• Өнөөдөр 2025-02-19

Э.СОЛОНГО: ХУРИМЛАГЧ ХОСЫН МӨРӨӨДӨЛ, ТӨСӨӨЛЛИЙГ БОДИТ БОЛГОХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

2024-08-29,   293

         Хайртай хосын хамгийн нандин, мартагдашгүй мөч нь тэдний хуримын өдөр. Бүх л ертөнц тэдний төлөө оршин байгаа мэт санагдаж, нар нь хүртэл тэдний төлөө гэрэлтэж байгаа мэт мэдрэгддэг ариун бөгөөд гэгээн энэ л өдрийг бүтээж өгдөг хүмүүс нь хуримын зохион байгуулагчид. Сүйт бүсгүй, сүйт залуугийн мөрөөдөл, төсөөллийг тэд бодит болгож, хөрсөн дээр буулгадаг. Ийм л нандин хэрнээ хорвоогийн хамгийн сайхан баярыг бүтээдэг “Entertainment MN” компанийн хуримын зохион байгуулагч Э.Солонготой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний яриа хуримын зохион байгуулагч ямар ажил хийдэг вэ гэдгээс нь эхлэх нь зүйтэй болов уу?

-Хуримлагч хосууд өдрөө товлоод, манай компани дээр ирэхэд хурим зохион байгуулагчид Монголд хийгддэг хуримын ёслолуудыг хэлж, санал болгодог. Гэрлэлтийн баталгаагаа хуримын ордонд хийх үү, ресторандаа зохион байгуулах уу гэдгээс эхлээд л ярилцана. Хуримын даашинз, цайллага хийх ресторан, чимэглэл, гэрэл зураг, энтертайнмент хөтөлбөрүүдийг санал болгож, тэдний ажлыг хөнгөвчилдөг. Хуримын ёсноос эхлээд тэдэнд хэрэгтэй бүх л мэдээллийг өгч, хүссэн газартай нь холбох, санал болгох ажлыг хийдэг. Манайд хандсанаар 2-3 сар бэлдэх байсан зүйлс чинь сарын дотор амжина гэдгийг олон хүнд ойлгуулахыг хичээдэг. Манай “Entertainment MN” компанийн зүгээс энтертайнмент хөтөлбөр, чимэглэл, зураг авалт болон хамгийн гол зүйл болох хөтөлбөрийн найруулгыг хийдэг.

-Та хэзээнээс хуримын зохион байгуулагчаар ажиллах болсон бэ?

-Бид хүмүүсийн хамгийн жаргалтай өдрийг хуваалцаж, баярыг нь зохион байгуулдаг. Хуримаас гадна сэвлэг үргээх ёслол, төрсөн өдрийн үйл ажиллагааны энтертайнмент хөтөлбөрийг боловсруулдаг. Хүмүүсийн бүх л баяр жаргал дээр очдог гэсэн үг. Гэхдээ тэдгээрээс хамгийн нандин, сайхан нь хурим байдаг. Хосуудын мөрөөдөл, төсөөллийг бодит болгох нь бидний үүрэг. Сандраад ороод ирсэн хосуудад эхнээс нь бүгдийг тайлбарлаж, тэднийг олон юманд санаа зовохгүйгээр баярт мөчөө догдлон хүлээх боломжийг олгодог. Хосуудын анхны бүжиг, гэр бүлийнхэн нь баярлаж байгааг харах хамгийн гоё. Хурим ажилттай дууссаны дараа хосууд талархлаа илэрхийлэх нь үгээр хэлэмгүй сайхан. Тийм сайхан мөчүүдийг хардаг учраас хуримын зохион байгуулагчаар ажиллах нь илүү "амттай" байдаг байх.

-Зохион байгуулсан анхны хуримаа дурсвал. Одоо тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Миний зохион байгуулахад нь гар бие оролцсон анхны хурим зургаан жилийн өмнө наймдугаар сард болж байсан юм. Хосуудынхаа нэр, царай, насыг нь хүртэл санадаг. Тэр үед дэлгэцэд гарсан видео мэндчилгээг нь ч санаж байна. Мартахын аргагүй их нандин л даа. Одоо хүртэл холбоотой байгаа. Алдаж, оносон зүйл байсан байх. Гэхдээ бид хөтөлбөрөө нарийн төлөвлөдөг учраас алдаа гарах нь тун цөөхөн шүү.

-Зохион байгуулж дуусаад хамгийн их баярласан хуримын ёслол бий юү?

-Монгол уламжлалаар хийж байгаа хурим их сонирхолтой, онцлог юм билээ. Одоо бол Монгол, европын соёлыг хольж хийж байгаа шүү дээ. Дан монгол уламжлалаараа хийж байгаа хосуудыг харахаар омогшино. Ирсэн хүмүүс бүгд үндэснийхээ хувцсыг өмсчихсөн, рестораны чимэглэл нь үндэсний хэв маягийг шингээсэн байх сайхан юм билээ. Ирсэн дуучид нь ч хуримын зохиолыг хүндлээд дээлтэйгээ ирж дуулсан.

-Тэгвэл хамгийн их санаа зовж зохион байгуулсан хуримын ёслол байгаа юу?

-Гадаадад амьдардаг хосууд Монголд хуримаа хийхээр төлөвлөсөн юм. Уулзаж ярилцалгүйгээр цахимаар холбогдож байсан. Хосуудтайгаа тухтай уулзаж, саналыг нь бүрэн сонсоогүй юм шиг санагдсан учраас хурим зохион байгуулахдаа бага зэрэг санаа зовсон. Гэхдээ ямар нэгэн асуудал гараагүй ээ.

-Хүмүүсийн хамгийн дурсамжтай өдрийг бүтээсний дараа авах мэдрэмж нь үгээр хэлэмгүй сайхан байх даа?

-Хуримын нэгдүгээр үе ажиллагаа ихтэй байдаг юм. Гал бадраах ёслол, сүүний ёслол, цайны ёслол гээд арын албаны бид завгүй гүйцгээдэг. Хоёрдугаар үеийн анхны бүжиг гээд анхаарах үе бий ч бидний ажил хамаагүй багасдаг юм. Ингэж завтай болчихоод тэдний хүссэн хуримыг асуудалгүй үргэлжилж байгааг харах, зочдыг баяртай байгааг мэдрэх үед л тэр өдрийн ажил дуусаж байгааг мэдэрдэг. Хуримын төгсгөлд хосуудын хэлэх эерэг үгсээс урам авдаг даа. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад энерги их шаардагдана. Гэхдээ баярын үйл ажиллагаа дуусахад үйлчлүүлэгчдийн хэлсэн сайхан үгс тэр энергийг хангалттай нөхөх урам болдог.

-Та хуримаа хийсэн үү?

-Би есдүгээр сарын 13-нд хуримаа хийнэ.

-Олон хүний хуримыг төлөвлөж, бүтээж байсан  шүү дээ. Өөрийнхөө хуримыг хэрхэн төлөвлөж байна, өмнө нь төсөөлж байсан байх?

-Өмнө нь хурим зохион байгуулж байхдаа өөрийнхөө хуримыг төсөөлдөг, төлөвлөдөг байсан. Гэтэл бодит байдал дээр арай өөр юм байна. Үйлчлүүлэгчдийнхээ зовлонг хамгийн сайн ойлгож эхэлдэг үе юм билээ. Санхүүгийн асуудлаас бодоод зарим зүйлээ төлөвлөснөөс өөр хийх шаардлагатай болж байна. Өмнө нь зохион байгуулдаг байхдаа тэдний санхүүг бодолцолгүй гоё, сайхныг нь бодож олон зүйл санал болгодог байж. Өөрийнхөө төсөөлдөг байсан шиг мөрөөдлийнхөө хуримыг хийхээр хичээж, хамгийн догдлом өдрүүдийг өнгөрүүлж байна.

-Таны хувьд хуримын хамгийн оргил мөч хэзээ вэ?

-Хуримын ордны шатаар дээшээ өгсөх мөч миний хувьд нандин. Мөн сүйт бүсгүйн аавтайгаа бүжиглэж байгааг харах сайхан. Эдгээр нь миний хувьд хуримын хамгийн оргил мөчүүд. Бид хуримын төлөвлөгөөний дагуу хэрхэн үргэлжлэхийг, эхлээд ямар ёс үйлдэхийг хосуудад хэлж, тайлбарладаг. Гэхдээ сандарсан хосууд бидний заасныг мартаад зөрөх, өөрөөр хийх тохиолдол гарна. Тэр бүр нь ч хөөрхөн, нандин дурсамж болдог доо.

-Хуримын ёс, уламжлалыг бүрэн дүүрэн мэдэх шаардлагатай болдог байх. Судалгаа хийдэг үү?

-Тийм ээ, “Ийм хуримын ёс бий” гэж хэлээд өнгөрөх бус, яагаад хийдэг, ямар агуулгатайг нь тайлбарлах хэрэгтэй. Тэгж байж бүрэн дүүрэн, зөв болно шүү дээ. Зарим хуримын ёсыг цахим сүлжээнээс хайхад баттай эх сурвалж нь баталгаагүй байдаг. Тиймээс архивд суух, судлаачтай нь холбогдож ярилцах шаардлагатай болдог. Бид бүрэн ойлгож байж хосууддаа ойлгуулна шүү дээ.

-Зохион байгуулахыг хүсдэг хурим бий юү?

-Гадаадад далайн эрэг дээр хийж байгаа хуримууд сайхан харагддаг шүү дээ. Монголд нуурын эрэгт, байгальд хурим зохион байгуулахыг хүсэж байгаа. Илүү томоор төсөөлбөл, хурим зохион байгуулдаг хиймэл нууртай болохыг мөрөөдөж байна. Гадаа хуримаа хийхийг хүсдэг хосууд олон бий. Гэхдээ одоогийн байдлаар Монголд тэдний төсөөлж байгаа шиг гадаа хурим зохион байгуулах амаргүй.

-Танай хамт олны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Манай компани өөрсдийн гэсэн сайттай болохоор төлөвлөж байгаа. Бүх төрлийн баярын үйл ажиллагаа зохион байгуулахдаа манай сайт руу ороод бүх хэрэгтэй үйлчилгээгээ захиалдаг байгаасай гэж хүсдэг. Энэ төлөвлөгөө маань ойрын 2-3 жилд биеллээ олно.

 


Э.СОЛОНГО: ХУРИМЛАГЧ ХОСЫН МӨРӨӨДӨЛ, ТӨСӨӨЛЛИЙГ БОДИТ БОЛГОХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188