-Сайн байна уу. Та гар урлалыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Ээж минь эсгий олбог хийдэг. Үүнийг нь харж суусаар багаасаа гар урлал сонирхож, дурлаж эхэлсэн. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг бүтээл болгож хийж байгаагүй. Тэгээд цар тахлын үед гэртээ суух үедээ янз бүрийн гар урлалын зүйл туршиж, хийж эхэлсэн юм. Төмрийг төрөл бүрийн хэлбэрт оруулж үүнийгээ нэхмэл утсаар бүрж, чимэглэх санааг олон зүйл хийх явцдаа олж байсан. Ер нь Монголдоо анхлан хийж байгаа гэж хэлж болох байх. Хүүхдийнхээ нэрийг өөрөө урлаад гэрийн аль нэг хэсэгт өлгөвөл ээжүүдэд гоё байх даа. Мөн гэртээ сууж байгаа ээж нар маань сэтгэл гутралаас ангижрах болов уу гэсэн бодолтойгоор сургалтаа явуулж байна.
-Та нэг бүтээл хийхдээ ойролцоогоор хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Ямар ч ажлыг хүн удаан хугацаанд давтамжтайгаар хийгээд ирэхээр гарт нь ороод, илүү хурдан хийдэг болдог шүү дээ. Гэрээсээ ажиллах давуу талтай ч хүүхдээ асрах, гэрийн ажлын хажуугаар хийхээр жоохон удах тал байдаг. Гэхдээ одоо гарт орсон болохоор цөөнгүй захиалга өдөртөө гаргаж чаддаг болсон.
-Хамгийн анхны захиалгынхаа талаар дурсвал. Өнгөрсөн хугацаанд илүү хөгжсөн байх?
-Би сургалтаа эхлэх бүрдээ хэн ч анхнаасаа хийж чаддаггүй байдаг. Харин сонирхоод, туршаад, олон дахин давтах тусам сайжирдаг шүү гэж хэлэх дуртай. Би ч анхны захиалга, хийж байсан зүйлсээсээ одоо ичээд байдаг юм. Анхны захиалагч нартаа ахиж хийж өгөхийг хүсэж байгаа.
-Сүүлд ямар бүтээл дээр ажилласан бэ?
-Манай урлалын зорилтот хэрэглэгчид нь ээжүүд байдаг. Ээжүүд хүүхдийнхээ өрөөнд өлгөх, бусдад бэлэглэх зорилгоор худалдаж авдаг. Тиймээс дийлэнх нь хүүхэдтэй холбоотой зүйлс хийдэг. Яг одоо бол хөлбөмбөг хийж байна.
-Гар урлал хийдэг арга барил, хийх үйл явцын талаар танилцуулбал?
-Энэ төрлийн урлал Монголд шинээр нэвтэрч байна. Миний хувьд хэн нэгнээс сураагүй олон удаа оролдож үзсэний эцэст өөрийн арга барилаа гаргаж авсан. Гар өвтгөхгүй аргаар хэрхэн амархан хийх үү гэдгээ суралцагч нартаа зааж байгаа. Үндсэн төмөр утсаа амархан хэлбэрт оруулаад л сурчихвал болно гэсэн үг.
-Та ямар хоббитой вэ. Энэ бүхнийг хийхэд ур чадвараас гадна гарын ур дүй чухал санагдсан. Хүүхэд байхдаа зургийн хичээлд сонирхолтой байв уу?
-Хүүхэд байхдаа уран зургийн дугуйланд явж байлаа. Тэгээд зураад сурчихсан хүн бусад зүйлийг хийхэд илүү хялбар хийж чаддаг. Одоо ажиглаад байхад би чимхлүүр зүйл хийх дуртай байсан юм билээ. Өөр хобби гэвэл би спортод дуртай. Хүүхэдтэй болохоосоо өмнө Монголын хөлбөмбөгийн холбоонд ажилладаг байлаа. Анхны хөлбөмбөгийн эмэгтэй шүүгч болж байсан.
-Таныг гар урлал сонирхдог хүүхэд залуус, ялангуяа бүсгүйчүүд сайн танина. Гэхдээ таныг яг ямар мэргэжилтэй вэ, ямар хүн бэ гэдгийг төдийлөн мэддэггүй байх?
-Би МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ээ. Оюутан болох жилээ хөлбөмбөгийн шүүгчийн дугуйланд суралцаж байсан юм. Тэгээд Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан.
-Гар урлал бол сэтгэл зүйг хамгийн сайн эдгээх зүйлсийн нэг байдаг шүү дээ. Энэ талаар та ямархуу бодолтой байдаг вэ?
-Гар урлал бол сэтгэл зүйн “эмч” гэдэгтэй санал нийлдэг. Миний хувьд төрсний дараах сэтгэл гутралд орж байсан. Үүнийгээ гар урлалаар даван туулсан. Олон төрлийн гар урлал бий. Тиймээс өөрийн сонирхлын дагуу хийж чадах зүйлээ олоорой гэж хэлмээр байна. Анх танхимын сургалтаа эхлэхдээ ч ингэж бодож байсан даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Г.НОМИН: ГАР УРЛАЛ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ХАМГИЙН САЙН “ЭМЧ” ЮМ БИЛЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |