• Өнөөдөр 2025-02-05

ЯРУУ НАЙРАГЧ С.БЭРЦЭЦЭГ: Он цаг, агшин хормуудыг мэдэрч буулгана гэдэг хамгийн сайхан

2024-12-06,   293

         “Үл сарнисан, хэзээ ч мартамгүй ой санамж дундуур

       Үг нь бүдгэрэх ах минь бас ганцаараа алхсаар оддог...” гэх мөрт түүний “Цуваа” нэрт шүлэгт бий. Тэр бол яруу найрагч С.Билигсайхан агсны дүү яруу найрагч С.Бэрцэцэг. Ахыг нь бид “Өвс өвсөөн үнснэм”шүлгийн түүврээр нь андахгүй бол түүнийг “Чиний зүг ниснэ”, “Агаарт гуниг зурна” яруу найргийн номоор нь мэдэх билээ. Маргааш ахынхаа “Тээр дээр нисэх шувуу” номын нээлтийг хийхээр товлоод буй түүнтэй ярилцлаа. Бидний ярианы эхний хэсэг яруу найрагч С.Билигсайхан агсны тухай өрнөх бол хоёр дахь хэсэг түүний гурав дахь жилдээ зохион байгуулсан “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлагын тухай чиглэсэн юм.

 
-Сайхан яруу найрагчийн “Тээр дээр нисэх шувуу” хайку шүлгийн ном гарах гэж буй юм байна. Ахынхаа номыг хэвлүүлж, уншигчдад нь хүргэх гэж байгаадаа таны хувьд догдлол дүүрэн өдрүүд өнгөрч байгаа болов уу?
 
         -Тийм ээ. Намайг хүмүүс Сэрээнэнгийн Билигсайханы дүү гэдгээр нь илүү танина. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд, ахтайгаа уран бүтээлчийн хувьд ямар ч хамааралгүй. Бидний өмнө нэг хүний нэр байдаг, тэр нь бидний аав. Ахын минь "Тээр дээр нисэх шувуу" нэртэй хайку шүлэг, гэрэл зургийн хосолсон ном гарах гэж байгаа. Ах багаасаа л бичдэг байсан. Амьдралдаа нэг ном гаргасан, 34 насандаа өөд болсон. Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр гуайн шавь, "Бишүби" урланд явдаг, үе тэнгийн олон яруу найрагчдынхаа дунд цойлж явсан хүн. Өнгөрөөд долоон жил боллоо. Жилийн жилд л ахынхаа сүүлд бичсэн шүлгүүдээр түүвэр гаргана гэж бодсоор өнөөдөр л биелэлээ олж байна. Манай найз гэрэл зурагчин У.Ганбаяр гээд залуу ахын номыг гаргах гэж буйг дуулаад, "Бэрээ хоёулаа хамтрах уу. Ахыг өөд болсноос хойш санан дурсаж, шүлгийн номыг нь уншиж, тэр бүх шүлэгт нь гарсан агшныг төсөөлж, гэрэл сүүдэрт буулгасан юм" гээд санал тавьсан юм. Номын нээлтэн дээр мөн уртын дуучин ирнэ. Тэгээд уртын дуунд хайку шүлэг уншаад, гэрэл зураг үзнэ гэхээр сонирхолтой байна байх. "Тээр дээр нисэх шувуу" нэрийг О.Содномпил багш минь өгсөн. Хамгийн гол нь хөвгүүдийнх нь дэргэд "Аав чинь ийм хүн байсан юм" гэдгийг мэдрүүлэх нь авга эгчийнх нь хувьд үүргээ гүйцэтгэж байгаа том зүйл болов уу.
Дараа нь ахынхаа дурсамж номыг гаргахыг зорьж байна. Ах минь их олон хүнд тус дэмтэй, олонтойгоо хүн байсан.
-Таныг анх шүлэг бичихэд ах нь хэрхэн хүлээж авч байв?
 
