮ-ийг суурилуулсан хүчин чадал нь 64 МВт байхаар хийж байсан. Гэсэн ч оролцогч байгууллагууд хөрөнгө оруулалтын хувьд үр ашиггүй гэж тооцоолсоны улмаас хэрэгжиж чадахгүй өдийг хүрсэн юм болов уу гэж боддог.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулсанаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Манай төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, суурилуулсан чадал 90 МВт байхаар сонгож жилд дундажаар 366 сая кВт*цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм.

-Төслийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Манай төсөлд У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой ач холбогдол өгч анхааран ажилласан. Үүний үр дүнд төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр БНХАУ Төрийн өмчит “China Water Resources Beifang Investigation Design and Research (BIDR)” компанитай Хөрөнгө оруулагч талын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болон үнэлгээний нөхцөлд нийцсэн хамтран ажиллах санамж бичгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр байгуулсан. Хөрөнгө оруулагч талын хөнгөлөлттэй зээлийн үндсэн шаардлага болон үнэлгээний нөхцөлд нийцсэн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжсэн.

Усан цахилгаан станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулзвар дөрвөн сумын газар нутгийг дамнан байрладаг бөгөөд төсөл хэрэгжих 28 мянган га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны есдүгаар сарын 18-ны өдрийн хуралдааны №357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэсэн.

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн хүрээнд “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг  эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэн БОАЖЯ-аар батлуулсан. Үүний үр дүнд тулгуурлан БОАЖЯ-ны Ерөнхий шинжээчийн 2019 оны аравдугаар сарын 23-нд 13/7381 тоот  “Байгаль орчны Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гарсан. Байгаль орчин нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлэн ажиллаж байна. Одоогоор ЭХЯ – ны зүгээс ЭБУЦС-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зарлаад байна.

-Хятадын талаас тавьсан шаардлага нь арван жилийн өмнө хийсэн ТЭЗҮ-ээ ашиглах хэрэгтэй гэсэн байсан. Энэ асуудал юу болсон бэ. Шинэ ТЭЗҮ хийгдсэн үү?

-Өмнө хийгдсэн ТЭЗҮ нь өнөөгийн хэрэгцээ, нөхцөл, техникийн шийдэл, стандартчилал, хөрөнгө оруулалтын үнэлгээ зэрэг шаардлагуудыг хангахгүй байсан тул ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн. Урьд нь хийж байсан судалгаануудад суурилуулсан чадал нь 64 МВт байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай гэдэг үндэслэлээр төсөлд хөрөнгө оруулагчид татгалзаж байсан. 2019 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээр Боомтын өндрийг нэмэгдүүлэхгүйгээр суурилагдсан хүчин чадлыг 90 МВт болгох техник, технологийн шийдлийг боловсруулсан.

-Төслийн барилга угсралтын ажил хэдийд эхлэх вэ?

-Төслийн тендерт оролцогч байгууллагууд 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс өмнө өөрсдийн саналаа ирүүлж, түүнээс хойш шалгаруулалтын үйл ажиллагаа явагдана. Гэрээ хийгдсэний дараа буюу 2021 оны хоёрдугаар улиралд барилга угсралтын ажил эхлэх болов уу гэж харж байна.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС” баригдах Шижигтийн хавцал бол Монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг. Станц баригдсанаар загасанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг загас судлаачид ярьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?           

-Энэ асуудлыг ТЭЗҮ-эд нарийвчлан анхаарч тусгасан. Усан цахилгаан станц нь эрчим хүч үйлдвэрлэх усаа байгуулсан усан сангаас авч 4.8 км урт 7.5 м диаметртэй туннелээр дамжуулан усны түрэлтийн хүчийг ихэсгэж, усны потенциал энергийг кинетик энерги болгон хувиргаж, улмаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ашигласан усаа ямар нэгэн үлдэгдэлгүйгээр Ховд голд буцаан нийлүүлэх юм. Ингэснээр Боомтод суурилуулах ус хаюураар Ховд голын экологийн урсацыг хангах тул Шижигтийн хавцлын унаган төрх хадгалагдан үлдэж, загас түрсээ шахах болон үржлийн орчинд нөлөө үзүүлэхгүй.

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн үү. Ямар компани хийсэн бэ. Хэрэв хйигдсэн бол үр дүнг нь танилцуулахгүй юу?

-“Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн хүрээнд “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-ний дүгнэлтээр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайлан боловсруулах үүрэг өгсөн. Тус ажлыг Монгол улсын эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэж байгаа ба ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн нөлөөлөлд өртөж буй талбарт нүүлгэн шилжүүлэх, түүх дурсгалт, археологийн олдворыг шилжүүлэх хамгаалах зэрэг ажлын хэмжээ БОННҮ-ийн тайлангийн үр дүнд тодорхой болно.

-Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгалыг тараах эрсдэлтэй юү. Ховд гол Хар-Ус нуурыг тэжээдэг. Гэтэл энэ нуур маш гүехэн. Станц бариад голын усыг багасгахгүй байж чадах болов уу. Хэрэв ус багасвал Хар-Ус нуур ширгэх аюултай. Үүнийг урьдчилан тооцсон уу?

-Дээр дурдсанаар усан цахилгаан станц нь усны эрчмийг ашиглан цахилгаан үйлдвэрлээд, ашигласан усаа ямар нэгэн зарцуулалтгүйгээр голын гольдролд нийлүүлдэг. Иймээс голын урсгалыг татраах эрсдэл байхгүй. Ер нь бол бид усан санг хаврын шар усны, хур борооны үерийн усыг хуримтлуулан үүсгэдэг. БОННҮ-ний тайлан гарсанаар үүсч болох эрсдэлүүдийг тусгаж, түүнээс хамгаалах арга хэмжээнүүдийг тусган мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.

-Монголын тал байгаль орчны асуудлаа бүрэн мэдэж зохицуулах ажил хийнэ гэсэн үг үү. Мэдээж Хятадын тал өөрсдийнх нь санхүүжүүлсэн мөнгө байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэг шүүмжлэл сонсох дургүй байх нь ойлгомжтой. Тэгэхээр төслийн зүгээс их хариуцлага, санаачилгатай ажиллах хэрэгтэй болох нь ээ?

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулын наймдугаар зүйлийн 8.2, 8.3, 8.6-д заасны дагуу захиалагч тал хариуцна. Шинэчилсэн ТЭЗҮ-эд барилга угсралтын явцад гарах байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний төсвийг суулгаж өгсөн.

-Төсөл хэрэгжсэнээр хамрах хүрээг зөвхөн баруун гурван аймагт хамааруулж ойлгох нь өрөөсгөл хэмээн тайлбарлаж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2019 оны байдлаар 172.3 сая кВт.цаг, Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2019 оны байдлаар 81.0 сая кВт.цаг буюу нийт 253.3 сая кВт.цаг байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 5.3 хувиар өссөн.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн 366 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан Баруун бүсийн эрчим хүчний систем болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийг тус тус хангаж, цаашид төвийн бүсийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах боломжтой.

- Стратегийн хувьд бид төвийн бүс нь Оросоос хамааралгүй болж чаддаггүй юм бол баруун талаараа хамаарлаасаа гаръя гэдэг бодлогоор ажлыг эхлүүлж байгаа гэж ойлгож болох уу?

-Ховд гол нь хил дамнан урсдаггүй, Төв азийн гадагш урсацгүй ай савд хамаардаг бөгөөд хилийн усны ямарваа нэгэн маргаангүй байгаа нь энэ төслийг хэрэгжүүлэх үндэс болж байна.      

-“Эрдэнэбүрэнгийн УЦС” баригдсанаар иргэдэд ямар боломж бий болох вэ. Цахилгааны үнэ хямдрах уу?

-Энэ төсөл БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжих тул өөрийн өртгөө нөхсөний дараа эрчим хүчний үнэ тариф хямдрах эсэх асуудал яригдана.

-Ажиллах хүчний хувьд орон нутгаас хангах уу, эсвэл хөрөнгө оруулагч тал ажилчдаа оруулж ирж барих уу?

-Ажиллах хүчний хувьд гүйцэтгэгч компанийн нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтанууд төслийн талбарт ажиллах бөгөөд Монголын талаас тодорхой мэргэжлийн инженер техникийн ажилтнууд болон орон нутгийн иргэдийг авч ажиллуулна.

-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсоноор 70–80 хүн тогтмол ажлын байраар хангагдана.

-Тухайн станц баригдсанаар хөрөнгө оруулагч тал нь эзэмшигч гэгдэх юм уу, монголчууд Эрдэнэбүрэнгийн УЦС-аа харж хамгаалаад явах юм уу?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хэрэгжих бөгөөд ашиглалтад хүлээлгэн өгсөний дараа Монгол Улсын тал бүрэн хариуцаж ажиллана.


Ж.ЛУВСАНДАНДАР: “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийг хөрөнгө оруулагчид үр ашиггүй гэж үзсэний улмаас хэрэгжиж чадалгүй өдийг хүрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 17:37:40
    Ц.Нямсамбуу: Баруун аймгууд эрчим хүчний хараат байдлаас гарчихвал олон талын ач холбогдолтой байх нь тодорхой.Хойт урд хоёр хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдсон,аялал жуулчлал,ждү үйлдвэр,тээвэр ложистк хөгжүүлэх бүрэн боломжтой
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188