• Өнөөдөр 2024-05-04

Г.ДАВААЦЭНД: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 73 ЦОМТОЙ ИРСЭН ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА

2023-12-13,   1521

           Олон улсын цээж тоолол, анзаны тэмцээнд 31 орны 2550 хүүхэдтэй өрсөлдсөн “Тояа” академийн сурагчид 73 цомтой эх орондоо ирлээ. Бахархам амжилт гаргасан хүүхдүүдийн багш Г.Даваацэндтэй ярилцлаа.

-Юун түрүүнд шавь нар тань олон улсын 2500 гаруй хүүхэдтэй өрсөлдөөд эх орондоо 73 цомтой ирсэнд баяр хүргэе. Манай уншигчдад баярын сэтгэгдлээсээ хуваалцана гэж найдаж байна?

                -Шавь нараараа бахархсан, сэтгэл дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна. “Тояа” хүүхэд хөгжлийн академийн 73 сурагч арванхоёрдугаар сарын 3-4-нд Малайз Улсын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулагдсан "UCMAS INTERNATIONAL COMPETITION-2023" олон улсын  цээж тоолол, анзаны тэмцээнээс 31 орны 2550 хүүхэдтэй өрсөлдөж, соробан сампингийн төрөлд Гранд-чампион цом хоёр, чампион цом 16, алтан цом 24, мөнгөн цом 18, хүрэл цом 13 хүүхэд хүртлээ. Олон улсын нэр хүндтэй тэмцээнд сайн амжилт гаргаад ирлээ, шавь нар минь. Тус тэмцээнд амжилттай оролцсон суралцагчдаа “Тояа” академийн хамт олон хүндэтгэн хүлээн авч Монголын хүүхдийн ордны "Эрдэм" алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж, олон улсын тэмцээний сертификатыг нь гардуулж, урамшуулсан. Багшийнх нь хувьд хүүхдүүдийнхээ гаргасан амжилтад бахархаж байна.

-Хүүхдүүдээ хэр удаан бэлдсэн бэ. Бэлтгэлийн дүнд хэрхэн сайжирсан талаар нь яриа дэлгэхгүй юү?

                -Бид энэ тэмцээнд амжилт дүүрэн оролцохын тулд зургадугаар сараас хойш хичээж, хичээллэсэн. Хүүхдүүдийнхээ бэлтгэлийг ганцаарчилсан төрлөөр дагнаж, эрчимжүүлсэн. Тэмцээний өмнөх өдөр хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл хамтдаа амжилт гаргахын тулд бид бэлдсэн. Одоо хүүхдүүд маань найман минутад 150-200 бодлого боддог. Энэ хугацаанд хурдан, зөв бодож сурахын тулд анхаарал, төвлөрөл маш чухал байдаг.

-Шавь нар нь олон улсын тавцанд 2500 гаруй хүүхэдтэй хамт тэмцээнд оролцохдоо сандарч байсан уу?

                -Тэмцээний анхны бэлтгэлийн өдрөөс хүүхдүүддээ тэмцээний тухай тайлбарлаж, бичлэг үзүүлэх, амьсгалын дасгал хийлгэж, тэмцээний үеэр сандарч гацахаас нь сэргийлж, сэтгэлзүйг нь бэлдсэн. Зургаан сарын турш бэлтгэл бүр дээрээ тэмцээнд оролцож байгаа юм шиг хичээсэн учраас тэмцээний үеэр айж, сандрах нь бага байсан. Шавь нар минь сэтгэлзүйгээ сайн бэлдсэн.

-Шавь нараа шагналын тавцан дээр зогсож байгааг нь харах ямар санагдсан бэ?

                -Шавь нар маань 31 орны хүүхдүүдээс илүү онцгой харагдсан. Олон улсын тэмцээний тайзан дээр эх орныхоо нэрийг сайнаар, бахархалтайгаар дуудуулж байгааг нь харах сайхан байлаа. Цомоо өргөөд зогсож байгааг нь хараад бахархаж, сэтгэл хөдөлсөн. Шагналаа авчихаад “Багш аа, бид чадлаа шүү дээ. Танд баярлалаа” гээд гүйгээд ирсэн. Олон сарын бэлтгэлийнхээ үр дүнг сайнаар гаргасан шавь нараараа маш их бахархсан.

