• Өнөөдөр 2024-04-28

С.БАЯРСҮРЭН: МӨСӨН ХУУРЫГ ХАРАХ ТӨДИЙ БУС ХУУРДАХ, ЭГШИГЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР УРЛАСАН УЧРААС УР ЧАДВАРАА БҮРЭН ДАЙЧЛАХЫГ ХИЧЭЭСЭН

2024-01-24,   732

                “Мазаалай” мөсний баярын үеэр Монгол урлаачид үндэсний морин хуур хөгжмийг мөсөөр урлан эгшиглүүлсэн билээ. Мөсөн морин хуурыг хөгжим урлаач С.Баярсүрэн багийн хамтаар таван өдрийн дотор бүтээсэн. Хэврэг мөсөөр хуур урлаж байхдаа нэг алдахад л дахин шинээр хийхээс өөр аргагүй болж байжээ. Ингээд хуур урлаач С.Баярсүрэнтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-“Мазаалай” мөсний баярт зориулж мөсөн хуур урлажээ. Яагаад мөсөөр хуур урлах болсон юм бэ?

                - Мөсөн морин хуурыг 2016 онд сийлбэрчин Н.Лхагвадорж ахтай хамт анх хийж, туршиж байсан юм. Тухайн үед мөсөөр хоёр хуур хийж байсан. Илүү сайн дуугарах содон хэрнээ нандин хуур хийхийг хүссэн учраас “Мазаалай” мөсний баярын үеэр дахин мөсөн хуур хийлээ.

-Мөсөн хуурыг хэр удаан хугацаанд хийсэн бэ. Мөсөөр хөгжим хийхэд төвөгтэй зүйл нь юу байв?

                -Мөсөн хуур хийхээс өмнө бэлтгэл ажил гэж эхлээд иш болон дээд, доод тэвх хоёр чавхдас зэргийг бэлдсэн. Бусад хэсгийг мөсөөр хийсэн учраас хуурын загвараас шалтгаалаад 1-2 өдөр болсон. Мөс учраас жаахан ур гаргах гэхээр хагарч, хайлчих гээд байсан. Мөн гадаа хүйтэнд мөсөөр хуур урлана гэдэг амаргүй юм билээ. Модон  хөгжмөөс бүх талаараа өөр байлаа. Зөв дуугаргахын тулд бодож, төлөвлөж хийх зүйл олон. Үзүүлэнгийн зориулалтаар бус хуурдаж, эгшиглүүлэх зорилгоор урласан учраас чадвараа бүрэн дайчилсан.

-Мөсөөр хийсэн хуурын дуугаралт энгийн хөгжмөөс хэр өөр дуугарч байсан бэ?

                -Олон улсад мөсөөр хөгжим хийсэн тохиолдол цөөнгүй бий. Мөсөөр морин хуур хийж байгаа нь онцлог болсон байх. Мөсийг тохирсон хэмжээгээр нь зүсээд тогшиход цэвэр өнгө дуугардаг. Хэмжээг нь зөв тааруулахад долоон нот сонсогдоно гэсэн үг. Мөсөн хуурын эхлэл ч энэ байсан. Олон хэмжээтэй зүссэн мөс хөгжмийн нотыг яг гаргаад байсан л даа. Тэгээд л хуур хийж үзэхээр шийдсэн. Үндэсний өв соёлыг илүү сонирхолтойгоор хүнд хүргэхийг хүссэн.

-Та морин хуур урлаад хэдэн жил болж байгаа вэ. Яагаад хуур урлаач болохоор шийдсэн бэ?

                - Би Сэлэнгэ аймагт өссөн, модтой нутгийн хүүхэд. Багаасаа модоор юм хийх гэж оролддог хүүхэд байлаа. Тэгээд ахыгаа дагаж морин хуур урлаж байгааг харж, дагаж хийсээр дуртай болсон доо. Манай ах Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан гэж хүн бий. Ахыгаа дагаж морин хуур урлаж, тоглож сурсан даа. Морин хуур урлаад 24 жил болж байна.

