• Өнөөдөр 2024-04-28

Г.ЭНХНАРАН: БАГИЙНХНЫХАА ЧАДВАРЫГ БҮРЭН ГАРГАХ ЭСЭХ НЬ АХЛАГЧИЙН УР УХААНААС ХАМААРДАГ

2024-01-17,   316

           Монгол Улсаа төлөөлөх шигшээ багийн тамирчин, “Хилчин” багийн ахлагч Г.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолтын үеэр Олон улсын хэмжээний мастер цолоо авсан юм. Хурдтай, эрч хүчтэй тоглолт түүнийх. Волейбол тоглож байх үед түүний довтолгоо эсрэг багт тун ч хүчтэй очно. Харин тэмцээн дууссаны дараа тэр нүүр дүүрэн инээмсэглэн, хэн бүгдтэй нөхөрлөнө. Багийнхаа гишүүдийн сайн чиглүүлэгч, хамгийн сайн найз нь болдог түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Олон улсын хэмжээний мастер болсон танд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

                -Үндэсний дээд лигийн бүх оддын тэмцээний үеэр олон улсын хэмжээний цолоо авлаа. Цол авна гэдгээ мэдээгүй учраас үнэхээр гэнэтийн баярт мэдээ боллоо. Волейболын спортоор тууштай хичээллэж, шантралгүй урагшаа явсаны минь үр дүн гэж ойлгож байгаа.

-Волейболын спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Яагаад тус спортыг сонгох болов?

                -Үеэлтэйгээ сагсан бөмбөг тоглох гээд заал авсан юм. Тухайн зааланд волейболын сургалт, бэлтгэл орж байсан. Тэр үед бэлтгэл хийлгэж байсан багш нар нь миний анхны волейболын багш  болсон доо. Жаахан хүүхдэд волейболын бэлтгэл хийж байгаа тамирчид мундаг, гоё санагдсан учраас тус спортоор хичээллэж эхэлсэн. Багш маань анх зааж байхдаа бөмбөг авхуулахгүй, даруулдаггүй байсан юм. Хөл бөмбөгийн хаалганы наана, цаана зогсчихоод харилцаж тоглодог байлаа. Одоо бодоход техник сайн заадаг байж.

-“Хилчин” багт хэзээ нэгдсэн бэ. Багаараа оролцсон анхны тэмцээн нь хэзээ байв. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

                -2016 онд Хилчин багтаа нэгдсэн. Тухайн үед бүрэлдэхүүнд ОУХМ Нарантуяа, Хэрлэн багш нар маань байсан. Үндэсний дээд лиг засварлачихсан, клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль авч, амжилт гаргадаг баг байсан. Одоогийн баг 2021 онд бүрдсэн. Үндэсний дээд лигийн тэмцээнд шинэ багийнхаа бүрэлдэхүүнээр тоглоод аварга болж, алтан медаль хүртсэн.

-Багийнхаа ахлагч шүү дээ. Волейболын багийн ахлагч байх ямар байдаг вэ?

                -Багийн ахлагч гишүүдийнхээ зан ааш, чадварыг сайн мэддэг байх хэрэгтэй. Өөр өөр зантай охидыг ямар үед нь хурцалж, хэзээ урамшуулдаг байхаа мэддэг болдог. Ахлагчаас мэдрэмж, ур ухаан шаарддаг. Дэмжээд урам өгөхөд сайн тоглодог хүн байхад, шарыг нь хөдөлгөх, хурц үг хэлж байж сайн тоглодог тамирчин ч бий. Мөн ахлагч хүн өөрөө хамгийн үлгэрлэгч, сайн тамирчин байх ёстой. Би зөвхөн ахлагчаас гадна гишүүдийнхээ найз, эгч шиг нь байхыг хичээдэг.

-Багийн ахлагч аваргын цомоо өргөдөг шүү дээ. Цом өргөх мөчид юу бодогддог вэ?

                -2021 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аварга болсон. Цом гардаж байх үед тэр өдрийг хүртэл хийсэн бэлтгэл, урсгасан хөлс, хөдөлмөр нүдэнд харагддаг. Багийнхаа охидыг хараад нүдэнд нулимс цийлгэж, бахархдаг. Тамирчны хамгийн бахархалтай мөч юм шиг санагддаг.

-Сагсан бөмбөгийн спортоос волейболын тамирчин болсон юм билээ. Өөр спортоор хичээллэх  ямар байсан бэ?

