• Өнөөдөр 2024-04-30

Ш.УРАНГОО: “STANFORT”-ИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭНЦЭХИЙН ТУЛД ГУРВАН ДЭВТЭР 70 ГАРУЙ ЭССЭ БИЧСЭН

2024-04-21,   546

              Тэр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Ш.Урангоо гэдэг. Энгийн нэг малчин айлын, сониуч охин” гэсэн юм. Сониуч охин өөрийнхөө мөрөөдлийг тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд нэг ч хором хойш суулгүй хичээсэн. Багадаа мөрөөддөг байсан ид шидээ тэр хичээл, зүтгэлээрээ бүтээж дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болон "Stanford"-ийн их сургуульд тэнцээд зогсохгүй, дөрвөн жилийн бүтэн тэтгэлэг болох 1 тэрбум 477 сая төгрөгийн эзэн болсон юм. Ш.Урангоо ирэх намар "Stanford" их сургуулийн оюутан болчихсон эх орондоо өвөртлөөд ирэх эрдмийн их далайд аялж байх болно.

-"Stanford"-ийн их сургуульд тэнцсэнд баяр хүргэе. Тус сургуульд тэнцэж, бүтэн тэтгэлэг авснаар чамд ямар боломж, шинэ үүд хаалга нээгдэж байгаа вэ?

                -Баярлалаа, энэ хугацаанд өөрийгөө олох маш том аялал хийлээ. Зорилгодоо хүрэх хамгийн эхний хаалга маань нээгдэж байна. Дэлхийн алдартай сургуулийн профессорууд ямар аргаар хичээлээ зааж байгааг, хүмүүсийн сурах арга барил нь ямар байгаа талаарх шийдлүүдийг, сайхан ирээдүйг бүтээхэд миний зүгээс юу сурах боломжтой байна, тэр бүгдийг нь сураад ирнэ ээ.

-"Stanford"-ийн их сургууль чиний орохыг хамгийн их хүссэн сургууль мөн үү?

                -Ахлах сургуулиа төгсөхдөө Харвард, Stanford гэх мэт дэлхийн шилдэг их сургуулиудыг сонирхож, шилдэг сургуульд элсэнэ гэж боддог байсан. Зорилгодоо хүрэхийн тулд хоёр жил их сургуульд оролгүй, засвар жил авч гадаадын их сургуульд өргөдөл явуулахдаа бэлдсэн. Миний сонирхож буй боловсролын чиглэлийн мэргэжилээр хамгийн шилдэг сургууль нь "Stanford"-ийн их сургууль байсан учраас сонгож, тэнцэхийн тулд хичээсэн. Тус сургуульд өргөдөл явуулахад 11 эссэ, хичээлээс гадуурх арван үйл ажиллагаа, таван тодорхойлох захидал хэрэгтэй юм билээ. Энэ хугацаандаа “TomYo”-д дадлагажигчаас нь эхлүүлээд контент менежер болтлоо ажилласан. Тус компанид ажиллаж байхдаа гадаадын алдартай сургуульд сурч, ирээд сурсан зүйлээ зааж байгаа олон хүнээс үлгэр дуурайлал авсан.

-Зорилготой учраас завсар жил авсан шүү дээ. Хоёр жил их сургуульд орохгүйгээр гадаадын их сургуульд элсэнэ гэсэн охиноо гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

                -ЭЕШ-ынхаа оноогоор МУИС, СЭЗИС-д тэнцсэн. Тус оноо хоёр жил хүчинтэй байдаг учраас энэ хугацаанд л гадаадын их сургуульд тэнцэхийн тулд хичээе гэж шийдсэн. Найзтайгаа хамт байж, гадаадын их сургуульд тэнцэхийн тулд хичээсэн. Сурсан зүйлээ нэгэндээ зааж өгч байсан учраас би шантраагүй байх. Гэр бүлийнхэн маань охиноо Монголдоо л сурна гэж боддог байсан байх. Сургуулийн маань төлбөрийг сонсчихоод “Насаараа мал малласан бид энэ их төлбөрийг төлөхөд хэцүү шүү дээ” гэж байсан. Тэдэнд маань завсар жилийн талаарх ойлголт байгаагүй учраас, охиныгоо гадаадад сургуульд орно гэж байгаад их сургуульд орж чадахгүй болчих вий дээ гэсэн айдас байсан байх. Гэхдээ сэтгэлээрээ үргэлж миний талд байж, намайг дэмжсэн. Хоёр жилийн хугацаанд өдрийн талд нь ажлаа хийж, үлдсэн хугацаанд нь сургуульд явуулах өргөдөл, эссэ, шалгалтдаа бэлдсэн. Одоо бодоход амарна гэж төдийлөн бодоогүй байх.

-Найзынхаа талаар ярихгүй юу. Хамтдаа бэлдэж, нэг зорилгын төлөө хичээсэн байна шүү дээ?

                -Найзыг маань М.Золжаргал гэдэг юм, бид долдугаар ангиасаа найзалсан. АНУ-ын шилдэг есөн сургуулийн нэг болох “Duke”-их сургуульд тэнцсэн. Хоёулаа гадаадад сурах хүсэлтэй байсан учраас завсар жил авахаар шийдэж, хамтдаа хичээсэн. Сургуулиа судалж, өргөдлөө явуулахаас эхлээд хүссэн сургуулиуддаа тэнцэх хүртлээ хамтдаа байлаа. Бид олон сургалт, дамжаанд сурсан. Заримаас нь тэтгэлэг аваад үнэгүй сурна, заримд нь байгаа бүх мөнгө өө өгч төлбөрөө төлнө. Бүх зүйлээ боловсролынхоо төлөө хийсэн дээ.

-Гадаадын их сургуульд тэнцэхийн тулд их хичээжээ. Ингэж хичээсний шалтгаан нь юу вэ. Чиний зорилго юу байв?

                -Ээж маань надаас яг ингэж асууж байсан. Хүүхэд байхдаа хүүхэлдэйн кино үзээд мөрөөдлийг ид шидээр бүтээдэг юм байна гэж боддог байлаа. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг хичээж байхдаа олон хүн мөрөөдлөө бодит болгохын тулд хичээдэг гэдгийг ойлгосон. Америкт их сургуульд элсэхийн тулд заавал мэргэжлээ сонгосон байх шаардлагагүй. Гол нь өөрийгөө хэн бэ гэдгийг, ямар чадвартай, юу бүтээж чаддаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд боловсролын хэд хэдэн байгууллагад ажилласан. Хүмүүс нь боловсролын тэгш хүртээмжийн төлөө ажиллаж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн. Намайг сурч байхад надад хүндрэлтэй байсан зүйлс бусад хүмүүст ч битгий саад болоосой гэж хүсэж байгаа учраас боловсролын чиглэлээр сурахыг хүссэн. Би өөрийгөө юу ч сурсан чадахаараа бусадтай хуваалцдаг хүн гэдгээ мэддэг.

-Хүн бүрийн сурах арга барил өөр шүү дээ. Чиний сурах арга юу вэ?

                -Америкийн их сургуульд хараагүй монгол охин сураад ирсэн талаар уншсан юм. Миний сурах урам зориг бол тэр охин. Хүний хүсэж байгаа мөрөөдөл том байхын хэрээр хүрэх арга, замаа олдог юм билээ. Би 25 минут хичээлээ хийгээд таван минут амрах замаар хичээл хийдэг байсан. Мөн чанартай сууж хичээлээ хийх нь чухал юм билээ. Миний сурдаг байсан аргуудаас хамгийн хөгжилтэй цахим хичээлийн анги байсан. Цахимаар холбогдож, камераа нээгээд дуугаа хаачихдаг. Өөрсдийнхөө цонхны дээр “Амжилт хүсье, би хоёр цагийн дараа шалгалттай” гэх мэт нэгэндээ хань болох урам өгөх үг биччихдэг. Хичээл хийх арван арга туршиж үзээд бүтээгүй бол өөрийнхөө чадварын талаар хэсэг бодоод дахиад өөр олон аргыг туршиж үзээрэй.

-"Stanford"-ийн их сургуульд тэнцсэн монгол оюутнуудтай уулзаж байсан уу?

                -Арван жилдээ гадаадад сурсан хүмүүсийн талаар олон ном, тэдний бичсэн эссэг уншсан. Ахлах сургуулиа төгсөөд Stanford-ийн их сургуульд тэнцсэн үе тэнгийн охины талаар мэдсэн. Нөгөө охинтой уулзаж, сар гаруй хугацаанд зөвлөгөө авч, олон асуулт асуусан.

-Хүссэн их сургуульдаа тэнцэхийн тулд хэдэн дэвтэр ашигласан байна?

                -Надад одоо өөр, өөр зүйл бичдэг 17 тэмдэглэлийн дэвтэр бий. Их сургуульд явуулах эссэгээ бичихийн тулд гурван дэвтэр дуусгасан. Түүнээс гадна компьютер дээр англиар бичсэн 70 гаруй эссэ бий. Ирээдүйд энэ бүх дурсамж, туршлагаараа ном бичихийг хүсдэг.

-Stanford-ийн их сургуульд тэнцсэн баярт мэдээг нь гэр бүлийнхэн, найзууд нь яаж хүлээж авсан бэ?

                -Аав, ээжээрээ духан дээрээ үнсүүлэх үе миний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан мөч. Баярлаж байгааг нь харах үнэхээр үгээр хэлэмгүй сайхан үе байсан. “TomYo” компанийн гадаадад сураад ирсэн ах, эгч нарынхаа яриаг “Хөөх та тэгж сурсан юм уу, тэнд очиж байсан юм уу” гээд сонсдог байсан охин тэнцсэн мэдээгээ хэлэхэд надаас дутахааргүй бүгд баярлаж, баяр хүргэсэн. “TomYo”-ийн ах, эгч нар маань “Чи тэтгэлэг авсандаа баярлаж, өөрөөрөө бахархах эрхтэй” гэж хэлсэн. Миний хичээсэн бүх хугацаа үнэ цэнтэй байсан гэдгийг энэ үгээрээ хэлсэн.

 


Ш.УРАНГОО: “STANFORT”-ИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭНЦЭХИЙН ТУЛД ГУРВАН ДЭВТЭР 70 ГАРУЙ ЭССЭ БИЧСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-20 15:12:33
    Зочин: Мундаг охинд баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-18 00:02:17
    Зочин: Яриа хөөрөө болон нас нь явчихсан юм байнаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188