-Модоос өөр түүхий эдээр хуур урлаж байсан уу?

                -Арьс, шир, могойн арьсан цартай хуур урлаж байсан. Мэргэжлийн сайн дуугаралттай хуур бүтээе гэвэл олон жил болсон модоор уралдаг. Уламжлалын дагуу шир болон модоор урладаг. Заримдаа захиалагчийн хүсэлтийн дагуу хурдан мориных нь гавлаар  хуур хийдэг. Хуур урлах хугацаа харилцан адилгүй. Хуур урлах модоо урлаачид нь сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Олон жил хөгөө алдахгүй тоглогдож байвал л хамгийн л сайн хөгжим дөө.

-Таны хийсэн хөгжмийн зэмсгээр ямар хөгжимчин, хамтлагууд тоглодог вэ?

                -Морин хуурын хамтлаг болон чуулгануудад олон хөгжим урлаж өгсөн. Миний урласан хөгжмөөр тоглодог  олон уран бүтээлч бий. Мөн АНУ-ын хөгжмийн түүхийн музейд зориулж морин хуур урлаж байлаа. мэргэжлийн тоглооч нарт захиалгаар гар, сонирхолд нь зориулж урлаж өгдөг. 

-Нэг хуур бүтээхэд хэр урт хугацаа зарцуулдаг вэ, удаан хугацааны судалгаа шаардах үе гардаг байх?

                -Сайн чанарын мастер хуур хийхэд урт хугацаа шаардлагатай. Хөгжим гэдэг чихээр сонсохоос гадна мэдрэгдэг байх хэрэгтэй. Хүнд хүрэх хөгжим хийхийн тулд хуур урлаач олон зүйлийн анхаарч, туршиж үзэх хэрэгтэй болдог.

-Хөгжмийн зэмсэг урладаг хүн өөрөө авьяастай байдаг байх. Та хөгжмөө тоглодог уу. Урласан хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг хэрхэн тааруулдаг вэ?

                                -Урласан хөгжмөө хөглөөд, дууг нь шалгачихна шүү. Мэргэжлийн хэмжээнд биш ч хэд хэдэн уран бүтээл тоглочихно.

-Ер нь хөгжмийн зэмсэг урлахуйд суралцана, бүтээл хийнэ гэдэг нь хүнээс ямар ур чадвар, зан чанар шаарддаг хөдөлмөр юм бол?

                -Хамгийн тэвчээр шаардсан ажил. Нэг хуур урлаж, зөв дуугаралт гаргахын тулд тэвчээртэйгээр урлана, туршина. Тайзан дээр гарч тоглоогчийнхоо чадварыг бүрэн илэрхийлэх хуур урлахын тулд олон зүйл бодож, төлөвлөх хэрэгтэй болдог. Мод материалтайгаа зөв харьцаж, мэдэрдэг байх хэрэгтэй. Морин хуурыг амьтай хөгжим гэдэг шүү дээ. Тэгэхээр хуур урлаачид нэг амь бүтээдэг гэсэн үг л дээ.

-Та урлахыг хүсдэг хуур бий юү?

                -Би олон жилийн настай хуур бүтэхийг хүсдэг. Гэхдээ хадгалах бус хөгжимчид олон жил үе дамжуулан хуурдсан ч чанараа алдахгүй хөгжим бүтээхийг зорьдог. Гадаадад 200 жил болсон хөгжим байдаг шүү дээ. Яагаад 200 жил тоглогдсон морин хуур байж болохгүй гэж.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

 


 

 


С.БАЯРСҮРЭН: МӨСӨН ХУУРЫГ ХАРАХ ТӨДИЙ БУС ХУУРДАХ, ЭГШИГЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР УРЛАСАН УЧРААС УР ЧАДВАРАА БҮРЭН ДАЙЧЛАХЫГ ХИЧЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188