• Өнөөдөр 2024-04-27

З.ХИШИГЖАРГАЛ: НИЙГЭМД ЭЕРЭГ МЕССЕЖ ӨГӨХИЙН ТУЛД ХӨГЖИЛТЭЙ БИЧЛЭГҮҮД ХИЙДЭГ

2024-03-28,   386

 

        Бид энэ удаагийн “Залуус” буландаа жүжигчин З.Хишигжаргалыг урьж, цөөн хором ярилцаснаа хүргэж байна. Уншигч та бүхэн түүнийг “Zuer продакшны хөгжилтэй бичлэгүүд, “Z news” контентоор нь андахгүй мэдэх биз ээ.

-Сайн байна уу. Юун түрүүнд шинэхэн уран бүтээлээ “өлгийдсөн” танай кино багт баяр хүргэе. Уран бүтээл болон дүрийнхээ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

             -Сайн байна уу. Манай кино бол хүний амьдралын урт замд жаргал зовлон эрээнтэй бараантай бүх зүйл тохиолддог. Тэр болгоныг яаж хүлээж авч цааш явах уу гэх сэдвийг хөндсөн кино болсон гэж бодож байгаа.

             Миний хувьд сумын хэсгийн төлөөлөгчийн эхнэрийн дүрд тоглосон. Хэсэгхэн гараад өнгөрөх ч энэ кинонд оролцож, мундаг хамт олонтой танилцаж сайхан дурсамж бүтээсэндээ баяртай байгаа.

-Таны эцэг эхээс өгсөн нэр өөр шүү дээ. Үүлээ гэх нэрийн тухайд?

            -Бүтэн нэрийг маань Зууннаст овогтой Хишигжаргал гэдэг гэхдээ оюутан болсноос хойш Үүлээ гэж дуудуулаад явж байна даа.  Хүмүүс бичих дээ Үүлээ гэж бичдэг би болохоор Uulee гэж бичдэг юм. Энэ маань бас учир утгатай Уул гэж бичигдээд ардаас нь ээ залгагдахад латинаар бол Үүлээ болдог доо. Би бат бөх ч байж чадна хүсвэл үүл болоод нүүж ч болно гэсэн утга илэрхийлсэн юм. Одоо бол хүн болгон миний бүтэн нэрээс илүүтэйгээр Үүлээ гэх нэрээр минь сайн мэддэг. /инээв/

-Уран бүтээлийнхээ хажуугаар сошиал орчинд сонирхолтой бичлэгүүд хийж, хүргэдэг шүү дээ. Бичлэг хийх болсон үүдэл санаа хаанаас төрж байв?

               -Миний мэргэжил өөрөө жүжигчин шүү дээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Тэгээд “Ер нь цаашдаа уран бүтээлүүд цахим хуудаснуудаар их тавигдах юм байна. Цаг үе өөр болж байгаа юм чинь би ч гэсэн оролдоод үзье” гэж бодсон.

         Тэгээд 2021 оноос эхлэн “Zuer” продакшндаа ажиллаж эхэлсэн. Анх “Zuer” продакшндаа очиж, ажлын ярилцлагад орж байсан. Тэнцээд бөөн баяр болоод сэтгэл дүүрэн эрч хүчтэйгээр ажиллаж эхэлсэн. Энэ маань ч миний амьдралын хамгийн зөв алхам болсон гэж боддог.

-Танай контентыг өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн үздэг юм шиг санагдсан. Хүүхдүүд хийж байгаа контентоос нь юуг олж хараасай, мэдээсэй гэж хүсдэг бол?

              -Өөртөө итгэлтэй байж нэг нэгэндээ тусалж хүүхэд насныхаа сайхан дурсамж болон гэгээлэг мөрөөдөл, сэтгэхгүйгээ битгий алдаасай гэж хүсдэг дээ. Мөн энэ их нийгмийн стрессийг хөнгөн хөгжилтэй бичлэгээр бага ч болтугай тайлахыг инээлгэхийг нээрэн л ийм байдаг шүү гэсэн бодлыг өгөх гэж бичлэгээ хийдэг.

-Таны хүүхэд нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?

           -Миний хүүхэд нас Өвөрхангай аймагт өнгөрсөн дөө. Би чинь өөрөө хөдөө өссөн болохоор хөдөө байх их дуртай мал амьтанд хайртай. Зуны амралт хаврын амралтуудаар дандаа хөдөө явж өвөө эмээдээ төл авахад тусалдаг хүүхэд байлаа. Одоо ч тэгээд хөдөө яваагүй удсан байна хөдөөний амьдралаас ч төсөөр ч байна даа.

-Хэзээнээс урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ. Багаасаа мөрөөдөж сонгосон уу?

        -Анх бол зүгээр л дуулж бүжиглэх сонирхолтой хүүхэд байсан хамаатан садан гэрийнхэндээ дуулж өгдөг. Тэд нартаа “Намайг дуулж дуусахаар алга ташаараа” гээд л СТА, дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран”, МУГЖ Т.Ариунаа “Үггүй мордсон чи минь” зэрэг дуунуудыг дуулаад ,бүжиглээд байж байдаг хүүхэд байсан.

              Тэгээд ахлах ангид ороод мал амьтны эмч болох хүсэлтэй байсан ч төгсөх үед тэр бодол маань өөрчлөгдсөн. “Яагаад би өөрийгөө урлагт сорьж болохгүй гэж чадах хүртлээ яваад үзье” гэж бодоод жүжигчний мэргэжлийг сонгож байлаа.

-Жүжигчний мэргэжлийг аль сургуульд хэн багшийн удирдлага дор эзэмшсэн бэ?

            -Би Соёл Урлагийн Их Сургуулийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар багшийн удирдлага нь доор 2020 онд төгссөн. Зарим хүмүүс намайг шал өөр мэргэжилтэй тэгээд зүгээр хүслээрээ л цахим сүлжээнд бичлэг хийдэг гэж боддог юм байна лээ. Угтаа би чинь мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ.

-Бид нэгнээсээ үлгэрлэж урагшилдаг шүү дээ. Ямар уран бүтээлчээс үлгэр дуурайлал авдаг вэ?

          -Яг тэр энэ гэхгүйгээр бүх уран бүтээлчдээс сайн сайхан талыг нь олж харж тэрнээс нь суралцахыг хүсдэг. Ер нь манайд чадвартай уран бүтээлч олон шүү дээ.  Хүн болгоноос суралцах зүйлийг нь олж хардаг гэх үү дээ.

-Цаашдын уран бүтээлийн зорилгоосоо хуваалцаач?

            -Дөнгөж эхэлж буй залуу уран бүтээлч болохоор хийе гэсэн зүйл маш их байна. Тухайн цаг бүрд нь хэлээд, хийгээд явна аа.

-Ярилцсанд баярлалаа.

            -Баярлалаа.

 

 


З.ХИШИГЖАРГАЛ: НИЙГЭМД ЭЕРЭГ МЕССЕЖ ӨГӨХИЙН ТУЛД ХӨГЖИЛТЭЙ БИЧЛЭГҮҮД ХИЙДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188