• Өнөөдөр 2024-05-05

МЭС ЗАСЛЫН ЭМЧ Р.БААСАНХҮҮ: Сүүлийн үед хоолойн битүүрэлтэй, гэдэс нь цоорхой, бөөргүй, тархины усжилттай хүүхэд цөөнгүй төрж байна

2024-01-16,   226

      Увс аймгийн хүүхдийн мэс заслын эмч Р.Баасанхүүтэй ярилцлаа.

 -Хэдэн онд хүүхдийн эмчээр ажилласан бэ. Дуудлагаар явахад агаарын нөхцөл байдал, байгалийн онцлогоос шалтгаалж хүндрэлтэй зүйл их тулгардаг байх?

      -2010 онд Анагаах ухааны үндэсний их сургуулийг төгсөж, Увс аймгийн Өмнөговь сумын сум дундын эмнэлэгт гурван жил  хүүхдийн эмчээр ажилласан. 2011-2013 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын эмчийн сургалтанд хамрагдаж байсан. Оюутны ширээнээс эмч болоход маш айдас байсан. Миний анх ажиллаж байсан Өмнөговь сум Увс аймгаас 140 километрийн зайтай. Дуудлагад явахад уул, хад, цас ихтэй. Дуугаа нөхнө, цасаа ухна, машин түрнэ, хад асгатай машин явах боломжгүй газар морь, тэмээгээр айлд очиж тусламж үзүүлж байлаа. Өвчтөн тээвэрлэж явахдаа байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан бол машиндаа эмчилгээ хийж хонох тохиолдол бий. Тухайлбал, Ховд голын цаана микро машинтай 10 гаруй хүний осол гарсан. Гол гарах боломжгүй байсан учир гурав хоног танихгүй айлд өвтөнгүүдээ эмчилж, нэмэлт дуудлага авч байсан тохиолдол байдаг. Тухайн тохиолдолд гол үерлэчихсэн мөн осолд орсон зарим хүнийг тээвэрлэх боломжгүй байсан.

-Та дуудлагаар явж байхдаа хийсэн хамгийн хүнд хагалгаагаа ярьж өгөөч?

       -Аймгийн төвөөс 370 километрийн зайтай Увсын Өндөрхангай сум руу авто ослын дуудлагад гэмтлийн залуу эмчтэй явсан. Тухайн үед нэг эрэгтэй согтуугаар мотоцикльтой осолдож, сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дуудлагаар очиход өвчтөн ухаангүй, хэвлийгээр цус алдсан шинжтэй байсан учир хагалгаа хийх шаардлагатай байсан. Гэтэл тухайн сумын эмнэлэгт хагалгаа хийх багаж, гэрэлтүүлэггүй байсан ч бид гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр хагалгаа хийх шийдвэрт хүрсэн. Тухайн өвчтөний элэг, дэлүү нь задарч, зүүн талын бөөр нь тасарч гэмтэж, хэвлий цусаар дүүрсэн байсан. Тэгээд анх удаа сумын эмнэлэгт гар чийдэн тусгаж байгаад бөөрний хагалгаа хийж байлаа. Энэ бол миний хувьд хамгийн хүнд, зориг гаргасан хагалгаа байсан. Хэрэв тухайн үед би цус алдуулаад судсыг нь боож чадахгүй байх юм бол хүний аминд хүрнэ гэсэн үг. Тухайн хүн эрүүл саруул явдагт нь баярладаг.

-2017 оноос хүүхдийн мэс заслын эмчээр ажиллахдаа хүүхдэд ямар төрлийн хагалгаа хийж байв?

      -Намайг Увс аймагт ажиллаж байхад төрөлхийн усны эвэрхийтэй гурван хүүхэд төрж байсан. Хоёр тохиолдлыг нь гуравдугаар шатлалын эмч нартай хагалгааг амжилттай хийсэн байдаг. Харин нэг тохиодлынх нь хагалгаа амжилттай болоогүй. Нярайн гаж хөгжил буюу дөнгөж төрсөн хүүхдийн гэдэс цоорох, ясны дэд үрэвсэл, улаан хоолойн битүүрэл, хэвлийн хана цооронхой байх гээд хүнд гажигууд тохиоддог. Үүнд анхны тусламж үзүүлж хагалгаанд оруулдаг. Дөнгөж төрсөн хүүхдийг хагалгаанд оруулна гэдэг зориг, тэвчээр, ур чадвар шаарддаг.

-Төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь юутай холбоотой вэ. Хүүхдийн мэс заслын эмчийн хувьд тухай бүрд нь онош тавьдаг байх?

     -Удамшил буюу ген урагт нөлөөлдөг. Хоёрдугаарт, эхийн эрүүл мэнд буюу хүүхдээ хэр зөв тээсэн болох идэж, уусан хоол, хүнс, агаарын бохирдол, замбараагүй эмийн хэрэглээ, архи, тамхины хэрэглээнээс болдог. Тэгэхээр биеэ бэлдэж байгаад жирэмслэх, ямар зарчмаар хүүхдээ тээх ёстой вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй. Эхийн сэтгэл санаа таагүй цусан хангамж урагт муу очиж байвал хүүхэд дутуу төрөх, гажиг үүсэх, төрсний дараа хүнд өвчинд нэрвэгдэх аюултай.

-Хавсарсан гажигтай төрөх магадлал хэр их байдаг вэ?

     -Нэг хүүхдэд нэг л гажиг тохиолдолно гэсэн ойлголт байхгүй. Зарим хүүхэд дөрвөлсөн гажигтай төрж байна. Тухайлбал, улаан хоолойн битүүрэлтэй, уушгины хөгжил дутуу, бөөргүй, нуруу нугасны эвэрхийтэй, тархины усжилттай гээд олон өвчин хавсрах тохиолдол бий. Зүрхний гажиг гэж байгаа боловч дотроо олон төрөл байх магадлалтай. Тухайн хүүхэд 12 хуруу гэдэсний нарийсалтай байлаа гэж бодоход өөр гажиг байна уу үгүй юу гэдгийг эмч хянаж, үзэхийн тул бүх шинжилгээг тухайн хүүхдэд төлөвлөж, биеийг нь үзэх хэрэгтэй.  Хавсарсан гажиг байхгүй байж болно, байж ч болно. Тэгээд хагалгааны явцад зарим тохиолдолд нэмэлт гажиг ажиглагддаг тал бий.

-Гажигтай хүүхдүүдийг төрсөн даруйд нь хагалгаа хийдэг үү?

    -Төрөлхийн гажиг бол яаралтай тусламж шаардсан өвчин. Төрөх өрөөнөөс нь хагалгааны өрөө рүү шилжүүлж хагалгаа хийх тохиолдол элбэг. Тэгэхээр 24 цагаас өмнө хагалгаанд оруулах шаардлагатай байдаг. Богино хугацаанд мэс засал хийснээр дараагийн хагалгаанд оруулах боломжтой болдог. Шээсний сүв нь битүүрэлтэй байлаа гэхэд шинэ эрхтэн бий болгож, засаж, залруулж байдаг учир нэлээд нарийн ур чадвар шаарддаг чухал хагалгаа болдог.

-Бага насны хүүхдүүд гадны биет залгиж, мэс засалд орохоос өөр аргагүй байдалд орж байна. Ийм тохиолдол танай аймагт хэр гарч байна вэ?

     -Сүүлийн үед бага насны хүүхдүүд гадны биет залгих, хордох тохиолдол их гарах болсон. Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж байна. Ахуйн хэрэглээний хортой бодис уух, металь бүтээгдэхүүн буюу соронз, удирдлагны тэжээл, угаалгын бодис залгих тохиодол их. Ингээд гадны биет хүүхдийн биед 24 цагийн турш саатах юм бол  урвалд орж ходоодны хана цоорох аюултай. Үүнээс болж улаан хоолой, ходоод, гэдэсний хагалгаанд орсон, нарийсалтай болчихсон тохиолдол байдаг.

 

 


МЭС ЗАСЛЫН ЭМЧ Р.БААСАНХҮҮ: Сүүлийн үед хоолойн битүүрэлтэй, гэдэс нь цоорхой, бөөргүй, тархины усжилттай хүүхэд цөөнгүй төрж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188