• Өнөөдөр 2024-05-03

П.БАЯРСАЙХАН: Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж, “Алтан чагнуур” шагнал хүртээсэн гэж бодож байна

2024-04-01,   994

             Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах "Алтан чагнуур" хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

            Энэ жилийн тус арга хэмжээний үеэр “Гэмтэл согог судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан “Алтан чагнуур” шагнал хүртсэн юм. Бид түүнтэй баярын сэтгэгдэл болон мэргэжлийнх нь онцлогийн талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. “Алтан чагнуур” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

            -Баярлалаа. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь төр үнэлж, “Алтан чагнуур” шагнал хүртээсэн гэж бодож байна. Энэ шагналыг авна гэдэг би биш, бид байсны үр дүн юм шүү дээ. Манай ГССҮТ-ийн хамт олон багаараа ажиллаж байж хүний амв, эрүүл мэндийг аварч байгаа шүү дээ. Тэрнээс Баярсайхан эмч ганцаараа байгаад юунд ч хүрэхгүй.

-Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

            - Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1997 онд, Анагаахын коллежийг 2003 онд төгсөж байсан. 2005 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд өөр эмнэлэгт ажиллаж үзээгүй. Ажлынхаа баг хамт олонтойгоо л жаргал, зовлонгоо хуваалцаад ажиллаж ирлээ.

-ГССҮТ бол хамгийн ачаалал өндөр, ажиллах нөхцөл хүнд санагддаг. Та яагаад гэмтэл согог судлалын төрөлд мэргэшсэн юм бэ?

            -Оюутан байхдаа анхны дадлагаа эмнэлэгтээ хийж байлаа. Тэр цагаас "Заавал энэ эмнэлэгт л ажилд орно" гэж шийдсэн дээ. Гэмтэж бэртсэн иргэдийг эрүүл болгохын тулд бид ачаалал өндөр ажилладаг. Гэхдээ өвчтөн эдгэрээд гарахыг харах мэдрэмж намайг татсан гэх үү дээ.  Ар гэрийнхэн нь хүлээн авахад найдлага тээгээд хүлээж байдаг. Тэр хүлээсэн, цөхөрсөн нүдэнд гэрэл асаахын тулд би эмч болсон.  Бид эмнэлгээ шар байшин гэдэг юм. Энэ шар байшингийн хамт олон намайг маш сайхан хүлээж авсанд их баярлаж явдаг.  Манай эмнэлэгт чадварлаг, сэтгэлтэй эмч, сувилагч, ажилчид байдаг.

-Эмчийн мэргэжил таны хүүхэд байхаасаа мөрөөдсөн мэргэжил үү?

             -Би чинь багадаа цагдаа болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Манай аав уурхайчин, ээж цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Гэр бүл, хамаатан саданд ч эмч хүн байхгүй. Анх аав “Хүүгээ эмч болгоно оо” гэсэн. Тухайн үед би Цагдаагийн сургуульд тэнцээгүй, жолооч болно гээд явж байсан юм. Тэгээд аавынхаа хүслээр Дорноговийн Анагаахын сургуулийн эмчийн ангид шалгалт өгөөд тэнцэж байсан. Тухайн үед надад н.Баярсайхан багш минь надад мэс засал хэрхэн хийхийг нь зааж, сургаж өгч байлаа. Даанч багш минь залуугаараа ослоор нас барсан даа. Шагнал авсан өдрөө багшийгаа дурсахгүй өнгөрч болохгүй.

            Ер нь аав минь өнөөдөр “Алтан чагнуур” хэмээх шагнал хүртэж, “Эмч ээ” гэж дуудуулах замыг нь засаж өгсөн. Хүний аав гэдэг хүүгийнхээ ирээдүйг зөв хардаг юм билээ. Үүнд нь талархаж явдаг даа.

-“Хэрвээ цагдаа байсан бол” гэж бодож байсан удаа бий юү?

            - Намайг их эмчээр сурч байх үед ээж минь гавал тархины хүнд хагалгаанд орж байлаа. Тухайн үед энэ төрлийн хагалгаа хийх хүнд байсан үе. Ээжийгээ эмнэлгээс гарахад дотроо “Эмч хүн энэрэнгүй, чадварлаг байдаг юм байна. Би сайн эмч болох ёстой” гэж бодож байсан. Одоо эмчийн мэргэжил сонгосондоо баярлаж, харамсдаггүй ээ.

