• Өнөөдөр 2024-05-06

“МӨС, ЦАСАН СИЙЛБЭР”-ИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, СТА Ө. АЛТАНБАГАНА: СИЙЛБЭР ЦОР ГАНЦ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ БАЙДАГ

2023-12-19,   720

      ОХУ-ын Якут хотод зохион байгуулсан цас, мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд найман орноос гадна ОХУ-ын муж улсуудаас 40 гаруй сийлбэрч оролцож, цасан сийлбэрийн төрөлд уран сийлбэрч, СТА Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байр эзэлснээр Якутын алмаазан шигтгээтэй алтан цомын эзэн болсон билээ.

Бид сийлбэр, СТА Ө.Алтанбаганатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр 10 гаруй жил сийлбэр хийж байгаа билээ.

-Сайн байна уу. “Мөс, цасан сийлбэр”-ийн олон улсын тэмцээний ялагч болсонд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

               -Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сард ОХУ-ын Якут хотод зохион байгуулагдсан “Цас, мөсөн сийлбэр”-ийн уралдаанаас алт, мөнгөн медаль хүртээд ирлээ.  Олон жилийн тууштай хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэндээ маш их баяртай байна. Мөн тэмцээнээсээ ирээд СТА цол, тэмдгээр шагнуулсан.

                              Энэ тэмцээн гурван төрлөөр явагддаг. Миний хувьд цасаар буга, согоо хийж тэргүүн байр эзэлсэн. Харин мөсөн сийлбэрийн төрөлд уран гимнастик хийж буй эмэгтэйг урласан.Тэмцээний зүгээс заасан хугацаанд бүтээлээ хийдэг. Хоёр өдрийн дотор нэг бүтээл хийх хуваарьтай учир хугацаа дуусахад шууд зогсооно. Тэмцээний зохион байгуулалтад маш сайн манай улсын сийлбэрчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байсан даа.

-Хэзээнээс сийлбэр хийж байгаа вэ?

               -Би Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрж өссөн хүн л дээ. Дунд ангиа төгсөөд, нутгийн коллежид барилгын мэргэжлээр суралцаж эхэлсэн. Манай ангийн хажууд сийлбэрийн анги байдаг хааяа нэг цонхоор харахаар их л сонирхолтой санагддаг байж билээ. Тэгээд ангиа сольж, сийлбэрийн ангид суралцаж эхэлсэн. Үүний дараа Дүрслэх урлагийн сургуульд сийлбэрийн мэргэжлээ улам гүнзгийрүүлж суралцсан даа. Мөс, цасаар 2018 оноос хойш баримал урлаж байгаа.

СИЙЛБЭР ЦОР ГАНЦ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ БАЙДАГ

-Модон сийлбэр хийж байна уу?

               -Сийлбэрчид цас, мөсөөр сийлбэр хийхээс урьдаж модон сийлбэр хийж эхэлдэг юм.

-Баянзүрх дүүрэгт шинээр хийгдсэн мөсөн сийлбэрийг хийсэн гэл үү?

               -Тийм ээ. Сийлбэрч ах нар, найзуудтайгаа хамтран бүтээсэн. Энэ жил дүүргүүдэд мөсөөр тохижилт хийж эхэлсэнд маш их баяртай байгаа.

-Мөсөөр сийлбэр хийхэд хүндрэл, бэрхшээл хэр байдаг вэ?

               -Мөсний тусгай багажаар сийлбэрээ хийдэг ч болгоомжтой, няхуур хандахгүй л бол цуурчих гээд эвгүй байдаг. Цуурсан тохиолдолд усаар наагаад л хийнэ шүү дээ. Мөсөөр сийлбэр хийхийн тулд ихэвчлэн шөнө оройн цагаар хамгийн хүйтэн үед хийдэг учир гар бээрэх, даарах үе их бий. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор жаргалтай байдаг даа.

-Сийлбэр хийх мөсөө өөрсдөө бэлтгэдэг үү?

               -Хотын ойролцоох нууруудаас өөрсдөө очиж, хөрөөдөж авч ирдэг. Урсгал устай голоос авахаар амархан бутардаг учир заавал тогтмол устай нуураас авдаг даа.

-Өнгөрсөн хугацаанд ямар сийлбэр хийхэд хамгийн хүндрэлд байв?

               -Тийм амархан хийхгүй шүү дээ. Эхлээд загвар зургаа зурна, бодно. Тэгээд нарийн мэдрэмжтэй хийж байж л сая нэг давтагдашгүй бүтээл “төрдөг”.  Бүх талаасаа харагддаг биет сийлбэр хийх хамгийн хүндрэлтэй.

-Иргэдийн захиалгаар бүтээл хийж байна уу?

               -Арванзургаан наснаасаа хойш сийлбэрээс өөр ажил хийгээгүй, бүх амьдралаа зориулж явна даа. Монголчууд маань сүүлийн жилүүдэд модоор ахуйн хэрэглээний зүйл, жижиг дурсгалын зүйл их хийлгэдэг болсон. Ер нь модон сийлбэр удаан эдэлгээтэй, хүн бүрд зориулж, судал нь давтагдахгүй цор ганц бүтээгддэгээрээ онцлог шүү дээ. Тиймдээ ч хүмүүс дуртай захиалга өгдөг байх.

-Таны бүтээсэн сийлбэрийг хараад эерэг сэтгэгдэл илэрхийлэх хүн олон байх. Тэр үед ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Өвлийн эд хүйтэнд орой бүтээлээ хийгээд зогсож байхад хүмүүс ирээд “Энэ юу болох юм бэ, ямар гоё юм бэ” гээд инээхийг нь харахаар ядарч, даарснаа мартаад жаргалтай болчихдог. Хүүхэлдэйн киноны баатрыг урлахаар “Хүүхдүүд ямар гоё юм бэ, пороро байна” гэхийг сонсох үнэхээр сайхан шүү дээ.

-Сийлбэр сонирхож буй хүмүүст бяцхан зөвлөгөө өгөөч?

               -Бүх зүйл харагдаж байгаа шигээ амархан биш шүү. Үнэхээр сонирхож байвал хийгээд үзээрэй л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

               -Баярлалаа.

               Бид сийлбэрч Ө.Алтанбаганатай цөөн хором ийн ярилцлаа. Түүнийн зарим бүтээлийг дараах зургаас үзээрэй.


“МӨС, ЦАСАН СИЙЛБЭР”-ИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, СТА Ө. АЛТАНБАГАНА: СИЙЛБЭР ЦОР ГАНЦ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-20 15:30:33
    Золоо Золоо золоо: Mundag2
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188