• Өнөөдөр 2024-05-05

Э.МӨНХБААТАР: “GOODBOYS” ХАМТЛАГ ТАВАН МИНУТЫН ДОТОР БАЙГУУЛАГДСАН Ч 17 ЖИЛ ХАМТДАА БАЙНА

2023-11-20,   3926

          Дөрвөн хүүгийн байгуулсан “Goodboys” хамтлагийн хайрын дуугаар өсвөр насаа хөглөсөн хүн цөөнгүй бий. Хэвлүүхэн хоолойтой, хөгжмийн авьяастай тэдний “Зулаа”, “Хайр ирлээ” зэрэг дуу одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуугаар нэрлэгддэг. 2006 онд нэгдэж зургаан жил идэвхтэй үйл ажиллаагаа явуулахдаа бие даасан тоглолтоо амьд хөгжимтэйгөөр заал дүүрэн үзэгтэйгээр хийж байсан билээ.Хэдий тэдний үйл ажиллагаа зогссон ч тэд тарсангүй. Нэг гэр бүл хэвээрээ байж “Terminal records”-д хамтдаа бидний үзэх дуртай олон киноны дууны найруулагчаар ажиллаж байна. “Goodboys” хамтлагийн гишүүн, “Terminal records”-ын захирал Э.Мөнхбаатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Goodboys” хамтлаг анх хэрхэн нэгдэж байсан юм бэ?

                -Гишүүд маань бүгд Монголын хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Түүнээс илүү нөлөөлсөн зүйл нь ээжүүд маань хоорондоо дотно байсан нь юм болов уу гэж боддог. “Goodboys” хамтлаг таван минутын дотор байгуулагдаад тэмцээнд орж байсан. 2006 оноос 2012 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан.

-Ээжүүд нь хамтлаг байгуулахад их нөлөөлжээ?

                -Тиймээ,  бүгд тусдаа л хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Багшийнхаа зааж өгсөн ижилхэн дууг сурчихсан. Байгуулагдаад шууд тайзан дээр хамт гарсан. Тусдаа сурсан дуугаа анх удаа хамтдаа дуулаад тэмцээнийхээ тэргүүн байрт шалгарч байлаа.  Тэр үед ээжүүд маань илүү урам авсан байх.

-“Terminal records”-ын талаар ярихгүй юу. Ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна?

                -Манай студи долоон гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гурван жилийн өмнө байгуулагдсан. Энэ хугацаанд 100 гаруй реклам,  зургаагаас олон ангит 10 гаруй кино, бүрэн хэмжээний мөн 10 гаруй киноны хөгжим, дууг хариуцан ажилласан байна.

-Хамтлагийнх нь “Зулаа” дууны талаар ярихгүй өнгөрч боломгүй байх. Энэ дууны талаар яривал?

                -Хөгжмийн зохиолч, дуучин Г.Ганг ахын минь манай хамтлагт зориулан зохиосон дуу. Дүрс бичлэгийнх нь үеэр би нэг хүүг жийж унагаадаг шүү дээ. Тэр хүү миний багаасаа найзалсан сайн найз. Найзыгаа өвлийн хүйтэнд 14 удаа жийж, унагааж  байсан. Одоо бодоход их хөгжилтэй дурсамж юм болов уу. Тухайн үед youtube төдийлөн хөгжөөгүй байсан учраад телевизээр л их гардаг байсан даа.

-“Goodboys” хамтлаг яагаад үйл ажиллагаагаа зогсоосон юм бэ?

                -Би оюутан бусад гишүүд маань ахлах, дунд ангид орж байсан үе. Тэр үед би СУИС-д хоёр жил сурчихаад Япон Улсад үргэлжлүүлэн сурахаар явсан. Тэгээд л үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ бид тараагүй ээ. Одоо ч гэсэн хамтдаа байна.

-Уран бүтээлээ үргэлжлүүлэн гаргах боломж байсан шүү дээ. Яагаад дууны найруулагчаар ажиллах болов?

                -Миний сонирхол энэ чиглэлд байсан л даа. Ард нь ажиллах илүү таалагдсан. Стресс багатай, олон хүний хараанаас хол тайван ажиллахыг хүссэн.

ОЛОН ЖИЛ ХАМТ БАЙСАН УЧРААС ЯРИЛЦАХГҮЙГЭЭР НЭГНЭЭ ОЙЛГОДОГ БОЛСОН

-Хамтлагийнхаа гишүүдийн талаар ярихгүй юу?

                -Олон жил хамт байсан учраас ярилцахгүйгээр нэгнээ ойлгодог болсон байна. Б.Тэлмэн маань Япон Улсад сурч байгаа. Харин Д.Очсүрэн, О.Жаргал-Эрдэнэ хоёр “Terminal records” студидээ хөгжмийн зохиолч, найруулагчаар ажиллаж байгаа.

-Одоо хамтлагийнхаа дууг сонсдог уу. Дахин уран бүтээл хийх болов уу?

                -Сонсоно шүү, ёстой дурсамжтай шүү дээ. Хүн бүр хүүхэд насандаа дуучин байж, бага насаа мөнхлөөгүй шүү дээ. Одоо эргээд сонсохоор тэр үеийн бүх дурсамж санаанд ордог доо.  Үнэндээ хамтлагаараа хийсэн олон нийтэд гаргаагүй хэд хэдэн уран бүтээл бий. “Goodboys” нэрээр биш өөр нэрээр дуунуудаа гаргана гэж боддог. Гэхдээ ойрын хугацаанд биш.

-Хамтлагийнх нь гишүүдэд насны зөрүү бий шүү дээ. Хамтлагийн том ах байх ямар байсан бэ?

                -Одоо бол огт насны ялгаа гарахаа больжээ. Өмнө нь бол манай гишүүдийн яг сахилгагүйтдэг нас харин миний арай тогтуун зантай болж байсан үе. Тэгээд нөгөө хэдийгээ үймүүлээд ирэхээр нь том дуугардаг  байлаа. Өдөр бүрийг хөгжилтэй, дурсамжтай л өнгөрүүлсэн.

-Нас залуу байсан ч заал дүүрэн үзэгчтэй бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал?

                -Циркт хоёр өдөр дараалан тоглолтоо хийсэн. Одоо бодоход их азтай хүүхдүүд байж. Тэр үеийн хамгийн шилдэг, мэргэжлийн хөгжимчдөөр хөгжмөө тоглуулж байсан. Биднийг сонсох гээд ирсэн олон хүний өмнө гарахдаа их сандарч, айсан. Тухайн үед тайзан дээр гарч дуулах их дуртай байсан.

-Хамтлагаараа уран бүтээл гаргаж эхэлснийхээ дараа “Goodboys” нэр дор анх удаа тайзан дээр гарах ямар байсан бэ?

                -Багаасаа хүүхдийн ордонд явж, тайзан дээр гарч дуулдаг байсан учраас сэтгэл зүйг маань сайн бэлдсэн байх. Хамтлагаараа тайзан дээр гарахад хэт их сандарч, тэвдэж байгаагүй ээ.

-Студи байгуулаад хийсэн хамгийн анхны ажил нь ямар  төсөл байсан бэ. Анхны ажлаа аваад ямар бодол төрж байв?

                -Хамгийн анхны ажил маань одоо ч манай компьютер дээр байгаа. “Ганцхан шалтгаан” уран сайхны кинонд ажиллаж байсан юм.Гадаадын олон кино фестивальд оролцсон кино. Их сонирхолтой, эрч хүчтэй ажилласан.

-Киноны дууны найруулагчаар ажиллахад анхаарах зүйл нь юу байдаг вэ?

