• Өнөөдөр 2025-01-19

СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛБОЛ ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ АЛДРАХ МАГАДЛАЛТАЙ

2024-10-29,   353

-ШҮҮХ ХУРЛЫН ТОВ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10-ДААР ГАРАХ БОЛОВ УУ ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээж, давж заалдах шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахад олон нийтийн дэмжлэгийг хүслээ. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, 4.9 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал, түүнийг нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан. Мөн татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан. Түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэм буруутайд тооцсон юм. Бид Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН НУРУУ, БӨӨРНИЙ ӨВЧИН НЬ СЭДЭРСЭН

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал болон сэтгэл  санаа нь ямар байна вэ?

-Жин хассан, нуруу, бөөрний өвчин нь сэдэрсэн байдалтай байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 100 гаруй хоног хоригдож байна. Тиймээс сэтгэл санаа нь сайнгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд долоо хоногт хоёр удаа очиж уулзаж байна.

-Нуруу, бөөрний өвчин нь хэр хүнд байгаа вэ?

-Хорих байгууллага гэдэг бол тав тухтай газар биш. Тиймээс чийгтэй орчинд удаан хугацаанд байсантай холбоотойгоор нуруу, бөөр нь өвдсөн. Жил гаруйн өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газарт мэдүүлэг өгөхөд нуруу нь татаж байсан юм. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байсан боловч эдгээж амжилгүй шүүхийн шийдвэр гарч, хорих байгууллагад очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдээж боломжийнхоо хэмжээнд, хуульд заасан эмчилгээ, холбогдох үзлэг, хяналтыг тавьж байгаа ч тэнд гадуур байдаг шиг хангалттай сайн эм, тариа байхгүй. Эмчлэх нөхцөл байдал хязгаарлагдмал байгаа.

-Захиан дээрээ даралт нь хэлбэлзэж байгаа гэсэн байсан?

-Сэтгэл санааны нөхцөл байдал, нуруу өвдөж байгаатай холбоотойгоор даралт нь хэлбэлзэж байгаа. Би эмч биш болохоор, биеийн байдал нь муу байгааг хэлэхээс биш, нарийн мэргэжлийн эмчийн хэмжээнд хэлж мэдэхгүй байна.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахад олон нийтийн дэмжлэгийг хүссэн. Шүүх хурал хэзээ болох тов байна вэ?

-Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хурлын хүсэлтийг есдүгээр сарын 10-даар гаргасан. 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүх хурлыг хийх ёстой. Хэргийн ээдрээтэй байдал, баримт материалтай танилцах шаардлагатай гэвэл нэмэлтээр 30 хоног сунгадаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийн материалтай нэг бүрчлэн танилцах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр 30 хоног сунгасан. Тэгэхээр шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 10-даар гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛ ЭЦСИЙН ШИЙДВЭР БИШ

-Олон нийтийн хувьд ч улсын нууц задруулснаас бусад хэргийг нээлттэй шүүх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байгаа үндэслэл юу вэ?

-Сүүлийн жилүүдэд Монголын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь эхлээд олон нийтийн сүлжээнд “Ийм айхтар хэрэгт холбогдож гэнэ ээ” хэмээн сэвдэг, харлуулдаг. Үүний дараа тагнуул, улсын нууцтай холбоотой зүйл ангиар шалгадаг болсон. Ингээд яллагдагчаар татаж, бусад хэргийг хамтад нь “боож”, шүүх рүү шилжүүлдэг. Ийн орж ирсэн хэргийг шүүхээс хуулиа баримталж, нууцын зэрэгт хамруулж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр сонголтгүй байдаг.  Гэхдээ чухам аль хэргийг нь тусгаарлаж хаалттай, эсвэл нээлттэй явуулах эрх нь хуулийн хүрээнд боломжтой. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд татвараас зайлсхийсэн, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан зэрэг улсын нууцтай холбогдохоос бусад хэргийг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж өгөх хүсэлт гаргасан. Шүүх хурал хаалттай явна гэдэг бол иргэдийн хувьд хардах, сэрдэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Үүнийг дагаад иргэдийн шүүхэд итгэх итгэл ч алдрах магадлалтай.

Та бүхэн санаж байгаа бол, олон жилийн өмнө Л.Гансүхтэй холбогдох нүүрсний хэргийн шүүх хурал нээлттэй болж, нэгэн бүсгүй өөрийгөө өмгөөлж, прокурорыг “мад тавьсан” бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан шүү дээ. Үүнээс хойш прокурорууд “Олон нийтийн сүлжээнд шүүх хурлыг нээлттэй хийх нь ийм эрсдэлтэй юм байна” гэж үзэж, шүүхэд хэрэг аваачиж өгөхдөө улсын нууцад хамааруулж, шүүх хурлыг хаалттай явуулдаг болсон байх магадлалтай гэж би хувьдаа боддог .

Улмаар шүүх хурлын явцад яллагдагчийг ямар зүйл ангиар яаж буруутгаж, ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэр гарч байгаа нь ойлгомжгүй болсон. Мөн шүүх хурлыг мэргэжлийн хуульч нар хөндлөнгөөс үнэлж дүгнэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй байдаг. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдаг үүсгэдэг. Үнэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэмт хэрэг үйлдэж шоронд ороод байна уу, хэлмэгдэж шоронд ороод байна уу гэдгийг мэдэх боломжгүй болдог гэсэн үг. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Тэгэхээр шүүх хурал энэ зарчимд нийцэхгүй байна. Тиймээс өмгөөлөгч нар хэргийг тусгаарлаж байгаад нээлттэй явуулж өгөхийг хүсэж байгаа юм.

-Аав, ээж болон хүүхдүүд нь хэр байгаа вэ?

-Нэг хүн эрүүгийн хариуцлага хүлээхэд гэр бүл нь дагаад сэтгэл санаа болон эдийн засгийн дарамтад орж байдаг. Ар гэрийнхний хувьд хорих анги руу өмгөөлөгч нарын хамт байнга очиж байгаа. Түүнчлэн олон нийтийн зүгээс өгч байгаа үнэлэлт, дүгнэлт, сөрөг үзэл бодол нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон ар гэрт нь маш хүнд тусаж байна. Энэ ташрамд, анхан шатны шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Шүүхээр гэм буруутайг эцэслэн тогтоосон шийдвэр гараагүй байгаа гэдгийг хэлье.

 


СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛБОЛ ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ АЛДРАХ МАГАДЛАЛТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-29 16:41:01
    Bold : umgulugch nertei mala nad uruwduleh taktik heregled bga shantajchin awgaiga umhi makh chanaj ided hyatad liiwarchdig umurud bsan bichlegig n yu gej bodoj bna humi zuin talasa neg shn tailbar higech uhsende hudla hutsad bga yum uchnun humusin amidralar togloson mu huduni ork haltaisna huhen heden zulbasaga bodson um bol uhsene hij humus doromjlod bsin be malnudaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188