                -Багаасаа спортод дуртай хүүхэд байсан. Сагсан бөмбөгөөр тууштай хичээллээгүй ээ. Сургууль байхдаа ангийнхантайгаа сагсан бөмбөгийн олон тэмцээнд орсон. Спортод дуртай байсан учраас волейболын бэлтгэл хийж байгаа тамирчд гоё харагдсан байх.

-Волейболын спортыг өөрийнхөө тодорхойлбол? 

                -Миний хамгийн их хайртай спорт. Волейболгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Бэлтгэлээ хүртэл жаргалтай хийдэг. Өөрийнхөө хувьд хамгийн зөв спортоор хичээллэсэн юм шиг сангагддаг. Багаараа нэг сэтгэл зүй, зорилго байж хүссэн оноогоо авдаг сайхан. Багаараа тэмцээнд оролцож байгаа нь л  сайхан.

-Монголын шигээ багийн тамирчин болж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцвал. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

                -2013 онд Монгол Улсаа төлөөлөх шигшээ багт нэгдэж байлаа. Багт нэгдсэн даруйдаа Тайланд Улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Анх удаа олон улсын тэмцээнд ороход миний мэдэх волейбол байгаагүй. Огт өөр спорт юм шиг санагдсан. Мундаг тамирчдын тоглолтын хажуугаас нь харсан нь илүү хичээж, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болсон.

-Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл ?

                -Багадаа оролцож байсан тэмцээнтэй холбоотой дурсамжууд хамгийн эхэнд бодогдож байна. Тэмцээнд оролцох гээд багаараа машинтай явах хамгийн дурсамжтай нь байсан.

-Заал дүүрэн үзэгчдийн алга ташилт, халуун энерги дунд тоглох мэдрэмж ямар байдаг вэ ?

                -Манай багийг дэмжих гэж ирсэн хүмүүсийг хараад урам авч, зориг ордог. “Хилчин” гэж орилж байгааг сонсох, мэдрэх мэдрэмж үгээр хэлэмгүй шүү дээ.

-Тоглолтын үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

                -Өглөө босож, ямар хоол идэхээс эхэлдэг. Сэтгэл зүйгээ сайн бэлдэж, зааландаа а бэлтгэл хийнэ. Хэт олон  юм бодож өөрийгөө дарамтад оруулахыг хүсдэггүй. Ганцхан тоглолтоор миний амжилт шийдэгдэхгүй гэж өөрийгөө хурцалж бас тайвшруулдаг. Тэмцээнээс өмнө өөр зүйл бодож анхаарлаа сарьзнуулахгүй байхыг хичээдэг. Тамирчин хүнд халаалт хамгийн чухал. Халаалт сайн байх тусам өөртөө итгэх итгэл нэмэгддэг.

-Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцвал ?

                -Дүү нартаа тус спортод дуртай, хайртай байгаарай. Багшийнхаа заасан зүйлийг сайн сурч, өөрийнхөө юу чаддаг эцсийн мөч хүртэл хичээгээрэй. Тамирчин хүн хувийн бэлтгэл сайн байх ёстой. Тиймээс багаасаа өөртөө зөв дадалд суулгаарай. Тоглолтын болон дуртай тамирчныхаа бичлэгийг үзэж, их зүйл сураарай.

-Энэхүү спортоор хичээллэж эхлэхдээ өөртөө тавьж байсан зорилго мөрөөдөлдөө хүрсэн үү. Дараагийн зорилго юу байгаа вэ? 

                -Өрсөлдөгч багийн мундаг хүүхдүүдийг хараад “Энэ тамирчинаас сайн тоглоно, дутаж болохгүй” гэж өөрийгөө хурцалдаг хүүхэд байсан. Зорилго тавихгүйгээр хурдан сайжирч, тоглодог болохыг л хүсэж, бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө хурцалж байж урагшилдаг төрлийн хүн. Одоо оролцсон тэмцээн бүрдээ амжилт гаргасан, ур чадвараа илүү сайжруулсан тамирчин болохыг хүсэж, зорьж байна.


 

 


Г.ЭНХНАРАН: БАГИЙНХНЫХАА ЧАДВАРЫГ БҮРЭН ГАРГАХ ЭСЭХ НЬ АХЛАГЧИЙН УР УХААНААС ХАМААРДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188