...Бугантын төв дунд хонгор шаргал үстэй, турьхан биетэй эмэгтэй ЗИЛ-130 машины хамрыг сөхөн ухаж байгааг харж хэсэг зогслоо. Машины дотор талаас “Ирина эгч ээ, Ирина эгч ээ” гээд нэг эрэгтэй чанга чанга дуудах аж. Өнөөх эмэгтэй гартаа барьсан улбар шар зүйлээ байн байн харж, чихээ наагаад нөгөөхийн дуугарахыг сонсож байгаа шинж алга. Тэгснээ толгойгоо цухуйлгаад “Аккумуляторт чинь тог ирж л байна даа, ямар сонин юм бэ. Гарч ирээд үз дээ, Болдоо” гэхтэй зэрэгцээд бид тэдний хажууд очлоо. Машин засаж байгаа эмэгтэйг К.Ирина гэдэг. Тэр Бугант тосгонд амьдардаг цөөн орос иргэний нэг гэнэ.
Бид түүнтэй мэнд мэдээд, Улаанбаатар хотоос сурвалжилга хийж яваагаа учирлалаа. Тэрбээр “Манай нутаг чинь орос техник олонтой. ЗИЛ-130 машинаараа л амьдралаа болгодог хүмүүс. Машиных нь цахилгаанд асуудал гарахаар хүмүүс намайг цагаан хоолойгоор зарлах нь холгүй дууддаг. Дуудагдаж ирээд машин янзалж байгаа минь энэ” гээд инээлээ. Түүний аав, ээж насаараа Монголд амьдарсан хүмүүс ажээ. Уугуул нутаг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум гэнэ. Аав нь Толгойтын алтны үйлдвэр, модны үйлдвэрт ажиллахаар ОХУ-аас Бугант тосгонд томилогдож ирсэн орос мэргэжилтэн ажээ. К.Ирина Бугант тосгонд байх орос машинуудын “эмч” нь. Цахилгааны асуудалтай машин хаана байна тэнд К.Ирина тог шалгагчаа бариад гүйж явдаг гэнэ.
Тэрбээр “Миний эх орон бол Монгол. Хэдийгээр би Орос үндэстэн ч гэлээ Монголдоо, тэр дундаа Бугант тосгондоо юу юунаас илүү хайртай. Монголд төрж, ухаан орсон цагаасаа л Бугантад амьдарсан бидэнд үүнээс илүү сайхан нутаг гэж байхгүй. 2000-аад оны эхээр орос мэргэжилтнүүдийг нутаг буцаасан. Аав минь гурван охиноо аваад Бугантад үлдсэн цорын ганц орос. Орос руу яваад идээшихгүй гэж бодсон учраас эндээ үлдэх шийдвэр гаргасан байх. Тэр нь ч зөв байсан учраас бид одоо ч Бугантдаа амьдарч байна. Үндсэндээ, Бугант 1990-ээд оны сүүлч хүртэл Оросын тосгон шиг байдаг байлаа. Үйлдвэрт нь дандаа орос мэргэжилтнүүд ажиллана. Бүр орос сургуультай байсан. Би ч тэр сургуульд гуравдугаар анги хүртлээ сурч, дунд ангиасаа монгол сургуульд сурсан. Гэртээ бол орос, гадаа монгол хүн шиг өссөн, бид. 16 настайдаа Мод бэлтгэх үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орж байлаа. Дараа нь, тушаал дэвшээд гэх юм уу даа, токарьчин болсон. Тэгээд мэргэжилтнүүд нутаг буцах болоход намайг автын цахилгаанчин болгосон. Анх өнгө өнгийн баахан гоё утас байна л гэж харж байсан. Нэг л мэдэхэд би бүүр дөрөвдүгээр зэргийн цахилгаанчин болчихсон байсан.