      -Ах минь гадаадад олон жил амьдарсан. Арван жилд байхад ах оюутан, гэрт овоолсон их ном авчраад, тэндээсээ надад унш гээд өгдөг байлаа. Тухайн үед хүүхэд байсан болохоор уншдаггүй, нүүрэн дээрээ тавиад унтдаг байж. Энд тэнд өвс, бухал, амбаарын булан тохойд номоо бариад унтчихдаг байсан. Гэсэн ч ах минь хэзээ ч "Чи шүлэг бич” гэж хэлдэггүй байсан. Манай гэрт ч олон сайхан яруу найргийн ном байдаг байлаа. Гэхдээ би тухайн үед шүлэг найрагт дуртай, бичнэ гэж боддоггүй байлаа. Арван жилдээ "Хүрэл тулга"-д ч орж үзээгүй. Харин оюутан болоод үе тэнгийнхээ залууд дурлаад, дурласан сэтгэлээ илэрхийлж, бичиж эхэлсэн. Түүнээс хойш өдөр, шөнөгүй шүлэг сонсож, бичиж байсан тэр үеэ одоо бодохоор өөрийгөө хүн байхад суралцсан гэж боддог. Ингээд байж байтал ах гадаадаас ирэх болов оо. Ахыг ирсэн чинь яруу найрагч найзууд нь “Танай нэг дүү шүлэг бичээд яваад байна" гээд л хэлж л дээ. Ах тэгсэн нэг өдөр “Чиний бичнэ гэж юу байдаг юм. Өөр юманд цаг заваа зарцуулсан дээр. Тэгээд ч нэг гэрт нэг л сайн яруу найрагч байдаг. Тэр нь би" гээд л хэллээ. Би ч гэрийнхээ бага нь болохоор дураараа ахынхаа өөдөөс "Надад та амьдралын олон зүйл зааж болно. Харин яруу найрагтай холбоотой юмыг би танаар заалгахгүй" гээд л түр тар болов оо бид хоер. Тэгсэн дараа нь ах миний хоёр дахь номонд өмнөх үг бичиж өгсөн. Би ч ахынхаа шүлэг бичсэн цааснуудыг их хумьдаг байлаа. 2017 онд ах минь бурхан болж, анх удаа дотны хүнээсээ хагацаж үзсэн. Ойрхон хайртай хүмүүсээ алдахаар ойлгох ганц юм нь яруу найраг л болдог юм билээ. Би ойлгомжгүй зүйлсийг томъёолж хэлж чадахгүй болохоороо шүлэг бичдэг. Зөндөө л навч, зөндөө л орон зай, цаг хугацаанд унаж л байгаа. Гэхдээ тэр агшныг олж харна гэдэг яруу найрагчийн хувьд өөрийгөө нээж, сонсож, анирдаж байгаа зүйл болов уу. Нэг сайхан агшныг хараад өнгөрнө. Тухайн үедээ шууд илэрхийлж бичихгүй. Өдөр бүр өөрөөсөө үг хайна гэдэг шиг ямар үгээр илэрхийлэх вэ гээд бодоод явна. Тэгж байгаад нэг бичдэг. Өнгөрөн урсаж буй агшин хормуудыг жимс түүж байгаа мэт цуглуулж байгаад л илэрхийлж бичдэг. Цаг хугацааг баллуурдах боломжгүй.
Шүлэг бол тухайн он цаг, түүн доторх агшин хормуудыг мэдэрч буй мэдрэмж. Тиймээс шүлэг бичдэг хүмүүсийг би сайн, муу хамаагүй одоо л номоо гаргахгүй бол оройтно гэж хэлмээр байна. Дараа нь хорьтой үеэ хараад өрөвдөнө, 25 настай өөрийгөө хараад "Чи биш байна" гэж үгүйсгэж ч болно шүү дээ. 
-Ах нь ямар зан чанартай хүн байв?
 
       -Амьдралын алтан хормуудыг сайхнаар хардаг, гэгээн гэрэлтэй хүн байсан. Нэг их зүйл туулсан юм шиг мөртлөө гурван мөрт шүлэг шигээ их товч тодорхой хүн байлаа.
 
