• Өнөөдөр 2024-04-28

А.ТҮВШИНБАЯР: ИХ ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ДҮРД ЭМЭЭЖ БАС БАХАРХАЖ АЖИЛЛАЛАА

2024-01-29,   2820

           Их ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баярт зориулан бүтээсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Өнгөрсөн долдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын цэнгэлдэхэд ганцхан удаа үзэгчдэд хүрч байсан тус жүжгийн гол дүр, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин СТА А.Түвшинбаяртай ярилцлаа.

-"Тэнгэрийн Хутагт" бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо тоглогдох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Өнгөрсөн зун Дорноговь аймгийн Сайншанд хотод “Тэнгэрийн хутагт” жүжиг маань нээлтээ хийсэн. Ноён Хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг угтаж нээж байсан юм. Тухайн үед үзэгчид сайнаар хүлээж авсан. Гэхдээ уран бүтээлчдийн хувьд ганцхан удаа жүжгээ толилуулсан нь жаахан харамсмаар үйл явдал байсан л даа. Илүү олон хүнд уран бүтээлээ үзүүлэхийг хүссэн. Дутуу санагдсанаа гүйцээж олон хүнд уран бүтээлээ хүргэх болсондоо баяртай байна. Энэ таван өдрийн тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Бурхан шашны тэргүүний дүрийг бүжгээр илэрхийлэх ямар байгаа вэ?

                -Бурханы шашин гэдэг том дэг, соёлтой. Үүнийг бүжгийн хэлээр илэрхийлэх болсондоо баяртай байгаа. Би Дорноговь аймгийн хүүхэд учраас Ноён Хутагт Данзанравжаагийн дүрд ажиллах болсондоо илүү баяртай байгаа. Багаасаа “Үлэмжийн чанар” дууг дуулж, сонсож өссөн. Хүндэлж, биширдэг байсан хүнийхээ дүрийг тайзан дээр бүтээх болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг.

-Өнгөрсөн зун бүжгэн жүжгээ Дорноговь аймгийн үзэгчдэд толилуулж байсан шүү дээ. Тухайн үед шинэ тайзны шийдэлтэй тавьж байсан юм билээ. Анхны тоглолтын тайзаа дурсвал?

                -Уран бүтээл бол багийн ажил шүү дээ. Дорноговь аймгийн тайз гайхалтай шийдэлтэй байсан. Тайзан дээрээ усан оргилуур, дээшээ гарч ирдэг жижиг тайз гэх мэт шинэ шийдэлтэйгээр жүжгээ тавьсан. Долдугаар сар учраас дулаан, тэр өдрийн сар ч тод гэрэлтэй бидэнд зориулагдсан юм шиг л байсан. Тухайн тайзан дээр өөрийгөө, жүжгээ хамгийн их мэдэрч тоглосон доо. Яах гэж урлагийн хүн болсноо мэдэрсэн өдөр байсан.

-Ноён Хутагт Данзанравжаагийн дүрд ажиллах болсноо мэдэхэд ямар санагдсан бэ?

                -Данзанравжаа хутагтын хийсэн үйл хэрэг арвин, хэлсэн сургаал мөнх, хийсэн уран бүтээлийг нь уран бүтээлчид үе дамжуулан амилуулсаар байгаа. Энэ дүрд сонгогдсоноо маш их баярласан. Мөн түүхэн хүний дүрд ажиллах гэж байгаагаасаа жаахан эмээсэн. Хийсвэр зохиол дээрх дүрийг бүтээхэд миний болон зохиолчийн шийдлээр бүтнэ шүү дээ. Гэтэл монголчуудын сайн мэддэг, хүндэлдэг хүний дүрд ажиллах учраас хол зөрүүлэхгүй юм сан гэж их хичээсэн. Дүрээсээ бага зэрэг сүрдэж л байлаа.

-Таныг хэрхэн бүжгийн урлагт хөл тавих болсон талаар яриагаа үргэлжлүүлэх ёстой болов уу?

                -Сумын урлагийн үзлэгээр гурван настай хүү бүжиглэж, шүүгчдийг нь хөгжөөсөн гэж ээж маань ярьдаг юм. Сумынхаа бүх л урлагийн наадамд оролцдог хүүхэд байлаа. Багаасаа бүжиглэсэн намайг гэр бүлийнхэн минь  Монгол Улсын Консерваторт МУГЖ Ц.Алтангэрэл, УГЗ н.Оюун, СТА Н.Мөнхдэлгэр багш нарын шавь болгож байсан юм. Бүжиг гэж юу байдгийг багш нараараа л заалгаж, ойлгож байлаа. Сургуулиа төгсөөд Монгол Улсын Үндэсний урлагийн их театраас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дээ.

-Бүжиглэх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

                -Хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр ертөнц бүр дахин давтагдашгүй гайхалтай. Тайзан дээрх бүжигчид нэгэн зэрэг нэг бүжгийг бүжиглэж байгаа ч мэдрэмж нь өөр. Хүмүүс бүжиглэж байж л бүжигчний мэдрэмжийг ойлгох болов уу.

-Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?

                -Урлагийн хүн бий. Өвөө маань Дорноговь аймгийн нэрт морин хуурч, хөгжмийн зохиолч Ч.Банзрагч гэж хүн байсан. Эмээ минь Саран хөхөө театрын ахмад дуучин байгаа. Тэдний маань мэдрэмж, авьяас надад жаахан ч гэсэн өвлөгджээ гэж боддог.

-Бүх дүрдээ сэтгэлээ шингээж ажилласан байх. Тэр дундаас танаас хамгийн их тэвчээр, хүч, чадвар шаардсан дүр нь ямар дүр байв?

                -Дүр гэдэг бүжигчинд маш том боломжийг нээж өгдөг. Ажилласан дүр бүрээ агуулгыг нь алдагдуулахгүй хүнд хүргэхийг хичээдэг. Одоо бодоход дүрд хувирах их дуртай юм байна. Ганцхан төрлийн биш олон төрлийн зан араншинтай, түүхтэй дүрд ажилласан байна.

-Бүжгэн жүжиг үггүйгээр биеийн хөдөлгөөн царайны хувирлаараа үзүүлбэрээ үзүүлдэг шүү дээ. Үзэгчдэдээ жүжгээ бүрэн хүргэхийн тулд бүжигчнээс ямар чадвар, мэдрэмж шаарддаг вэ?

                - Биеийн урлаг. Бүжигчин хүний бие, сэтгэл, тархи бүгд ажиллаж байдаг. Бүжгээ үзэгчдэд хүргэхэд нүд чухал. Харин нүдний харц сэтгэл мэдрэмж нь үнэн байвал л харагдаж, мэдрэгддэг.

-“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг үзэхээр төлөвлөж байгаа үзэгчдэдээ хандаж хэлэхийг хүссэн үг бий юү?

                -“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжигт Монгол Улсын Консерваторын бүжиг цирк, ардын болон сонгодог бүжгийн төгсөх ангийн оюутнууд оролцож байгаа. Олон хүний оролцоотой баг ажиллаж байна. Бүжгэн жүжигтээ өмнө нь хийгдэж байгаагүй олон үзүүлбэр, техникийг ашиглах гэж оролдсон. Үзэгчидтэйгээ тайзан дээрээс уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна.

-Уран бүтээлд нь амжилт хүсье, баярлалаа.

                -Баярлалаа.

“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг нь нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд “The Corporate Hotel and Convention Centre”-ийн тайзнаа үзэгчдийн хүртээл болох юм.

 


А.ТҮВШИНБАЯР: ИХ ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ДҮРД ЭМЭЭЖ БАС БАХАРХАЖ АЖИЛЛАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-30 09:44:08
    Зочин: Тэнгэрийн хутагтыг Дорноговьчууд газрын, бүр нүүрсний хутагт болгож амжсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-29 17:03:29
    Далд Хүн ТББ: Өмхий пеадол Үхэжийсэн Ламын Шашиныг үхсэнд нь хөөрөгдсөн юм.Тэр үед л Монголчуудыг Богдтой нь Тусгаар тогтнолтой нь үндсээр нь газрын хөрснөөс арчаад хаях ёстой байсын юм.Бидний төлөвлөгөө бүтэж Санхүүжилтээ авчихаад Ганданд зохион байгуулсан комбинаци үр дүнгээ үзэх гэж байхад Хамтран зүтгэгч Нэгүүн.мн Зариг.мн Сайтыг Шоронд хийдэг овоо гарууд юм.Удахгүй манай Далд Хүн ТББ Хутагтуудын шоронд хийлгэх комбинаци аа Ес дугаар Ноён хутагтыг Хэрэгт тохож шорон руу хийлгэнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-29 14:58:17
    Б. Энхжаргал: Миний дүү чинь 3настайгаасаа л бүжиглэж эхэлсэн дээ, ёстой бүжиглэх л гэж төрсөн шиг, бүжигт ухаангүй хайртай, дуртай хүн дээ. А. Түвшинбаяртаа оргилуун амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-29 13:34:33
    Л.Амарбаясгалан: Дүүдээ амжилт ерөөе. Багын л бүжиг гээд хэдэн үеэлээ тойруулчихаад голд нь эргэж бдаг хүүхэд бсан даа одоо харин их том тайз Монгол түмнийхээ өмнө нутгийн мэргэн хутагтын дүрээр залран ард түмнээ баясгах нь... нас чинь залуу бүтээх бүтээл тайз чинь өмнө инь бна дүү авираад бай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188