-Энэ төрлийн спорт хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

                -Олон эерэг нөлөө бий. Сампингаар тоо бодсоноор хүүхдийн баруун, зүүн тархи зэрэг хөгждөг. Мөн тэвчээр хатуужил суудаг, анхаарал төвлөрөл, төсөөлөх чадвар, математик сэтгэлгээ сайжирна. Мөн хамгийн чухал нь хүүхэд сууж сурдаг. Ингэснээр хүүхэд бүх хичээлийг сайн хийж сурдаг. Манай сургалтад 4-14 насны хүүхдүүд суралцдаг. Бага насны буюу  4-5 настай хүүхдүүдийн хувьд 1-10 хүртэлх тоог таньдаг, бичдэг байх гэсэн шаардлага тавьдаг.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл, боловсролд хэрхэн хандаж, яаж чиглүүлэх ёстой байдаг юм бэ?

                -Ангид үзсэн хичээлээ гэртээ очоод давтах хэрэгтэй. Гэртээ очоод ойлгоогүй зүйлээ илүү мэддэг болох, өдрийн хичээлийг бататгаж, мартахгүй байхад нь давтлага тусална. Үүнд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг чухал оролцоотой. Эцэг, эх, багш, суралцагч гэсэн холбоотой ажиллаж чадсан хүүхэд илүү амжилттай суралцдаг.

-Та хэдэн жил багшилж байгаа вэ. Яагаад багшийн мэргэжлийг сонгож, ажиллах болов?

                -Би 10 дахь жилдээ “Тояа” академид багшилж байна. Дэлхийн олон оронд нэвтэрсэн соробан сампингийн сургалтыг Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудад зааж, тэднийгээ хөгжиж байгааг харах нь бахархалтай санагддаг. Тэр утгаараа ажилдаа их дуртай. Хичээл заах явцдаа багш өөрөө ч хөгжиж, чадвараа ахиулж байдаг.

-Таны болон шавь нарынх нь дараагийн зорилго юу байх бол?

                -Ирэх оны нэгдүгээр сарын 13-14-д АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдах олон улсын тэмцээнд амжилттай оролцох зорилго тавьж, бүгд хичээнгүйлэн бэлдэж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Дараагийнх нь тэмцээнд амжилт хүсье.

                -Баярлалаа.


 

 


Г.ДАВААЦЭНД: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 73 ЦОМТОЙ ИРСЭН ШАВЬ НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-30 21:46:23
    Энхлэнгийн ээж: Үнэхээр бахархам амжилтыг гаргасан Даваацэнд багш болон мундаг шавь нарт нь халуун баяр хүргэе. Яг тэмцээн явагдаж байхад хүүхдүүдийнхээ араас залбирч, шагнал авахад нь доороо дэвхцэж бүх чадлаараа хүүхдүүдээ дэмжиж байсан Даваацэнд багшийг хараад нулимс урсаад бсан шүү ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-18 22:13:30
    Аялгуугийн ээж: Мундаг багшдаа маш их баярлаж байгаа. Та сайн болохоор хүүхдүүд сайн байгаа шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-18 14:28:34
    Anujingiin eej: Dawka bagshdaaa ene udriin gal haluun mendiig hurgey.Vneheer chawdarlag bagshdaa bolon Mongol orniihoo ireedii bolson oyunlag huurhun shawi nart nii bas haluun bayar hurgeed Bagshdaa dahin dahin maaash ih bayarlalaaa.Ajil amidrald ni ulam ih amjilt husey.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 12:54:01
    Naranbatiin eej: Dawka bagshdaa bayr hurgey. Toya akademiin bagsh nar shildeg shuu.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 19:20:14
    Б.Алтанцэцэг (БТА): Тэргүүний багш Г.Даваацэндэд талархал дэвшүүлье. Хөдөлмөрч багш нарын шавь нар сайхан амжилт гаргаж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 19:18:51
    Б.Алтанцэцэг (БТА): Тэргүүний багш Г.Даваацэндэд талархал дэвшүүлье. Хөдөлмөрч багшийн нарын шавь нар сайхан амжилт гаргаж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 17:21:44
    БАДМАЕВ.: Монголчууд оюун ухаанаараа Дэлхийд алдартай ,орон гэр ,өмсдөг хувцас ,унадаг мал .гоёл чимэглэл ,гээд аль ч улсд байхгүй шүү дээ . Хойч үеийн удам ,уламжилал ХҮҮХЭДҮҮД Ч ухаанаараа гайхуулах ёстой .доо .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 14:09:36
    Нэргүй Шонхор: Монголчууд оюун ухаанаараа дэлхийд гүйцэгдэхээ болив.Одоо хүүхдүүд минь"Дэлхийн тавцан дээр цахиур хаглаад бай" Энэ зуун монголынх болох учиртай шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188