-Бүтээлийг нь үргэлжлүүлэх, эмхэтгэх дүүтэй байна гэдэг сайхан байх. Танд ах нь их баярлаж байгаа байх гэж бодож байна?
 
  -Хүн бүрд энэ хорвоод ирээд хийж бүтээх зүйл байдаг байх. Миний хувьд шүлэг бичихийн хажуугаар энэ ажил л байж дээ гэж хардаг. Хамгийн гол нь ах минь өөрөө бусдад сайхан сэтгэл, гэрлээ түгээдэг, олон хүнтэй ойр нөхөрлөж явсан болохоор уулзсан хүн бүр дурсан ярьдаг. Тэр олон хүн шүлгийн номыг нь уншаад ахыг минь дурсах л надад хамгийн сайхан байна.
 
 -Таны гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлагын тухай асуумаар байна. Анх санаагаа хэрхэн олж байв?
 
    -2022 оны наймдугаар сард ээжийгээ алдаад, ганьхарч, ганцаардсан хэцүү цаг үеийг ганцаараа туулах ёстой болсон. Тийм үед шүлэгнээс өөр ханьгүй, бичсэн шүлгээ хэн нэгний дэргэд унших хэрэгцээ шаардлага их гардаг юм байна лээ. Түүнээс тав, зургаан жилийн өмнө би 2017 онд “Чиний зүг ниснэ”түүврээ гаргаж байсан. Манай доод курсийн охин Ц.Намуундарь бид хоёр О.Содномпил багшийн шавь нар. Хамтдаа номынхоо нээлтийг хийж байлаа. Ингээд 2022 онд амьдралын минь дараагийн үе шат эхлэх үед хоёр дахь түүврээ гаргах хүсэл төрсөн. Учир нь одоо л бичсэн шүлгүүдээ, өөрт төрж буй мэдрэмжүүдээ “асгахгүй” юм бол хэзээ ч гаргахгүй юм шиг санагдаад шүлгүүдээсээ шүүж эхэлсэн. Ингэж “Агаарт гуниг зурна” номоо боочихоод, нээлт хийвэл, ямар байдлаар хийх үү гэж бодсон. Ээжээсээ хагацаад удаагүй ч болохоор айхтар том баяр хийе гэж бол бодоогүй. Тэгж суухдаа яруу найрагч дүү охидууд руугаа “Хэдүүлээ нэг яруу найргийн уншлага хийх үү” гэж ярьсан. Тэд маань ч уриалгахан хүлээн авч, уншлагадаа нэр бодоцгоосон. Намрын улирал ч таарсан, Э.Булган дүү маань “Гоо улирал” гэх нэрийг олж, бид түүгээр уншлагаа нэрлэхээр болсноор эхний удаагийн эвент эхэлж байлаа. Тэгэхдээ залуу яруу найрагч эмэгтэйчүүд гэж тогтсон. Гэтэл “Яагаад заавал залуу эмэгтэйчүүд гэж”, “Эрэгтэй хүн очиж үзэж болохгүй юм уу” гэх маргаан гарч байсан. Ингээд эхний жилдээ ийм байдлаар болж өнгөрсөн.
 
Хоёр дахь жил нь болсон чинь харин “Хүүе ээ, “Гоо улирал” шүлгийн уншлагаа зохион байгуулахгүй юм уу” гээд шүлэг сонирхогч, сонсохыг хүссэн хүмүүс бичээд ирсэн.Тэгээд Дорноговь аймгийн яруу найрагч П.Намуунтайгаа хамтарч хийсэн. 

 
-Энэ жилийнх илүү өргөн дэлгэр болох шиг болсон?
 
           -Энэ жил миний хувьд наймдугаар сард бас л аавыгаа алдаад, амьдрал ахуй гундуу өдрүүд өнгөрч байсан болохоор “Хийхгүй” гэж л бодсон. Тэгсэн яруу найрагч эмэгтэйчүүдийн маань үзэгчид над руу “Гоо улирал”-аа хийгээч, очиж шүлэг сонсмоор байна” гээд бичсэн. Тэгээд зохион байгуулахаар болоод, яруу найрагч Ж.Эдмон гээд залуу менежрээр нь, Сэргэлэн маань дизайнераар ажилласан. Нийт 50 яруу найрагч эмэгтэй бүртгүүлснээс 38 нь шүлгээ уншсан. Энэ жилийн онцлог гэвэл яруу найрагч Б.Занданхүү эгч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмоо эгч ирсэн. Мөн хамгийн бага нь “Залуу нас” дугуйлангийн яруу найрагч, 15 настай охин ирж шүлгээ уншлаа. Хамгийн сайхан нь “Миний анхны тайз байлаа”, “Би олон хүний өмнө шүлгээ уншиж үзээгүй, анх удаагаа уншлаа” гэх сэтгэгдлүүд. Мөн “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын групптэй хоёр дахь жилдээ хамтран ажиллалаа. Намрын намарт ийм нэг өдрийг тэсэн ядан хүлээдэг хүмүүстэй болж. Нөгөөтэйгүүр намрын намарт бас л шүлэг унших хэрэгцээ шаардлага өндөр яруу найрагч бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаад миний хувьд их баяртай байгаа.  "Гоо улирал" уншлагыг зохион байгуулахад, хоёр дахь жилд нь эрэгтэй яруу найрагчдаас сөрөг сэтгэгдэл ирсэн. “Эмэгтэйчүүд яруу найргийг өмчилдөг болсон юм уу”, “Та нар зүгээр гэртээ харьж тогоо шанагаа угааж, хүүхдээ хар л даа. Монголын яруу найраг та нараар дутахгүй шүү дээ”, “Та нарын хамгийн хийж чадах зүйл чинь ахуй шүү дээ” гэх зэргээр сэтгэгдэл ирсэн. Энэ жил таг чимээгүй л байна лээ. Гэхдээ зорьж ирж үзсэн эрэгтэй яруу найрагчид байсан. Түүнээс гадна насанд хүрсэн шүлэг бичих сонирхолтой хүмүүст сургалт ороод өгөөч, видео контент бэлдье, эмэгтэй яруу найрагчдын нэвтрүүлэг хийе, шүлгүүдээ эмхэтгэж антологи гаргая гэх саналууд ирсэн.
Орон нутгаас гэвэл бүр холоос ирж оролцож чадаагүй эмэгтэй яруу найрагчид их байсан. Харин Сэлэнгэ, Дархан, Төв аймгаас бол зорьж ирцгээсэн. 
 
-Эмэгтэй хүмүүсийн хувьд шүлгээ унших орон зай байдаггүй байсныг “Гоо улирал” уншлагын эвент зохион байгуулагддаг болсноор олон эмэгтэйг гэрээс нь гаргаж, нэг оройг бусдад өөрийнхөө ертөнцийг хуваалцах боломж олгож байгаагаараа энэ уншлагын гол утга оршоод байна уу гэж хардаг?
 
     -Тийм ээ. Тухайлбал, “Болор цом”-д орж байгаа 40 орчим яруу найрагчаас нэгээс хоёр нь л эмэгтэй байдаг. Түрүүлж байсан нь ч цөөн. Өөр бусад яруу найргийн наадамд шүлгээ өгөөд тэнцдэггүй. Яруу найраг өөрөө массын урлаг биш шүү дээ. Гэхдээ масс дунд бичдэг хүн их байдаг. Түүнийг нээж илрүүлэх хэний ажил юм мэдэхгүй. Сошиал дээр шүлгээ бичээд байгаа олон хүн бий. Тэр дундаа гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүд байна, хэн нэгний өмнө гардаггүй, олон сайхан шүлэгтэй хүн байна. Тэр хүмүүс энд зоригтойгоор ирж оролцож байгаа нь бидний хамгийн том амжилт. Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг ярьвал эмэгтэйчүүд дандаа шийдвэр гаргах түвшинд байдаггүй, эмэгтэйчүүд дандаа л нэг амжилттай эрэгтэй хүний ард, эсвэл нэг том улстөрчийн ард байдаг. Тэгэхээр үгүй юм аа. Урлаг соёл бол хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй. Хэрэв чи авьяастай бол хэний ч дээр байна. Түүнийг таниулах хэрэгтэй гэж харж байгаа. Нөгөө талаас соёлын салбарт эмэгтэйчүүдийг нэг тийм утсан хүүхэлдэй шиг хардаг. Энэ байдлаа бид болих хэрэгтэй. “Гоо улирал” яруу найргийн уншлагад эмэгтэй яруу найрагчид хамгийн хүндтэй зочид байсаар байх болно. 
 
