• Өнөөдөр 2024-05-03

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ДУГУЙЦАГААН: Ээжээсээ сурсан эрдмээрээ 50 гаруй жил үйл урлалаа

2024-02-18,   1459

            Дэнгийн гэрэлд дээл оён суух ээжийгээ дагаад л тэр үйл урлаж сурчээ. Эмэгтэй хүн юм оёод сурахад хаа ч газардахгүй гэсэн ээжийн сургаал, алсын хараа түүнийг оёдлын салбарт 50 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэх замд хөтөлжээ. “Үйлчин бүсгүй” дууны үгэнд,

“...Урлан урлан шаглахдаа

Үнэн сэтгэлээ шингээсэн

Зүйдэл зүйдлийн оёдолдоо

Зүрхний итгэлээ үлдээсэн...” гэж өгүүлдэг шиг тэр чин сэтгэлийн угаас хатгаж, мэтгэж, оёж, эсгэж, урлан шагласаар нэгэн насаа элээж буй эмэгтэй. Оёдолчин хүнд бүдүүн хадуун зан, аливааг амарчлах сэтгэлгээ үгүй. Ёстой нарийн харж, нямбай хатгахгүй л бол үйлэнд алдаа гарч, үйлчлүүлж буй хүний итгэл буурах учир үргэлж няхуур хянамгай занг үйлчнээсээ шаарддаг. Үүнийг ч Н.Дугуйцагаан гуай онцгойлон хэлсэн юм. Тэрбээр “Эгч нь дээл оёх, үйл урлах эрдмийг сургуульд сурч эзэмшээгүй. Ээжээсээ сурсан эрдмээрээ л өдий хүртэл явж байна” гэнэ.

Хорь ч хүрээгүй насандаа үйлдвэрт мастерын ажил хийж, 17 жил болоод түүнээс хойш хувиараа юу л бол юуг ч оёж, шидэж яваа Хөдөлмөрийн баатар, оёдолчин Н.Дугуйцагаантай ярилцлаа. 

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу. Хэзээнээс та юм оёж эхэлсэн бэ?

            -Сайхан, та бүхэн сайхан хаваржиж байна уу. Би 1973 оноос хойш 50 гаруй жил үйл оёж байна. Багаасаа ээжийгээ дагаж юм оёж  байгаад оёдлын үйлдвэрийн хүүхдийн хувцасны хоёрдугаар үйлдвэрт ажилчин болсон. Үйлдвэрт 17 жил ажиллаад Хөдөлмөрийн баатар болсон. Анх загварын оёдолчин хийж байгаад, 16 жил мастерын ажил хийсэн. Тэгээд 1990 оноос хойш үйлдвэрүүд зогсонги байдалд ороод, гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулдаг болоод Каннад, Америк Улс руу гаргахаар гадуур хувцас буюу куртик хийдэг байсан.

Харин үйлдвэр нам зогссоноос хойш нэгдүгээр хороололд хувиараа шавьтайгаа хамт оёдол хийж эхлээд өдгөө хүртэл ажиллаж байна. Бид ихэвчлэн хүүхдийн хувцас, дүрэмт хувцас оёно.

-Тэгэхээр ээж нь таныг юм оёх эрдэмд хөтөлжээ дээ. Хуучин цагт дээл оёдоггүй хүн байдаггүй байсан санагддаг.

        -Ёстой юм оёдоггүй хүн байгаагүй. Хэн ч өөртөө болон гэр бүлийнхэндээ дээл оёод өмсдөг л байсан. Одоо харин бүх зүйл бэлэн, сонголттой болоод хүмүүс өөрсдөө хийхээс илүү худалдан авдаг болсон. Эгч нь дээл оёх эрдмийг ээжээсээ сурсан. Үйлэнд уран ээжийгээ дагаад л муу, сайн оёж сурсаар нэг мэдэхэд дөртэй болсон байсан.    

-Үйл оёдолд та нэгэн насныхаа амьдралаа зориулж яваа. Танд өгсөн ач тус, үр өгөөж нь юу байв?

                   -Бидний гол хэрэгцээ бол хувцас. Тэгэхээр оёдол бол хүний насан туршийн, мөнхийн зүйл. Гэртээ хүүхдээ хараад сууж байсан ч юм оёно. Хүн өөрөө зоривол юуг ч хийж чадна. Ээж минь дэнгийн гэрэлд юм оёдог байсан. Тийм ч болохоор би ч мөн ялгаагүй шөнө суугаад л оёдог байлаа. Зургадугаар ангид байхдаа анх хүүхдийн баривч хийж сурсан. Тэгж байгаад л үйлдвэрт ороод ажилласан даа. Үйлдвэрийн ажил тогтсон норм журамтай. Тэр бүхнээ биелүүлж ажиллахын тулд тун завгүй шаргуу байдаг байлаа. Хажуугаар нь орой үдэш ээждээ ч юм уу дүү нартаа ганц нэг дээл хувцас хийж сурсан л даа.  