             Харин цагдаагийн мэргэжлийг эзэмшиж, ажиллаж үзээгүй ч би мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог юм. 2008 оны долдугаар сарын 1-ны өдрийн үймээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын тусгай хэлтэс гэж байсан юм. Тэнд би  газар дээр нь бэртсэн хүмүүсийг эрэмбэлэн ангилж, анхны тусламж үзүүлж, Ерөнхий эмчээр ажилласан. Тэгээд үймээний дараа надад “Цагдаагийн алдар”  хэмээх шагналыг өгч байсан юм.  Хэдий цагдаа биш ч ийм шагнал хүртэхэд мөрөөдөл биелсэн мэт санагдаж байлаа.

-Эмч хүний хамгийн жаргалтай мөч юу байдаг вэ?

             -Өвчтөнүүдийн гэмтлээс хамаараад өдөр бүр өөр. Заримдаа үнэхээр хүнд гэмтэлтэй хүн хагалгаагаа даахгүй нас барах үе бий. Тэр мөч эмч хүнд хамгийн хүнд үе  байдаг.  Харин эсрэгээрээ  хамгийн  сайхан нь хүнд хүн хагалгаанд ороод, тодорхой хугацаанд эмчлэгдэж эрүүл болоод “Баярлалаа эмч ээ” гээд гарахыг харах хамгийн сайхан мэдрэмж байдаг.

-Тэгвэл таны өнгөрсөн 19 жилд хийсэн хамгийн хүнд хагалгаа юу байсан бэ. Тэр талаар цухас ярьж өгч болох уу?

            -Хүнд хагалгаа гээд тоочих гэвэл дэндүү их байна. Гэмтлийн зэргээс хамаараад 6-10 удаа хагалгаа хийлгэх өвчтөн ч бий. Хэдэн жилийн өмнө нэг залуу 14 удаа хагалгаанд орж байлаа. Тухайн үед тэр хүн хутгалуулж шархдаад, орон нутагтаа хагалгаанд ороод, манай ГССҮТ-д ирж байсан. Одоо над руу баяр ёслолоор залгаад, мэнд мэдэж, талархаж явдгаа хэлдэг. Эмч хүний жаргал тэр л байх.

-Танай эмнэлэгт ирж буй хүмүүсийн ослын дийлэнх шалтгаан нь юу байдаг вэ?

            -Ихэнх нь төрөл бүрийн ослоос үүдэн гэмтэж ирдэг. Дээрээс нь 60-70 хувь нь согтуугаар осолд өртсөн байдаг юм. Тэд ихэвчлэн согтуугаар машин барьж мөргөлдсөн, машинд мөргүүлсэн, зодуулсан, өндрөөс унаж хөнгөн болон хүнд хэлбэрээр бэртээд ирдэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье.

            -Баярлалаа. Энэ ташрамд, Ханьдаа болон гэр бүлийнхэндээ үргэлж арыг минь дааж, гэр бүлдээ санаа зовохгүй ажиллах боломж олгодогт баярлалаа гэж хэлмээр байна. Бидэнд гэр бүлд цаг гаргах үе хомс шүү дээ. 

            Мөн залуу эмч нартаа  хүнлэг, хариуцлагатай, харилцааны соёлтой байгаарай. Хэдий одоо технологи сайн хөгжиж байгаа ч өвчтөнөө эхлээд бүрэн чагнаж, мэдрэх хэрэгтэй. Эмч хүн насан туршдаа суралцаж, судалгаа сайн хийж байх нь зөв байдаг. Тиймээс ахмад эмч нараасаа нэрэлхэлгүй асуудаг байгаарай гэж хэлмээр байна.

 

 


П.БАЯРСАЙХАН: Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж, “Алтан чагнуур” шагнал хүртээсэн гэж бодож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 12:21:50
    Гансүх УНДАРМАА: ЭМЧДЭЭ БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮДЭЭ МНДАГ СЭТГЭЛТЭЙ ЭМЧ ЯГ СЭТГЭЛ ЗҮЙЧ ШИГ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188