-Гольфийн шилдэг тамирчныг Монголоос бэлдэх төсөл хэрэгжүүлж байгаад баярлалаа. Төслийнхөө талаар ярихгүй юу?
-Би 30 жил гольфийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. Гурван настай балчраас 80 настай бууралд хүртэл гольф заасан. Тэр дунд сонирхогч ч, мэргэжлийн алдартай тамирчин ч багтана. Гольфийг хайрладаг монголчуудад зориулж хоёр өдөр сургалт хийлээ. Сургалтаараа Дэлхийн мэргэжлийн гольфчидын хэрэглэдэг арга техникийг заасан. Сурахыг хүссэн хүмүүсийн нүд нь гялалзаж, эрмэлзэлтэйгээр хичээж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн. Монголд мэргэжлийн тамирчид олон болно гэсэн сэтгэлээр төслөө хурдан хэрэгжүүлэхийг хүсэж байгаа.
-Эхний хичээлүүдээ заасан сэтгэгдлээсээ хуваалцвал, монголчууд гольфийн спортод хэр авьяастай санагдсан бэ?
-Огт гольф тоглож үзээгүй хүмүүсийн хувьд энэ хүнд сэдэв гэдгийг мэдэж байсан. Дэлхийн мэргэжлийн гольфчидын түвшин ямар байдгийг хялбаршуулсан байдлаар заахыг хичээнэ.
-Өмнө нь Монгол Улсад ирж байсан уу?
-Би Монголд гурван удаа ирсэн. Өвөл хоёр удаа ирсэн. Анх удаа Монголын зуныг харж байна. Энэ удаа Америк явах сурагчдынхаа эцэг, эхчүүдтэй уулзаж, мэнд мэдэхээр ирлээ.
-Монгол Улсыг ямар байдлаар төсөөлж байсан бэ. Онцгой санагдсан зүйл бий юү?
-Өмнө нь дандаа өвлийн улиралд ирдэг байсан учраас сайхан зүйлсийг нь төдийлөн харж чадаагүй. Үнэхээр хүйтэн санагдаж байсан. Онгоцны буудлаас зорьсон газар хүртлээ явахдаа “Энэ өвөл байх нь” гэж бодсон. Зун ирэх үнэхээр сайхан байна. Улаанбаатар хот цэвэрхэн, найрсан, үзэсгэлэнтэй харагдаж байна.
-Бид БНСУ-ын кино урлаг, к-поп урсгалаар нь мэддэг. Тэгвэл солонгосчууд Монгол Улсыг хэрхэн төсөөлдөг юм бэ?
-Солонгосчууд Монгол Улсыг биднийг хүүхэд байх үеийнхтэй адилхан харагддаг гэж ярьдаг. Миний хувьд Монголд ирээд найзуудтайгаа уулзаж байгаа юм шиг дотно мэдрэмж авсан. Дотно, танил аюулгүй мэдрэмж төрсөн. Монгол Улсын талаар сонсох бүрд очиж үзэхийг хүсдэг байлаа.
-Төслийнхөө нэг хэсгээр Монгол Улсыг сонгосон шалтгаан нь юу вэ?
-Монголд илүү анхаарал хандуулж байгаа шалгаан нь энэ улсыг гольфийн түүхийн онцгой хэсэг байх боломжтой гэдгийг харсан учраас. Гольфийн сургалт буруу хандлага, чиглэлтэй байвал гольфийн хөгжил буруу болно гэдгийг би мэддэг. Би Солонгос-Америкийн иргэншилтэй. Гэхдээ хүмүүсийг “Монгол” гэж ярихдаа “Гольфийн орон шүү дээ” гэж дурсдаг, ярьдаг байгаасай гэж хүсэж, хичээж байгаа.
-Монгол хүний сэтгэл зүй, биеийн онцлог энэ спорттой хэр тохирдог вэ?
-Монгол гэхээр хамгийн хүчтэй хүмүүс гэсэн бодол шууд төрдөг. Тэр их хүч нь тэсвэр тэвчээр гэсэн утгатай юм шиг санагддаг. Монголчууд хүч чадал, уян хатан байдлаараа бусад улсын иргэдээс илүү гэж боддог. Гольф тохирно гэдгийг мэдэж байгаа. Онцлогоо давуу тал болгохын тулд зөв техникийг сурах хэрэгтэй. Миний заасан зүйлээр дамжуулж илүү хөгжүүлэх хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. Монгол хүн гольфийн манлайлагч болж чадна.
-Таны хувьд гольфийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцвал?
-Би гольф сураад 35 жил болсон байна. Мэргэжлийн гольфийн тамирчин болоод 28 жил болжээ. 4-5 настайгаасаа эхлээд гольфоор хичээллэх хэрэгтэй. Багаасаа эхэлсэн хүмүүс мэргэжлийн тэмцээнд орж тамирчин болдог. Сурах хэрэгтэй мөн шинжлэх ухаанч үндэслэлтэй мэдлэгтэй байх хэрэгтэй. Америкт гольфийн шинжлэх ухаан талаас нь судалсан 30 мянган хүн байдаг. Гольфийн сайн сурахыг хүссэн хүмүүс Харвадын их сургуульд орохыг хүсэж бэлддэг шиг суралцдаг. Тэр дундаас шалгарсан хүмүүс нь А түвшний хамгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байдаг. 30 мянган судлаачаас шалгарч дахин таван жил суралцаад шалгалт өгч тэнцвэл хамгийн шилдэг, онцгой мэргэжлийн гэсэн түвшинд хүрдэг. Дахин 10 жил суралцаж,ажиллаад өөрийгөө баталсан тохиолдолд гольфийнхоо докторын зэрэгт хүрдэг. Монгол Улсынхаар бол үндэсний бөхийн дархан аварга л гэсэн үг. Би бусдыг айлгаж заадаг хүн биш, тэдний өмнө өвдөг сөгдөж зөөлөн заадаг хүн.
-Хэсэг хугацаанд ярилцсан ч танаас Монгол Улсад гольфийн спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэл их мэдрэгдлээ. Ингэж их хүсэж байгаа шалтгаан нь юу вэ?
- Гольф миний амьдрал. Би хэн нэгэнд заахдаа л аз жаргалтай байдаг. Гольфийн талаар 900 гаруй видео хичээл бэлдсэн. Бусад улсад энэ хичээлээ өндөр үнээр зардаг. Гэхдээ өвөл Монголд ирэхдээ MNB-ийн спорт телевизэд тус хичээлүүдээ үнэгүй өгсөн.
-Ярилцсанд баярлалаа.
ERIC CHUN: ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАСАН ГОЛЬФИЙН ТАМИРЧНЫГ МОНГОЛООСОО ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |