• Өнөөдөр 2024-05-04

Г.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ГҮЕНГ МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨХ ШИЛДЭГ ТӨГӨЛДӨР ХУУРЧ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ

2023-12-01,   591

      Чех Улсад зохион байгуулагдсан өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнээс  бяцхан төгөлдөр хуурч Б.Гүен гран-при шагнал хүртлээ. Монгол Улсаас тус шагналыг хүртсэн анхны төгөлдөр хуурч болж байгаа юм. Энэхүү баярт мэдээтэй холбоотойгоор Монгол Улсын Консерваторын багш, төгөлдөр хуурч Г.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шавь нь олон улсын тэмцээнд бахархам амжилт гаргалаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Бидний биеэр ирж оролцож байгаа анхны олон улсын тэмцээн. Нэр хүндтэй тэмцээний нэгдүгээр байрт шалгараад зогсохгүй тус хотын захирагчийн нэрэмжит шагналыг авсандаа баяртай байна. Мөн гала тоглолтын үеэр гран-при шагнал авлаа, шавь минь. Монголын сонгодог урлаг тэр дундаа төгөлдөр хуурчдаас авч буй анхны гран-при шагнал. Б.Гүен болон манай сургуулийн багш нар, энэ урлагт дуртай хүн бүр баяртай байна. Бид өмнө нь цар тахалтай холбоотойгоор олон улсын тэмцээнд байнга цахимаа оролцдог байсан. Тэр бүрд олон амжилт гаргасан. Шавиараа их бахархаж байгаа.

-Б.Гүенг тайзан дээр төгөлдөр тоглож байгааг хараад юу бодсон бэ. Тэмцээнд оролцож байхад нь юу бодогдов?

                -Тус тэмцээнд миний хоёр шавь оролцсон. Хамт явж байгаа учраас бэлтгэлийг нь хийлгэхээс гадна хэрэгтэй үед нь амрааж байсан. Б.Гүенг төгөлдөр хуур тоглох үед төдийлөн санаа зовоогүй ээ. Учир нь, байнгын бэлтгэлтэй байдаг. Мөн сэтгэл зүйг нь бэлдэхийн тулд бага ангид нь ганцаарчилсан тоглолт хийлгэсэн. Тэр бүр нь маш сайн туршлага болсон байх. Гэхдээ шагналт байр зарлахад нүдэнд нулимс хураад догдолдог юм билээ.

-Та хоёр энэхүү тэмцээнд хэр удаан бэлдсэн бэ. Багш шавь болоод хэр удаж байна?

                -"Virtuosi per musica di pianoforte" олон улсын тэмцээнд оролцох шийдвэрээ есдүгээр сард гаргасан. Өмнө нь тоглож байсан хөгжмийн зохиолоо тоглосон. Тус хөгжмийг гурван жилийн өмнөөс тоглож сурсан байсан.

-Анх хичээллэж эхэлсэн үеэс нь Б.Гүенд ямар чадварыг сургахаар ажиллав. Шавийнхаа талаар ярихгүй юу?

                - Б.Гүен бид  хоёр  2020 оноос хойш хичээллэж байгаа. Анх уулзсан цагаасаа эхлээд гоцлооч, Монгол Улсыг төлөөлөх төгөлдөр хуурч, ураны бүтээлчийг бэлдэнэ гэж төлөвлөж, зорьж ажилласан. Гарын тавилт хөгжимчин хүнд маш чухал. Энэ алхмыг зөв тавихгүй бол удаан хөгжимчнөөр ажиллах боломжгүй болдог. Мөн ямар ч зохиолыг тоглоход хүндрэлгүй байгаасай гэсэн дээ техникт нь их анхаарсан. Тайзан дээр гараад ёслохоос нь эхлээд бүх зүйлийг зааж сургахыг хичээсэн. Б.Гүен маань авьяас чадвартайгаас гадна их хүмүүжил сайтай, юмыг их хурдан хүлээж авдаг.

-Төгөлдөр хуурын багш байхын юу нь танд хамгийн сайхан санагддаг вэ. Анхны хичээл зааж байсан үеэ дурсвал?

                -Би есдүгээр ангиасаа эхлээд сонирхогч хүүхдүүдэд хувийн багш болж төгөлдөр хуур заадаг байлаа. 2018 оноос мэргэжлийн хүүхдүүдэд хичээл орж эхэлсэн. Ингээд бодоход 14 жил хүүхдүүдэд төгөлдөр хуур зааж байгаа юм байна. Хүүхдүүдэд хичээл заах бүрдээ тэднээсээ их зүйл сурч, туршлагатай болж байдаг. Сонгодог хөгжмийг зургаан наснаас эхлээд сурч эхэлдэг. Ингээд сургууль төгсөх хүртэл нь төгөлдөр хуурын хичээл заадаг учраас хүүхэд өсгөхтэй ижилхэн цаг хугацааг туулдаг даа. Ганцхан төгөлдөр хуур заахаас гадна ёс зүй, хүмүүжилд нь анхаардаг. Ийм үнэ цэнтэй ажил хийдгээрээ үргэлж бахархдаг. 

-Хөгжимтэй холбогдож байсан үе нь хэзээ вэ. Яагаад хөгжимчин болов. Тэр дундаа яагаад төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн бэ?

                -Гэр бүлийнхэн минь урлагийн хүмүүс учраас зургаан настайдаа Монгол Улсын Консерваторид элсэн суралцсан. Төгөлдөр хуурч  цаашид удирдаач, хөгжимчин гээд хөрвөх боломжтой учраас ээж минь төгөлдөр хуурын ангийг сонгож оруулсан байх. Бага ангийн хүүхдүүд хөгжимдөө дурлаж, утгыг нь ойлгож тоглох тохиолдол ховор байдаг. Өсвөр насандаа илүү хөгжмөө ойлгож, мэдэрч эхэлдэг юм билээ. Би ч тэр насандаа хөгжимдөө дурласан. Москва хотод сурч байхдаа олон  төгөлдөр хуур тоглолт үзэж бахдаа илүү мэдэрч дуртай болсон.

-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?

                -Төгөлдөр хуураасаа өдөр бүр хайр, аз жаргал мэдэрдэг. Сонгодог хөгжим бол дуртай хинийнх нь сонгож сурдаг, эзэмшиж чаддаг зэмсэг биш. Би шавь нартаа хөгжим дээр гараа тавьж байгаа бол их хүндэтгэлтэй хандаж, амьтайгаар тоглох ёстой гэж хэлдэг. Хэнд ч хэлж байгаагүй мэдрэмжээ хөгжмийн зэмсгээрээ дамжуулж гаргаж, илэрхийлдэг.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -Б.гүен бид хоёр эхнийхээ олон улсын тэмцээнд тун амжилттай оролцлоо. Шавь маань дахин өөр тэмцээнд оролцохоор явсан. Монгол зохиогдох гарамгай хөгжимчдийн тоглолтод Б.Гүен маань хоёр дахь удаагаа уригдаж оролцох гэж байгаа. Багшийн мэргэжил хэдий завгүй ч би уран бүтээлээ гаргах талаар бодож төлөвлөж байна.


 

 


Г.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ГҮЕНГ МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨХ ШИЛДЭГ ТӨГӨЛДӨР ХУУРЧ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-01 14:41:44
    zochin: Bagsh shavi xoyoriin xamtiin uran buteeld ni olon saixan amjiltuudiig xusie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188