Хүн үхэн үхтлээ сурдаг гэж ээж минь хэлдэг байсан. Үнэхээр суралцсаар л явна даа.

-Одоо үр хүүхэд, ач, зээ нараас  нь таныг дагаж оёдол руу орж байгаа хүн бий юу?

          -Нэг охин минь хүнсний технологич мэргэжилтэй. Гэхдээ давгүй юм очно. Түүнээс гадна есдүгээр ангийн ач охин маань сампин зангидна, эргүүлнэ. Шагай, аяганы уут гээд оёж сурч байна. Хүүхдүүдээ аль болох бүгдийг нь юм оёж сургана гэж боддог. Ач охин минь оёдолд их сонирхолтой, дизайнер болно гэж ярьдаг. Саяхан урам өгөөд оёдлын машин авч өгсөн бөөн баяр болсон.

-Монгол дээлний загвар янз бүрээр өөрчлөгдөж байгаад зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Ажиглаад байхад тал энгэртэй, эсвэл эрээн мяраан даавуу, торго зүүж оёсон харагдах юм. Энэ байдалд таны хувьд хэрхэн ханддаг вэ?

        -Миний хувьд бас шүүмжлэлттэй ханддаг. Үндэснийхээ дээлийг ёс журмынх нь дагуу оёж, өмсөж сурах нь бидний нэгэн эрдэм шүү дээ. Монгол дээл бол аль ч цагт хуучрахгүй. Гэтэл тал нь байхгүй, эсвэл энгэр нь задгай байдлаар хийж, өмсөж байгаа нь таатай санагддаггүй. Дээлийг бүтэн сайхан өмсөж, товчилж, бүсэлж сурах хэрэгтэй.

Гэхдээ нэг талаараа өнөөдөр бол хүний сонирхол, эрхийн асуудал болж. Гэлээ гээд уламжлалт дээл хувцсаа ном журмаас нь алдагдуулж болохгүй шүү дээ.

-Оёдолчин хүний хамгийн их эрэлттэй, тун завгүй үе нь цагаан сар, наадмын өмнө байдаг байх?

   -Тийм ээ, сая цагаан сараар захиалга ихтэй, тун завгүй байлаа. Одоо харьцангуй гайгүй ч захиалга чамгүй бий. Олон жил нэг газраа тогтвортой ажиллахаар танил, тогтмол захиалагчид элбэгтэй байдаг. Тэднийхээ итгэлийг алдахгүй байх нь чухал.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

     -Баярлалаа.


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ДУГУЙЦАГААН: Ээжээсээ сурсан эрдмээрээ 50 гаруй жил үйл урлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-19 07:28:56
    Tuya. Dornod: Xudulmur n Baatar gej Tuxain yed Undur nariin shalguurtai , olon jil n xudulmur n ur dun , ger bul gmet shat shalguur undur yed Ariun cagaan xudulmuruuru avch , yostoi Od bolj yavsaa,, Unuudur ch Cagtaa irj neej Ajlasaar yavaa, Naizdaa Amjilt*
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 22:31:15
    Сумъяа: Миний нагац эгч бухан шиг хүндээ❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 18:41:07
    Цэрэн: Эгэл даруухан Хөдөлмөрийн баатар дугуй цагаан эгчтэйгээ нэг үйлдвэрт ажиллаж явснаараа бахархаж таныг үргэлж ярьж байдаг шүү урт наслаж удаан жаргаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 13:06:32
    Цэцэгмаа: Эгэл даруу Хөдөлмөрийн баатар оёдолчин Дугуйцагаан эгчтэйгээ Монгол Улсын аврага малчин. П. Рэнцэнгийн том жижиг бэр болон явж байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.Үргэлж хадам ааваараа, таниараа бахархаж явдаг шүү. Та минь урт удаан наслаж эрүүл энх байж, оёдол үйлээ олон жил мэтгээрэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 12:53:22
    Тайван: Миний авга эгч мундаг шүү.Говь-Алтай аймгийн хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 12:37:55
    Оюунсүрэн: Сайхан эгчээрээ дээл оёуулаад өмсөөд бахархаад явдаг даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 12:18:22
    Алтанцэцэг (БТА): Сайхан бүтээлч хүн байна. Аль нутгийн хүн бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 12:17:21
    Сайхан бүтээлч хүн байна.: Аль нутгийн хүн бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 12:12:18
    Ч.Бооюу : Алдарт баатартай эрүүл энх жаргалыг хүсъе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-15 19:35:02
    ЧУЛУУНЦЭЦЭГ: Таныгаа яг хөдөлмөрийн баатар болох цаг хугацаанд мөр зэрэгцэн нэг тасагт оёдолчин хийж явсандаа маш баяртай байдаг шүү Бурмаа мастертай хамт олон байлаа Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Эрүүл энх урт наслаарай та минь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188