-Эмэгтэйчүүдийн илэрхийлэл, ертөнц цөм ондоо шүү дээ?
 
      -Тийм ээ.  Тэр үдэш тухайн орон зайг эмэгтэйчүүд юугаар ч дүүргэж болно. Хязгааргүй, эрх чөлөөтэй дэвэн дүүлэх орчныг нь бий болгож байна. Тэнд ямар шүлгээрээ дэвэн дүүлнэ үү, бяц унана уу, уйлна уу, инээнэ үү хамаагүй. Эмэгтэчүүд олноороо шүлэг унших надад олон нарны цацраг шиг гоё санагддаг. Нарны цацрагыг зурахаар урт, богино янз бүрээр зурдаг шүү дээ. Тэр оройны өнгө яг тийм, зөвхөн ягаан байна гэхээр утгагүй, хайрцаглагдсан болчихно шүү дээ. Тэгэхээр тэр үдшийн гол зүйл нь хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх байдал. Нөгөө талаар тэнд шүлгээ уншиж буй яруу найрагч “Би хаана явж байгаа юм бэ”, "Миний шүлэг хаана явж байна" гэдгээ харах боломжтой санагддаг. Нэг талбайд олон гоё өнгийн цэцэгс ургаж байгаа гэж бодох юм бол би аль өнгө нь вэ гэдгээ олж харах боломжтой орой "Гоо улирал" яруу найргийн уншлагын үдэш олгож байгаа болов уу гэж санадаг.
 
-Цаашид ч тасрахгүй зохион байгуулах байх?
      -Тухайн үеэсээ хамаарах байх. Тэр үеийн тэнгэр мэднэ дээ. Ирэх жил зохион байгуулбал ном гаргана, илүү чанаржуулна гэж бодож байгаа.

    Ярилцлагын төгсгөлд түүний хамгийн сайн найз болох сэтгүүлч Э.Ганхуяг ахын тухай бид дурссан юм. С.Бэрцэцэг эгч "Бид анх арваннэгдүгээр ангийн сурагчид байхдаа танилцаж байсан. Хүсэл тэмүүлэл дүүрэн, олонтой, бусдын ажлыг бүтээж явдаг, юунд ч юм яарч явсан найз минь байлаа. Хамтдаа олон сайхан дурсамж бүтээсэн. Найз минь бас шүлэг бичдэг. Ихэнхдээ ичээд байна гээд надад шүлгээ харуулдаггүй байв. Миний найз хэнийг ч ялгаж харьцдаггүй, хэнтэй ч мэндтэй устай, сайхан сэтгэлтэй, их сайн хүү байсан. Хамт ажиллаж байгаа сэтгүүлч найзуудтай нь хамт үйл хэргийг нь үргэлжлүүлнэ. Удахгүй "Миний өглөө" гээд ном гаргахаар бэлдэж байна, "Миний өглөө" подкастынх нь эвентийг ч хийнэ" гэсэн юм.


ЯРУУ НАЙРАГЧ С.БЭРЦЭЦЭГ: Он цаг, агшин хормуудыг мэдэрч буулгана гэдэг хамгийн сайхан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-12-06 15:14:23
    Big bro D: Сайхан ярилцлага болжээ. Зарим зүйлийг тунгаан бодоход хүрэв. Уран бүтээлийн амжилт хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188