                -Киноны найруулагчийн гаргах гэсэн санаа, бодлыг  үзэгчийн чихэнд сонсогдох талаас нь хийх хамгийн хэцүү ажил. Найруулагчтай нэг бодолтой болох хүртэл жаахан хугацаа шаарддаг. Жишээ нь, дууны ажил хоол хийхээс огт өөр зүйл. Орц, жорууд нь бэлэн байгаад болчихдог зүйл биш. Хичээгээд байхад сэтгэлд хүртэл дууны найруулга болохгүй байх үе бий.

-Дууны найруулагч, хөгжмийн зохиолчоор ажиллахын сонирхолтой зүйлийн талаар ярихгүй юу?

                -Бидний хамгийн их хийхийг хүссэн зүйл, багаасаа хамтдаа хийдэг байсан  зүйл нь хөгжим шүү дээ. Манай студи киноны хүнд сонсогдох бүх дуутай холбоотой ажлыг хийдэг. Их дуртай хийдэг дээ.

-Ажилласан төслүүдээсээ онцолж яривал?

                -Ажилласан төсөл бүр шинэ зүйл сурч мэдэх шалгуур болдог. “Тэгри чину” олон ангит кино түүхэн хэв шинжтэй уран бүтээл учраас орчин үеийн зүйлс дуугарч болохгүй гээд анхаарах зүйл олон байсан. Одоо ажиллаж байгаа “Suits” олон ангит кино бол өмнө нь маш амжилттай хийгдсэн кино. Тус киноны албан ёсны эрхийг нь аваад хийж байгаа дөрөвдөх улс нь манайх учраас дутуу хийж огт болохгүй. Дутуу хийчих вий гэсэн зовнил байна. Мөн одоо “Тэчъяал” цуврал болон “Favway” нэгдлийн “Шилдэг тоглогч” киноны дууны найруулга дээр ажиллаж байгаа.

-Гишүүддээ тэр бүр хэлж чаддаггүй үгээ одоо хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ?

                -Байнга хэлж чаддаггүй ч “Хайртай шүү” гэж хэлмээр байна. Бүгд хамгийн сайнаараа хичээж байгаа шүү.

-Хамгийн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцаач гэвэл?

                -Багадаа зуны амралтаараа эмээгийнхээ гэрт очдог байсан үе юм болов уу. Өглөө зөвхөн тоглох гэж гараад орой дуудуулаад харьдаг байсан үе л сайхан. Хүнд хүүхэд нас л хамгийн гоё байдаг юм байна.

-Таны дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцвал?

                -Манай студи алхам, алхмаар урагшилж байна. Анх жижиг төслүүд дээр ажилладаг байсан бол одоо илүү том төсөл дээр ажилладаг болсон байна. Цаашид энэ чигээрээ илүү хичээж ажиллана гэж боддог. Залуу хүн завгүй байх ёстой нас минь учраас зогсолтгүй л ажиллана гэж боддог.

-Хамтлагийнх нь дуунд  одоо ч  дуртай хүмүүс байдаг шүү дээ. Сонсогчдодоо хандаж үг хэлээч?

                -Өнөөдрийг хүртэл бидний дууг сонсдогт баярлалаа. Дуутай минь холбоотой ямар нэгэн дурсамж байдаг учраас сонсох дуртай байх. 2026 онд хамтлагийн маань 20 жилийн ой болох гэж байна. Бид хэдий ямар нэгэн ажил төлөвлөөгүй ч энэ урт хугацааг хамт өнгөрүүлжээ.

                Хүүхэд, залуусын хамгийн дуртай хайрын дууг дуулдаг байсан хөвгүүд одоо ч хамтдаа ажиллаж байгаа аж. Тэд даруухан инээмсэглэж чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа.

 


Э.МӨНХБААТАР: “GOODBOYS” ХАМТЛАГ ТАВАН МИНУТЫН ДОТОР БАЙГУУЛАГДСАН Ч 17 ЖИЛ ХАМТДАА БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188