• Өнөөдөр 2024-05-02

А.ТҮВШИНЖАРГАЛ: ОХИНОО БАЯРЛУУЛАХ ГЭЖ ЗӨГИЙНИЙ ХУВЦАС ӨМСӨЖ ОЧООД ОЛОН ХҮНД БАЯР ХӨӨР БЭЛЭГЛЭСЭН

2024-04-14,   1921

           “Хорвоо дэлхий уужим, миний охинд үзэж, танилцах сайхан зүйл олон бий. Охиндоо сайхан бүхнийг харуулж өсгөхийг л хүсдэг юм” гэх бүсгүйг А.Түвшинжаргал гэдэг. Тэр хэд хоногийн өмнө цахим сүлжээнд “Зөгийний хувцастай ээж” хэмээн алдаршсан. Түүний зөгийний хувцас өмсөөд охиноо цэцэрлэгээс аваад харьж буй дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдсанаар хүмүүс түүнд энэхүү алдрыг өгчээ.

-Таны зөгийний хувцас өмсөөд охинтойгоо алхаж буй дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдаж, хүмүүсээс олон эерэг сэтгэгдэл авлаа. Тухайн өдөр яагаад зөгийний хувцас өмсөх болсон талаараа ярихгүй юу?

                -Тэр өдөр гуравдугаар сарын 7, миний төрсөн өдөр мөн маргааш нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох байсан. Яг тэр өдөр охиныхоо цэцэрлэг дээр School police хийх хуваарьтай байж таарсан. Тэгээд л “Өдөр болгон ээж, аав нь охиноо авдаг юм чинь яагаад нэг өдөр дуртай үлгэрийнх нь баатар цэцэрлэгээс нь авч болохгүй гэж” гээд багт наадмын хувцас түрээсэлдэг газартай холбогдсон. Уг нь охиныхоо дуртай пороро болох гэж байсан ч толгой хэсэг нь том би дийлэхгүй юм билээ. Тэгээд л хамгийн өнгөлөг хөөрхөн зөгий болсон доо.

-Охин нь ээжийгээ зөгийний хувцастай байгааг яаж хүлээж авсан бэ. Таныг яаж таньсан бэ?

                -Намайг орсон ангийнхан нь бужигнаад “Зөгий байна, гоё юм бэ” гээд сониучирхаад гүйгээд байсан. Эхлээд намайг гэж таниагүй ээ ангийнхантайгаа адилхан тойрч гүйгээд л байсан. Тэгээд жаахан харж зогсож байгаад “Манай ээж байна, ээжээ” гээд гүйгээд ирсэн. Охин маань ээжийгээ улавчаар нь таньсан. Чин сэтгэлээсээ баярлаад, “Ээжээ, баярлалаа” гэсэн.

-School police хийх хугацаанд бусад эцэг эхчүүд, хүүхдүүдийн хариу үйлдэл ямар байсан бэ?

                -Би өглөө хүүхдүүдийн яг цэцэрлэгтээ ирэх цагаар явган хүний гарцын хажууд зогссон юм. Хүн бүр мэндлээд, гар даллаж байсан. Зарим нь бүүр машин дотроосоо дохио өгөөд мэндэлсэн. Жаахан хүүхдүүд ирж зургаа даруулаад, гар барьсан. Би зөвхөн хүүхдүүдэд л гоё байгаа байх гэж бодтол эцэг эхчүүд нь хүртэл ирээд зураг даруулж, талархлаа илэрхийлсэн. Охиноо баярлуулах гэж очоод олон хүнд өглөөний инээмсэглэл, баяр бэлэглэсэн. Охины маань ангийн багш их баярласан. Цэцэрлэгийн ажлыг ойлгож, чин сэтгэлээсээ хийсэнд талархсан. Маргааш нь хүүхдүүд “Нөгөө зөгий хаана байна. Яагаад байхгүй байгаа юм. Би хоцорчихсон юм уу” гээд асуугаад байсан гэсэн.

-Таны хувьд тухайн өдрийн хамгийн сайхан мөч нь хэзээ байсан бэ?

                -Танихгүй хүмүүс хүртэл ирж зургаа даруулж, хүүхдүүд шиг баярлаж байгааг нь харах сайхан байсан. Охин бид хоёр гэр хүртлээ алхдаг 2-3 километр алхдаг юм. Гэр рүүгээ явах замд охин маань “Ээжээ ёстой хөөрхөн харагдаж байна. Ямар гоё юм бэ, баярлалаа” гэсэн. Охиноосоо сайхан үг сонссон учраас тэр өдөр мартахын аргагүй дурсамжтай өнгөрсөн.  Төрсөн өдрөөрөө олон хүнээс сайхан үг сонссон доо.

-Цахим сүлжээнд зураг, бичлэг нь тавигдсаныг хэзээ мэдсэн бэ. Ямар санагдав?

                -Гэрийнхээ ойролцоо алхаж байгаа дүрс цахим сүлжээнд тавигдсан байна лээ. Цэцэрлэгээс гэр хүртэл явах замдаа ч олон хүнтэй зургаа даруулж, тэдэнд инээд бэлэглэсэн. Цахим сүлжээнд тавигдсаныг нь хэдхэн хоногийн өмнө мэдсэн. Тэгж хандалт авна гэж бодоогүй ээ. Муугаас илүү сайхан, эерэг зүйл олон байдаг гэдгийг харуусан байх. Цөөн сөрөг сэтгэгдэл байсныг нь тоогоогүй ээ.  Би хүүхдээ баярлуулах зорилготой байсан, тэр зорилгодоо хүрчихсэн.

-Танаас үлгэр дуурайлал авч өөр эцэг, эхчүүд хүүхэлдэйн баатрын хувцастай School police хийсэн үү?

                -Ашиглалтад ороод жил болж байгаа шинэ цэцэрлэг учраас цэцэрлэгтээ хүүхэлдэйн хувцастай School police хийсэн анхны хүн байх. Эцэг, эхчүүд санаа авсан байх. Надтай таараагүй ч хүүхэлдэйн хувцастай зогссон байж магадгүй.

-Охин нь ээжийгээ дахиж хүүхэлдэйн хувцастай ирэх эсэхийг нь асууж байна уу. Танд дахиж охиндоо гэнэтийн бэлэг барих бодол бий юү?

                -Охинд минь их таалагдсан юм шиг байна лээ. Өчигдөр хүртэл “Ээжээ таны зөгийний хувцас гоё байсан. Манай цэцэрлэг дээр пороро ирвэл гоё доо” гэсэн. Надад поророгийн хувцас арай хүнд байгаа юм. Тэгээд нөхөртөө өмсүүлээд охиндоо нэг гэнэтийн бэлэг баръя гэж ярьсан байгаа. Бид хоёр чинь охиндоо сайхан бүхнийг харуулж, мэдрүүлэхийг хүсдэг.

-Анх охиноо өлгийдөж авсан сайхан мөчийнхөө дурсамжаас хуваалцахгүй юу?

                -Би нөхөртэйгөө 2015 онд танилцсан. Охиноо 2018 онд өлгийдөж авсан юм. Таван настай есдүгээр сард нэгдүгээр ангийн сурагч болно. Охиноо төрүүлчихээд эмнэлгээс гарах өдөр хадам аав маань “Нөхөр нь ирээгүй ээ, удахгүй араас ирнэ” гээд намайг угтсан юм. Гэтэл гарах хаалганы урд нөхөр маань цэцэг барьчихсан зогсож байсан. Нэгнийгээ уйлаад л тэвэрч билээ. Өдөр бүр нэгэнтэйгээ сайхан дурсамж бүтээж, аз жаргалтай байхыг хичээдэг, бид. Өөрийнхөө мөрөөддөг байсан амьдралаараа охиноо амьдруулахыг хичээж байгаа.

-Удахгүй нэгдүгээр ангид элсэх юм байна. Охин нь сургуульд орно гэхээр ямар санагдаж байгаа вэ?

                -Бид гурав есдүгээр сарын 1-нийг тэсэн ядан хүлээж байгаа. Хөл хорионоос болоод охин маань дөрвөн настайдаа цэцэрлэгт орсон юм. Анхны өдөр нь бид гурав чинь нэгнийгээ харж уйлаад, аав нь ангийнх нь цонхноос салахгүй байсан. Одоо нэгдүгээр ангид ороход нь хүртэл уйлах байх.  Хүүхдийгээ хараад уяраад л суудаг юм, бид хоёр.

-Охиндоо хэвлүүлэхийг хүсдэг дадал бий юү?

                -Би охиндоо бүх хүнтэй мэндтэй байгаарай гэдэг юм. Хүний сурах ёстой хамгийн энгийн соёл чинь “Сайн байна уу, баярлалаа, баяртай” шүү дээ. Би хүмүүстэй их мэндэлдэг учраас охин маань ч намайг дагаад хүмүүстэй “Сайн байна уу” гээд мэндэлдэг. Заримдаа танихгүй, гудамжинд зөрсөн хүнтэй хүртэл мэндэлнэ. Гэхдээ манай зарим томчууд мэндэлсэн охин руу минь муухай харна, харчихаад хариулахгүй өнгөрдөг. Тэр бүрд нь охин маань буруу юм хийчихлээ гэсэн мэдрэмж авдаг байх. Жижигхэн гараараа даллаад мэндэлж байгаа хүүхдүүд рүү ядаж хөнгөн инээмсэглээд хариу өгчихдөг байгаасай гэж хүмүүсээс хүсмээр байна.

-Танай гэр бүл охиндоо ямар улсыг өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

                -Муугаасаа сайн нь илүү, гэрэлтэй ирээдүйг л бэлэглэхийг хүсдэг.


 


А.ТҮВШИНЖАРГАЛ: ОХИНОО БАЯРЛУУЛАХ ГЭЖ ЗӨГИЙНИЙ ХУВЦАС ӨМСӨЖ ОЧООД ОЛОН ХҮНД БАЯР ХӨӨР БЭЛЭГЛЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-12 00:26:11
    Basca Feiza: сайн байцгаана уу. ХӨӨРХӨН ЮМБЭ. Хрөстийн Хорвоод + Орчлонд сахан хүмүүс нь их олон тулдаа л бид хүнээрээ + хүмүүнээрээ буй бий байдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-11 15:17:55
    зочин: Ваав ямар хөөрхөн зөв залуучууд вэ. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлсний буян дэлгэрэг ээ. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-11 14:34:25
    Иргэн : Сайхан мэдээ байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188