• Өнөөдөр 2024-05-04

ДУУЧИН Б.ӨСӨХБАЯР: “СОЛГОЙ ХООЛОЙТОЙ ЮМ БАЙНА” ГЭЭД УРЛАГИЙН НААДМААС ХАСАГДАЖ БАЙЛАА

2023-12-18,   2542

       “The R&N” хамтлагийн гишүүн, фитнес модель Б.Өсөхбаярыг энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа.

        Тэрбээр “The Voice of Mongolia 2018” тэмцээний шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр шалгарч, уянгалаг хоолойгоороо сонсогчдыг байлдан дагуулж байсан билээ.

         Мөн шүүгч Д.Болд түүнд “Чиний хоолойнд маркетинг ямар ч шаардлагагүй. Чи зүгээр л дуул. Угаасаа сонсогчид чамайг тэврээд л авна.Гайхамшигтай гоё хоолой байна” гэж байсан удаатай.

-Сайн байна уу. Та хэзээнээс урлагийн салбарыг сонирхож, дуучин болохоор зэхэж эхлэв. Хүүхэд байхаасаа урлагтай ойр байв уу?

       -Миний ярилцлагыг уншиж буй хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.  Анх тавдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа Урлагийн наадамд дуулахаар шалгаруулалтад орсон чинь намайг “Солгой хоолойтой юм байна” гээд хасагдсан. Тэгээд хоёр жилийн дараа санамсаргүй байдлаар сургуулийнхаа хоор дууны хамтлагт ороод,  дуулж эхэлсэн. Тэр үеэс дуунд илүү дуртай болсон доо.

-Багаасаа урлагт хайртай байсан мөртлөө яагаад өөр мэргэжлээр суралцах болсон юм бэ?

                -Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Урлагийн сургуульд сурч чадахгүй бол маркетингийн мэргэжлээр суралцана гэж боддог байсан. Ирээдүйд эрэлттэй гэдэг талаас нь л сонгож байсан даа.

-Таны хувьд уран бүтээлчдээс хэнийг нь түлхүү сонсож, үлгэр дуурайлал авч байна вэ?

                -Шинээр гарч буй бүхий л дууг алгасалгүй сонсдог. Сонсохдоо дууг нь мэдэрч, ойлгож сонсохыг хичээдэг.

-Та Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шүү дээ. Хэзээнээс фитнесээр хичээллэж, тамирчин болохоор шийдэв?

                -Намайг хүүхэд байхад аав минь фитнесээр хичээллэдэг байлаа. Нэг ёсондоо бэлтгэлд нь дагаж явсаар энэ спортод багаасаа дурласан гэх үү дээ. 2014 оноос хойш фитнесээр хичээллэж байна.

-Тууштай, сахилга баттай байх энэ спортод чухал байх. Цаашдаа ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

                -Тууштай, сахилга баттай байхаас гадна сэтгэл зүйн тогтвортой  байдал хамгийн чухал байдаг.  2024 оны УАШТ-д тэмцээнд оролцож, амжилтаа ахиулах л бодолтой байна даа. Ер нь хүн  тууштай байж чадсан цагт амжилтад заавал хүрдэг шүү дээ.

-Таны аавыг бөх гэж сонссон, гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч. Таныг урлагийн хүн болно гэхэд нь юу гэж байв?

                -Би чинь айлын ганц хүүхэд, аав минь Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан, багш Д.Батсайхан гэж хүн бий. Ээж минь Э.Гантуяа гэж ардын багш хүн. Багш нарын гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн болгохгүй гэж байсан. Гэхдээ тэмцээнд оролцоод, амжилт гаргаад ирсэн чинь  өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоогоороо намайг дэмждэг болсон доо.

анд туршиж үзэхийг хүсдэг  сонирхолтой зүйл бий юү?

                -Холимог тулааны спортоор хичээллэж, тулалдаж үзэхийг хүсдэг. Мөн олон орноор аялж, дурсамж бүтээхийг зорьж байгаа.

                Бас хэзээ ч биелэхгүй ч сансрын хөлөгт сууж үзэх мөрөөдөл дотор минь байдаг. Би ер нь олон зүйл турших, мөрөөдөх дуртай хүн л дээ.

-Өөрийнхөө амьдралын түүхийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?

                -Өнгөрснөөсөө үргэлж суралцаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж, дэндүү сайхан амьдарч байна.  Хүний сэтгэл зүй хүчтэй байж л хүн эрч хүчтэй, амжилттай байдаг шүү дээ.

-“The Voice of Mongolia" тэмцээн таны урлагийн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан байх. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

                -Энэ тэмцээн миний амьдралд маш том өөрчлөлтүүдийг авчирсан, гайхалтай шоу байсан.  Өөрийгөө гололгүй зоригтойгоор оролцсондоо баярлаж явдаг.  Тухайн үед намайг дэмжиж байсан,  одоо ч дэмжсээр байгаа сонсогчдодоо маш их баярлалаа.

-Тэмцээний дараа шилдэг оролцогчид нэгдэн “The R&N” хамтлагийг байгуулж, “The voice of Mongolia”-ийн тайзан дээр анхны үзүүлбэрээ үзүүлж байсан шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?

       -Гайхалтай сонин мэдрэмж төрж байсан даа. Сонсогчид биднээс их зүйл хүлээж байсан байх.  Бид хамтлагаа байгуулсныхаа дараа хамтдаа нэг зуны турш амьдарсан. Н.Ганбилэг ихэвчлэн хоол хийж, хамтдаа гэрээ цэвэрлэж, бэлтгэл хийж байсан. Тэр үед илүү нэгдэж, хамтын хүч гэдэг ямар сайхныг мэдэрч байсан даа.

-“The R&N” хамтлаг сүүлийн үед нам гүм байлаа. Сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцаач?

                -Бид шинэ цомгийн ажилдаа ороод, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Удахгүй цомгийнхоо бүх дуугаа дүрсжүүлээд  цацах бодолтой байгаа.

-Монголд олон хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг, boyband байхад ямар бэрхшээл тулгардаг вэ. Хамтлагаараа зорьж буй ойрын болон алсын зорилго юу байна вэ?

                -Таван хүний хоолойг зэрэг дугаргах техник, тайз, микрофоны хүрэлцээ бага зэрэг асуудалтай байдаг. Тэрнээс олуулаа байх сайхан шүү дээ.  Цаашдаа уран бүтээлээ идэвхтэй цацах л төлөвлөөгөөтэй байгаа.

-Тэгвэл Б.Өсөхбаярын цаашдын хамгийн том зорилго юу вэ?

                -Хамгийн том зорилгоо өөртөө хадгалмаар байна. Сахилга баттай, зогсолтгүй урагшлах л чухал шүү дээ. Бас хүмүүст “Үргэлж эерэг зүйл бодож, сэтгэл зүйгээ тайван байлгаж, тууштайгаар хичээж өөрийн доторх том мөрөөдлөө биелүүлээрэй” гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

                -Баярлалаа.


ДУУЧИН Б.ӨСӨХБАЯР: “СОЛГОЙ ХООЛОЙТОЙ ЮМ БАЙНА” ГЭЭД УРЛАГИЙН НААДМААС ХАСАГДАЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-19 00:08:31
    Гүндэгмаа: Миний дүү даруухан. хөдөлмөрч дайчин энэ бүгд нь хосолж байж амжилтад хүрч байгаа . Дүүдээ улам их амжилт хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-18 19:35:10
    Ууганцэцэг: Мундаг дайчин хүүхэд шүү маш том амжилтанд хүрнээ дүү минь Урлаг спортын өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-18 19:22:11
    А.Сумьяа: Өсөхбаяртаа зорьж зорилго тавьж буй зүйлдээ хүрч амжилт олохыг хүсье Сургуульд ороогүй байхдаа л хөөрхөн эвлэг дуулдаг байсан даа Амжилт руу зүтгээрэй дүү минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-18 15:25:24
    Enhtsetseg: Saihan zaluu shvv de
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188