К.Ирина “1990 онд ээжийн бие өвдөж, Орос руу бид гэр бүлээрээ анх удаа явсан. Очоод тун удаагүй байхад ээж минь бурхан болсон. Хавдар нь хүндрээд, сүүлийн шатандаа орчихсон байсан юм билээ. Тэгээд ээжийгээ нутагт нь хөдөөлүүлчихээд бид дөрөв эргэж ирсэн. Ээжийн ах, дүү нар биднийг “Та хэд эндээ үлд. Амьдралаа сайжруулж, нутагтаа сэтгэл амар амьдар” гэсэн. Харин аав “Би энд идээшихгүй ээ. Харин гурван охин минь өөрсдөө хүсвэл эндээ үлдэж болно. Сургууль соёлд сурч, энд амьдрахад татгалзах зүйл байхгүй. Аав нь эргэж тойроод байна” гэхээр нь бид гурав “Аавыгаа хаяхгүй ээ” гээд хүрээд ирсэн. Яах вэ, Орост амьдарсан бол бидний амьдрал өөр түвшинд байх байсан байж мэднэ. Хангамж, эдийн засаг сайтай улс шүү дээ. Иргэндээ олгох сарын тэтгэмж нь Монголын дундаж цалингаас их байдаг юм, адаглаад. Гэхдээ мөнгө, үзэмж бол өөр асуудал шүү дээ. Би Бугантдаа гэр бүл зохиож, дөрвөн хүүхдийн ээж болсон. Хадам аав минь намайг бэр болсны дараа ОХУ руу хоёр ч удаа дагуулж явсан. “Нутагтаа очиж байгаарай. Ах, дүү нартайгаа холбоотой бай. Хүний эх орон гэдэг чинь юу юунаас илүү эрхэм шүү, охин минь” гэж хэлж байлаа. Түүнээс хойш очиж чадахгүй явсаар өнгөрсөн жил ээжийнхээ газрыг эргэхээр хоёр дүүгээ, үр хүүхдүүдээ дагуулаад Оросоор явж байгаад ирсэн. Ингэж л би Орост дөрвөн удаа очиж байлаа. Салхи нь хүртэл өөр байдаг шүү дээ. Долоо хоноод л Бугантаа санаад эхэлж байгаа юм. “Сар болчихоод яв” гэхээр нь арай гэж 10 гаруй хоноод ирцгээсэн” гэв.
Тэр Бугантын оточ, цахилгаанчин, машин засварчин, токарьчин, тавилга үйлдвэрлэгч, мужаан, жолооч, ногоочин гээд олон мэргэжилтэй. Хүсвэл аль дуртайгаа хийчихнэ. К.Иранад суух ч зав олдохгүй үе олон байдаг гэнэ. Ногоо усална, ургуулна, тарина, машин засна, мужааны ажлаа хийнэ, будна, лакдана, хүүхдээ сургуульд нь хүргэнэ, мод, чулуунд явна, самар, жимс түүнэ гээд түүнд ажил мундахгүй их гэнэ.
Тэрбээр “Хэзээ ч утас дуугарч магадгүй. Хэн ч, хэзээ ч залгаад “Машин эвдэрчихлээ, цахилгааныг нь үзээд өгөөч” гэж мэднэ. Тэнд миний тусламж хэрэг болоод байна шүү дээ гэж бодохоор сууж чаддаггүй юм. Зарим гэмтэл цагийн дотор олдоно, зарим нь хоёр өдөр үзээд ч олдохгүй. Ар гэр, амьдралаа хаяад хүний машин асаахын төлөө давхичихна. Хүмүүс баярлалаа гээд үлдэх л хамгийн сайхан. Би ханш тогтоодоггүй юм. Машины цахилгаан янзлахаас гадна манайх чинь мужааны цехтэй. Цехээсээ гарсан тавилга, эд зүйлийг будаж, зүлгэх ажилтай. Өдөр нь Хайгуул Бугант хоёрын хооронд зургаан удаа явж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс авна гээд хоногийн 24 цаг надад багадаж байна даа” инээсэн юм. Орос машинуудын цахилгааны гэмтэл адилхан байдаг гэнэ. Тийм учраас засахад түүртээд байх юмгүй гэж тэр ярилаа.
“Эхэндээ ч толгой эргүүлсэн өнгө өнгийн утсанд төөрдөг байлаа. Нэг засаад сурчихаар түүртээд байх юмгүй. Харин сүүлийн үеийн машинуудыг компьютерээр оношилдог болсон учраас амар л юм билээ. Суралцах, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болж байна. Сурсан эрдэм гэдэг чинь сайхан шүү дээ. Түүнийгээ лавшруулаад, дурлаад л ажиллаж байна даа. Гэрийнхэн маань эрэгтэй хүн шиг байнгын тостой гартай, халтар хувцастай явж байна гээд бухимдана аа. Гэхдээ дурлаж хийдэг ажил юм чинь яах вэ дээ, тэ” гээд инээмсэглэв.
К.Иринагийн утсанд дуудлага ирсэн нь Хүдэр сумаас байлаа. Самарт явж байгаа иргэдийн ЗИЛ-130 машин асахаа больсон гэнэ. Тэр бэлтгэлээ базааж аваад, хөдлөхөөр зэхэв. Бугант гэх буйдхан тосгонд ийм нэгэн эмэгтэй бусдын төлөө ажиллаж, талархал дүүрэн аж төрж байна.
БУГАНТЫН МАШИН ЗАСВАРЧИН ОРОС ЭМЭГТЭЙ К.ИРИНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |